Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 2022       06              28                                   2022/ШЦТ/233

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2225000000294 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16 дугаар байрны хойд талын асфальтан зам дээр 32-37 ОРО улсын дугаартай Хюндай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас гарцан дээр зам хөндлөн гарч явсан зорчигч Э.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

-шүүгдэгч Э.Оийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээ байна. Тухайн үед анхаарал сарнисан байсан гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны “... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16-р байрны ар талын төв зам дээрх хэсэг байлаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-8-р тал/

-Жолоочийн согтуурлыг шалгасан тухай 0,00% гэсэн баримт /хх-ийн 9-р тал/

-Bozzollo худалдааны төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн:.... Бичлэгийн 11 цаг 30 минут 34 секундэд төв замын урд талаас явган хүний гарцаар хойшоо чиглэлтэй цагаан өнгийн хувцастай, хар хувцастай гурван хүн алхах ба замын 1-р эгнээнд явж байсан ногоон өнгийн автобус нь зогсоод зам тавьж өгч байлаа. Удалгүй тус гурван явган зорчигчийн дунд явсан насанд хүрээгүй хохирогч Э.М нь арай түрүүнд алхах ба замын 2-р эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин нь түүнийг гарц дээр мөргөж байлаа.....гэх тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Л.Отгонбаярын..... Зам тээврийн ослын гадарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Осол болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг, 6-16 дугаар байрны хойд талын асфальтан зам дээр болсон байлаа. Уг замын зорчих хэсгийн өргөн 14,90м, үзэгдэх орчин чөлөөтэй, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээтэй, шулуун, тэгш хатуу хучилттай асфальтан зорчих хэсэгтэй байв. Уг тээврийн хэрэгслийн жолооч Э.Оийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч Э.О /ФЖ89031501/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3.Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин явагн зорчигч нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлд тогтоогдохгүй байна гэх магадлагаа /хх-ийн 13-14-р тал/

-насанд хүрээгүй хохирогч Э.Мын мэдүүлсэн... Би 2022 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг, 6-16 дугаар байрны арын явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарцаар гарсан юм. Тухайн үед баруунаас зүүн тийш чиглэлд буюу төв рүү чиглэлтэй замын 1-р эгнээнд автобус явж байсан бөгөөд бид нарт зам тавьж өгсөн. Тэгээд автобус өнгөрөөд би нөгөө хоёроосоо арай түрүүнд нь хурдан явж байтал ард хүн дуудах шиг болсон. Тэгэхээр нь би хойшоо гарчихаад буцаад алхсан бөгөөд намайг нэг машин ирээд дайрчихсан юм. Тэгээд би шоконд орсон бөгөөд хөлөө бариад газар сууж байтал намайг дайрсан машинаас 1 ах бууж ирээд харж байсан. Ингээд манай 2 найз намайг дайрсан машин руу суулгаж бид нар эмнэлэг явсан юм. Намайг дайрсан нь цагаан өнгийн сонота-6 маркийн машин байсан бөгөөд би тэр машинд суухад жолооны ард нэг жирэмсэн эгч сууж байсан. Нөгөө ах нь жолоочийн хажуу талын урд суудалд сууж байсан. Намайг дайрсан машин нь дайрсаныхаа дараа л тоормоз гишгэж байсан бөгөөд бид нарыг зам гарч байхыг хараагүй байх. Ийм л үйл явдал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-иргэний нэхэмжлэгч Б.Энхзаяагийн мэдүүлсэн..2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай хүү 13 настай Э.М нь замын гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн юм. Одоо тухайн мөргөсөн машины жолооч хүүхэн нь хүүгийн эмчилгээний зардалд 4.600.000 төгрөгийг өгсөн юм. Манай гэр бүлийн зүгээс жолоочоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

-насанд хүрээгүй гэрч Т.Пүрэвбатын мэдүүлсэн... Би өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад ангийн найз М, Ариунзаяа нарын хамт Боззоло орох гэж явсан юм. Тэгээд 6-16 дугаар байрны хойд талын явга.н хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй гарсан юм. Тэгтэл баруун талаас зүүн зүгт буюу төв рүү чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр явж байсан автобус нь тулж ирээд зам тавьж өгсөн. Тэгээд автобус өнгөртөл нэг машин хурдтай орж ирээд Мыг мөргөчихсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-насанд хүрээгүй гэрч А.Ариунзаяагийн мэдүүлсэн... 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутын үед би найз М, Пүрэвбат нарын хамт найздаа төрсөн өдрийн бэлэг авах гээд Боззоло худалдааны төв рүү явж байсан юм. Тэгээд 6-16 дугаар байрны арын явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлтэй бид 3 зам гарсан юм. Тэгтэл 1-р эгнээгээр явж байсан автобус зам тавьж өгөөд зогссон бөгөөд бид 3 цааш явсан. Тэгтэл Соната-6 загварын машин замын 2-р эгнээгээр орж ирээд Мыг мөргөчихсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

-гэрч О.Эрдэнэ-Очирын мэдүүлсэн... 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барагцаагаар 11 цагийн үед би эхнэрийн хамт машинтайгаа Орхон молл дэлгүүр орох гээд явж байсан юм. Тухайн үед манай 32-37 ОРО улсын дугаартай Соната-6 загварын машиныг манай эхнэр О жолоодож би хажууд нь сууж явсан. Тэгээд төв замаар явж байгаад Боззоло худалдааны төвийн урд талын явган хүний гарцан дээр гарцаар явсан нэг хүүхдийг дайрчихсан юм… гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаартай ... Э.Мын биед зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3-ээр далд зөрөөгүй хугарал, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэг зэрэг үүссэн байж болно. Тахилзуур ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 33-34-р тал/

-“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 42-48-р тал/

-Шүүгдэгч Э.Оийн яллагдагчаар мэдүүлсэн..2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийнхөө 32-37 ОРО улсын дугаартай Сонота-6 загварын машин жолоодон явж байгаад “Боззоло” худалдааны төвийн урд талын замын явган хүний гарц дээр нэг эрэгтэй хүүхдийг шүргэж мөргөсөн. Тэгээд би хүүхдийг шууд аваад эмнэлэг явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Би хохиролд 4,600,000 төгрөгийг эмчилгээнд нь өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-р тал/

-Э.Оийн эзэмшлийн 5094480955 тоот ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 87-88-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Э.О нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16 дугаар байрны хойд талын асфальтан замаар 32-37 ОРО улсын дугаартай Хюндай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Э.Мыг мөргөж, биед нь зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3-ээр далд зөрөөгүй хугарал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Оийн болгоомжгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Боззоло худалдааны төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Э.Мын.... Тэгээд автобус өнгөрөөд би нөгөө хоёроосоо арай түрүүнд нь хурдан явж байтал ард хүн дуудах шиг болсон. Тэгэхээр нь би хойшоо гарчихаад буцаад алхсан бөгөөд намайг нэг машин ирээд дайрчихсан юм...гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхзаяагийн.. . 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай хүү 13 настай Э.М нь замын гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн юм. Одоо тухайн мөргөсөн машины жолооч хүүхэн нь хүүгийн эмчилгээний зардалд 4,600,000 төгрөгийг өгсөн юм. Манай гэр бүлийн зүгээс жолоочоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно..... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Пүрэвбатын ...  Тэгээд автобус өнгөртөл нэг машин хурдтай орж ирээд Мыг мөргөчихсөн юм...гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэ-Очирын:.... Тэгээд төв замаар явж байгаад Боззоло худалдааны төвийн урд талын явган хүний гарцан дээр гарцаар явсан нэг хүүхдийг дайрчихсан юм…..гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаартай ... Э.Мын биед зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3-ээр далд зөрөөгүй хугарал, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэг зэрэг үүссэн байж болно. Тахилзуур ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.....гэх дүгнэлт,... Жолооч Э.О /ФЖ89031501/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3.Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй гэх мөрдөгчийн магадлагаа, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ. Шүүгдэгч Э.О Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 дахь заалтуудыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай шүүгдэгч танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Э.Оийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба   шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл болгоомжгүй хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.О нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16 дугаар байрны хойд талын асфальтан зам дээр 32-37 ОРО улсын дугаартай Хюндай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас гарцан дээр зам хөндлөн гарч явсан зорчигч Э.Мыг мөргөж зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3-ээр далд зөрөөгүй хугарал, баруун өвдөгт зулгаралт зэрэг хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар  Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч: тохирсон ялаа хүлээн зөвшөөрнө, гэм буруугаа хүлээж байна гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурортой ял тохирчээ.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчийн эмчилгээнд 4,600,000 төгрөг төлсөн байх ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Эы Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийг 6 сарын /зургаа/ хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.От шүүхээс оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ