Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3553

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03553

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Л -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,739,370.48 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Д.Л нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр “К” ХХК-тай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний дагуу 6,700,000 төгрөгийг 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож *******,*******,******* хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг бараа материал, эд хөрөнгийн хамт 2014 оны 01 сарын 29-ний өдөр байгуулсан ******* дугаартай барьцааны гэрээгээр барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 оны 01 сарын 30-ны өдрөөс эхэлж зээлээ төлж явж байгаад зээлээ 2015 оноос алданги төлөлттэй болоод 2016 онд төлж байгаад огт төлөлгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Манай байгууллагаас зээлдэгч болон түүний эхнэртэй уулзаж зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх талаар уулзах, эвлэрэх асуудлыг удаа дараа тавьж байсан. Иймд уг саналаас татгалзаж байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 3,770,107 төгрөг, хүүнд 5,861,313.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 10,739,370.48 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэгчийн 2016 онд төлсөн 2,000,000 төгрөг оруулаагүй байгааг хүлээн зөвшөөрч дахин холбогдох нотлох баримтыг гаргаж 2016 оны 2 сард төлөгдсөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнээс хасч 9,542,273.7 төгрөг гаргуулахаар багасгасан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа тул банк бус санхүүгийн байгууллагад учирсан хохирол болох 9,542,273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.Л  нь “К” ХХК-тай 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцааны гэрээг давхар хийсэн. Зээлийн гэрээгээр 6,700,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний 1.2-т зааснаар үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,5 хувь байх ба кива зээл олгогдсон өдрөөс эхлэн хүү нь 2,6 хувь болно гэж гэрээнд тусгагдсан. Энийг гэрээ байгуулах үедээ юу гэж тайлбарласан бэ гэвэл та манай байнгын хэрэглэгч, гэрээ байгуулаад эхний сар 4,5 хувиар хүү төлөөрэй. Тэрнээс цааш хугацаанд кива зээлд хамрагдаад 2,6 хувийн хүү төлнө шүү гэж зээлдэгчийг хуурсан байдаг. Гэрээний дагуу Д.Л  нь төлөлтүүдийг хийгээд явсан байдаг. Энэ нь “К” ХХК-ийн гаргаж өгсөн зээлийн дансны хуулгаар тодорхой харагддаг. Ингэж явсаар 2015 оны 9 сараас хойш төлөлт хийгээгүй. Учир нь “К” ХХК-тай очиж уулзахад та одоогийн байдлаар 12 сая төгрөг төлсөн байна гэх асуудал ярьж дээрээс нь маш их хэмжээний мөнгө нэхсэн. Гэтэл Д.Л  нь 6,700,000 төгрөг зээлчихээд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөд байхад яагаад дахиад 9 сая төгрөг өгөх ёстой юм, ийм шударга юм байж болохгүй гээд төлөөгүй. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага нь 3 сараас төлбөрийг төлөөгүй тохиолдолд шаардах эрх үүсэх бөгөөд гэрээг дангаар цуцлах давуу эрхтэй байсан. Гэтэл гэрээгээ цуцлалгүй 2018 оныг хүргэж маш их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь шударга үнэнд нийцэхгүй. 6,700,000 төгрөгийг зээлснээс өнөөгийн байдлаар зээл болон зээлийн хүүнд нийт 12,000,000 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд 2014.01.01-2016.06.10-ны хоорондох зээлийн дансны хуулга авч үзэхэд дээрхи банк бус санхүүгийн байгууллага олон дахин их үндэслэлгүй хүү болон торгууль тавьсан нь харагддаг. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Д.Л  нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр “К” ХХК-тай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний дагуу 6,700,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд *******,*******,******* хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг барьцаалж зээлсэн. Зээлийн гэрээний 3.2.5...Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах... гэж заасан заалт болон зээлийн барьцааны гэрээний 2.9.4... зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхээс гадуур гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн заалтын дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулж төлбөрөө барагдуулна гэж буй нь Иргэний хуулийн 171.3... Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна... гэсэн заалт болон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль гэх үндэслэлээр 6,700,000 төгрөгийн зээлийг 12,000,000 төгрөгөөр төлүүлэн, дахин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулна гэж их хэмжээний төлбөр нэхэж буйг хүлээн авах боломжгүй юм. Иргэний хуулийн 453.2-т зааснаар захиран зарцуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулна гэж заасан. Иргэний хуулийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх зохицуулалт байгаа. Мөн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний 1.2-т заасан 30 хоногт 4,5 хувь, тэрнээс цааш кива зээлд хамруулж 2,6 хувь болно гэж хуурсан үйлдэл гаргаж буруу ойлголт төрүүлсэн байдаг тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм бол гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд оруулна гэдэг зохицуулалт Иргэний хуулийн 56.5-д заасан байдаг тул 5,300,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иргэний хуулийн  452.2-т банк, банк бус санхүүгийн байгууллага анзыг хэрэглэхгүй гэж хуульчилсан тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээс болж “К” ХХК-ийн торгуульд төлсөн болох 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

   “К” ХХК нь гадаад орны хөнгөлттэй, ядуурлыг бууруулах зорилготой зээлийн эх үүсвэрийг авдаг байсан. Тэрэнд зээлдэгч нарын зээлийн материалыг авч зээлийг олгож, хөнгөлттэй зээлийн хөрөнгө гадаадаас орж ирсэн тохиолдолд шилжүүлэхээр зээлийн гэрээг байгуулж ирсэн. Хэрвээ санхүүжилт орж ирвэл зээлдэгч болон зээлдүүлэгч нар харилцан тохиролцоод зээлийн эргэн төлөх хувиараа шинэчлээд хүү буурах боломжтой байсан. Гэтэл ийм алхам огт хийгдээгүй. Тиймээс хариуцагчийн тавьж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хоёрт зээлийн гэрээний 3.2.5 дугаар зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой заалт болохоос биш зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдолгүй заалт тул зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр. Зээлдэгч нь 5,300,000 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 6,700,000 төгрөгийн үндсэн зээлийн 4,5 хувийн хүүтэйгээр 2014 оны 01 сарын 30-ны өдрөөс хойш 34 сарын хугацаатай авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү бодогдоно. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь тусгайлсан зохицуулалттай хуулиар нэмэгдүүлсэн хүүг авдаг. Тиймээс зээлийн гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дотроо нэхэмжлэл гаргаж байгаа тул энэ нь зээлдэгчийн эрх ашгийг хохироогоогүй. Харин зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хүү зогсоолгох болон харилцан тохиролцох боломжтой байсан. 5,300,000 төгрөг нь огт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Зээлдэгч нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүнд 10,004,918 төгрөг төлсөн байна гэж харагдаж байна. Энэ нь хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Д.Л д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,770,107.35 төгрөг, хүүнд 5,861,313.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 10,739,370.48 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

 хариуцагч Д.Л  нь нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,770,107.35 төгрөг, хүүнд 4,664,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 9,542,273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

1/ Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,770,107.35 төгрөг, хүүнд 4,664,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 9,542,273.7 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

“К” ХХК,  Д.Л  нар нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,700,000 төгрөгийг 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй, кива зээлийн санхүүжилт олгогдсон өдрөөс эхлэн 2,6 хувийн хүүтэй болох, 34 сарын хугацаатай зээлсэн. Мөн ******* дугаартай барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Д.Л гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн*******,******* 24 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 595,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-12/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

            Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 6,700,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч эдгээр гэрээний барьцаа хөрөнгөтэй холбоотой заалтууд хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй”, мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Д.Л гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,770,107.35 төгрөг, хүүнд 4,664,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 9,542,273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээнд зааснаар эхний сар 4,5 хувиар хүү тооцож, түүнээс хойш хугацаанд кива зээлд хамрагдаж 2,6 хувийн хүү төлөх байсан боловч зээлдүүлэгч зээлийн хүүг бууруулаагүй, төлбөр төлж байхад үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхсэн тул 2015 оны 09 сараас төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд 3 сараас дээш хугацаагаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд шаардах эрх үүсэж гэрээг дангаар цуцлах эрхтэй байтал гэрээг цуцлалгүй 2018 оныг хүргэж маш их хэмжээний мөнгө нэхэж буй нь шударга үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй хүү, торгууль нэхэмжилсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний 1.2-т “Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,5 хувь байх ба кива зээлийн санхүүжилт олгогдсон өдрөөс эхлэн зээлийн болон үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,6 хувь болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь “гэрээний энэ заалт нь кива зээлийн санхүүжилт орж ирсэн тохиолдолд зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлийн хүүг бууруулах талаар хандах боломжийг олгосон заалт, зээлдэгч нь зээлийн хүүг бууруулах талаар хүсэлт гаргаж хандаагүй” гэх, хариуцагч нь “анх зээлийн гэрээ байгуулахад тохиролцсоны дагуу дараагийн сараас нь кива зээлд хамруулж зээлийн хүүг 2,6 хувиар тооцох байсан” гэх тайлбарыг гарган маргаж байх боловч зохигчдын хэн аль нь тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар зээлийн гэрээнд заасны дагуу кива зээлийн санхүүжилт олгогдож хүүг 2,6 хувь болгосон үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг 4,5 хувиар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг 2014 оны 01 сарын 29-ний өдөр байгуулж, 6,700,000 төгрөгийг 30 хоногт 4,5 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсоны дагуу хариуцагч нь үндсэн зээлд 6,700,000 төгрөгийг авсан тул 2016 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,700,000 төгрөг, хүүгийн төлбөрт 6,581,282.59 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь тайлбартаа “өөрийн зүгээс тооцоход зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,839,195.22 төгрөг, үндсэн хүүнд 6,013,198.54 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүүнд 1,035,789.95 төгрөг, 90,697.43 төгрөг, нийт 9,978,881.13 төгрөгийг төлсөн, гэхдээ баримтаа хадгалаагүй тул нотлох баримт байхгүй. “К” ХХК-ийн зүгээс 12,000,000 төгрөгийг төлсөн байна гэж байсан тул Д.Л  зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй” гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт болон тайлбараар хариуцагч Д.Л  нь 2016 оны 02 сарын байдлаар нийт 10,807,822.49 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,770,107.35 төгрөг, хүүнд 4,664,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,107,949.33 төгрөг, нийт 9,542,273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-т “Нэмэгдүүлсэн хүү 30 хоногт 0,9 хувь /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/ гэж заасан байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг тооцох талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн хүүг тооцох заалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэсэн зохицуулалтаас үзвэл нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцохоор заасан байхад зохигчдын хооронд байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцохоор заасан нь хуульд нийцээгүй байх тул нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигчид гэрээгээр тохиролцоогүй гэж үзэж нэмэгдүүлсэн хүү 1,107,949.33 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүнд суутган тооцсон 1,035,789,95 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Л гаас зээлийн гэрээний үүрэгт 6,290,585.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,251,688.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2/  2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний 3.2.5, зээлийн барьцааны гэрээний 2.9.4 заалтууд нь Иргэний хуулийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлд хамаарна, гэрээ байгуулахдаа 30 хоногт 4,5 хувь, тэрнээс цааш кива зээлд хамруулж 2,6 хувь болно гэж хуурсан үйлдэл гаргаж буруу ойлголт төрүүлсэн, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль тооцсон нь хууль зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56.5-д зааснаар торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулах үед хариуцагч нь эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.5-д “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах” гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй. Учир нь хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд барьцааны хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч захиран зарцуулах асуудал Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохицуулагдана.

Зээлийн барьцааны гэрээний 2.9.4-т “Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхээс гадуур гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна” гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан бөгөөд зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан байх тул зээлийн барьцааны гэрээний 2.9.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлөлтийн тооцоог  хийхдээ нэмэгдүүлсэн хүүг торгуулийн хүү гэж бичсэн болох нь, мөн зээлийн төлөлтөөс торгууль суутган тооцоогүй болох нь тогтоогдож байх тул уг үндэслэлээр зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь гэрээ байгуулахдаа 30 хоногт 4,5 хувь, тэрнээс цааш кива зээлд хамруулж 2,6 хувь болно гэж хуурсан үйлдэл гаргаж буруу ойлголт төрүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний 1.2-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулсны дараагийн сараас хүүг 2,6 хувиар тооцох үүрэг хүлээсэн болох нь,  зээлийн гэрээнд заасан кива зээлийн санхүүжилт олгогдсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нь шаардлагын үндэслэл, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа зохигчдын хооронд үүсэхгүй, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5,300,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэггүй болно.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг шилжүүлснээс үндсэн зээл 6,700,000 төгөргийг хасаад үлдэгдэл 5,300,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэх тайлбарыг гаргасан боловч зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Л гаас зээлийн гэрээний үүрэгт 6,290,585.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,251,688.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,779.92 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 115,599.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР