Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2022/0204/Э |
Дугаар | 2022/ШЦТ/227 |
Огноо | 2022-06-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
2022 06 23 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Ж.Б, Н.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Н.Д нарт холбогдох эрүүгийн 2225002080221 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д, Ж.Б нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-59 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ж.Бын мэдүүлсэн: Дын биед гэмтэл учруулснаа хүлэн зөвшөөрч байна. Харилцан зодолдсон. Д нь согтуу 3 сартай хүүхдээ хөхүүлж чадахгүй байсан. Эмчилгээний зардлыг төлөх болно гэх мэдүүлэг
-шүүгдэгч Н.Дын мэдүүлсэн: Тэр өдөр архи уусан. Б нь Оюунтүлхүүрийн хүүхдийг газар шидчихээр нь би маргаж харилцан зодолдсон. Биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Ж.Бын мэдүүлсэн... Тэгээд Д гаднаас мөлхөж орж ирэн гэрийн хойморт суун, хүүхдээ аван босож чадахгүй, хүүхдээ тэвэрч байхдаа газарт унахаар нь би хүүхдийг нь авсан, тэгээд Д газарт хэвтэж байгаад дахин босож ирэн хүүхдээ надаас аван дахин тэвэрч байхдаа унахаар нь Оюунтүлхүүр хүүхдийг нь авахад Д “намайг ал минь май” гээд босож ирэн “алаа угаа өмхий авгай минь” гээд есөн шидээр хараагаад байхаар нь би давраад байгаараа хүүхдээ ч хөхүүлж чадахгүй согтчихоод гээд босож ирэхэд Оюунтүлхүүр бид 2-ыг зодолдож магадгүй гэж бодоод дундуур орж ирэн намайг түлхэхэд би газарт биеийнхээ хажуу хэсгээрээ зөөлөн унахад Д над дээр ирэн миний үснээс зулгаахад би мөн адил Дын үснээс нь зулгаан бид 2 орон дээр очиж нэг нэгнийгээ харилцан гар, хөлөөрөө өшиглөж харилцан зодолдсон бөгөөд зодолдож байхад Оюунтүлхүүр салгах гэхэд бид 2-ыг дийлэхгүй салгаж чадаагүй... Н.Д нь миний баруун нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлүүдийг үсдэж байхдаа гар болон хөлөөрөө цохиход үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р тал/
-хохирогч Н.Дын мэдүүлсэн.. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би Дарханаас найз Оюунтүлхүүр Хулан хоёр дээр ирсэн ба бид нар 16 цагийн орчим нэг том пиво аваад уусан.Тэгтэл гаднаас Б гэгч Оюунтүлхүүрийн хуурай эгч гэх эмэгтэй орж ирээд хамт ууя гээд хамт уусан.Тэгээд дараа нь бид нар 2 шил архи уусан.Оюунтүлхүүр Хулан хоёр дахиад архинд гарсан хойгуур Оюунтүлхүүрийн 1 ой гарантай хүүхэд уйлаад байсан. Тэгтэл Б эх чинь чамайг тоохгүй байхад би чамайг хардаг юу вэ гээд хүүхдийг аваад газар шидсэн. Тэгээд би та чинь хүүхэд яаж байгаа юм бэ гэсэн чинь дуугүй бай гээд байсан. Тэгтэл гаднаас Оюунтүлхүүр Хулан хоёр орж ирэхээр нь хүүхдийг чинь аваад шидчихлээ гээд хэлсэн. Тэгтэл Оюунтүлхүүр итгэхгүй байсан. Тэгтэл Б чи битгий худлаа яриад бай гээд намайг орон дээр дараад нүүр нүдгүй нүдсэн. Тэгээд Оюунтүлхүүр болиочээ наад хүн ямар аймар болгочихвоо гэсэн чинь дахиад зодоод байсан. Тэгээд Оюунтүлхүүр цагдаа дуудсан.Тэгээд цагдаа дээр очоод эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
-гэрч Г.Гийн мэдүүлсэн... Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн зөрчлийн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байхад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар дуудлага, мэдээллийн дагуу зодолдсон хүмүүсийг Булаг багийн нутаг дэвсгэрээс авч ирэхэд 3 эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан…Н.Дын нүүрэн хэсэг шалбарсан, 2 нүд хавдсан байсан, өөр гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Юу болсон талаар өөрөөс нь тодруулахад Ж.Бд зодуулсан л гэж байсан. Ж.Бын баруун хацарны дээд хэсэг бага зэргийн улайлттай байсан, өөр гэмтэл үүссэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Юу болсон талаар асуухад Н.Д намайг хэл амаар доромжилж, миний үснээс зулгаан миний бие рүү цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалж л Н.Дыг зодсон гэж хэлсэн. С.Оюунтүлхүүр тухайн үед хэлэхдээ Ж.Б, Н.Д хоёр харилцан зодолдож байгаад Ж.Б нь дийлээд Н.Дыг газарт унагаан нүүрэн хэсэг рүү хөлөөрөө хөшиглөөд зодоод байхаар нь Ж.Быг салгасан л гэж байсан. С.Оюунтүлхүүр нь Ж.Б, Н.Д 2-ын биед халдаагүй гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
-гэрч С.Х мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өдрийн 16 цаг өнгөрч байхад С.Оюунтүлхүүр, Н.Д бид 3 том пиво хуваан уугаад сууж байсан чинь гаднаас Ж.Б эгч орж ирээд бид нартай хамт суун пиво хуваан ууж дуусахад Н.Д нь цүнхнээсээ 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи гаргаж ирсэн бөгөөд бид 4 хуваан ууж дуусгаад байж байтал Ж.Б эгч С.Оюунтүлхүүр бид хоёрт банкныхаа виза картыг өгч архи аваад ир гэхээр нь бид 2 гарч хүнсний дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи аваад гэр лүү ороход Н.Д нь Ж.Б эгчийг С.Оюунтүлхүүрийн 1 настай охиныг газарт шидсэн гээд юм яриад байсан чинь С.Оюунтүлхүүр шидээгүй байлгүй дээ гэсэн яриа өрнөсөн. Тэгээд авч ирсэн архиа бид дөрөв хувааж уун сууж байхад Н.Д нь байж байгаад л та С.Оюунтүлхүүрийн хүүхдийг шидсэн биздээ гээд байсан чинь Ж.Б эгч шидээгүй ш дээ, юу яриад байгаа юм гэсэн. С.Оюунтүлхүүр бид 2-ыг гэрт орж ирэхэд С.Оюунтүлхүүрийн охин уйлаагүй, сэрүүн зүгээр л байж байсан бөгөөд Ж.Б эгч Н.Дын хүүг хөхүүлээд сууж байсан...Маргааш өглөө нь Ж.Б эгч над руу залгаад Цагдаа сэргийлэх гээд явж байна, Н.Д намайг зодсон гээд цагдаад өгсөн байна гэхээр нь би С.Оюунтүлхүүр лүү залгаад юу болсон талаар асуухад намайг явсан хойно шөнө Ж.Б эгч Н.Дыг зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
-гэрч С.О мэдүүлсэн... Тэгээд эргээд ороод иртэл Д надад Жагаа эгч хүүхдийг чинь газар луу шидчихлээ гэсэн... Дын хүүхэд унтаж байсан ба өөрөө гадаа суугаад байсан. Тэгээд орж ирээд Жагаа эгч рүү салаавч гаргаад байсан. Тэгтэл Жагаа эгч босож ирээд зодсон. Тэгээд нүүр лүү төмөртэй гутлаараа өшиглөд байхаар нь очоод салгах гэтэл салахгүй тавихгүй байхаар нь үснээс нь зулгааж байгаад холдуулахад Б газар дрожин дээр унахдаа нүүрээ халцалсан. Тэгээд Дын нүүр амнаас цус гараад байхаар нь би цагдаа дуудсан. Д ухаангүй байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд Дыг аваад яваад Батжаргаг эгч бид хоёрыг цагдаа руу аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн №254 дугаартай “...Н.Дын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээ, 2 гар, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн №255 дугаартай “...Ж.Бын биед баруун нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацарт үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Бүгд шинэ гэмтлүүд байна....” гэх дүгнэлт /хх- ийн 38-39-р тал/
-Шүүгдэгч Ж.Бын яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 14-59 тоотод С.Оюунтүлхүүр, Ц.Хулан, Н.Д бид 4 архи ууж байхад Ц.Хулан явсан хойно Н.Д намайг хэл амаар удаа дараа доромжилж миний уурыг хүргэсэн тул би Н.Дыг цохиж зодох болсон. Мөн Н.Д ч гэсэн миний биед халдаж намайг цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/
-Шүүгдэгч Н.Дын яллагдагчаар мэдүүлсэн... Ж.Б бид 2 С.Оюунтүлхүүрийн хүүхдийг шидсэн, шидээгүй гэж хоорондоо маргалдаж байгаад харилцан нэг нэгнийхээ үснээс үсдэлцэн барилцаж байхад Ж.Б эгч миний нүүр лүү хөлөөрөө өшиглөөд байж байхад нь С.Оюунтүлхүүр дундуур орж ирэн салгаад цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтлийг Ж.Б эгч үсдэж зодохдоо үүсгэсэн. Ж.Б эгчийн биед баруун нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун шилбэнд цус хуралтууд нь бид 2 харилцан нэг нэгнийгээ үсдэлцэж байхад үүссэн гэж бодож байна, харин баруун хацарт үүссэн зулгаралт нь С.Оюунтүлхүүр салгах үед газарт унахад үүссэн. Миний нүүрэнд сорви үүссэн, мөн үс унасан байгаа болохоор эмчлүүлэх хүсэлтэй байна,.. гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ж.Б, Н.Д нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-59 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан харилцан зодолдож Ж.Бын биед баруун нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол, Н.Дын биед биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээ, 2 гар, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол гэмтэл учиржээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ж.Бын үйлдлийн улмаас Н.Дын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан, Н.Дын үйлдлийн улмаас Ж.Бын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 17, 23-ны өдрийн №255, 254 дугаартай дүгнэлтүүд, гомдол, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Н.Д, Ж.Б нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар харилцан санаатай үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, харилцан зодолдож өөрсдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,
- шүүгдэгч Ж.Б:гэм буруугаа хүлээж байна. Шаардлагатай бол хохирогчид баримтаар хохирол төлнө, торгуулийн ял оногдуулна уу гэж,
-шүүгдэгч Н.Д: Гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээний зардал өгвөл гомдолгүй гэж тус тус дүгнэлт, санал гаргасан
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Эмэгтэй, эх хүмүүс атлаа нялх, бага насны хүүхдүүдээ дагуулан айл хэсч архидан согтуурч шалтгаангүй архидалт зохион байгуулсан, өөрийгөө үнэлэх, хүндэтгэх, үр хүүхдээ хайрлах сэтгэл дутсантай холбоотой буюу хувь хүний нийгэмд өөрийгөө авч явах төлөвшил, боловсрол хангалтгүй байдал хэрэг гарахад шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Ж.Б, Н.Д нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзсэн ба хохирогч Н.Д нь “хамар цөмөрсөн, хамраа янзлуулмаар байна, эмч хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба холбогдох баримт нотолгоо гаргаагүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Ч овгийн Ж.Б, Б овгийн Н.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Н.Д нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Н.Д нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б, Н.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, хохирогч Н.Дын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ