Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2021/0570

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М,  нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ошүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа төрийн албаны үндсэн зарчмыг мөрдлөг болгон иргэддээ нээлттэй засаглалыг явуулахад анхаарч ажлын тайлангаа тухай бүр хорооныхоо иргэдэд танилцуулж, Ногоон хороо хөтөлбөрийг хэрэгжүүлэн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон олон ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнууд Ковид-19 вирусын цар тахлын улмаас эдийн засгийн хямралд орж тоо томшгүй жижиг дунд бизнес дампуурч, иргэдийн амьдралын баталгааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдалтай бид нүүр тулж байгаа. Манай оронд Ковид 19-н халдвар 2020 оны 11 дүгээр сараас эхлэн тархсантай холбогдуулан иргэдтэй хамгийн өмнө нүүр тулж ажиллаж байгаагийн хувьд хорооныхоо иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хороондоо түргэн шуурхай хэрэгжүүлж ажиллаж байсан. Гэвч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр надад дүүргийн Засаг даргын Тамгын газраас утасдаж “Сонсох ажиллагаа хийнэ та маргааш өглөө 09.00 цагт дүүргийн байран дээр бэлэн байна уу" гэж мэдэгдсэний дагуу миний бие 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 09.00 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргатай уулзлаа. Уулзахад 2014 оны Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн таныг албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэлээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гээд уг хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах дараалал, мэдэгдэл, түүний хэлбэр, сонсох ажиллагааг явуулах арга, сонсох ажиллагааны явцыг тэмдэглэх зэрэг хуулийн олон зохицуулалтыг тусгажээ. Гэвч Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга нь хуульд заасан нөхцөлийн алийг нь ч хангахгүйгээр , миний эрхийг тайлбарлах , хангах ямар ч арга хэмжээ авалгүйгээр ажлаас чөлөөлнө гэсэн 2 хон үгийг хэлсэн. Захиргааны акт гарахад тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүнд хэлээд л болсон гэдэг ойлголт Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээд 4 гаруй жилийн хугацаа өнгөрч байхад хэвээр, Төрийн жинхэнэ албан хаагч ялангуяа эрх зүйч мэргэжилтэй, удирдах албан тушаалтай албан хаагчийн хувьд хууль хэрэгжүүлэх анхан шатны мэдлэггүй байгаад гүнээ харамссан. Иймд тухайн сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж хэлсэн. Мөн сонсох ажиллагаа гэх нэртэй ажлаас чөлөөлнө гэж хэлэхдээ хэзээ чөлөөлөх талаар ч хэлээгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/33 дугаар захирамж гарсныг ажил хүлээлцэх гээд ажлын хэсэг ирэхэд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Захиргааны шийдвэр гарснаас даруй 3 хоногийн дараа танилцуулсан гэсэн үг юм. Иймд хуульд заасан захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа миний тайлбар, саналыг авалгүй захиргааны акт гаргасан байх тул хууль зөрчин гаргасан шийдвэр байна гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай захирамжийн үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хуулийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно ” гэж заасан заалтууд нь Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгохтой холбогдолгүй, эрх хэмжээ олгосон заалтууд биш байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40.3 “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг тус тус зөрчсөн. Мөн 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг хангаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг , 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5 дахь хэсгийг үндэслээд яг ямар шалтгаан нөхцөл илэрсний улмаас яагаад 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 захирамжийг хүчингүй болгож байгаа талаар дурдаагүй шууд хүчингүй болгосугай гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40.4 дэх хэсэгт “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана ” гэснийг хангаагүй зөрчсөн байна .

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоол зэргийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б.Ог 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай Б/25 дугаар захирамжийг илт хууль бус хэмээн үзэж хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарласан үйлдэл, 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01, 02 , 03 дугаар тогтоолуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, уг иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг тус дүүргийн Засаг даргад нэхэмжлэлийг А.С, Б.А нар гаргасныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд уг маг уг магадлалаар "Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 105 дугаар сарын 01-ний өдрийн 202 дугаар шийдвэрийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Сийн "2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 үгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай ” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэжээ. Энэ нь тухайн 2013 онд болсон 1 удаагийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны магадлал байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "...нэхэмжлэгч Б.Агийн гаргасан үлдэх “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан тус шийдвэр, магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоол уг магадлалын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Уг асуудал нь 2012 оны сонгуулийн үр дүнд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт "Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаан хийсэн эсэх талаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд юм . 2012-2016 онуудад уг иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээ дуусч 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн үр дүн гарсны дараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу дахин анхдугаар хуралдаан хуралдаж шийдвэр гарсан байх ёстой. Дээрхээс үзэхэд 2014 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь 2019 онд 1 дүгээр хорооны Засаг даргаар томилогдсон шийдвэртэй цаг хугацааны болоод учир зүйн хувьд холбогдолгүй байна. Мөн 2014 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн 2021 онд Илт хууль бус захиргааны актаар миний томилогдсон шийдвэрийг тогтоож байгаа нь хууль бус гэж би үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Ог Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засан даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн Б/25 дугаар захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдсон. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус бөгөөд хорооны иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хуралдсан гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор тус тус тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй байсан. Б.Ог Засаг даргаар томилсон захирамжийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 т “ Баг , хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд дүүргийн Засаг дарга шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн . Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгүүлэхээр заасан болохоос үүрэг гүйцэтгэгчээр томилох зохицуулалт байхгүй байна. Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч “Гэвч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр надад дүүргийн Засаг даргын Тамгын газраас утасдаж “Сонсох ажиллагаа маргааш хийнэ та маргааш өглөө 09 цагт дүүргийн байран дээр бэлэн байна уу” гэж мэдэгдсэний дагуу миний бие 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 09 цагт Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргатай уулзлаа. Уулзахад 2014 оны Монгол Улсын З шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн таныг албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэлээ” гэж нэхэмжлэлдээ тодорхой дурдсанаас харахад ажиллагаа зохих ёсоор явагдсан байна. Мөн энэхүү сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан арга хэлбэрт нийцжээ. Иймд нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль бус тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Отус шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтууд нь илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгохтой холбогдолгүй заалт..., 2014 оны шүүхийн шийдвэрүүд нь 2019 онд томилогдсон шийдвэртэй цаг хугацааны болоод учир зүйн хувьд холбогдолгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч захиргааны байгууллагаас “...Б.Ог Засаг даргаар томилсон захирамжийн үндэслэл нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан шаардлагыг хангаагүй, Дүүргийн засаг дарга шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь илт хууль бус болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон, сонсох ажиллагаа хуульд нийцсэн...” тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий “Б.Ог 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1...-д заасныг үндэслэн Б.Ог 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон,

Маргаан бүхий захиргааны акт болох, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бийн гаргасан, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 26 дугаар зүйлийн 26.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ог томилсон Дүүргийн Засаг даргын, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Отэй холбогдох тооцоо хийж дуусгахыг Тамгын газарт зөвшөөрч, ажил хүлээлцэх бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан байна.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 202 дугаар шийдвэрээр Б.А, А.С нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хуралд холбогдох “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарласан акт, үйлдлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Агийн гаргасан “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сийн гаргасан “2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж харин 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эсэх, мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ тухайн Хурал хэрэгжүүлэх замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлалаар уг шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Сийн “2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж...”шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны  2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэг. Нэхэмжлэгчээс гаргасан, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээр дурдсан, хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа үндэслэл болгосон шүүхийн магадлал, тогтоолоос үзвэл нэхэмжлэгч нар тухайн үедээ 2013 онд гарсан захиргааны актуудтай маргаснаар шүүхүүд 2014 онд тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэр, магадлал тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болж үлджээ.

Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар бүхий “Ц.Бгыг Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай” тогтоол, 02 дугаар бүхий “Хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар Л.Тыг сонгож батлах тухай” тогтоол, 03 дугаар бүхий “Хорооны Иргэдийн нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” тогтоолууд болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын товыг зарласан үйлдэл тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамж гаргахдаа дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолыг тус тус үндэслэн уг шүүхийн магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш даруй 7 жил өнгөрсний дараа, шүүхийн шийдвэрлэсэн маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар буюу  Дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий “Б.Ог 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Б.Ог томилсон 2019 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулсан эсэх, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ тухайн хурал хэрэгжүүлсэн эсэх болон уг асуудалд хамааралтай бусад нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй атлаа шүүхийн тогтоолыг шууд үндэслэл болгон Б.Ог томилсон захирамжийг хүчингүй болгосон нь  хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч дээр дурдсан шүүхийн магадлал, тогтоолд үндэслэн Дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгохдоо уг магадлал, тогтоолын чухам аль заалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэж байгаа нь тодорхойгүйн дээр уг захирамжийг ямар учраас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасныг баримталсан атлаа мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” заалтыг давхар баримталснаас үзвэл Дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн үү эсхүл хууль бус захиргааны акт гэж үзсэн үү гэдэг нь ч тогтоогдохгүй байна.

            Хариуцагч нь Дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжийг илт хууль бус гэж үзсэн тохиолдолд уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар нэгэнт үйлчлэлгүй болсон байхад түүнийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 

 Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчиж дүүргийн Засаг дарга Хорооны засаг даргыг шууд томилсон нь хууль бус...”  гэж тайлбарлаж байгааг шүүх үгүйсгээгүй боловч энэ үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад тодорхой үндэслэлтэйгээр тусгаж өгөөгүйгээс уг акт чухам ямар зохицуулалт агуулсан нь ойлгомжгүй, алдаатай болсны дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, “...хорооны иргэдийн Нийтийн хурал хууль бусаар хуралдсан гэдгийг шүүх тогтоосон тул энэ захирамжийг гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан нь Дүүргийн засаг даргад олгосон эрх мөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн  42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу хэрэгжүүлэх учиртай.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан шаардлагад үндэслэлгүй, өөрт олгогдсон эрхээ зорилгодоо үл нийцсэн байдлаар сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн нь тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж маргаж байх боловч шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тухайн захиргааны акт гаргах гэж байгаа талаар хариуцагч захиргааны байгууллага мэдэгдсэн талаар талууд маргаагүй тул энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчөөгүй байна. 

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан “Б.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Онь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бийн гаргасан, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж, мөн хуулийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”-оор тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Хорооны засаг даргыг тухайн Хорооны нийтийн хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлснээр тэдгээрийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилох эрх бүхий этгээд болох Дүүргийн засаг даргад санал болгохоор, уг саналыг үндэслэн Дүүргийн засаг дарга тухайн Хорооны Засаг даргыг томилохоор тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Онь Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжаар томилогдон тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Хорооны нийтийн хурлаас 50-иас дээш хувийн санал авснаар Дүүргийн Засаг даргад санал уламжлагдаагүй, Дүүргийн Засаг дарга нь иргэдийн саналд үндэслэн томилох шийдвэрээ гаргаагүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл Б.Онь хуульд заасан журмын дагуу томилогдоогүй ба талууд энэ талаар маргаагүй.

Тухайн тохиолдолд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бийн, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий захирамжийг шүүх хүчингүй болгосон боловч нэгэнт зохих журмын дагуу томилогдоогүй, тухайлбал Хорооны Иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшиж олонхийн санал аваагүй этгээдийг Хорооны засаг даргаар томилохыг Дүүргийн Засаг даргад шууд даалгах хууль зүйн боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад хууль бус үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”-аар тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан “даалгах” шаардлага нь захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдох учиртай атал нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж маргаагүй бөгөөд ийнхүү эс үйлдэхүй гаргасан гэж үзэх нөхцөл байдал ч тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дугаар бүхий “Г.Ч*******ыг ажилд томилох тухай” захирамжаар Г*******ын Ч*******ыг тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн өдрөөс эхлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгч тухайн захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ нь бие даасан тусдаа үр дагавар бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар тухайн захиргааны актын талаар шүүх дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан “Б.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн энэ шийдвэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бийн, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Б.Од тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Б.Ог тухайн шийдвэр гаргах эрх бүхий субъект томилох захирамж гаргаснаар Б.Онь ажиллаж эхэлсэн, энэ нь түүнээс өөрөөс нь үл хамаарч бий болсон нөхцөл байдал гэж үзэхээр байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн зорилгод нийцүүлэн ийнхүү шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 5,591,401.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.Огийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Огээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар бүхий “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, Б.Огийн ажилгүй байсан хугацааны олговорт 5,591,401.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Б.Ог Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ            Н.ДУЛАМСҮРЭН