Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0370/З |
Дугаар | 221/МА2024/0559 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0559
“А******* т*******” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******
Нэхэмжлэгч: “А******* т*******” ХХК /РД:2057441/
Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******гийн үйлдсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103822 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0544 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******
Хариуцагч Г.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0370/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “А******* т*******” ХХК-аас Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******д холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******гийн үйлдсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103822 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0544 дүгээр шийдвэрээр: Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “А******* т*******” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******гийн үйлдсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103822 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж тогтоогоогүй үйлдлийг зөрчилд тооцохгүй гэж хуульд маш тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.1, 1.2, 2.1-д тухайн үйлдлийг зөрчил гэж тодорхойлсон тохиолдолд л зөрчилд тооцохоор маш тодорхой зааж өгсөн байдаг.
Гэвч Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1-т “Хуульд заасны зөрчиж: ... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн... хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хэрэглэж дуусах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг зарж борлуулсан тохиолдолд торгохоор хууль тогтоогч нар маш тодорхой хуульчилсан боловч шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй” тайлбарыг хууль зүйн үүднээс буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн...худалдсан зорчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй...хэрэглэгч уг хугацааны дотор бүтээгдэхүүнийг худалдан авсан байх тул хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан гэж үзэхгүй...” гэж тус тус заасны дагуу шүүхээс “А******* т*******” ХХК нь хэрэглэх хугацаа нь дуусаагүй манго коллагеныг худалдан борлуулсан байна гэж дүгнэсэн боловч 103822 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гэвч зөвшөөрөгдсөн хадгалах хугацаанд худалдаалагдсан гэх Манго коллаген нь 30 ширхгээр савлагдсан, ... уг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах зарчимд нийцэхээр байна” гэх байдлаар Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр бус Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зарчим”-г зөрчсөн гэж үзэж 103822 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэж, Зөрчлийн тухай хуульд байхгүй үндэслэлээр гомдол гаргагч компанийг торгож байгаа нь илт хууль зөрчсөн үндэслэл юм.
Нөгөөтээгүүр бүтээгдэхүүн худалдан авсан иргэн 1 ширхгийг хэрэглэх эсхүл 30 ширхгийг дараалж хэрэглэх санаа зорилготой байсныг тогтоосон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, баримт хэрэгт огт авагдаагүй бөгөөд шүүгч болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын байцаагч нар хэрэглэгчийн санаа зорилгыг тогтоосон баримтгүй байхад өөрсдийн үзэмжээр тухайн бүтээгдэхүүнийг худалдан авагч 30 хоног хэрэглэнэ гэж үзэж байгаа нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрчиж байна.
... Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчил гэж тооцохгүй үйлдлийг зөрчилд тооцож мөн зөрчлийн хуультай хамааралгүй өөр хуулийг төсөөтэй хэрэглэж торгох шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3. Маргаан бүхий манго коллагеныг гомдол гаргагч тал 2024 оны 01 сарын 20-ны өдөр худалдан борлуулсан бөгөөд тус өдөр худалдан авсан тухайгаа Нийслэлийн эрүүл мэндийн газар гомдол гаргасан иргэн дурдаж баталгаажуулсан байдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Хадгалах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг”, 4.2.13-т “Хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг'' гэж тус тус заасны дагуу хууль тогтоогчид хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтахыг тусгайлан тодорхойлж өгсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33.12-т “Гарагаар тогтоосон хугацаа тухайн товлосон гараг дуусах эцсийн цагт дуусна” гэж заасны дагуу 2024 оны 01-р сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутад Маргаан бүхий Манго коллагены хадгалах болон хэрэглэх хугацаа дуусах байсан тул гомдол гаргагч тал хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулаагүй болох нь баримтаар маш тодорхой харагддаг. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг 2024 оны 01 сарын 21-ний өдөр худалдан борлуулсан тохиолдолд хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан гэж дүгнэх боломжтой боловч гомдол гаргагч “А******* т*******” ХХК нь хуулиар тогтоосон боломжит хугацаанд барааг худалдан борлуулж зөрчил үйлдээгүй юм.
Нөгөөтээгүүр шүүгч болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын байцаагч нар тухайн бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг огт дурдахгүй байгаа бөгөөд тус бүтээгдэхүүн нь бүгд тус тусдаа савлагаатай нэг нэг ширхгээр нь уутыг нь задалж хэрэглэдэг бүтээгдэхүүн тул тус бүтээгдэхүүн дотор байсан 30 ширхэг бүтээгдэхүүн бүрийн хэрэглэх болон хадгалах хугацаа дуусаагүй байсан болохыг анхаарч үзнэ үү. Хэрэглэх хугацаа дуусаагүй бараа бүтээгдэхүүн зарсан тул шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.
3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүссэн маргаан нь шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх тухай боловч шүүхээс гомдолд огт хамааралгүй, талуудын маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж гомдлыг хангаагүй нь хууль бус байна. “А******* т*******” ХХК болон “Х******* и*******” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-ний заалт хэрэгжсэн эсэх асуудал нь Иргэний эрх зүйн маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдэх маргаан огт биш боловч шүүх тухайн асуудалд үнэлэлт өгч, тус асуудлыг үндэслэж гомдлыг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчиж шүүхээс хэрэгт огт хамааралгүй хувийн эрх зүйтэй холбоотой асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагаа хангаагүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна.
Иймд “А******* т*******” ХХК нь хадгалах болон хэрэглэх хугацаа нь дуусаагүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдан борлуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч “А******* т*******” ХХК-аас Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******д холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э*******гийн үйлдсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103822 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч нарын хүчингүй болгуулахыг хүссэн, эрх бүхий албан тушаалтан Г.Э*******гийн үйлдсэн дээрх шийтгэлийн хуудсаар ... “А******* т*******” ХХК-ийн Carrefour дэлгүүр хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарсан гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу “А******* т*******” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. Анхан шатны шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Хүнсний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг; 4.1.13-т “хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг, 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ гээд 11.1.7-д хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэж; Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус заажээ.
6. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч А.А*******ээс ... хугацаа дууссан витамин борлуулж байгаад гомдол гаргаж байна, удаа дараа гомдол гаргаж байгаа ч асуудал шийдвэрлэгдэхгүй байна... гэх агуулгаар Засгийн газрын 1111 төвд утсаар гаргасан гомдлын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Т******* Хан-Уул дүүргийн 4-р хороо Яармаг наадамчдын замд байрлах Carrefour дэлгүүрт хяналт шалгалт явуулж, Япон улсын ITOH Kanpo Pharmaceutical Co.,Ltd үйлдвэрийн 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 20240120/+KN цувралын дугаартай Манго коллаген нэртэй бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил илэрсэн үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлснээр тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э******* “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103822 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж, “А******* т*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгосон нь дээрх хуульд нийцжээ.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэхгүй, 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа нь дуусах Манго коллагеныг 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зарсан нь хууль зөрчсөн үйлдэл биш, ... Зөрчлийн тухай хуульд байхгүй үндэслэлээр торгож байгаа нь илт хууль бус, ... хэрэгт огт хамааралгүй хувийн эрх зүйн асуудалд дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэх зэргээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Учир нь, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн нь “А******* т*******” ХХК-ийн хувьд борлуулж буй хүнсний бараа, бүтээгдэхүүн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу хуулийн этгээдийн зөрчил гаргасан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан байцаагчийн үйл ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзнэ.
9. “Хюманстэйшн и*******” ХХК-ийн импортоор оруулж ирсэн Япон улсын ITOH Kanpo Pharmaceutical Co.,Ltd үйлдвэрийн Манго коллаген нэртэй бүтээгдэхүүнийг “А******* т*******” ХХК нь худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу худалдан борлуулдаг бөгөөд энэ нь тус бүр 2 мг орц найрлагатай савлагдсан, 30 уут бүхий хайрцагтай, өдөрт 1 уутыг хэрэглэх заавартай хүнсний бүтээгдэхүүн бөгөөд борлуулагч нь хадгалалтын хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө нийлүүлэгчид барааг буцаах үүрэг хүлээсэн, энэ үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
10. Анхан шатны шүүх “... хэрэглэх хугацаа дуусгавар болсон нь Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцогдохоор заасан” гэж зөв дүгнэсэн боловч …үйлдвэрлэгчээс хэрэглэх болон хадгалах хугацааг ялгалгүй, зөвхөн дуусах хугацаа гэсэн нэг л хугацааг бүтээгдэхүүнд тогтоосон /учраас/ хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан гэж үзэхгүй гэж Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тайлбарласан нь учир дутагдалтай болжээ.
11. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа, хадгалах хугацаа нь ялгамжтай ойлголт болох талаар хуульд тодорхой тусгасан бөгөөд хэрэглэх хугацаа нь хадгалах хугацаанд багтах буюу түүгээр хязгаарлагдана гэж хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ тохиолдолд бүтээгдэхүүний дуусах хугацааг “2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр” гэж үйлдвэрлэгчээс тогтоосон нөхцөлд, түүнийг хэрэглэх зааврын дагуу тооцон үзвэл хамгийн багадаа 30-аас доошгүй хоногийн өмнөх өдрөөр хэрэглэж дуусах хугацааг тооцох нь Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх” хүнсний аюулгүй байдлын зарчимд нийцнэ.
12. Нөгөөтээгүүр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хадгалалтын хугацаатай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйг бус гагцхүү “…хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэх зөрчилд хариуцлага хүлээлгэхээр заасан, эрх бүхий албан тушаалны явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “А******* т*******” ХХК-ийн дээрх зөрчил тогтоогдсон учир “...тухайн бүтээгдэхүүнийг худалдан авагч 30 хоног хэрэглэнэ гэж үзэж байгаа нь хууль бус, бүтээгдэхүүнийг 1 өдөрт 30 хүн хэрэглэх боломжтой тул худалдан авагчийн санаа зорилгыг эрх бүхий албан тушаалтан, шүүх тогтоогоогүй” гэх гомдол гаргагчийн тайлбарыг хүлээн авсангүй.
13. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.15 дугаар зүйлд тодорхойлсон “Хүсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухайн хуулийг зөрчих”-тэй холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг дүгнэхэд Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлтэй.
14. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ