Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             Ч.Алтанзул

Улсын яллагч                                             Н.*******

Шүүгдэгч                                                      Д.*******

Хохирогч                                                       М.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2223001360178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, жүжгийн зохиолч, Улаанбаатар гурил ХХК-н Орхон аймаг дахь салбарын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт байрлах хохирогч М.*******ийн гэрийн гадаа түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж М.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт байрлах хохирогч М.*******ийн гэрийн гадна түүнтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Д.*******д зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч М.*******ийн “...миний баруун хацар хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисон... намайг яасан гэж зодож байгаа юм гэж хэлэхэд ...эргэж хараад баруун хацар хэсэгт ахиад нэг удаа алгадсан. Тухайн үед би хашаа мөргөж унаад зүүн хацар халцарч, зүүн хөлийн өвдөг болон зүүн гарын тохой халцарсан байсан... Д.******* нь миний биеийн нүүрний баруун хацар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон... Би *******д зодуулснаас хойш миний толгой өвдөж зүүн талын хүзүүний ар хэсэг хөшиж өвдөж байна. Бас миний нүүр бага зэрэг хавдсан, хамар битүүрээд байна...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.*******гийн “...Д.******* ах машинтайгаа ирээд машинаас бууж ирснээ ээжийн нүүрийг базаад мангасдаад байсан. Ээж яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд ээжийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон... Ээж чи яагаад намайг ингээд байгаа юм бэ би чамайг ер нь яасан юм гэж хэлэхэд Д.******* ах ээжийн урдаас нэг ч үг дуугаралгүй учиргүй шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон... Би чамайг яасан юм гэж хэлээд ээж нуруу руу нь цохих гэсэн чинь ээжийн баруун талын шанаа хэсэгт гараараа шууд цохисон. Тухайн үед ээж хашаа мөргөөд саваад уначихсан... ээжийн хамраас цус гараад тогтохгүй байсан... Бас ээжийн баруун талын шанаа хэсэг хавдчихсан. Доод уруулын дотор тал нь шалбарсан, Зүүн талын шанаа хэсэг нь бага зэрэг халцарч улайсан...” гэсэн мэдүүлгээр, 
 Энэ талаар мэдүүлсэн гэрч М.*******гийн “... Д.******* манай хашааны гадаа машинтайгаа ирээд шууд М.*******ийн нүүр лүү гараараа мангасдаад түлхээд байсан... Д.******* нь эргэж хараад нүүр шанаа хэсэгт нь гараараа цохисон. Тэгэхэд М.******* нь хашаа мөргөөд уначихсан... Тухайн үед *******ийн хамраас нь цус гараад байсан... М.******* нь Д.*******г цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, 
 Гэрч Б.ын “...М.******* эгчийг нэг удаа нүүр шанаа хэсэгт нь гараараа цохиод ...хашаа руу орсон юм... би хүүхдээ машин дотор саатуулж байсан болохоор  цааш нь юу болсон талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, 
 Гэрч Д.ын өгсөн “...М.******* гэгч иргэн нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм. Тухайн үед 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зээ дүүдээ зодуулсан гэж байсан. Тэгээд надад үзүүлж эмчийн тодорхойлолт хийлгэж аваад явсан... Тухайн үед М.******* гэгч хүний дээд, доод уруул нь язралтай байсан. Мөн зүүн талын шанаа хэсэгт зулгаралт гэхээр улайлттай байсан. ...Хамрын баруун талдаа хонхойсон байсан. Тухайн иргэнээс асуухад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод хамар хонхойчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлгээр болон  2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “... Баруун талын хацар, хамар орчим хавдсан эмзэглэлтэй, толгой өвдөнө. 2022 оны 07 дугаар сарын 16-ны орой   ...хүнд баруун талын шанаа хэсэгт 4 удаа цохиулсан. ...Баруун талын шанааны урд хэсэг хацар орчим хавдсан. Гадна хамрын хэлбэр зөв Хамрын баруун талд эмзэглэлтэй хөөнгө, Онош: Хамрын таславч яс мурийх гэмтэл мэдрэлийн эмчид үзүүлэх, хүйтэн жин тавих...” гэсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлээр, 

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч М.*******ийн биед хөнгөн  зэргийн гэмтэл учирсан болох нь  Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...тархи доргилт, хамрын таславч мурийлт, баруун зүүн хацарт цус хуралт, доод эрүүний 4-р шүд 2-р зэргийн хөдөлгөөн дээр эрүүний хойд араа 4-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой... Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч М.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч М.******* нь шүүх хуралдаанд “...хохирол, төлбөр нэхэмжлээгүй...” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Д.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “ 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /333,333/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА