Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 119

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Улсын яллагч                                                       А.Энхтуяа  

Шүүгдэгч                                                                   М.Ганхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        А.Ариунзаяа

   Хохирогч                                                                   Б.Отгонжаргал

   Хохирогчийн өмгөөлөгч                                       А.Отгонбаяр

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хаад овогт Мундааны Ганхүүд холбогдох 201618000223 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, 1972 оны 01 дүгээр сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг Түшиг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хаад овогт Мундааны Ганхүү РД /МН72012679/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Ганхүү нь  2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг сумын төвийн баруун талд байрлах тус сумын иргэн Д.Пүрэвцогтын байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Пүрэвцогтын эхнэр Б.Отгонжаргалыг эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд

1.Шүүгдэгч М.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтуу явж байгаад хохирогчийнд орж байшингийн мөнгө нэхэж Отгонжаргал эгчийн нөхөртэй маргаад муудалцаж хохирогчийг түлхэж унагаан нуруу руу нь гараараа нэг удаа цохьсон. Би буруугаа хүлээж байна.. гэв.

2.Хохирогч Б.Отгонжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.. 2016 оны 07 дугаар сарын 28-нд нөхөртэйгээ гэртээ байж байтал манайд нэг хүүхэн орж ирээд нөхрийн хамт банк руу яваад ирье гэж хэлээд явж ирчихээд байж байтал Ганхүү согтуу орж ирээд ой гутмаар юм ярьж байгаад манайд орж ирсэн хүүхэн болох Батцэцэгийг хамт явъя гээд байсан. Тэгээд манай нөхрийг авдрын өмнө түлхэж унагаагаад бакалиараа өшиглөсөн. Тэгээд хоолойг нь боогоод байсан чинь манай нөхөр зугтаасан. Тэгээд би намайг арай ч зодохгүй байх гэж бодоод байж байтал гуя, бөгс, нүүр рүү хаа хамаагүй өшиглөсөн. Би Ганхүүтэй тэр хашаа байшингийн талаар ярьдаггүй байсан. Манай нөхөртэй л энэ талаараа ярьдаг байсан. Би шүүгдэгчид зодуулчихаад уучлалт гуйгаад хүрээд ирэх байх гээд 5 хоног хүлээсэн боловч ирээгүй учраас цагдаад өгсөн чинь ирээд уучлаарай, өргөдлөө авчих гээд байсан. Ганц удаа эмний мөнгө өгөөгүй. Би 4 сар хөдөлмөрийн чадвараа алдсан. Одоо би юм харахгүй байгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна. Би өөрийн гэсэн хөрөнгөтэй байсан бол эмчилгээнд яваад хардаг болох байсан. Би өмнө нь хараа муутай байсан ч гэсэн арай ч ингэж юу ч хардаггүй байгаагүй. Манайд орж ирэхдээ байшингийн мөнгөө өг гэж хэлээгүй. Батцэцэгийг л хайж орж ирсэн юм шиг байна лээ. Намайг бакалиар өшиглөсөн. Би зодуулсныхаа маргааш авгайд нь аймар болсон нүүртэйгээ очиж хэлсэн чинь тоосон шинжгүй байсан гэв.

            3.Хохирогч Б.Отгонжаргалын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчим гэртээ нөхөр Пүрэвцогт, хамаатан Батцэцэг нарын хамт онц хийсэн юмгүй сууж байхад гэрийн гадаа мотоцикль ирэх нь сонсогдсон. Удалгүй гаднаас М.Ганхүү ганцаараа согтуу орж ирээд манай нөхөртэй маргалдаж, хэл амаар доромжилсон. Батцэцэгийг явъя гэж хэлэхэд нь Батцэцэг би тантай яаж явж байдаг юм гэж хэлээд яваагүй. Ганхүү шууд энэ Пүрэвцогтыг зодно гэж хэлээд барьцалдаж, ноцолдоод явчихсан. Удалгүй Пүрэвцогт Ганхүү хоёр гэрээс гараад явсны дараа удалгүй Ганхүү гэрт буцаж орж ирэхээр нь байрны мөнгө төгрөгийг чинь бололцоогоороо өгнө. Үнийг нь багасгаад 2 сая төгрөгөнд өгчих, бид хоёр 600.000 төгрөг өгье гэхэд намайг доромжилж, элдвээр хэлээд миний хөл, гар, нүүр рүү цохиход нь Батцэцэгт Ганхүүг аваачээ гэж хэлсэн. Ганхүүг салгасан, салгаагүй болохыг мэдэхгүй Ганхүү надад цай хийгээд өг гэж хэлэхээр нь би түүнд цай байгаа газар зааж өгсөн. Цай ууж байхад нь цагдаа Гансүх ирээд Ганхүүг аваад явсан. Бид хоёр Ганхүүг ирээд учир зүйгээ олчих болов уу гэж бодсон боловч 5 хоног ирээгүй, аргаа бараад өргөдлөө өгч цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

4.Гэрч Д.Пүрэвцогтын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Отгонжаргал, Батцэцэг нарын хамт гэртээ байхад 16 цагийн орчим гаднаас Ганхүү ганцаараа согтуу орж ирээд надаас байрны үлдэгдэл мөнгө нэхэхээр нь би одоохондоо өгч чадахгүй, ажил төрөл мөнгөгүй байна гэж хэлэхэд Ганхүү уурлаж бид хоёрын хооронд маргаан үүсч намайг бөгс бөөр элдэвээр хэлсэн. Гэрт байсан Батцэцэгийг явъя гэж хэлэхэд  Батцэцэг  яваагүй. Тэгээд намайг энэ Цогтоо ахыг зодъё гэж хэлээд намайг заамдаад миний ар нуруунаас хазсан. Би гарахад миний араас гарч ирээд ард үлдсэн. Би согтуу намайг зодож магадгүй гэж бодоод би сумын цагдаа Гансүхэд очиж хэлээд гэрт дагуулж ирэхэд Ганхүү манай эхнэртэй хамт хоёулаа цай уугаад сууж байсан. Батцэцэг хэзээ гараад явсан болохыг мэдэхгүй. Эхнэрийн хамарнаас цус гарчихсан, баруун гар хөл нь хөндүүрлэсэн байдалтай түүнээс юу болсон талаар асуухад  Ганхүү намайг зодчихлоо гэж хэлсэн. Би түүнийг сумын эмнэлэгт биеийг нь үзүүлсэн. Ганхүүг цагдаа аваад явсан, би түүнтэй дахиж уулзаагүй.....  гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

5.Гэрч Ц.Батцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 07 дугаар сарын 28-ны Пүрэвцогт ахын гэрт 16-17 цагийн орчим ороход Пүрэвцогт ах эхнэрийн хамт хоёулаа байсан. Бид гуравыг юм яриад сууж байхад гэрийн гадаа мотоцикль дуугарч гаднаас Ганхүү ганцаараа орж ирээд  Пүрэвцогт ахыг мөнгө өгөөч, би олон дахин гуйж чадахгүй гэхэд Пүрэвцогт ах би одоохондоо өгч чадахгүй, мөнгөний боломжтой болохоороо өгье гэж хэлээд хоорондоо маргалдаж Ганхүү Пүрэвцогтыг заамдаж аваад барьцалдсан. Би жирэмсэн учраас маргаан болох үед нь ойртож хараагүй. Пүрэвцогт ах гэрээс гараад явсны дараа Ганхүү араас нь гарсан. Би ч гэр рүүгээ явсан. Гэрт Отгонжаргал эгч ганцаараа үлдсэн. Намайг гэрээс гарахад Ганхүү, Пүрэвцогт хоёр байгаагүй. Маргааш нь Пүрэвцогт ах Ганхүү манай эхнэрийг зодсон гэж хэлсэн. Намайг байхад Отгонжаргал, Ганхүү хоёрын хооронд маргаан зодоон болоогүй. Намайг явсны дараа орж ирээд зодсон гэж сонссон.  ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

6.Гэрч Б.Батжаргалын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул хүн. Энэ нутаг усны хүмүүсийг сайн танина. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг орчим Ганхүү ахтай сумын төв гудамжинд тааралдаж бид хоёр 0.5 литрийн Хараа архи гудамжинд хоёулаа хувааж уугаад салсан. Архи уух тодорхой шалтгаан байгаагүй. Түүнээс хойш уулзалдаагүй, юу болсон талаар мэдэхгүй. Архи уухдаа тодорхой ярьсан зүйл байхгүй ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

7.Гэрч М.Гантүшигийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 05 минут орчим тус сумын иргэн Буриадын Отгонжаргал хамарнаас цус гарсан, баруун нүд хөхрөлттэй, баруун гарны шууны хэсэг хавдартай зэрэг гэмтэлтэй нөхөр Пүрэвцогтын хамт ирсэн. Ингээд энэ хүнд анхан шатны тусламж үзүүлж, зөвлөгөө өгөөд явуулсан. Отгонжаргалаас юу болсон талаар асуухад ..М.Ганхүүд зодуулсан.. тухай ярьсан. Хаана юунаас болж зодож цохиулсан талаар яриагүй. Нөхөр Пүрэвцогтын биед гэмтэл шарх, сорви байгаагүй. Отгонжаргалын баруун гар нь их хавдартай байсан учраас шууд хугарсан, хугараагүй болохыг мэдэх боломжгүй их зовиур, эмзэглэлтэй байсан. Үүнээс хойш дахиж ирээгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

8.Гэрч Ш.Чулуунхишигийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..М.Ганхүү бид хоёр багадаа сумын Ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан. Нэг нутаг усанд олон жил амьдарч, найзалж нөхөрлөж байгаа хүмүүс учраас бие биенийгээ танина. Эрхэлсэн тодорхой ажилгүй. М.Ганхүү эхнэр хүүхэдгүй. Одоогоос жилийн өмнө Оюунжаргал гэж хүнтэй танилцаж, гэр бүл болсон. Эхнэр нь найрсаг харилцаатай ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

9.Гэрч Ч.Батдуламын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд багаасаа амьдарч байсан. Пүрэвцогт нь Түшиг сумын иргэн гэдэг утгаараа нь зүс танина. Отгонжаргал гэж эмэгтэйтэй гэр бүл болоод амьдарч байгаа талаар сонссон. Би энэ хүнийг танихгүй. Түшиг сумын төвд Ганхүү, Оюунжаргал нарын нарын хашаа байшинг худалдаж аваад амьдарч байгаа, амьдрал ахуйн хувьд тааруухан. Өрхийн орлого байхгүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

15. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №333

  1. Б.Отгонжаргалын биед баруун богтос ясны хугарал, нүдний алим хатингаршсан, салст улайсан, эвэрлэг хавантай, зовхи язарсан, шанаанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь, эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  41 дүгээр хуудас/

15. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №349

1.Пүрэвцогтын биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  46 дугаар хуудас/

15. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №410

1.М.Ганхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  53 дүгээр хуудас/

17. Шүүгдэгч М.Ганхүүгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гарч сумын төвийн гудамжинд Бачка гэх залуутай хамт хоёулаа 0.5 литрийн хараа архи хувааж уугаад салсан. Гудамжаар явж байгаад Сумъяатай тааралдаж гэрийнхээ ойролцоо мотоциклээр хүргүүлсэн. Би гэр рүүгээ орохоос өмнө Пүрэвцогтын гэрт ороход Пүрэвцогт газар сууж байсан бол, түүний эхнэр Отгонжаргалтай Батцэцэг гэх эмэгтэй юм яриад сууцгааж байсан. Пүрэвцогт, Отгонжаргал нарын амьдарч байгаа хашаа байшинг би ноднин жил 2.5 сая төгрөгөөр зарсан боловч үлдсэн 1.3 сая төгрөг өгөөгүй жил өнгөрсөн. Энэ хугацаанд өөрсдөөс нь удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. 2.5 сая төгрөгөөр авна гэчихээд 2 сая төгрөгөөр тохиролцсон гэж худлаа хэлээд байгаа. Ингээд би айлд ороод Пүрэвцогт ахаас байрны үлдэгдэл мөнгөө асуухад өгөхгүй гэж хариулаад бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би уурандаа Пүрэвцогттой барьцалдаж авахад Пүрэвцогт ах гэрээс гараад зугатаасан. Би түүний араас хөөгөөд гүйцээгүй. Гэрт буцаад ороход эхнэр нь надтай хэрүүл хийж  байрны мөнгө өгөхгүй гэхээр нь би түлхэж газар унаагаад нуруу руу нь гараараа цохьсон. Бид хоёр барьцалдаж маргалдаж, надад Отгонжаргал эгч ус хийж өгөхөд би уснаас уусан. Удалгүй цагдаа ирээд цагдаагийн хэсэг рүү авч явсан.....гэх мэдүүлэг  

/хавтаст хэргийн  32 дугаар хуудас/

18. Шүүгдэгч М.Ганхүүгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Түшиг сумын төвд Пүрэвцогт, Отгонжаргал нарын гэрт би ганцаараа очиход тэдний  гэрт Пүрэвцогт, Отгонжаргалтай Батцэцэг гурав байсан. Би гэр ороод Пүрэвцогт ахаас байрны үлдэгдэл мөнгөө асуухад өгөхгүй гэж хэлж, бид хоёрын хооронд маргаан үл ойлголцол үүссэн. Би уурандаа Пүрэвцогт ахыг заамдаж аваад хужаагийн хүүхэд гэж хэл амаар доромжилоход Пүрэвцогт ах гэрээс гараад зугатаасан. Би түүний араас хөөгөөд гүйцээгүй. Гэрт буцаад ороход эхнэр нь надтай хэрүүл хийж  байрны мөнгө өгөхгүй, 600000 төгрөг л өгнө гэхээр нь би түлхэж газар унаагаад нуруу руу нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Бид хоёр барьцалдаж маргалдаж, надад Отгонжаргал эгч ус хийж өгөхөд би уснаас уусан. Удалгүй цагдаа ирээд цагдаагийн хэсэг рүү авч явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  33 дугаар хуудас/

19.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хувь /хавтаст хэргийн  63-69 дүгээр хуудас/ зэрэг болно.  

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудад шүүх

                                          дараахи дүгнэлт хийв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Мундааны Ганхүүг  2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг, сумын төвийн баруун талд байрлах тус сумын иргэн Д.Пүрэвцогтын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эхнэр Б.Отгонжаргалыг хашаа байшин худалдаж аваад үлдэгдэл мөнгөө төлсөнгүй гэсэн шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

Шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн акт №333  тоот дүгнэлтэд  Б.Отгонжаргалын биед баруун богтос ясны зөрсөн битүү хугарал, нүдний алим хатингаршсан, салст улайсан, эвэрлэг хавантай, зовхи язарсан, шанаанд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

Хохирогч Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ миний нүд Ганхүүд зодуулсны улмаас юм харж чадахгүй болсон ба би хүнээр хөтлүүлж явдаг болсон. Урьд нь бүдэг ч гэсэн ойр орчноо хардаг, цай ундаа хийдэг байсан. Багадаа аавынхаа мотоциклтэй араар нь сууж их явдаг байснаас салхинд хараа муудаж, нүдний алим хатингаршсан байж болно, хараа муудаж байгааг мэдэж байсан, харин эмчлүүлж байгаагүй, Ганхүүд зодуулахын урьд өдөр нөхөртэйгээ муудалцаад цүнхээр толгойн хэсэг рүүгээ цохиулсан, ойрын юм харахгүй болсон нь үүнтэй холбоотой гэж бодохгүй байна, Ганхүүгийн зодож, цохисонтой холбоотой гэж бодож байна, иймээс нүдээ эмчлүүлэх зардлаа Ганхүүгээс гаргуулж авмаар байна гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ганхүү нь иргэн Отгонжаргалыг түлхэж унаган гарын шууны богтос ясны хугарал, нүдний салст улайсан, шанааны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан, дээрхи гэмтлүүд нь хүндэвтэр гэмтэлд хамаарсан байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.  Шинжээч эмч С.Бүрэнжаргалын мэдүүлэгт Дээрхи шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлүүдээс нүдний алим хатингаршсан, эвэрлэг хаван үүссэн зэрэг нь өмнө үүссэн архаг явцтай, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй нүдний өвчин байна гэжээ.

          Хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Ц.Батцэцэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, М.Гантүшиг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ нарын болон шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шинжлэн судалж, шүүх нотолгооны эх сурвалжаа болгов.               

           Шүүх хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг учрал болсон нөхцөл байдлуудтай нийцсэн үнэн зөв гэж үзэв.

            Учир нь хохирогч Б.Отгонжаргалын мэдүүлэг нь гэрч Ц.Батцэцэг, М.Гантүшиг нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр батлагдаж, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй тохирч байна. Дээрхи мэдүүлгүүдэд хэргийн зүйлчлэлд нөлөөлхүйц, гэмт хэргийн бүрэлдэхүүн алга байна. Өөрөөр хэлбэл танхай, өс хонзонгийн гэх мэт өөр сэдэлт, гэм буруугийн хэлбэрүүд байхгүй байна гэж үзэв. Учир нь Хашаа байшингаа худалдсан, мөнгөө гүйцээж аваагүй байснаас мөнгөө авах зорилгоор гэрт нь орж хэрүүл үүссэн, улмаар эрх чөлөөнд нь халдсан байдлууд харагдаж байна.

            Иймээс шүүгдэгч Мундааны Ганхүүг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг, сумын төвийн баруун талд байрлах мөн сумын иргэн Д.Пүрэвцогтын байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ очиж,  түүний эхнэр Б.Отгонжаргалын эрх чөлөөнд халдаж, түлхэж унаган гарын шууны богтос ясны хугарал гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

           Хохирогч Отгонжаргал эмчилгээний зардалд 3 сая төгрөг нэхэмжилж байгаа ба үүнийг нүдээ эмчлүүлэх, болор нүд суулгахад зарцуулна гэж тайлбарлаж байна. Гэвч энэ талаар ямар нэгэн баримт сэлт ирүүлээгүй ба  нүдний гэмтлийг Ганхүү учруулаагүй гэж үзэхээр байна. Иймд энэ хэсгийг хэлэлцэхгүй орхих ба иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхивол зохино гэж үзсэн болно. Харин Түшиг сумаас нөхрийн хамт ирж очсоны зардалд 204.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 600.000 төгрөг гаргуулахаар нийт 804.000 төгрөгийн баримт ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 100 дугаар зүйлийн 100.1.1,101 дүгээр зүйлийн101.1-д заасан үндэслэлүүдийг баримтлан хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ганхүү нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч М.Ганхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг харгазан хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой шүүх үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297,  298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Хаад овогт Мундааны Ганхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Мундааны Ганхүүд 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Ганхүүд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

5.Ялтан М.Ганхүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1,291.3, 292 дугаар зүйлийн 292.2, 293 дугаар зүйлийн 293.2-т тус тус заасны дагуу цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   М.Ганхүүд оногдуулсан 02 /хоёр/ жилийг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

             

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                           Б.НАЦАГДОРЖ

.