Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

 

   2022          06            24                                  2022/ШЦТ/229

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2225000000268 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 25- наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг Эрдэнэ дэлийн 5-503 тоотод Б.Оийн Самсунг-А72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1200000 төгрөгний хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Б.М мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Гар уттсыг өөрийнхөө утас гэж авч явсан,4 сард хотод явж байгаад зарсан гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/

-хохирогч Б.Оийн мэдүүлсэн... 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө баарнаас 23 цаг өнгөрч байхад Л, Ц, дүү С нарын хамт гарсан. Тухайн үед баарны гадаа М, С гэх хоёр дүүгийн найзуудтай нь таарсан. Тэгээд Мэр машин бариулаад манай гэр лүү хүргүүлсэн.Тэгээд манай гэрт ороод 2 литр 500 грамтай пиво 1 ширхэгийг ууцгаасан. Тэгээд байж байтал манай найзын нөхөр нь ирээд уурлаад бид нар уухаа больцгоосон. Тэгээд тарцгаах үед миний гар утас хулгайд алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байсан. Миний гар утас хар хөх өнгийн, ямар нэгэн эвдрэлгүй, шилэн наалт нь хагарсан байсан. Би Орхон аймгийн Мобикомын салбараас 5 сарын өмнө зээлээр 1399000 төгрөгөөр авч байсан... Би тухайн үедээ Мг сэжиглэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/

-гэрч Н.С мэдүүлсэн ... М өөрийнх нь ярьж байгаагаар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхдаа өөрийнхөө утастай андуураад аваад явчихсан юм байна лээ. Тэгээд нөгөө хүн нь утсаа алдсанаа мэдээд Маргаагаас асуусан юм байна лээ. Тэр үед Маргаа санаа зовсондоо би аваагүй гэж хэлээд худлаа яриад утсыг нь аваад явчихсан гэсэн. Тэгээд өөрөө аваагүй гээд хэлчихсэн болохоороо мэдээгүй дээр нь гээд устыг нь Улаанбаатар хотод явж байхдаа зарчихсан юм байна лээ. Уул нь манай найз ингэж хулгай хийх нь битгий хэл өөрөө их аймхай хүн байгаа юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

-гэрч Т.А мэдүүлсэн...М өөрийнх нь ярьж байгаагаар бол тухайн үед тэр айлдаа пиво ууж байхдаа гэртээ харих гээд гарахдаа өөрийнхөө утастай андуураад яваад явчихсан гэсэн. Ангийнх нь хүүхдийн эгч Одгэрэл нь утсаа алдчихаад Мэс асуусан юм байна лээ. Тэгэхээр нь Маргаа санаа зовсондоо би аваагүй гээд худлаа яриад утсыг нь аваад явчихсан гэсэн. Тэгээд өөрөө аваагүй гээд хэлчихсэн болохоороо мэдээгүй дээр нь гээд утсыг нь Улаанбаатар хотод явж байхдаа талбайн хажуу талын утас авдаг газар 150,000 төгрөгөөр зарчихсан юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/ 

-“Бейкер тилли Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-32 дугаар шинжээчийн ...Самсунг А72 загварын гар утас 1,200,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 20-24-р тал/

-Шүүгдэгч Б.М яллагдагчаар мэдүүлсэн ... Над руу тэр шөнөдөө Б.О эгч утсаар залгаад “миний гар утас алга болсон байна, чи авсан уу гэсэн” тэгэхээр нь би тухайн үед би аваагүй гэж хэлсэн. Би тухайн үед гэрт нь байж байхдаа орон дээрээс нь өөрийнхөө гар утсыг авлаа гэж бодсон. Тэгтэл замдаа явж байгаад хартал Б.О эгчийн гар утас миний халаасанд байсан. Тэгээд би гар утсыг нь тэр чигтээ аваад явчихсан. Би 2022 оны 03 сарын эхээр Улаанбаатар хот ороод талбайн хажуу талын утас авна, зарна гэсэн хүмүүст нийт 150000 төгрөгөөр өгчихсөн. Хар хөх өнгийн өнгөтэй, самсунг А72 гэх нэртэй утас. Шил нь цуурсан утас байсан...Би учруулсан хохирлоо барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р тал/зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг Эрдэнэ дэлийн 5-503 тоот Б.Оийн гэрт пиво ууж байхдаа Б.Оийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг-А72 загварын гар утсыг зөвшөөрөлгүй нууцаар авч гараад бусдад худалдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.М хууль бус үйлдлийн улмаас Б.Од 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Оийн... Тэгээд Мэр машин бариулаад манай гэр лүү хүргүүлсэн... Тэгээд тарцгаах үед миний гар утас хулгайд алдагдсан байсан. Миний гар утас хар хөх өнгийн, ямар нэгэн эвдрэлгүй, шилэн наалт нь хагарсан байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Саранцогтын мэдүүлсэн... Тэр үед Маргаа санаа зовсондоо би аваагүй гэж хэлээд худлаа яриад утсыг нь аваад явчихсан гэсэн. Тэгээд өөрөө аваагүй гээд хэлчихсэн болохоороо мэдээгүй дээр нь гээд устыг нь Улаанбаатар хотод явж байхдаа зарчихсан юм байна лээ....гэх мэдүүлэг, гэрч Т.Анударийн ...Ангийнх нь хүүхдийн эгч Одгэрэл нь утсаа алдчихаад Мэс асуусан юм байна лээ. Тэгэхээр нь Маргаа санаа зовсондоо би аваагүй гээд худлаа яриад утсыг нь аваад явчихсан гэсэн. Тэгээд өөрөө аваагүй гээд хэлчихсэн болохоороо мэдээгүй дээр нь гээд утсыг нь Улаанбаатар хотод явж байхдаа талбайн хажуу талын утас авдаг газар 150,000 төгрөгөөр зарчихсан юм байна лээ....гэх мэдүүлэг, “Бейкер тилли Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-32 дугаар шинжээчийн Самсунг А72 загварын гар утас 1,200,000 төгрөг гэх дүгнэлт гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.М бусдын гар утсыг өөрт нь мэдэгдэхгүйгээр, нууцаар өөрийн эзэмшилд авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Бусдын эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,

        -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ:  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу,прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон торгуулийн ялыг оногдууллаа.

 Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйллдсэн,хохиролоо барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Од учирсан хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг хоёр зуун наян /280/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ