| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/4367/и |
| Дугаар | 3564 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 3564
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2018/03564 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.С- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОХУ ЕХЭГ ХЧӨУГ-т холбогдох,
9,620,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С , хэлмэрч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.В, орчуулагч Ч.И.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Я.С миний бие ОХУ ЕХЭГ ХЧӨУГ-ын харъяа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Жуковын гэх тодотголтой 8 дугаар байрны жижүүр, үйлчлэгчээр 2017 оны 05 сарын 01-нээс 2018 оны 06 сарын 01-нийг хүртэл 13 сар цалингүй ажилласан юм. Тус байгууллагын дарга асан Х.А.М, орлогч дарга Б.В.В нартай аман хэлцэл хийж, удаа дараа уулзаж тус байрны 30 тоотод амьдрах түрээсийн гэрээ хийж, сард 250-260 америк доллар төлж одоо болтол амьдарч байгаа юм. ОХУ ЕХЭГ ХЧӨУГ нь тухайн үед орлогч нь байсан Б.В.В нь одоо тус газрын даргаар дэвшин ажиллаж байгаа хүн юм. Уг даргад цалингаа авах талаар өргөдөл тайлбар удаа дараа өгсөн боловч өдий хүртэл шийдвэрлээгүй намайг хохироож байгаа билээ. Б.В.В нь орчуулагчаараа дамжуулан сар бүр Москва явж ирээд шийдвэрлэнэ, цалинжуулна гэж итгэл үнэмшил төрүүлж өдий хүртэл цалингүй ажиллаж байгааг оршин суугчид мэдэж байгаа болно. 2018 оны 03 сар, 04 сарын 19-нд орчуулагчаараа дамжуулан цалинжуулахаар боллоо, ажлаа хийж байхыг санал болгож байсныг миний гэр бүл, зарим оршин суугчид ч мэднэ. 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс “И” ХХК орж ирсэн. Уг компани нь та үргэлжлүүлээд ажлаа хийж бай, ажлаа хийхдээ хийсэн ажлаа зурагжуулж байгаарай гэхээр нь зохих боломжоор хийсэн ажлаа баримтжуулсан. Надаар хийлгэсэн ажил гэвэл нийт айлуудын механик тоолуурыг солих ажил явсан, тэр үед бүх тоолуурыг тоолж, зурагжуулж өгсөн. Тэр талаар баримтаа хавсаргаж өгсөн. “И” ХХК-ийг хэн удирдаж байсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ энэ байгууллагаар дамжиж орж ирсэн гэдгийг батлан даана. Учир нь тэр компанийн зүгээс надад хэлж байсан хүн нь энэ Б.В.В болон Н.Б гэх Монгол хүн байгаа. Н.Б-гийн 2 дахь компани нь 2018 оны 05 сарын 21-ний өдөр тэр байрыг хариуцахаар орж ирээд 09 сарын 01-ний өдрөөс намайг ажиллахаа боль гэдэг шаардлага тавьсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахаа больсон. Хэрвээ Б.В.В намайг тухайн үед тусад нь дуудаад боль гэсэн бол болих байсан. Ажлаа хийж бай гэсний үндсэн дээр энэ байгууллагын нэр төрийн төлөө, оршин суугчдын тав тухын төлөө хийсэн. Хамгийн сүүлд Н.Б гэх хүнээр дамжиж 2018 оны 04 сарын 19-ний өдөр 05 сарын 01-ний өдрөөс эхэлж таныг цалинжуулахаар болсон тул ажлаа үргэлжлүүлж хий гэж утсаар хэлсэн. Энэ бүгдийг гэр бүлийнхэн маань нотолно, би өөрөө тэр яриаг сонссон тул нотолно. Тиймээс цалингүй ажилласан хөлсөө нэхэмжилж байна. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны 13 сарын цалин буюу тухайн үед ажиллаж байсан жижүүрийн цалин 500,000 төгрөг, үйлчлэгчийн цалин 240,000 төгрөг, нийт 9,620,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Би түрээслэгчийн хувьд 8 дугаар байрны 30 тоот 3 өрөө байрны төлбөрийг өнөөдөр хүртэл төлсөөр байгаа. Өнөөдөр хүртэл төлөөгүй төлбөр байхгүй. Өмнө нь тэр компанид ажиллаж байх үедээ 250-260 доллар төлж байсан баримт нь бий. Монгол мөнгөөр тушаахаар доллараар тушаа гэж хэлэхээр нь тушаадаг байсан. Иймд 9,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.В шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ОХУ ЕХЭГ -ын ХЧӨУҮГ нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ОХУ ЕХЭГ -ын ХЧӨУҮГ нь аливаа гэрээ болон эрх зүйн харилцааг албан ёсны журмаар бичгээр гэрээ байгуулдаг бөгөөд энэ нь мөн хөдөлмөрийн харилцаанд хамаарна. Тус газар болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа байхгүй, өмнө нь хэзээ ч хийгдээгүй болно. Төлөөлөгчийн газар нь Монгол улс дахь ОХУ-ын өмчлөлийн обьект дээр ажил, үйл ажиллагаа явуулах талаар нэхэмжлэгчээс хэзээ ч хүсээгүй юм. Үүнтэй холбогдуулан төлөөлөгчийн газрын зүгээс нэхэмжлэгчид цалин өгөх үүрэг байхгүй. Энэ талаар Я.С сайн мэдэж байгаа бөгөөд Төлөөлөгчийн газар энэ талаар түүнд байнга мэдээлж байсан. Түүний үйлчилгээг төлөх боломж, шаардлага Төлөөлөгчийн газарт байхгүй тухай удаа дараа тайлбар гаргаж байсан ч нэхэмжлэгч нь цэвэрлэгчийн ажлыг гүйцэтгэх үүргийг өөр дээр бие даан авсан байна. Нэхэмжлэгчийн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд учир нь Төлөөлөгчийн газар нь хэзээ ч амаар хэлэлцээр хийдэггүй, учир нь үүнийг хийх эрх байхгүй юм. Мөн тус төлөөлөгчийн удирдлагууд удаа дараа шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэгчийг энэ тал дээр гэрээ байгуулах боломж байхгүй гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө сайн дураараа бие дааж үйлчилгээ явуулсан. Манай төлөөлөгчийн газарт нэхэмжлэгчийг цэвэрлэгчээр ажиллуулах орон тоо байхгүй. Тухайн орон тооны хуваарийн дагуу цалинжуулах боломж байхгүй гэдгээ удаа дараа тайлбарласан. Тухайн ажлыг нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэж байсныг үгүйсгэхгүй. Яагаад ийм хэмжээний цалин хэлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь “Д” ХХК, “И” ХХК, “В” ХХК-тай ямар тохиролцоотой байсан нарийн зүйлийг мэдэхгүй. Нэхэмжлэгч “И” ХХК дээр ажиллаж эхэлсэн гэх албан бус мэдээ байдаг. “И” ХХК нь тухайн 8 дугаар байрны түрээслэгчээр ажиллаж байгаагүй, зөвхөн тухайн байрны тоолуурыг солих гүйцэтгэгч компанийн үүргийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 8 дугаар байрны ашиглалтыг “В” ХХК нь хариуцаж байгаа. Түрээслэгч компани биш. Нэгэнт манайд ажилд орох гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй тул ажил явуулахгүй байх аргыг удаа дараа хэлдэг байсан. Мөн аливаа шаардлага дээр нь ийм л хариуг өгдөг байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн агуулгад шууд хамаарахгүй боловч ийм тодотгол оруулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал нэхэмжлэгч нь ОХУ-ын нэхэмжилж байгаа тус 8 дугаар байр, 30 тоот, 3 өрөө байранд хууль бусаар төлбөр төлөхгүй амьдарч байгаа. Төлбөр хийхгүй шалтгаан нь уг компанид ажил хийж байгаа тул эндээс гарахгүй гэдэг байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн дурдаж байгаа Н.Б гэж хэлээд байгаа хүн нь Н.Б гэх нэртэй. Тэр хүний хүсэлтээр нэхэмжлэгчтэй төлөөлөгчийн газрын зүгээс тухайн орон сууц дээр байршуулах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан боловч албан үүргээ зүй ёсоор биелүүлээгүй тул 1,200 орчим долларын өр хуримтлагдсан байгаа. Тухайн хүмүүсийг төрөл садангийн холбоотой гэх албан бус мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй боловч нөлөөтэй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч ОХУ ЕХЭГ ХЧӨУГ-т холбогдуулан 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны жижүүрийн цалин 500,000 төгрөг, үйлчлэгчийн цалин 240,000 төгрөгийг 13 сараар тооцон нийт 9,620,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн өмчлөлийн 8 дугаар байрны жижүүр, үйлчлэгчийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул ажилласан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байр нь Оросын холбооны улсын өмчлөлд байдаг, уг байртай холбоотой асуудлыг тус төлөөлөгчийн газар хариуцдаг талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг тус байрны жижүүр, үйлчлэгчээр ажиллуулах тохирсон гэрээ, хэлцэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 8 дугаар байрны жижүүр, үйлчлэгчээр Я.С г ажиллуулах талаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь тус төлөөлөгчийн газрын зүгээс 8 дугаар байрны ашиглалтын асуудлыг хариуцаж байсан “Д” ХХК-тай байгуулсан гэрээг 2017 оны 05 сард цуцалж, 2018 оны 05 сард “В” ХХК-тай гэрээ байгуулах хүртэл тус байрны ашиглалтын асуудлыг ямар нэгэн хуулийн этгээд, иргэнд хариуцуулаагүй байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Я.С г 8 дугаар байрны жижүүр, үйлчлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байсныг үгүйсгээгүй болно.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 8 дугаар байр нь нийтийн зориулалттай орон сууцны байшин бөгөөд тухайн сууцны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй ОХУ ЕХЭГ ХЧӨУГ нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалах үүргийг хүлээнэ.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг заасан бөгөөд уг хуулийн 10.2.17-д “үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг ангилан ялгах, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, шатаах, устгах эрх бүхий байгууллагад шилжүүлэх, эдгээр үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байх”, 10.2.10-т “... 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” гэж, мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх” гэж заасны дагуу хариуцагч ОХУ ЕХЭГ ХЧӨУГ нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх ёстой.
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч Я.С нь өмчлөгчийн хувьд хуульд зааснаар хэрэгжүүлэх хариуцагчийн үүргийг гүйцэтгэж 8 дугаар байрны дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцан ажилласныг бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь жижүүрийн цалин 500,000 төгрөг, үйлчлэгчийн цалин 240,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байх боловч ийм хэмжээний цалин авахаар тохирсон гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй тул ажлын хөлсийг нэхэмжлэгчийн шаардаж буй хэмжээгээр тооцож гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Я.С г 8 дугаар байрны жижүүр, үйлчлэгчийн ажлыг 2017 оны 05 сараас 2018 оны 06 сарыг хүртэл гүйцэтгэж байсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул уг хугацааны ажлын хөлсийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч н.Б 3,120,000 төгрөг /240,000 төгрөг*13 сар/-ийг гаргуулж нэхэмжлэгч Я.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч ОХУ ЕХЭГ ХЧӨУГ 3,120,000 /гурван сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХУ ЕХЭГ ХЧӨУГ-ын нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 64,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР