Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0553

 

Л.М*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******

 

Нэхэмжлэгч: Л.М*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0476 дугаар шийдвэр

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0282/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0476 дугаар шийдвэрээр Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан Л.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, мөн хуулийн 3.2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна”, 4.1.13-т “тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг нарийвчлан заасан байна. Өөрөөр хэлбэл, энгийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах болзол шалгуурыг нарийвчлан заасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд даатгуулагч иргэний хүсэлт болон мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлж ажилласан хугацаа зэргийг үндэслэн хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох үүрэгтэй.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ байх бөгөөд 60 дугаар зүйлд прокурорын нийгмийн баталгааг хуульчилж, 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүй прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурорын нийгмийн асуудлыг тусгайлан зохицуулжээ” хэмээн үндэслэн дурдсан нь прокурорын байгууллагад ажиллаж буй /ажилтан/ прокурорын насны дээд хязгаар, ажилласан байвал зохих жилийн болзлыг хуульчилсан бөгөөд тэтгэвэр тогтоох, олгох харилцааг нарийвчлан зохицуулсан зүйлгүй болно. Өөрөөр хэлбэл, насны хувьд дээд хязгаар нь 60 нас эрэгтэй 55, эмэгтэй 50 настай гэж заасан нь прокуророор ажилласан байвал зохих жилийг нарийн тусгаагүй нь Нийгмийн даатгалын хуулиудтай зөрчилдөж байна.

Жишээ нь: Прокурорын байгууллагад 1 жил ажиллаж /нийгмийн даатгалын шимтгэл төлсөн/ бол дээр дурдсан насанд хүрсэн гэх үндэслэлээр тус хуулиар тэтгэвэр тогтоолгох нөхцөл боломж бүрдэх агуулга харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 01 дүгээр сард гаргасан өргөдөл прокурорын байгууллагад 16 жил 6 сар, насны хувьд 53 настай байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ.

3.3. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах хуулийг нэг мөр хэрэглэх ажлын хүрээнд даатгуулагч Л.М*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч судлан үндэслэл бүхий хариу өгч шийдвэрлэсэн нь даатгуулагчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэлгүй болохыг дээд шатны байгууллагуудын иргэнд хүргүүлсэн албан бичгээр нотлогдоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болон болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0476 дугаарт шийдвэрт өөрчлөлт оруулан Л.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Маргааны үйл баримтын тухайд,

2.1. Л.М******* нь 1971 онд төрсөн, 53 настай, Монгол Улсын Прокурорын байгууллагад 16 жил 9 сар ажилласан тэрээр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/945 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

2.2. Үүний дараа нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст” гэж хаяглан, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтэд тус газрын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар албан бичгээр өгсөн “... тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэх хариуг эс зөвшөөрч, гаргасан гомдолд Нийслэлийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудаас “... Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас өгсөн хариу үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн ба хэргийн оролцогчдын хэн аль нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон ажилласан жилийн хугацааны шаардлага хангасан талаар маргаагүй болно.

2.3. Нэхэмжлэгчээс “Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан атлаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс маргаан үүссэн” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд,

3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.” гэж,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т ““тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, ...тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;” гэж,

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Прокурорын тухай хууль нь прокурорын эрх зүйн байдал, баталгааны талаар нарийвчлан зохицуулсан хууль бөгөөд уг хуулиар “прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж субьектив эрхийг нь баталгаажуулсан байна.

3.3. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”-аар, тодорхой нөхцөлд иргэн өөрөө хүсвэл “50 нас”, “55 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.

3.4. Үүнээс үзвэл, дээрх хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар “хориглогдсон” гэж иргэнд олгогдсон эрхийг хязгаарлах боломжгүй бөгөөд иргэний эрхийг дордуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүй юм.

3.5. Гэтэл хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэхгүй байна.

3.6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэглэвэл зохих Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Л.М*******гийн “... Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ.

3.7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...прокурорын байгууллагад ажиллаж буй /ажилтан/ прокурорын насны дээд хязгаар, ажилласан байвал зохих жилийн болзлыг хуульчилсан бөгөөд тэтгэвэр тогтоох, олгох харилцааг нарийвчлан зохицуулсан зүйлгүй, ... прокуророор ажилласан байвал зохих жилийг нарийн тусгаагүй нь нийгмийн даатгалын хуулиудтай зөрчилдөж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.8. Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх “нас”-ыг Прокурорын тухай хуулиар илүү тусгайлан тогтоосон, хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь эрх зүйт төрийн захиргааны эрх зүй дэх зарчим болохыг тайлбарласан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 428 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                         Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                         З.ГАНЗОРИГ