Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3552

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03552

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,770,709.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Тус байгууллага нь 2014 оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар зээлүүдээ эргүүлэн татаж чадаагүйн улмаас одоогоор үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. Хариуцагч Г.С-д 2014 оноос хойш удаа дараалан барьцаатай болон барьцаагүйгээр их бага хэмжээний зээл олгож байсан. Яаралтай эргэлтийн хөрөнгө шаардлагатай тул мөнгө зээлээч хэмээн удаа дараалан гуйж байсан бөгөөд өмнөх зээлээ төлж барагдуулаагүй хэдий ч өөрийн найз хэмээн итгэн мөнгө зээлүүлсэн. Улмаар олон жижиг зээлүүдийг нэгтгэн 2016 оны 08 сарын 19-ний өдөр зээлийн хүүгээ төлөөд үндсэн зээлүүдийг нь нэгтгээд нэг зээл болгож урт хугацаатай богино болгон сунгаж өгөхөөр тохиролцсон. Тухайн зээлүүдийн үндсэн төлбөрүүдийг нэгтгэн 5,142,912.79 төгрөгийн зээл болгон 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийг 2016 оны 09 сарын 16-нд 231,000 төгрөгийн хүү, 2016 оны 11 сарын 22-ны өдөр 225,000 төгрөгийн хүү төлсөн, 2017 оны 06 сарын 13-ны өдөр 1,920,000 төгрөгийн төлөлт, 2018 оны 01 сард 200,000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 06 сарын 25-ны өдрийн байдлаар 3,031,463.54 төгрөгийн хүү, 604,632.7 төгрөгийн торгуулийн хүү болон үндсэн төлбөрийн хамт нийт 8,770,709.01 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 06 сарын төлөлтийг хийхдээ манай байгууллагын нэр дээр өмнө нь барьцаалсан байсан Estima маркийн автомашинаа зарж байгаа тул нэрийг нь шилжүүлээд өгчих, угаасаа сүүлийн зээлийн гэрээн дээр барьцаалаагүй юм чинь шилжүүлж өгөх ёстой биз дээ хэмээн тулган шаардсаны эцэст зээлийн хүүг нь төлөхөөр тохиролцоод нэрийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш 2018 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргахаа түр хүлээлгээд эхнэрт нь хэлэхгүй байхыг хүсэн 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш ганц ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд манай гэр бүл Налайхад нүүгээд ирсэн, ирж уулзвал уулз хэмээн даапаалах болсон. Нүүгээгүй бөгөөд одоогоор эгч Э-ын байранд амьдарч байгаа. Барьцаанд тавьсан хүүхдийн тоглоомын төвийн тоног төхөөрөмжийг зарчихсан, одоо барьцаа хөрөнгөгүй юм чинь шүүхэд нэхэмжлээд нэмэргүй, удаахгүй өгнө хэмээн хүлээлгэсээр байна. Сүүлийн үед утсаар нэхэмжлэхэд чамд өгөх мөнгө байхгүй, 200,000 төгрөгийн хамт нэг бүр нь 1,5 сая төгрөгний ханштай 2 ширхэг газрын гэрчилгээний хамт авбал ав, тэгээд эхнэр болон өөрийнх бүх өрөө дуусга, авахгүй бол шүүхдээд ав. Би цагдаа хийдэг, улсын байгууллагад ажилладаг, манай хадам аав олон жил прокурор хийсэн танил талаа ашиглан өөрийн талд шүүхийн шийдвэр гаргуулж шүүхээс чамд ямар ч мөнгө олдохгүй хэмээн сүрдүүлэхээс гадна, эхнэрээс нь нэхэмжлэн дарамтлах юм бол чамайг шоронд хийж, шороонд булж чадна шүү хэмээн сүрдүүлэх болсон. Тус байгууллага нь 2-5 хувийн хүүтэй зээл авч зээлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлж байснаас тухайн зээлүүдээ эргэн төлөх чадваргүй болж их хэмжээний өрийн дарамтанд орсны улмаас захирлын барьцаанд тавьсан байр болон автомашинаа хураалгах хэмжээнд хүрсэн тул тухайн нэхэмжлэлийг бүрэн гүйцэтээр гаргуулан өгнө үү. Талуудын хооронд 2014 оны 09 сарын 12-ны өдөр авсан 6,000,000 төгрөгийн төлбөр нь хаагдсан. 2015 оны 04 сарын 01-ний өдөр авсан 1,000,000 төгрөгийн зээл хаагдсан. 2015 оны 05 сарын 22-ны 8,000,000 төгрөг, 2015 оны 08 сарын 07-ны өдөр авсан 1,180,000 төгрөг, 2015 оны 09 сарын 29-ний өдөр 1,485,000 төгрөг, ингээд 2016 оны 07 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Энэ нь 2015 оны 05  сарын 22-ны өдөр, 2015 оны 08 сарын 07-ны өдөр, 2015 оны 09 сарын 22-ны өдрүүдэд авсан зээлийн төлөлтөө нэгтгэж өгсөн. Нийт байгуулсан гэрээний үлдэгдэл нь 11,585,000 төгрөг, энэнээс 4,000,000 төгрөгөө хасахаар 6,185,000 төгрөг. Энэ дээр төлөгдөөгүй байх хугацааны мөнгө нэмэгдээд 8,770,709.01 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д ” ХХК-тай 2014 оны 09 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 6 сарын хугацаатай, 6,000,000 төгрөгийг зээлэхээр зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгөд өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалж фидуцийн гэрээгээр эзэмших эрхийн гэрчилгээг “Д ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн зээл авсан. Энэхүү зээлийг 2015 оны 02 сарын 18-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгасан. Үүнээс хойш дахин 2015 оны 02 сарын 18-ны өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 3,960,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг төлж явж байгаад дахин 2015 оны 04 сарын 01-ний өдөр 990,000 төгрөгийн зээл авсан, 2015 оны 05 сарын 22-ны өдөр 7,920,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлүүдийг хариуцагч нь сар бүр хүү болон үндсэн төлбөрийг төлж яваад нийт 21,650,750 төгрөгийн төлөлт хийж зээлийг бүрэн төлж дуусгасан. Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 03 сарын 12-ны өдөр хариуцагчийн автомашиныг Б.Д  гэх хүнд худалдаж Г.С ын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул төлбөр тооцооны асуудал байхгүй. Зээлийн гэрээнээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн байдаг. Иргэний хуульд зарим төрлийн гэрээг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл дээр хийдэг гэрээ байдаг. Үүнд Банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгох зээлийн гэрээнд эрх бүхий байгууллагаас олгож байгаа зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тусгай хуулиар зохицуулсан байдаг. “Д ” ХХК-д нэмэгдүүлсэн хүү авах эрхийг олгохгүй. Харин бусад алданги, торгууль авах эрхтэй байсан боловч ийм байдлаар гэрээгээ байгуулаагүй. Тиймээс зээлэнд нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээг хугацаа тогтоож байгуулсан боловч тухайн хугацаанаас илүү хугацааны хүү авах зэргээр зээлдэгчийг хохироож байсан гэдэг нь зээлийн эргэн төлөлтөөс харагддаг. Нийт зээлийн төлөх ёстой төлбөр, хүүг тусгайлан тооцож, хариуцагчийн автомашиныг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж төлөх ёстой төлбөрөөсөө илүү төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д ” ХХК “нь хариуцагч Г.С од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хүү 3,031,463.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 604,632.7 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдлийн хамт нийт 8,770,709.01 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нь 2016 оны 08 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө бодитоор олгогдоогүй, өмнө нь зээлсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт нэхэмжлэгч “Д ” ХХК, хариуцагч Г.С  нарын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

  • 2014 оны 09 сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногийн 4,5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 005 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/,
  • 2015 оны 02 сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 4,8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 047 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/,
  • 2015 оны 04 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 060 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/,
  • 2015 оны 05 сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 15/014 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/,
  • 2015 оны 05 сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 4,8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 079 дугаартай Зээлийн гэрээ,
  • 2015 оны 08 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 15/043 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/,
  • 2016 оны 08 сарын 19-ний өдөр 5,142,912.79 төгрөгийг 18 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 016/012 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/.

/хх-7-10, 175-198/

Хариуцагч нь 2014.09.12-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэй, 2015.02.18-ны өдөр 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4,8 хувийн хүүтэй, 2015.04.01-ний өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2015.05.22-ны өдөр 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4,8 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч, 2015.05.04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан боловч зээл аваагүй, 2015.08.04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх гэрээг байгуулаагүй, 2016.08.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө бодитоор олгогдоогүй тул гэрээний дагуу төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

    Нэхэмжлэгч “Д ” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан  барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд байх бөгөөд зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 016/012 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байх бөгөөд уг гэрээний дагуу 5,142,912.79 төгрөг бодитоор олгогдоогүй, зохигчид 2014 оноос 2015 онд байгуулсан зээлийн гэрээнүүдийн тооцоог нэгтгэн тооцож гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь тодорхойлогдох учраас нэхэмжлэгч нь 5,142,912.79 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул хариуцагчид 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 016/012 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүрэг үүсэхгүй.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нь  нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 2014.09.12-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэй, 2015.02.18-ны өдөр 3,960,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4,8 хувийн хүүтэй, 2015.04.01-ний өдөр 990,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2015.05.22-ны өдөр 7,920,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4,8 хувийн хүүтэй зээлсэн, мөн зээлийн гэрээ байгуулалгүйгээр 2015.01.26-ны өдөр 990,000 төгрөг, 2015.08.07-ны өдөр 1,180,000 төгрөг, 8000 төгрөг, 2015.09.29-ний өдөр 1,485,000 төгрөгийг тус тус зээлсэн болох нь тогтоогдож байна. Хэрэгт 2015.05.04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх, 2015.08.04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх гэрээ баримтаар авагдсан бөгөөд хариуцагч нь эдгээр гэрээний дагуу зээл аваагүй гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, тус гэрээнүүдийн дагуу зээл олгогдсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Худалдаа, хөгжлийн банкин дахь нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн 470010209 дугаартай дансны харилцах дансны гүйлгээний хуулга хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагч Г.С од 2015.01.26-ны өдөр 990,000 төгрөг, 2015.02.18-ны өдөр 3,960,000 төгрөг, 2015.04.01-ний өдөр 990,000 төгрөг, 2015.05.22-ны өдөр 7,920,000 төгрөг, 2015.08.07-ны өдөр 1,180,000 төгрөг, 8000 төгрөг, 2015.09.29-ний өдөр 1,485,000 төгрөг, дансаар нийт 16,533,000 төгрөг, анх зээл олгоход өгсөн 6,000,000 төгрөг, нийт 22,533,000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-33-46/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Мөн дээр дурдсан дансны хуулгаар хариуцагч Г.С  нь нэхэмжлэгч “Д ” ХХК-д 2014.10.15-ны өдөр 270,000 төгрөг, 2014.11.14-ний өдөр 279,000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 271,800 төгрөг, 2015.01.16-ны өдөр 280,800 төгрөг, 2015.02.09-ний өдөр 1,022,500 төгрөг, 2015.02.18-ны өдөр 6,311,400 төгрөг, 2015.03.13-ны өдөр 60,000 төгрөг, 2015.04.01-ний өдөр 4,266,500 төгрөг, 2015.05.05-ны өдөр 202,350 төгрөг, 2015.05.30-ны өдөр 200,000 төгрөг, 2015.07.06-ны өдөр 205,000 төгрөг, 2016.03.24-ний өдөр 400,000 төгрөг, 2016.0728-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016.09.16-ны өдөр 225,000 төгрөг, 6000 төгрөг, 2016.11.22-ны өдөр 225,000 төгрөг, 2017.02.03-ны өдөр 225,000 төгрөг, дансаар нийт 18,450,350 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь 2017.06.13-ны өдөр 1,920,000 төгрөг, 2018 оны 01 сард 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь нийт 20,570,350 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. /хх-33-46/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж зааснаар зохигчид 2014.09.12-ны өдөр, 2015.02.18-ны өдөр, 2015.04.01-ний өдөр, 2015.05.22-ны өдөр байгуулсан гэрээнд хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд харин мөн хуулийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар 2015.01.26-ны өдөр 990,000 төгрөг, 2015.08.07-ны өдөр 1,180,000 төгрөг, 8000 төгрөг, 2015.09.29-ний өдөр 1,485,000 төгрөгийг зээлэхэд зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь эдгээр зээлд хүү авах эрхгүй.

Зохигчдын хооронд 2014.09.12-ны өдөр, 2015.02.18-ны өдөр, 2015.04.01-ний өдөр, 2015.05.22-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6.-д “зээлийн хяналт, эрсдэлийн удирдлагын шимтгэлд 0.5 хувь, 1 хувь байхаар тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан зээлийг олгохдоо шимтгэлийг суутган тооцож мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд ямар үндэслэлээр ийнхүү дээрх төлбөрийг суутгаж авсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлдэгч нь бодитоор авсан зээлийн хэмжээгээр гэрээнд заасан хүү төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч нь 2014.09.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,620,000 төгрөг, 2015.02.18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,960,000 төгрөг, хүү 190,080 төгрөг, 2015.04.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 990,000 төгрөг, хүү 297,000 төгрөг, 2015.05.22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,920,000 төгрөг, хүү 380,160 төгрөг, 2015.01.26-ны өдөр 990,000 төгрөг, мөн гэрээ байгуулалгүй зээлсэн 2015.01.26-ны өдөр 990,000 төгрөг, 2015.08.07-ны өдөр 1,180,000 төгрөг, 8000 төгрөг, 2015.09.29-ний өдөр 1,485,000 төгрөг, нийт 25,020,240 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт нийт 20,570,350 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 4,449,890 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тохирч болохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч “Д” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг атлаа хариуцагч Г.С той байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.2.-т тус тус нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэмэгдүүлсэн хүү 604,632.7 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан хариуцагч Г.С  нь 95-10 УНИ улсын дугаартай, Toyota Allion маркийн автомашиныг барьцаалж, 2014 оны 09 сарын 04-ний өдөр “Д ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь, 2018 оны 03 сарын 12-ны өдөр уг автомашин нь Б.Д ийн нэр лүү шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-71/

Хариуцагч нь нэхэмжлэгч “Д ” ХХК түүний барьцаалсан автомашиныг Б.Д  гэх хүнд худалдаж Г.С ын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэх, нэхэмжлэгч нь хариуцагч Г.С  барьцаалсан автомашиныг бусдад зарж борлуулж зээлээ төлөх гэж байгаа тул нэрийг нь шилжүүлээд өгчих гэж гуйсны дагуу зээлийн хүүг нь төлөхөөр тохиролцоод барьцаалсан автомашины нэрийг шилжүүлсэн гэх тайлбарыг тус тус гаргаж байх боловч зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.С оос зээлийн гэрээний үүрэгт 4,449,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,320,819.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Г.С оос зээлийн гэрээний үүрэгт 4,449,890 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,320,819.01 /дөрвөн сая гурван зуун хорин мянга найман зуун арван есөн төгрөг нэг мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 155,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 86,148.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР