Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

     2022        06             28                                2022/ШЦТ/234

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц /цахим/

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 2225000000278 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 35 дугаар гудамжинд Б.Ан толгойн тус газарт архины шилээр цохиж тархи доргилт, зүүн чихний урд урагдсан шарх, нүүр, хоёр гар, өвдөгт олон тооны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Тийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, миний буруу.Надад ямар нэг шалтгаан байгаагүй,зарим зүйлээ санахгүй байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан : 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-10-р тал/

-Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/

-Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

-хохирогч Б.Ан мэдүүлсэн ... Би 2022 ны 05 дугаар сарын 20-ны өдөр РМW ХХК-ийн ажилтнуудын хамт Орхон аймгийн МУИС-ийн спорт зааланд сагсан бөмбөг, гар бөмбөг зэргийг тоглож байгаад 16 цагийн үед заалнаас гарч ирэхэд Б.Т нь мулть жүүсний саванд тал хүртэл нь архи хийчихсэн ганцаараа уугаад байж байсан... Бид 3 архи, пивээ хуваан уугаад архи дуусаагүй байхад Уугантөгс хүүхдээ харна гээд түрүүлээд 17 цагийн үед манай гэрээс явсан. Б.Т бид 2 үлдсэн архи, пивыг хуваан ууж дуусахад Б.Т ажилтай гэсэн болохоор би одоо архи болсон ажил руугаа яв гээд би Б.Тийг төв зам дагуух автобусны буудал руу дөхүүлж өгөх гээд гудамжинд явж байсан санагдаж байна, ямар ч байсан Б.Т миний ард талд алхан явж байгаад гэнэт намайг цохин газарт унагааж толгой руу архины шилээр цохисон, цохисон архины шил нь хагарч миний чих болон толгойноос цус гарсан. Би архины шилээр цохиулсны дараа хэсэг ухаан балартаж нэг мэдсэн Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр ирсэн байсан. Б.Т намайг цохин унагааж архины шилээр цохих болсон шалтгааныг мэдэхгүй байна, уг нь ажил дээр бид 2 хэвийн зүгээр харицаатай байдаг. Ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй. Тухайн үед би согтолттой байсан болохоор яг аль гудамжинд явж байсан гэдгээ мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-н 19-р тал/

-гэрч Г.Б мэдүүлсэн... Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оройны 18 цаг 50 минутын орчимд Яргуйт багийн Толгодын 35 дугаар гудамжаар орон харих гээд явж байхад тус гудамжны 6 тоот хаягтай айлын хашааны үүдний хойд талын шороон зам дээр хагарсан шилнүүдийн урд талд газар нэг эрэгтэй хүн биеийнхээ баруун хэсгээрээ баруун зүг рүү харан ухаантай хэвтэж байхаар нь би машинаасаа бууж уг хүн дээр очин юу болсон талаар асуухад зодуулчихлаа гэхээр нь ар гэрээс чинь хүн дуудах уу, утасны дугаарыг нь хэлээд өгөөч гэсэн чинь надад утасны дугаар өгөхгүй, зүгээр, зүгээр өөрөө гэртээ харьчихна гэхээр нь танайх хаана юм гэсэн чинь манайх урагшаа гээд ярилцаад зогсож байхад Яргуйт багийн Толгодын 35-7 тоот хаягтай хашаанаас нэг ах гарч ирээд Цагдаад дуудлага өгсөн байгаа, сая нэг залуу архины шилээр цохисон уу яасан цохиж унагаагаад нүүр лүү нь өшиглөөд цаашаа хашааны булан тойроод явчихпаа гэсэн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

-гэрч Ж.Мын мэдүүлсэн...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оройны 19 цаг болох гэж байхад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумЯргуйт багийн Толгодын 35 дугаар гудамжинд “зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу ахлах дэслэгч Э.Батжаргалын хамт бид 2 Яргуйт багийн Толгодын 35 дугаар гудамжинд очиход тус гудамжны зам дээр 3 эрэгтэй хүн байсан бөгөөд 1 эрэгтэйгийн нүүр нь цус болсон газар хэвтэж байсан, хэвтэж байсан газарт нь архины шил хагарч, цус болсон байсан, харин нөгөө 2 эрэгтэй нь хажуу талд нь явган сууж байсан. Би юу болсон талаар 2 эрэгтэйгээс асууж тодруулахад бид 2-ыг харж байхад энэ хүнийг 1 эрэггэй хүн архины шилээр толгой руу нь цохиж унагаагаад төв зам дагуу зугтаагаад явчихлаа гэж хэлэхээр нь ямар хувцастай эрэгтэй хүн байсан бэ гэхэд саарал өнгийн цамцтай, 1 мөртэй жижиг цүнх үүрсэн, шоорттой, өндөр залуу байгаа гэсэн. Тэгээд ахлах дэслэгч Э.Батжаргалыг зодуулсан хүний хажууд нь үлдээгээд би зодсон гэх залуугийн араас төв зам дагуу тээврийн хэрэгсэлтэйгээ явж шалгахад Яргуйт багийн Толгодын 30 дугаар гудамжны харалдаа хэлсэн хувцастай нь адилхан хувцас өмссөн, согтуу залуу сандарсан байдалтай төв зам дагуу ертөнцийн зүгээр урд зүгийг чиглээд гүйж байхаар нь гүйцэн хажууд нь очиж юм асууя гэж дуудан машиндаа суулган зодуулсан хүн дээрээ буцан очиж нөгөө гурван эрэгтэй хүндээ уг залууг харуулахад хажууд нь сууж байсан 2 залуу архины шилээр цохиод зугтаасан залуу мөн байна гэж хэлсэн. Харин зодуулсан залуу болохоор бид 2 хамт архи уусан юм, бид 2-ыг энд орхичих гээд байсан... гэх мэдүлэг /хх-ийн 25-р тал/

-гэрч М.Аийн мэдүүлсэн ... Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Яргуйт багийн Толгодын 35-07 тоот хаягтай хашаан дотроо толгой, шийр хуйхлах гээд сууж байтал нэг хүн орилох шиг чимээ гарахаар нь хашаагаараа өндийн Яргуйт багийн толгодын 35 дугаар гудамж руу харахад гудамжинд 1 өндөрдүү залуухан эрэгтэй 1 залууг гараараа цохин газарт унагаачаад цааш алхан явж байгаад буцаж ирээд халааснаасаа нэг шилтэй 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи гаргаж ирээд толгой руу нь цохисон, мөн толгой руу өшиглөсөн. Шилтэй архи хагарч залуугийн толгойноос цус гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Архины шилээр цохисон залуу цааш төв рүү гүйгээд явсан байхад Цагдаа нар ирсэн бөгөөд би цагдаа нарт явсан зүгийг нь зааж өгөхөд араас нь нэг цагдаа цагдаагийн машинтай явж авч ирээд надад харуулан мөн эсэхийг асуухад би мөн байна гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 29-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай...Б.Агийн биеээс авсан цусанд этилийн спирт 3.1 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хзнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 36-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаартай...Б.Тийн биеээс авсан цусанд этилийн спирт 4.0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хзнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай Б.Ан биед тархи доргилт, зүүн чихний урд урагдсан шарх, нүүр, хоёр гар, баруун өвдөгт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд, тархи доргилт нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/ ,

-Хохирогч Б.Ан гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 90-95-р тал/

-шүүгдэгч Б.Тийн хохирогч Б.Ад хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 99-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 35 дугаар гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хамт явж байсан Б.Ан толгойн тус газарт архины шилээр цохиж, биед нь тархи доргилт, зүүн чихний урд урагдсан шарх, нүүр, хоёр гар, баруун өвдөгт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Тийн үйлдлийн улмаас Б.Ан биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Б.Ан мэдүүлсэн... Б.Т бид 2 үлдсэн архи, пивыг хуваан ууж дуусахад ...Б.Т миний ард талд алхан явж байгаад гэнэт намайг цохин газарт унагааж толгой руу архины шилээр цохисон, цохисон архины шил нь хагарч миний чих болон толгойноос цус гарсан. Би архины шилээр цохиулсны дараа хэсэг ухаан балартаж нэг мэдсэн Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр ирсэн байсан.....гэх мэдүүлэг, гэрч Г.Баасанжаргалын Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оройны 18 цаг 50 минутын орчимд ...тус гудамжны 6 тоот хаягтай айлын хашааны үүдний хойд талын шороон зам дээр хагарсан шилнүүдийн урд талд газар нэг эрэгтэй хүн биеийнхээ баруун хэсгээрээ баруун зүг рүү харан ухаантай хэвтэж байхаар нь би машинаасаа бууж уг хүн дээр очин юу болсон талаар асуухад зодуулчихлаа гэхээр....гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхжаргалын... 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оройны 19 цаг болох гэж байхад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумЯргуйт багийн Толгодын 35 дугаар гудамжинд “зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу... гэх мэдүүлэг, гэрч М.Анхчөдөрийн:... нэг хүн орилох шиг чимээ гарахаар нь хашаагаараа өндийн Яргуйт багийн толгодын 35 дугаар гудамж руу харахад гудамжинд 1 өндөрдүү залуухан эрэгтэй 1 залууг гараараа цохин газарт унагаачаад цааш алхан явж байгаад буцаж ирээд халааснаасаа нэг шилтэй 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи гаргаж ирээд толгой руу нь цохисон, мөн толгой руу өшиглөсөн. Шилтэй архи хагарч залуугийн толгойноос цус гарсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай Б.Ан биед тархи доргилт, зүүн чихний урд урагдсан шарх, нүүр, хоёр гар, баруун өвдөгт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд, тархи доргилт нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Тийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь болох нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд:гэм буруугаа хүлээсэн,хохирол төлсөн,торгох ялыг 4 сард хувааж төлөх саналтай гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирчээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.А нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овгийн Бын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ