| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0288/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/330 |
| Огноо | 2022-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/330
2022 10 04 2022/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Г.Эрдэнэзул
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сд холбогдох эрүүгийн 2225000000352 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багт үйл ажиллагаа явуулдаг “Анд энерги” дэлгүүрийн урдаас Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Үйлчилгээний төв хүргүүлэхдээ Ш.Нийн тээврийн хэрэгслийн ар талын суудал дээр байсан Самсунг А-22 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Э.Сгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Утас оллоо л гэж бодсон. Утсыг буцаан өгсөн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Ш.Нийн эзэмшлийн 5094464706 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 7-р тал/
-хохирогч Ш.Нийн мэдүүлсэн...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 24-5 тоот гэрээсээ өөрийн ажил болох Эрдэнэт дулааны цахилгаан станц руу явж байхдаа “Анд энерги” дэлгүүрийн урдаас эмэгтэй хүн суулган “Жаст ойл”-ийн урдаас нэг эрэгтэй хүн суулгаад явсан. Эрэгтэй хүн нь 3-17-р байрны буудал дээр буусан. Эмэгтэй нь үйлчилгээний төвийн ард буусан машины суудлын ард ажлын хувцас, усны сав хийсэн уутан дотор байсан миний гар утас ажил дээр ирэхэд байхгүй байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлчилгээний төвөөс 760,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон өнгөтэй дээд хэсэгтээ бага зэрэг хагарсан, шилэн наалттай, улаан өнгийн гэртэй өөр ямар нэгэн сэв зураасгүй imei 1:354838358992530, imei 2:355844448992539 дугаартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
-“Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-622/4435 дугаар шинжээчийн Самсунг А22 загварын гар утас 450,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 18-20-р тал/
-шүүгдэгч Э.Сгийн эзэмшлийн 5093142429 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 25-р тал/
-Эд зүйл/ баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28-р тал/
-Эд зүйл/ баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-30-р тал/
-Шүүгдэгч Э.Сгийн сэжигтнээр мэдүүлсэн ...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум “Анд энерги” дээрээс таксинд суугаад Үйлчилгээний төв дээр буусан. Машины хойд суудал дээр байсан А-22 загварын гар утсыг би авсан нь үнэн. Би гар утсыг буцаагаад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Э.С нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг “Анд энерги” дэлгүүрийн урдаас Ш.Нийн тээврийн хэрэгслээр үйлчүүлэн Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Үйлчилгээний төв хүргүүлэхдээ тээврийн хэрэгслийн ар талын суудал дээр байсан Ш.Нийн эзэмшлийн Самсунг А-22 загварын гар утсыг нууцаар эзэмшилдээ шилжүүлэн авч 450,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Э.Сгийн хууль бус үйлдлийн улмаас Ш.Нт 450,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ш.Нийн... . Эмэгтэй нь үйлчилгээний төвийн ард буусан ба машины суудлын ард ажлын хувцас, усны сав хийсэн уутан дотор байсан миний гар утас ажил дээр ирэхэд байхгүй байсан.... гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-622/4435 дугаартай... Самсунг А22 загварын гар утас 450,000 төгрөг... гэх дүгнэлт, шүүгдэгч Э.Сгийн эзэмшлийн 5093142429 тоот ХААН банкны дансны хуулга, Эд зүйл/баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Э.Сгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Бусдын эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай, шүүгдэгч хэргээ хялцаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын талаар тохиролцсон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, прокурорын ялын саналыг ойлгож зөвшөөрч байгаа гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдууллаа.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ш.Нт учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Эх мэргэд ургийн овогт Эрдэнэбаатарын Сүндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих журамтайг мэдэгдүгэй.
4.Шүүгдэгч Э.Сд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ