Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2022/0191/Э |
Дугаар | 2022/ШЦТ/215 |
Огноо | 2022-06-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/215
2022 06 15 2022/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч О.М, Д.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М, Д.Л нарт холбогдох эрүүгийн 2225000000257 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2022 оны 05 дугаар сарын 10 ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Богд гол баарны гадна иргэн Д.Лтэй маргалдан түүний толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Л нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Богд гол баарны гадна иргэн О.Мтай маргалдан түүний толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч О.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Зүй бусаар маргаснаас болсон гэх мэдүүлэг
-шүүгдэгч Д.Лийн мэдүүлсэн: Мтай зүй бусаар харьцсанаа хүлээж байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Шүүгдэгч О.М, Д.Л нарын согтуурлыг шалгах багажаар шалгасан тухай “Даваанаа Л 1,24%, Одгэрэл М 1,50%” гэх хуудас /хх-ийн 6-10-р тал/
-хохирогч Д.Лийн мэдүүлсэн...2022 оны 05 дугаар сарын 10-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт “Богд гол” бааранд найзынхаа хамтаар сууж байгаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарахдаа үүдэн дээр нь зүс таних М гэх залуутай маргалдаж харилцан зодолдсон. М намайг 2-3 удаа нүүрэн тус газарт цохьсон. Миний уруул язарч гэмтсэн. Би Мын мөн нүүрэн тус газарт цохиж хамрыг гэмтээсэн..Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-н 13-15-р тал/
-хохирогч О.Мын мэдүүлсэн.. 2022 оны 05 дугаар сарын 10-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Богд гол” бааранд найз нарынхаа хамтаар сууж байгаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарахдаа үүдэн дээр нь зүс таних залуутай мөрөлцөж маргалдан, харилцан зодолдсон.Тухайн залуутай хэрүүл маргааны улмаас харилцан зодолдож хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан. Би тухайн залуугийн нүүрэн тус газарт нь 2-3 гараараа цохьсон. Мөн намайг нүүрэн тус газарт гараараа цохиж хамрыг хугалсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн №389 дугаартай “...О.Мын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүүнд цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн №388 дугаартай “...Д.Лийн биед дээд, доод уруул, баруун завьжинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээд, доод уруул. баруун завьжинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх- ийн 29-30-р тал/
Шүүгдэгч О.Мын яллагдагчаар мэдүүлсэн:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийхгүй. Их ухаарсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
Шүүгдэгч Д.Лийн яллагдагчаар мэдүүлсэн:...О.М бид хоёр учир зүгээ олсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч О.М, Д.Л нар нь 2022 оны 05 сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Богд гол” бааранд үйлчлүүлээд гарч явахдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар харилцан зодолдож О.Мын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүүнд цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол, Д.Лийн биед дээд, доод уруул, баруун завьжинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн зэргийн хохирол гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч О.Мын үйлдлийн улмаас Д.Лийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан,Д.Лийн үйлдлийн улмаас О.Мын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн №388, 389 дугаартай дүгнэлтүүд, гомдол, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч О.М, Д.Л нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, харилцан зодолдож өөрсдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээх хүсэлт гаргаж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд: О.М, Д.Л нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дэх ь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт О.М, Х ургийн Д.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Д.Л нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Д.Л нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.М, Д.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ