Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

     2022        06             29                                2022/ШЦТ/237

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э холбогдох эрүүгийн 2225002630256 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Пын Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байрны 01 тоотод 2022 оны 03 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Аын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч П.Эийн мэдүүлсэн: Би тэр үед унтаж байсан.Гэтэл А над дээр ирж ноцолдсон,агсам согтуу тавьсан.Дээрээс ирж нухаад байхаар нь би бачуурсандаа мөргөсөн.Санаатай мөргөх гэж мөргөөгүй.Гэм буруугаа хүлээж байна, миний буруу.250,000 төгрөг өгсөн.хамраа янзлуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан : 

-хохирогч Б.Аын мэдүүлсэн ... 2022 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байр луугаа очиход П.Эрдэмбилэг, П.Батсүх, Өлзийбаатар, Сарантунгалаг, Оджаргал, Энхчимэг нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу юм яриад сууцгааж байсан. Би өөрийн өрөөнд ороод амрах гэж байхад бүгдээрэээ намайг хүрээд ир, хамт сууя, ярих юм байна гэхээр нь очиж хамт суусан. Надад архи 3 удаа жижиг рункээр хийж өгөхөөр нь гурвууланг нь уусан, дахиж архи уугаагүй. Тэгээд 02 цаг өнгөрч байхад Э ах намайг ажил чинь сайн явж байгаа бол ашгүй дээ гээд юм яриад сууж байсан Э ахын эхнэр гэнэт Сарантунгалаг “чи яагаад бид нараас тусдаа ресторан нээгээд япон хоол хийж гаргах гээд байгаа юм, ер нь ямар санаатай, Эийг дагаж ирсэн юм, манайхыг дампууруулах гэж байгаа юм уу” гэж над руу уурлан, агсан тавьж эхэлсэн.Мөн Батсүх намайг “ажлаасаа гарсан юм бол энэ байрнаас зайлаач” гэж дайраад байхаар нь би Батсүхийн өөдөөс чи дуугай бай, би чамайг анх ажилд оруулж өгсөн хүн, би өөрөө энэ байранд засвар, тохижилтыг хийсэн, тэглээч Э ах намайг амьдарч болно гэсэн болохоор чамд хамаагүй асуудал гэж хэлэхэд Өлзийбаатар ах над руу дайрч чи хүн ажилд авдаг хэн бэ гэхэд Э ах намайг өмөөрч бид нарын дунд гурвалжин, дөрвөлжин хэрүүл болоод шөнийн 04 байна уу 05 цаг болоход... Э ахын фэйсбүүк хаягнаас ээжийн фэйсбүүк хаяг руу дайрч үг хэлээр доромжилсон чат ирээд байна юу болоод байгаа юм гэж надаас асуухаар нь би Эрдэмбилэпг ахаас таны гар утас хаана байгаа юм , ээж рүү юу бичээд байгаа юм гэж харуулахад миний гар утас байхгүй, Сарантунгалаг авсан юм шиг байна гээд ...Э ах руу харахад миний хамар луу нэг удаа мөргөсөн. Уг нь бид 2 ямар нэгэн хэрүүл, маргаан хийгээгүй байсан яагаад мөргөх болсон шалтгааныг мэдэхгүй байна. Тэгээд миний хамарнаас цус гарахад Оджаргал ирээд хамар чинь далийсан байна гээд савх авч ирэн өгсөн, би Э ахаа яаж байгаа юм бэ гэсэн чинь юу ч хэлэхгүй байсан, тэгээд хэн цагдаа дуудсанг мэдэхгүй байна, нэг мэдсэн 2 цагдаа ирээд бид нарыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-н 7-8, 10-р тал/

-гэрч П.Бийн мэдүүлсэн...Намайг гарсан хойно захирал Э, захирлын эхнэр С, тогооч Ц.Э эгч, кассчин Од, Б.А нар үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

-гэрч С.Цын мэдүүлсэн ... 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө Эийн “Векi Sword Hero” гэсэн фэйсбүүк хаягнаас Эийн эхнэр болох Сарантунгалаг нь хүү бид 2-ыг доромжилсон янз бүрийн утгатай чат миний “Цоогий Цоогий” гэсэн фэйсбүүк хаяг руу бичээд байхаар нь би өөрийн фэйсбүүк хаягнаас өөрийн хүү Б.Аын “Вуаmbadorj АnhкЬЬауаг” гэсэн фэйсбүүк хаяг руу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг арван хэдэн минутын үед видео коллоор буюу дүрс, дүрсээ харан залгаж ярихад Б.Аын хамраас нь их хэмжээний цус гарч нүүр нь цус болж, газраар цус арчсан салфетиканууд зөндөө хаясан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Э ах намайг мөргөчихлөө гэхээр нь би Цагдаа дууд гэсэн чинь цаад талаас нь Сарантунгалаг орилоод цагдаа дуудна гээд байж байсан чинь удалгүй хэдхэн минутын дараа 2 цагдаа орж ирэхэд камерын дүрсэнд Сарантунгалаг болон нэг эмэгтэй нар нь сэрүүн сууж байсан, харин Э нь цаад талд буруу хараад хэвтээд байсан... Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад 78044555 дугаараас Эийн 99078296 дугаарын гар утас руу залган ярьж яагаад “миний хүү Б.Аыг мөргөсөн юм бэ, яаж байгаа юм” гэж асуухад харин тийм ээ эгч ээ “уурандаа мөргөсөн хамрыг нь янзлаад өгнө” гэж хэлэхээр нь за за би юу хэлэхэв дээ янзлаад өгөөрэй гэж хэлсэн... гэхмэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

 

-гэрч Л.Мын мэдүүлсэн... Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн 102-оос өглөөний 08 цаг өнгөрч байхад Баянцагаан багийн Өнөр отхоны байранд “хэрүүл маргаан болоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу дэд ахлагч Гэрэлт-Одын хамтаар очиход нэг залуугийн нүүр, ам нь цус болчихсон, өрөөний шалаар цус арчсан цааснууд байхаар нь уг залуугаас нэрийг нь болон юу болсон талаар асуухад өөрийгөө А гэсэн бөгөөд “энэ унтаж байгаа залуу намайг цохиж зодсон” манай захирал Э байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед уг залуу ээжтэйгээ гар утсаар “Video call”-оор яриад байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

 

-гэрч С.Өын мэдүүлсэн... Тэгээд бид нар бүгдээрээ Өнөр хотхоны ажилчдын байранд 0.75 литрийн хэмжээтэй 1 шил Эдэн архийг хуваан уугаад сууж байхад Б.А гаднаас согтолттой, 2 шилтэй пиво барин орж ирээд бид нартай суух гэхээр нь би өрөөндөө орж амар гээд өрөөнд нь оруулсан. Хэсэг байж байгаад та нар ууж байхад би яахаараа ууж болдоггүй юм гээд өрөөнөөсөө гарч ирээд бид нартай хэсэг хамт сууж байхдаа архинаас уусан. Тэгээд Батсүхтэй Б.А нь П.Эийг та гэж дуудсангүй гэснээс болж хоорондоо маргалдаж эхлэн, маргалдаж байхдаа Б.А нь өөрийнхөө гар утсыг Батсүхийн нүүр рүү шидэхэд хөмсөг нь сэтэрч маш их цус гарсан, цусыг нь тогтоох гээд байж байхад нь Б.Аын гаргаж байгаа муухай зан араншин үйлдэл нь зогсохгүй авирлаад байсан болохоор ганцаараа түрүүлээд 02 цаг өнгөрч байхад гараад явсан.... Маргааш өглөө нь 10 цагийн үед Сарантунгалаг над руу залгаад цагдаа дээр хүрээд ир бид нар ирсэн байна гэхээр нь Батсүх бид 2 цагдаа дээр ирэхэд Б.А, Сарантунгалаг, Э гурав ирсэн байсан бөгөөд Б.Аын хамар хавдаж сонин болсон байсан... гэхмэдүүлэг /хх-ийн 27-р тал/

 

-гэрч Л.Оын мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой Өнөрхотхоны ажилчдын байранд очиход Сарантунгалаг байж байсан бөгөөд бид нар бүгдээрээ 0,75 литрийн хэмжээтэй 1 шил Эдэн нэртэй архи болон пиво хуваан уугаад сууж байхад гаднаас Б.А согтолттой, 1 шил пиво барин орж ирээд бид нартай хамт сууж байгаад зөв зүгээр байж байгаад Б.А уурлаад Батсүх рүү өөрийнхөө гар утсыг шидэж хөмсгийг нь сэтлэн цус гаргасан. Тэгээд бид нар Б.Аыг яаж байгаа юм болиоч гээд байж байтал Өлзийбаатар гараад явсан бөгөөд удалгүй Батсүх араас нь гараад явсан...би удалгүй унтсан бөгөөд өглөө болж нар мандсан байхад юм хагарах чимээ гаран би сэрэхэд миний хажуу талд Б.А доошоо хараад хараал хэлээд сууж байхаар нь Б.Аыг хартал хамар нь хонхойж эвгүй харагдахаар нь би хаанаас ч юм савх олж ирээд Б.Ат өгөхөд ямар нэгэн зүйл хэлэхгүй савхыг гартаа барин авсан, савхаар ямар нэгэн зүйл хийгээгүй. Миний савх авч ирж өгсөн шалтгаан нь хамраа янз л гэж бодоод л өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

            -Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 62-р тал/

            -хэрэг бүртгэлтийн 222500214 тоот хэргийн материалаас авсан хуулбар /хх-ийн 63-114-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 297 дугаартай... Б.Аын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь Б.Аыг ямарч байрлалд байхад, хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...гэсэн дүгнэлт /хх-ийн 103-104-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2022 оны 03 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байрны 01 тоотод шүүгдэгч П.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцож маргасны улмаас хамт байсан Б.Аын нүүрэн тус газар мөргөж хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч П.Эийн үйлдлийн улмаас Б.Аын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Аын мэдүүлсэн... Э ах бид 2 эргээд архи ууж байсан өрөө рүүгээ эргээд очиж, яагаад юу болоод байгаа юм гээд бид 2 ярилцаад зогсож байсан чинь миний гараас нэг хүн татах шиг болохоор нь эргэж хараад эргээд Э ах руу харахад миний хамар луу нэг удаа мөргөсөн. Уг нь бид 2 ямар нэгэн хэрүүл, маргаан хийгээгүй байсан яагаад мөргөх болсон шалтгааныг мэдэхгүй байна.....гэх мэдүүлэг, гэрч С.Цогзолын мэдүүлсэн.. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг арван хэдэн минутын үед видео коллоор буюу дүрс, дүрсээ харан залгаж ярихад Б.Аын хамраас нь их хэмжээний цус гарч нүүр нь цус болж, газраар цус арчсан салфетиканууд зөндөө хаясан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Э ах намайг мөргөчихлөө гэхээр нь би Цагдаа дууд гэсэн чинь цаад талаас нь Сарантунгалаг орилоод цагдаа дуудна гээд байж байсан чинь удалгүй хэдхэн минутын дараа 2 цагдаа орж ирэхэд камерын дүрсэнд Сарантунгалаг болон нэг эмэгтэй нар нь сэрүүн сууж байсан, харин Э нь цаад талд буруу хараад хэвтээд байсан, сэрүүн байсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг, гэрч С.Өлзийбатаарын мэдүүлсэн... Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...102-оос өглөөний 08 цаг өнгөрч байхад Баянцагаан багийн Өнөр хотхоны байранд “хэрүүл маргаан болоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу дэд ахлагч Гэрэлт-Одын хамтаар очиход нэг залуугийн нүүр, ам нь цус болчихсон, өрөөний шалаар цус арчсан цааснууд байхаар нь уг залуугаас нэрийг нь болон юу болсон талаар асуухад өөрийгөө А гэсэн бөгөөд “энэ унтаж байгаа залуу намайг цохиж зодсон” манай захирал Э байгаа юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Л.Оджаргалын мэдүүлсэн... Өлзийбаатар, Батсүх нарыг гараад явсны дараа би удалгүй унтсан бөгөөд өглөө болж нар мандсан байхад юм хагарах чимээ гаран би сэрэхэд миний хажуу талд Б.А доошоо хараад хараал хэлээд сууж байхаар нь Б.Аыг хартал хамар нь хонхойж эвгүй харагдахаар нь би хаанаас ч юм савх олж ирээд Б.Ат өгөхөд ямар нэгэн зүйл хэлэхгүй савхыг гартаа барьж авсан, савхаар ямар нэгэн зүйл хийгээгүй. Миний савх авч ирж өгсөн шалтгаан нь хамраа янз л гэж бодоод л өгсөн... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 297 дугаартай... Б.Аын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь Б.Аыг ямарч байрлалд байхад, хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч П.Эийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа шүүх хуралдаанд : хохирогч цаашид хагалгаанд орох тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү гэж,

-шүүгдэгч: маргах зүйлгүй,торгуулийн доод хэмжээгээр торгоно уу гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан  шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

         Хэрэг гарахад ахуйн хүрээний шалтгаангүй архидалт болон хохирогчийн зүй зохисгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Гэрч С.Өлзийбаатарын мэдүүлсэн... Тэгээд Батсүхтэй Б.А нь П.Эийг та гэж дуудсангүй гэснээс болж хоорондоо маргалдаж эхлэн Б.А нь өөрийнхөө гар утсыг Батсүхийн нүүр рүү шидэхэд хөмсөг нь сэтэрч маш их цус гарсан, цусыг нь тогтоох гээд байж байхад нь Б.Аын гаргаж байгаа муухай зан араншин үйлдэл нь зогсохгүй авирлаад байсан болохоор ганцаараа түрүүлээд 02 цаг өнгөрч байхад гараад явсан... гэхмэдүүлэг, гэрч Л.Оджаргалын мэдүүлсэн... Б.А согтолттой, 1 шил пиво барьж орж ирээд бид нартай хамт сууж байгаад зөв зүгээр байж байгаад Б.А уурлаад Батсүх рүү өөрийнхөө гар утсыг шидэж хөмсгийг нь сэтлэн цус гаргасан... гэх мэдүүлэг зэрэг нотлх баримтаар хохирогч бусдыг өдөж хэрүүл маргаан гарах шалтаг болсон байдал тогтоогдсон.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.А нь гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй ба хохирогчийн өмгөөлөгч” цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ”гэсэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б Ч овогт Пүын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ээд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ