Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

2022            06            27                                          2022/ШЦТ/231

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2225000000254 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр Тоёота приус 20 загварын 56-76 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 3.4-ийн д, 3.5 дугаар зүйлийн а, б, г, 2 дугаар хавсралтын 1.3-д заасныг тус тус зөрчин Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талын туслах замын явган хүний гарцтай хэсэгт унадаг дугуйтай насанд хүрээгүй О.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: -шүүгдэгч Б.Мгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. 4 сарын 26- ны өглөө гэрээсээ гарч яваад туслах зам руу орохдоо дугуйтай хүүхэд мөргөсөн. Зүгээр үү гэсэн зүгээр гэхээр нь явсан. Баруун гар талаас эсрэг урсгал сөрж тэр зам руу орсон. Миний буруу Хохирогчид 1,420,000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг, -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэдхандын мэдүүлсэн: Хүүхэд 2 маань Орхон Импати сургуульд сурдаг. Гэмтлээс болоод шалгалтаа өгч чадаагүй хохирсон. 3,500,000 төгрөг төлж уг сургуульд сурдаг. Намар дахин мөнгө төлж байж шалгалтаа нөхөж өгнө. 8 дугаар сард хадаасаа авахуулна. Баримтаа бүрдүүлж нэхэмжлэх болно гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан: -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9-р тал/ -Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10-р тал/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /ххийн 11-13-р тал/ -хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “Ажбаян” дэлгүүрийн урд талын явган хүний замаар хохирогч О.Т нь унадаг дугуйтай явж өнгөрөх ба 07:59:42 секундэд тус дэлгүүр урц талын төв замаас баруунаас зүүн зүг рүү явах чиглэлээс бараан өнгийн /өнгө нь мэдэгдэхгүй/ приус маркийн машин ирэх ба зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж О.Ттэй туслах замын явган хүний гарц дээр мөргөлдөж байна. Камерийн бичлэг дээр О.Т нь тухайн автомашины зүүн талын 2 хаалганы дунд хавьд дугуйгаараа мөргөж газар унаж байгаа харагдаж байна. 08:00:00 цагт О.Т нь газраас босож хувцасаа гөвж тухайн автомашины зүүн урд хаалганы орчим явж очиход зүүн урд хаалганаас хүн /хувцас болон зүс, царай, хүйс нь мэдэгдэхгүй/ бууж ирж О.Ттэй уулзаж байгаа нь харагдаж байна. 08:00:12 секундэд О.Т нь буцаж унадаг дугуйн дээрээ очиж босгож түрсээр гарцны цаад талд буюу Эрдэнэт зочид буудлын талд гарав. 08:00:46 секундэд О.Тг мөргөсөн гэх бараан өнгийн приус маркийн автомашин хөдлөн явж байна. О.Т нь туслах замын зүүн тал руу 2 дахь гэрлийн шонгийн урд талд дугуйтайгаа зогсож утсаар ярьж зогсох ба 08:22:10 секундэд О.Тгийн хажууд бараан өнгөтэй гүйдэг хаалга бүхий автомашин хүрч ирж автомашинаас гарч ирсэн хүн унадаг дугуйг машины дээвэр дээр ачиж О.Тг авч явж байгааг нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 15-р тал/ -насанд хүрээгүй хохирогч О.Тгийн мэдүүлсэн...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн орчим би сургууль руугаа явахаар гэрээсээ дугуйтайгаа гарсан ба Эрдэнэт зочид буудлын баруун талын 6-9-р байр руу ордог туслах зам дээр явган хүний гарцаар гарах үедээ хөх өнгийн Приус машинтай мөргөлдсөн. Тухайн үед машинаас дунд эргэм насны эгч бууж ирээд намайг чи зүгээр үү, айлааш дээ гэхээр нь би урдаас нь зүгээр зүгээр гэж хэлээд тэр эгч машиндаа суугаад яваад өгсөн. Тэр үед би газар унаад босохдоо айсандаа тэр эгчийн царай болон машиных нь дугаарыг харж чадаагүй, зүгээр гэж хэлээд явуулсан. Мөн миний бие зүгээр байсан. Тэр машин явсаны дараа дугуйгаа түрээд хэд алхтал баруун гараа хөдөлгөхөөр өвдөөд байхаар нь Эрдэнэт зочид буудлын урд талаас ээж рүү ярьж удалгүй аав маань машинтай ирж авсан. БОЭТ-ын хүлээн авах тасаг дээр ирж гэмтлийн тасаг руу шилжиж үзүүлсэн. Гэмтлийн тасагт ирээд рентген зураг авахуулахад Мөнхбат гэх эмч миний зургийг үзээд баруун талын эгэм хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн тасагт хэвтэхээр болж миний баруун гаранд сойлт хийж өгч маргааш өглөөгүүр хугарсан ясыг хадах хагалгаа хийнэ гэж ярьсан.Тэр машин надтай нэгэн адил чигт буюу авто замын үргэлжилсэн зураас давж орж ирсэн болохоор би хараагүй юм. Би явган хүний замаар зүүн зүг рүү явж байсан ба миний урдаас ирж байгаа урсгалд миний урдуур эргэх үйлдэл хийх гэж байгаа машин байгаагүй юм... Би гомдолтой байна. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан унадаг дугуйны төлбөр болох 840,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 30,000 төгрөг болсон. Би зам тээврийн ослын улмаас шалтгаалан олон улсын тэтгэлэгт шалгалтаа өгч чадаагүй. Би шалгалтын төлбөр болох 300,000 төгрөгийг тушааж байсан. Би эмчилгээнд 250,000 төгрөгийг зарцуулсан. Өвчин намдаах эм тариа авсан. Бүтэн нэг сар өвчин намдаах лаа хэрэглэж байсан. 3 Одоогоор гаргаж өгөх эмчилгээтэй холбоотой баримт байхгүй байна. Шаардлагатай бол шүүхийн шатанд гаргаж өгнө. Би Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон эмпати” сургуульд сурдаг. Ослын улмаас гар гэмтсэн тул гараараа юм бичиж чадахгүй байгаа тул, шалгалтаа өгч чадахгүй байна, тааруу дүн баал үзүүлбэл дахин суралцах магадлал өндөр байна. Хэрвээ анги дэвшиж чадахгүй бол дахин суралцах тул сургуулийн бүтэн жилийн төлбөр 3,500,000 төгрөг байдаг. Хэрвээ анги дэвшиж чадахгүй бол төлбөр болох 3,500,000 төгрөгийг нэхэмжлэх болно. Би сургуулийнхаа төлбөртэй холбоотой баримтыг аваад ирсэн. Надаас эмчилгээнд 250,000 төгрөг, шалгалтын мөнгө 300,000 төгрөг, унадаг дугуйны 840,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөг зэрэг нийлээд 1,420,000 төгрөг болж байна. Надад одоогоор гаргаж өгөх баримт алга байна. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 28, 31-р тал/ -гэрч Ц.Батчимэгийн мэдүүлсэн... Би нөхөр хүүхдүүдийн хамт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 50 минутын үед гэрээсээ гарсан юм. Тухайн үед манай нөхөр миний нэр дээр байдаг 56-76 0РА улсын дугаартай приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Бид бүхэн урд талын төв замаар яваад “Эрдэнэт” зочид буудлын баруун талын туслах зам руу эргэж орох үед том, бүдүүн дугуйтай эрэгтэй хүүхэд манай машины зүүн талын хаалгыг мөргөөд унасан юм. Тэгээд нөхөр машинаа зогсоогоод би буугаад тухайн хүүхдийг харахад тухайн хүүхдийн дугуй муруйсан байдалтай байхаар нь дугуй чинь зүгээр үү гэхэд дугуй зүгээр гэсэн юм. Тэгээд тухайн хүүхдийн биеийг харахад зүгээр байсан. Манай нөхөр Б.М хүртэл дугуйгаа түрээд цааш явах гэж байх үед нь зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хариулж байсан. Бараан өнгийн хувцастай, дунд зэргийн махтай, 14 орчим настай эрэгтэй хүүхэд байсан. Дугуйн замаар яваагүй явган хүний замаар явж байсан. Баруун зүгээс зүүн зүг рүү зорчоод “Эрдэнэт” зочид буудлын баруун талын туслах зам руу эргэж орсон.. гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ -Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 376 дугаар шинжээчийн...О.Тгийн биед баруун эгэмний далд хугарал, баруун өвдөгт 1 тооны зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эгэмний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/ -“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ622/3590 дугаартай бор өнгийн Irido Rocker 2 гэх унадаг дугуйны үнэ 840.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 46-49-р тал/ -Зам тээврийн ослын талаар мөрдөгчийн тогтоосон 2022 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн Уг зам тээврийн осол нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт” зочид буудлын баруун талын туслах зам дээр үйлдэгдсэн байна. Уг кам нь хорооллын эсрэг /сөрөг/ хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, замын байгууламж нь хайстай, асфальтан хучилттай, замын онцлог тэгш, зорчих хэсгийн гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, замын гэрэлтүүлэгтэй зорчих хэсгийн өргөн нь 4.0 метр байв. “А” цэгээс “Б” цэг хүртэл өнцөг гаргаж хэмжихэд баруунаас хойшоо 13.60*1.20 метр байв. 56-76 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Эрдэнэт” зочид буудлын урд талын төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш эргэх хөдөлгөөн хийж уулзвар нэвтэрч осол болсон цэгт хүрсэн байх ба хэргийн газрын нөхөн үзлэгээр зам дээр гарсан тээврийн 4 хэрэгслийн дугуй болон тоормозны мөргүй байв гэх магадлагаа /хх-ийн 51-52-р тал/ -Шүүгдэгч Б.Мгийн сэжигтнээр мэдүүлсэн... Тухайн өдрийн өглөө 7 цаг 50 минутын орчим эхнэр Ц.Батчимэг болон 2 хүүхдийн хамт гэрээсээ 4-р цэцэрлэг орохоор явж байгаад 08 цагийн орчим Эрдэнэт зочид буудлын урдуур явсан төв замаар баруунаас зүүн чиглэлд явж байхдаа тус зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талын туслах зам руу төв замаас зүүн гар тийш эргэж уулзвар нэвтрэх үед туслах замын явган хүний гарц дээр миний унаж явсан машины зүүн урд хаалга руу унадаг дугуйтай хүүхэд ирж мөргөөд газар унасан. Тэр үед манай эхнэр Ц.Батчимэг машинаас буухад нөгөө хүүхэд босож машины зүүн урд хаалганы орчим ирэхэд нь эхнэр бид хоёр тэр хүүхдийг зүгээр үү гэхэд нөгөө хүүхэд уучлаарай ахаа би хичээлээсээ хоцрох гээд яарч явсан юм гэхээр нь уучлаарай яах вээ, бие чинь зүгээр үү гэхэд зүгээр зүгээр гэж хэлээд буцаж дугуйгаа аваад түрээд Эрдэнэт зочид буудлын урагшаа явсан. Дугуйгаа түрээд явахад нь би цонхноороо дахин нөгөө хүүхдээс ахын дүү бие чинь зүгээр юм уу гэхэд зүгээр зүгээр гээд явахаар нь би гайгүй юм байх гэж бодоод цааш 4-р цэцэрлэг рүү хөдөлсөн. Би төв замаас эргэхдээ үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн ба дээрх хүүхдийг ирэхийг харсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо. Үйл баримт: Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр Тоёота приус 20 загварын 56-76 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт зочид буудлын урд талын төв замаар ертөнцийн зүгээр зүүн чиглэлд хөдөлгөөнд оролцож яваад эргэх үйлдэл хийхийг хориглосон үргэлжилсэн цагаан зураасыг давж баруун талын туслах зам руу эргэхдээ явган хүний гарцтай хэсэгт унадаг дугуйтай явж байсан насанд хүрээгүй О.Тг мөргөж биед нь баруун эгэмний далд хугарал, баруун өвдөгт 1 тооны зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна. Шүүгдэгч Б.Мгийн болгоомжгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Ажбаян” электрон барааны дэлгүүрийн гадна талын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч О.Тгийн... Тэгээд би замынхаа хойд хэсэг рүү алхаад явж байтал миний баруун талаас машин ирээд намайг мөргөчихсөн юм...гэх мэдүүлэг, гэрч Ц.Батчимэгийн мэдүүлсэн... Бид бүхэн урд талын төв замаар яваад “Эрдэнэт” зочид буудлын баруун талын туслах зам руу эргэж орох үед том, бүдүүн дугуйтай эрэгтэй хүүхэд манай машины зүүн талын хаалгыг мөргөөд унасан юм...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 376 дугаар шинжээчийн.... О.Тгийн биед баруун эгэмний далд хугарал, баруун өвдөгт 1 тооны зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн 5 байж болно. Эгэмний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт,“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-622/3590 дугаартай бор өнгийн Irido Rocker 2 гэх унадаг дугуйны үнэ 840.000 төгрөг гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ. Шүүгдэгч Б.М хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна. Шүүгдэгч Б.Мгийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондох шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Харин хэргийн газраас явсан үйлдэл нь “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл болно.Шүүгдэгч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар тогтоосон мөрдөгчийн магадлагааг зөвшөөрсөн ба ямар нэг санал хүсэлт гараагүй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр Тоёота приус 20 загварын 56-76 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 3.4-ийн д, 3.5 дугаар зүйлийн а, б, г, 2 дугаар хавсралтын 1.3-д заасныг тус тус зөрчин Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талын туслах замын явган хүний гарцтай хэсэгт унадаг дугуйтай насанд хүрээгүй О.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, уг ялыг нэмж нэгтэн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж, -шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг: шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй, гэм буруу, зүйлчлэлтэй маргахгүй. Шүүгдэгч М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж 6 насанд хүрээгүй хохирогчид гэмтэл учруулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа юм.Торгох ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргажээ. 2.Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирол төлбөрөөс төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчид учирсан хохирол төлбөрт 1,420,000 төгрөг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэсэн байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б. Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 7 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хохирогч цаашид гарах зайлшгүй зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ