Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

   2022         06            23                                 2022/ШЦТ/228

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гд холбогдох эрүүгийн 2225001530235 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3,6453 м3 модыг бэлтгэж 614.798 төгрөгний хохирол учруулан Орхон аймаг Баян-Өндөр сумын шанд багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Г мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Түлээгүй болсон тул мод бэлтгэсэн. Автомашины нэрийг шилжүүлээгүй байгаа, хөрөө минийх .....гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 7-8-р тал/

            -Эд зүйл/баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-13-р тал/

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-26-р тал/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24-р тал/

-хохирогч С.Хын мэдүүлсэн....Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг дарга Б.Ууганбаярын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/115 дугаартай “иргэний нэхэмжлэгч томилох тухай” захирамжаар уг хэрэгт хохирогч, нэхэмжпэгчээр оролцож байна. хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай сумын нутаг дэвсгэрт байрлах Бухын гол гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгээд Орхон аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэж яваад баригдсан хэрэгт хохирогчоор оролцож байгааг мэдэж байна. Дарханбаатарын Г гэх нэртэй залууг зүс харж байсан. Аав Дарханбаатар нь манай сумын нутаг дэвсгэрээс 2019-2021 онуудад мод бэлтгэх зөвшөөрөл авч байсан. 2022 онд Дарханбаатар болон түүний хүү Г нараас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй... Хохирлын 614,798 төгрөгийг хэргийн оролцогч Г нь  нөхөн төлсөн тул дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Г гэх залуу хохирлын 615,000 төгрөгийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Төрийн банкны дансанд тушаасан байна. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 40-р тал/,

-гэрч Г.Б мэдүүлсэн...Би найз Г хамт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг руу түлээний мод бэлтгэхээр явсан. Түлээний мод бэлтгээд машиндаа ачаад тэр өдрөө 23 цаг өнгөрч байхад Орхон аймаг руу орж ирсэн. Д.Г хөрөөдөж бэлтгэсэн модыг уулнаас буулгаад машин дээрээ ачсан. Гантулгыг мод бэлтгэх зөвшөөрөлгүй гэдгийг би мэдээгүй. Би Гас асуугаагүй Г ч надад хэлээгүй. Би зөвшөөрөлтэй юм бодоод хамт модонд явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Ж.Д мэдүүлсэн....Миний хүү Д.Г зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэж байгаад цагдаад баригдсан асуудлаар шалгагдаж байгаа гэдгийг мэдсэн. Уг тээврийн хэрэгслийн мотор нь эвдэрчихсэн, явдаггүй байхад нь одоогоос 1 жилийн өмнө худалдаж авч байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар сайн санахгүй байна. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Г өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй боловч эзэмшигч нь мөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/

-гэрч Р.Нарантуяагийн мэдүүлсэн....Миний эзэмшилд дээрх автомашин бүртгэлтэй байсан. 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдөр Балжиннямын Батболд гэдэг хүнд худалдан борлуулсан. Б.Батболд гэх хүнд 2,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, худалдах худалдан авах гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулаад гэрээний хувийг өгч явуулсан боловч Б.Батболд нь өөрөө нэр дээрээ шилжүүлж аваагүй юм байна лээ...Одоо дээрх автомашин  хаана байгааг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/  

-Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эрдэнэбатын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай... бэлтгэсэн 91 модны хэмжээ нийт 3,6453 м3 нийт хохирол 614.798 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх- ийн 56-57-р тал/,

“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-28 дугаартай “... Nissan Vanette маркийн автомашины үнэлгээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 62-66-р тал/,

 “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-29 дугаартай ... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээнд хамрагдсан ашиглагдаж байсан хятад цахилгаан хөрөө 50.000 /тавин мянган төгрөг/-өөр үнэлэгдэв. ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 71-76-р тал/

Шүүгдэгч Д.Г сэжигтнээр мэдүүлсэн... 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз Болд-Эрдэнийн хамт Булган аймгийн Бугат сумын Мухарын гол гэх газраас мод бэлтгэж Орхон аймагт тээвэрлэн оруулж ирсэн юм. Надад тэр газраас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Мөн гарал үүслийн гэрчилгээ байхгүй. Цахилгаан хөрөөгөөр мод тайрч бэлтгэсэн. Миний өөрийн хөрөө байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм. Би 2021 оны намар хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэрээ өөр дээрээ шилжүүлээгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3,6453 м3 мод бэлтгэж өөрийн эзэмшлийн Nissan Vanette маркийн автомашинаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3,6453 м3 модыг бэлтгэж Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр Nissan Vanette загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь Ойн тухай хуульд заасан зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй хууль бусаар ойд мод бэлтгэж, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж ойн санд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3,6453 м3 модыг бэлтгэж 614.798 төгрөгийн хохирол учруулан Орхон аймаг Баян-Өндөр сумын шанд багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр Nissan Vanette загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Г тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бусдын нэр дээр байсан тул үнэлгээгээр гаргуулсан 1.000.000 төгрөгийг гаргуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан цахилгаан хөрөөг улсын орлого болгох, хохирлыг 3 нугалж төлүүлэх зохицуулалттай тул 1,228,000 төгрөг гаргуулж улсын орлого болгох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Хохирлын үнэлгээг 614,700 төгрөгөөр тогтоосон байсан. Шүүгдэгч 615,000 төгрөг төлж барагдуулсан. Хэрэгт хохирогчоор оролцож байгаа Хүрэлбаатар хохирлыг хүлээж авсан, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү гэж хүсэж байна. Тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлд байгаагүй. Машин нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш учраас үнийг гаргуулах нь боломжгүй гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,            оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас,хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Г нь 3,6453 м3 мод бэлтгэж ойн санд 614.798 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж зааж, эд мөрийн баримтаар хураагдсан 1ш цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж буй 3,6453 мкуб хэмжээтэй 91ш хуурай шинэс мод болон шүүгдэгч хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд бүртгэлтэй байх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“гэж заасан тул хөрөнгө хураах/ тээврийн хэрэгсэл/ албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай гэж үзсэн болно.

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдэгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Гас 1,000,000 төгрөг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж байгаа 3,6453 шоо метр 91 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ