Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01129

 

2018 оны 04 сарын 10 өдөр

 

 

 

 

 

                Дугаар 102/ШШ2018/01129

 

 

 

 

 

                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 20 дугаар байрны 8 тоотод оршин суух, \РД:УШ90010517\, Мөнхдалай овогтой Даваагийн Мэргэнцогтын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 46-09 тоотод  байрлах, рд;5309557, Бүргэдконстракшн ХХК-д холбогдох

           

            30м2 талбай бүхий орон сууцыг гаргуулан өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...  Уг орон сууцны өмчлөгч солигдсоноор “Бусана” ХХК болон Д.Мэргэнцогт нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны оршин суугчтай байгуулсан орон сууцаар хангах гэрээ” гэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “Бусана” ХХК нь Д.Мэргэнцогтод шинээр баригдах барилгаас 30 м.кв бүхий орон сууцыг Улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч “Бусана” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Бүргэд констракшн” ХХК-тай “Орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1 дүгээр дан гэх хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр барих 167 айлын орон сууцны төслийг “Бүргэд констракшн” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Орон сууцны тухай хуулийн 151  дүгээр зүйлийн 151 .1.3-д “...Орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах...” гэсний дагуу, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Бүргэд констракшн” ХХК, 1 дүгээр дангийн “Төслийн удирдагч” нарын хооронд гэрээ байгуулан, барилга ашиглалтад орж, “Улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор орон сууцыг олгох ёстой байсан. Гэвч өнөөдрийн байдлаар тус барилгыг Улсын комисс хүлээн авсан байгаа бөгөөд ашиглалтад орсон байна. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, түүнчлэн биелүүлэхээс татгалзаж байна. Иймд “Бүргэд констракшн” ХХК-аас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1 дүгээр дан гэх хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр баригдсан 167 айлын орон сууцнаас 30 м.кв бүхий орон сууцыг гаргуулж иргэн Д.Мэргэнцогтын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг нь гүйцэтгүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.

 

Хариуцагч Бүргэд констракшн ХХК 2017 оны 11 сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Бүргэд констракшн ХХК, СХД-ийн ЗДТГ, 1-р дангийн төслийн удирдагч нарын хооронд 2012 оны 01 сарын 29-ны өдөр дан байрыг шинэ орон сууц болгох төслийн гэрээ байгуулагдаж үйл ажиллагаандаа орсон юм. Энэ үед Д.мэргэнцогтын талаар уг орон сууцанд амьдарч байсан болон өмчилж байсан талаарх мэдээлэл огт байгаагүй, ...бүргэд констракшн ХХК болон Д.Мэргэнцогтын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй болно. ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /хэргийн 19-20 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мэргэнцогт нь хариуцагч Бүргэдконстракшн ХХК-д холбогдуулан 30м2 талбай бүхий орон сууцыг гаргуулан өмчлөлд шилжүүлэх үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч 30м2 талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зохигчдын хооронд хийгдсэн ямар нэг хэлцэл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Д.Мэргэнцогт нь 2011 оны 11 сарын 19-ны өдөр иргэн Б.Бямбаатай худалдах худалдан авах хэлцэл хийж, Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо,  Мах импекс ХК-ний 1 дүгээр дан байрны 3 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 30м2 талбай бүхий, гэрчилгээ дугаар 000173820, эрхийн улсын бүртгэлийн Y-2201024495 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болжээ. /хэргийн 4, 50 дугаар тал/

 

Мах импекс ХК-ний 1 дүгээр дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас өмчилж буй талбайтай нь тэнцүү хэмжээний орон сууцыг гэрчилгээний  №000173820, бүртгэлийн дугаар Y-2201024495 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй нэхэмжлэгч Д.Мэргэнцогтын өмчлөлд шилжүүлэх гэрээ нэхэмжлэгч Д.Мэргэнцогт, Бусана ХХК-ны хооронд 2011 оны 11 сарын 28-ны өдөр байгуулагдсан байна. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрны оршин суугч 27 айл өрхийг шинэ орон сууцаар хангах төслийг хэрэгжүүлэх 2008 онд байгуулсан №08/03 тоот гэрээгээ цуцалж, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэснээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас Бусана ХХК-д 2011 оны 12 сарын 02-ны өдөр 1/1920 тоот албан бичгээр мэдэгджээ./хэргийн 33 дугаар тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрыг шинэ орон сууц болгох төсөл хэрэгжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Бүргэд констракшн ХХК, төслийн удирдагч Д.Батбаатар /1 дүгээр дан байрны оршин суугчдыг төлөөлж/ нарын хооронд 2012 оны 01 сарын 19-ны өдөр 01 тоот гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрэгээрээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тус дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт оршин  1-р дан байрны оршин суугчидтай Бүргэд констракшн ХХК-ны байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах,  орон сууц барих газрын гэрчилгээг Бүргэд констракшн ХХК шилжүүлэн өгөх, Бүргэд констракшн ХХК барилга ашиглалтад орж улсын комисс  хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гэрээ байгуулсан айлуудад гэрээний дагуу орон сууцыг олгох, Төслийн удирдагч нь 1-р дангийн оршин суугчдын зүгээс Бүргэд констракшн ХХК-тай орон сууцаар хангах гэрээ байгуулах ажлыг гардан гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ./ хэргийн 34-35 дугаар тал/

 

2012 оны 05 сарын 30-ны өдөр №12/04 тоот орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх эрх шилжүүлэх гэрээ нь эрх шилжүүлэгч Бусана ХХК, эрх хүлээн авагч Бүргэд констракшн ХХК-ны хооронд байгуулагдан Сонгинохайрхан дүүргийн 19 хороо 21 хороолол Мах комбинатын ажилчдын байр хэмээх 1-р дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас тухайн байрны эздэд үнэгүй олгох нийт 510м2 талбайг гэрчлэх тухай гэрээ болон эрхийн бичгүүдийг хүлээлцжээ. /хэргийн 8, 9, 51 дүгээр тал/

 

2014 оны 09 сарын 16-ны өдрийн 2014/513 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 2012-01-19-ны өдрийн №01 тоот гэрээг дүгнэх хурлын тэмдэглэл, 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 39/02 тоот 1-р дан байрны өмчлөгч Ж.Гүнсэлтэй байгуулсан Бүргэд констракшн ХХК-ны орон сууц захиалан бариулах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг судлан үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрны суурин дээр 23 автомашины дулаан зогсоолтой, 273 айлын  Шинэ мөрөөдөл хотхон орон сууцны барилга баригджээ. /хэргийн 28-30, 32, 46-47, дугаар тал,

 

            Нэхэмжлэгчийн шаардах эрх Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 1514, 1515, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заасан үндэслэлтэй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Д.Мэргэнцогт нь Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо,  Мах импекс ХК-ний 1 дүгээр дан байрны 3 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 30м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн бөгөөд 2012 оны 05 сарын гэрээ хэлцэл бичиг баримт хүлээлцсэн акт буюу Сонгинохайрхан дүүрэг 19 хороо, 21 хороолол Мах комбинатын ажилчдын байр хэмээх 1 дүгээр дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас тухайн байрны эздэд үнэгүй олгох нийт 510м2 талбайг гэрчлэх гэрээ болон эрхийн бичгүүдийг хүлээлсэн тухай актын нэрс гэсэн хэсгийн 28 дугаарт Д.Мэргэнцогтын нэр гэрээний дугаар өмчлөх талбайн хэмжээ бүхий мэдээлэл орсон боловч тэрээр тухайн орон сууцны суурин дээр 2014 оны 09 сард шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууцнаас өөрийн өмчлөлийн талбайн хэмжээтэй тэнцэх орон сууцыг эзэмшиж өмчлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Бүргэд констракшн ХХК, төслийн удирдагч Д.Батбаатар /1 дүгээр дан байрны оршин суугчдыг төлөөлж/ нарын хооронд 2012 оны 01 сарын 19-ны өдөр 01 тоот гэрээ гэрээний 2.5, Орон сууцны тухай хуулийн 151 зүйлийн 1514 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Мэргэнцогт нь хариуцагч Бүргэд констракшн ХХК-тай орон сууцтай холбоотой ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй боловч түүний өмчлөх эрхээ сэргээн хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаас 1 дүгээр дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас тухайн байрны эздэд үнэгүй олгох нийт 510м2 талбайг гэрчлэх гэрээ болон эрхийн бичгүүдийг хүлээлцсэн тухай актын нэрс гэсэн хэсгийн 28 дугаарт Д.Мэргэнцогтын нэр гэрээний дугаар өмчлөх талбайн хэмжээ бүхий мэдээлэл орсоныг мэдсэн атлаа энэ талаар тодруулаагүй хариуцагч Бүргэд констракшн ХХК гэм буруутай гэж үзнэ.

 

Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Сонгинохайрхан дүүрэг 19 хороо, 21 хороолол, 1 дүгээр дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас тухайн байрны эздэд үнэгүй олгох нийт 510м2 талбайг гэрчлэх гэрээ болон эрхийн бичгүүдийг хүлээлцсэн тухай акт баримтыг ямар нэг баримт гаргаж үгүйсгэж маргаж мэтгэлцээгүй, Д.Мэргэнцогт, гэрээг нь ирүүлсэн 1-р дангийн оршин суугч Н.Гүнсэл нараас бусад үлдэх 26 оршин суугч нэг бүртэй гэрээ байгуулснаа нотлох баримтаар нотлоогүй болно. 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч Д.Мэргэцогт болон хариуцагч Бүргэд констракшн ХХК-ны хооронд гэрээ хэлцэл байгуулагдаагүй боловч Орон сууцны тухай хуулийн 151 зүйлийн 1514, 1515 дахь хэсэгт зааснаар хуулийн дагуу нэхэмжлэгч шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй хэмжээний  орон сууцыг өмчлөх эрхтэй, хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Мэргэнцогтын өмчлөлийн 30м2 талбай бүхий нийт 510 м2 талбайтай 27 айлын хуучин орон сууцны зориулалттай 864м2 газрыг шилжүүлэн авч 23 автомашины дулаан зогсоолтой, 273 айлын  Шинэ мөрөөдөл хотхон орон сууцны барилга захиалан бариулсан хариуцагч Бүргэд констракшн ХХК–аас 30м2 талбай бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчий эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 1514, 1515,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  30м2 талбай бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Д.Мэргэнцогтын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Бүргэд констракшн ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүргэд констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мэргэнцогтод буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ