| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2022/1402/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1422 |
| Огноо | 2022-10-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Өсөхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1422
2022 10 04 2022/ШЦТ/1422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч А.Өсөхбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2206 03941 2708 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, охин зээ хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу 00-000 тоотод оршин сууж хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О-д
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын үйлчилгээний төвд хохирогч Г.Х эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогчид 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Би “Сансар” супер маркетаар байнга үйлчлүүлдэг. 7 дугаар сарын дундуур юм авах гээд охин, зээ хүүгийн хамт хүнс цуглуулах гээд Сансар худалдааны төв орсон. Юмаа аваад гарах гэж байхад хураалттай сагсны дотор гар утас байсан. Зээ хүү үймүүлээд юм нэхээд орилоод байсан. Манай охин хүүхдээ аваад гараад явсан. Би тооцоо хийгээд гарахдаа сагсанд байсан гар утсыг авсан. Би гараад шууд гэр лүүгээ хариад утсаа дуугараад байхаар нь унтраагаад симийг нь халуун цай руу хийсэн. Утсыг тэр чигт нь шүүгээний дээр тавиад 2, 3 хоног болсон. 4 хоногийн дараа цагдаагийн газраас гар утас олсон уу гэж залгасан. Би бусдын гээсэн зүйлийг олоод эзэнд нь өгөөгүй унтраасан гэм буруутай үйлдэлдээ уучлалт гуйж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-4-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Х өгсөн:...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр хөдөө явсан учир би найзындаа хонох гээд Сансар худалдааны төв рүү хүнс авах гээд орсон. Цүнхээ шүүгээнд үлдээгээд утсаа аваад тортны тасаг ороод хүүхдийнхээ бичлэгийг хийгээд тортоо аваад утсаа халаасандаа хийгээд явсан. Бусад зүйлсээ цуглуулаад касс дээр бараагаа бичүүлээд шүүгээнээс цүнхээ аваад гарч үүдэн дээр утсаа хайтал байхгүй байсан, миний гар утсас Айфонь-11 загварын гар утас байсан. 2021 оны 12 дугаар сард 1.300.000 төгрөгөөр авч байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энэрэлийн өгсөн:...Миний ээж Оюунгэрэл 2 настай хүү Мэргэн нарын хамт хүнсээ цуглуулахаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сансар супер маркетад орж хүнсээ цуглуулчихаад касс дээр ирэхэд кассны хажууд хүү Мэргэн үймүүлээд байхаар нь хүүхдээ аваад түрүүлээд гарсан.Тэгэхдээ би ээжийн түрийвчийг аваад гарсан байсан.Тэгсэн ээж Оюунгэрэл араас гарч ирээд түрийвчээ авъя гэхээр нь би өгсөн. Тэгээд хүүхдээ дагуулаад тоглоомын талбай дээр хүүхдээ хэсэг тоглуулаад гэртээ ирэхэд ээж Оюунгэрэл гэртээ ирсэн байсан. Ширээн дээр нэг гар утас харагдаж байсан.Тэр гар утасны талаар би ээжээс асууж тодруулаагүй.Тэр гар утасны талаар мэдэхгүй байна. Хальт харахад цайвар ногоон өнгийн гэртээ Айфонь маркийн гар утас байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн БЗД2-22-1442 дугаартай үнэлгээгээр Айфонь-11 загварын гар утсыг 1025000 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлов гэх үнэлгээ /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-37-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Оийн өгсөн:...Миний бие охин Энэрэл, зээ хүү Мэргэн нарын хамт хүнсээ цуглуулахаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сансар супер маркет орж хүнсээ цуглуулчихаад касс дээр ирэхэд кассны хажууд хураасан байсан сагсан дотор 1 гар утас байсан.Тэгээд би юмаа бичүүлэхдээ тухайн гар утсыг авсан...Гэртээ ороод байж байтал тухайн гар утас дугарсан. Тэгэхээр нь би салгаад гар утсыг нь унтраагаад сим картыг нь салгаад ширээн дээр тавьсан. Би гар утас олчихлоо гэж бодоод цаашид барья гэж бодож байсан юм.Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цагдаагаас залгахаар нь аваад ирлээ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 628 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 20-21-р тал/,
-Цагдаагийн байгууллагын эд зүйл эрэн сурвалжлах мэдээлэл /хх-ийн 24-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Оийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын үйлчилгээний төвд хохирогч Г.Х эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогчид 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын үйлчилгээний төвд хохирогч Г.Х эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогчид 1.025.000 төгрөгийн хохирол учруулан “гээгдэл эд хөрөнгө завших’’ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гээгдүүлсэн Айфонь-11 загварын гар утсынг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.Г.Х нь энэ гэмт хэргийн улмаас 1.025.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.О нь Айфонь-11 гар утсыг биет байдлаар хохирогчид буцааж өгсөн байх ба хохирогч Г.Г.Х нь хохирлоо барагдуулж авсан гомдолгүй гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 54-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдууулах саналыг гаргаж байна.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН