Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 287

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн спорт хороонд хамт ажилладаг байсан ахлах дасгалжуулагч Г.Г-т 3 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл өгч туслаач би түргэн эргүүлээд өгнө гэж хүсэлтээр Анод банкнаас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний хадгаламжийн 49608813955 дугаартай данснаас 3 000 000 төгрөг авч өгсөн. Г.Г- мөнгөний боломжгүй, мөнгөтэй болохоор өгнө санаа зоволтгүй гэсэн. Би 2006 онд нягтлан бодохын ажлаасаа гараад заалны зохион байгуулагч болоод гадагш гарах завгүй учраас утсаар л яридаг. Арга барагдаад чи үлдэгдэл 800 000 төгрөгөндөө унаагаараа элс хайрга хүргээд өгчих тэгээд 800 000 төгрөг суутгаад төлчих гэж хэлэхэд доромжлоод байсан. Би 2010 оны 9 сард Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлэгт 2 удаа хагалгаанд ороод онош нь тогтоогдохгүй, тэндээсээ шууд хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд ороод төвөнхийн хорт хавдар авахуулж хэлгүй дүлий болсон. Тэгээд эгч дүү хоёроор яриулахад бас өгнө гэж худлаа хэлсэн. Г.Г-аас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үндсэн зээлээс 2 200 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195 000 төгрөг буцаан авсан. 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 3 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт 800 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөгийг 11 жил 3 сарын хүүгийн төлбөрт 3 240 000 төгрөг нийт 4 040 000 төфөг гаргуулж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгон багасгаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөг, буцаан авах нөхцөлтэй зээлсэн бензин, тосны 200 000 төгрөг болно. Г.Г-тай зээлийн гэрээ бичгээр байгуулсан, шүүгээнд байж байгаад алга болсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: Б.Д-тай миний бие хамт нэг газар буюу БТС-ын хороонд ажиллаж байсан болно. Ийнхүү ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Д-ын гуйлтаар Төв аймгийн сумдаар явж 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2 650 000 төгрөг болсон. Тэрээр надад тухайн үед хонь авчруулах зорилгоор мөнгө өгч явуулсан бөгөөд хонио бүгдийг нь авсан. Тэр үед ачиж ирсэн ачааны мөнгө төгрөгийг ашиг олохоороо нэмж өгнө гэсэн боловч ашиг олоогүй гээд өгөөгүй. Харин ч миний бие өөрийн нэг шавийг дагуулаад хэд хэдэн сумдаар явж Б.Д-ын хэлснээр хурга цуглуулсан бөгөөд надаа бензин, тосны мөнгө гэж 200-гаад мянган төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 2006 онд миний цалингаас 70 000-аар 2 удаа, 50 000-аар 1 удаа, 20 000-аар 1 удаа нийт 210 000 төгрөгийг суутган авсан байсан бөгөөд яагаад мөнгө авч байгааг асуухад зардлын мөнгөнөөс гадна хурга аваад үлдсэн мөнгө гэжхэлсэн, түүнээс хойш ямар нэг мөнгө төгрөгний асуудал бид огт ярилцаж байгаагүй. Хэн нэгэн эгч дүү огт яриагүй, надад энэ хүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй, мөнгө зээлж байгаагүй бөгөөд зээлтэй холбоотой бичгээр байтугай амаар ч ярьж байсан зүйлгүй болно. Миний бие Б.Д-ыг ийм хүнд өвчин туссан талаар огт мэдээгүй, миний зүгээс хүн хуурч мэхлэж, худлаа ярьж байгаагүй, үнэхээр мөнгө зээлж авсан бол өвчтэй хүн байтугай эрүүл хүнд ч заавал өгөх зарчимтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулах тухай Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79 590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь Г.Г-т 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээл өгч туслаач би түргэн эргүүлээд өгнө гэсэн хүсэлт гаргаснаар түүнтэй хамт Анод банкин дахь хадгаламжийн данснаас 3 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Надаас авсан мөнгөөр Дэнжийн мянгад хувийн сайхан хашаа байртай болж бас өргөтгөл хийж, тэндээ одоог хүртэл амьдарч байгаа. Би үлдэгдэл 800 000 төгрөгөө авмаар байна. Би 2010 онд гэнэт бие өвдөж 2 удаа хагалгаанд орж төвөнхийн хорт хавдар авхуулж хэлгүй, дүлий болсон тул эгч, дүү 2-ыгоо Г.Г-тай яриулахад өгнө гэж худал хэлсэн. Г.Г- нь 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн 3 000 000 төгрөгөөс өгсөн 2 200 000 төгрөгийг буцааж авсан. Зээлийн үлдэгдэл 800 000 төгрөгийн 11 жил 3 сарын хүү 3 240 000 төгрөг, үүн дээр зээлийн үлдэгдэл 800 000 төгрөг, нийт 4 040 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуулиндаа зааснаар 3 хувийн хүүгийн тооцоо хийж болохгүйг мэдсэн тул хүү 3 240 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгож байна. Би Г.Г-аас 53 хурга аваагүй. Миний амьдралын хүнд байдлыг харгалзан надад дахин нүдний хагалгаанд ороход тус болж 1 000 000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нэхэмжлэгч Б.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 000 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Г.Г- эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Д- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2004 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр сарын 3 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Г-т зээлдүүлсэн ба зээлээс 2 200 000 төгрөг, хүүгийн төлбөрт 195 000 төгрөгийг буцаан авсан, одоо зээлийн үлдэгдэл 800 000 төгрөг, буцаан авах нөхцөлтэй зээлсэн бензин, тосны үнэ 200 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ бичгээр байгуулсан, ажлын шүүгээнд байж байгаад алга болсон гэж тайлбарлаж байх ба тэрээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Г.Г-аас зээлийн төлбөрөө 2004 оноос хойш шаардаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа тасалдсан, зогссон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан штаны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгчийн 2013, 2015, 2016 онд хагалгаанд орж байсан нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2017/11705 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                       С.ЭНХТӨР