Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1501

 

 

 

 

 

 

  2022         10         17                                   2022/ШЦТ/1501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Өлзийжаргал,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б г 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ......... тоотод Орос, Украйны дайнаас болж маргалдсан гэх шалтгаанаар хохирогч Б.Д ы араас хутгаар хатгаж дух, хамрын нуруунд зулгаралт, баруун өгзөгт хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 3061 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Н.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ......... тоотод хохирогч Б.Д ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,

Яллагдагч Н.Б гийн гэрээс хурааж авсан гэх 31 см хэмжээтэй хар өнгийн бариултай хутгыг “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

 

Хохирогч Б.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай найз Н.Б  нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 13 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд өмнө нь надтай хамт ажилладаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө найз Н.Б гийн гэрт очсон. Тухайн үед Н.Б  ганцаараа байсан. Би гаднаас 0.75 литрийн “ерөөл” нэртэй архитай байсан бөгөөд бид 2 уг архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад Н.Б  гадагшаа гарч дахиад нэг шил архи авчирсан. Ямар нэртэй архи байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Н.Б гийн авч ирсэн архийг хувааж уугаад сууж байхад зурагтаа Орос, Украйны дайны тухай гарч байсан. Бид 2 хоёр талд хуваагдаж Оросын тал зөв, Украйны тал зөв гээд хоорондоо маргалдсан. Маргалдаад байхаар нь би гэр рүүгээ харих гээд гарах гэсэн чинь Н.Б  намайг гаргахгүй гээд бид хоёр гэрийнх нь үүдэнд зууралдсан. Тэгээд би гэрийнх нь хаалгыг онгойлгоод гарах үед миний араас хутгаар хатгасан байсан. Тэр үед Н.Б г хутгаар хатгасан гэдгийг мэдээгүй. Гадагшаа гараад явж байхад ахар сүүлний орчим нойтон оргиод байхаар нь гараараа барьж үзсэн чинь цус болчихсон байсан. Тухайн үед надад ямар нэгэн зовиур байгаагүй. Тэгээд би шууд цэргийн төв эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ хүргүүлсэн. Одоогоор миний биеийн байдал хэвийн байгаа ямар нэгэн зовиур байхгүй. Миний ахар сүүлний дээд хэсэгт нь жижиг хутганы шарх байсан. Зүүн гарын алганы гадна хэсэгт зүсэгдсэн шарх байсан... Н.Б г ямар хутгаар хатгасан гэдгийг мэдэхгүй байна. Хутгалах үед мэдэгдээгүй. Над руу хутга барьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэдний үүдний хэсэг жаахан харанхуй байдаг юм... Манай найз Н.Б  надаас уучлалт гуйж бид 2 сайн дураараа эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний аав Д ы биеийн байдал хэвийн. Гэрээрээ эмчилгээ хийлгэсэн байдалтай, яг одоо унтай бана. Түүний зүүн гарын сарвууны ар хэсэгт 1 удаа хурц иртэй зүйлээр зүссэн мэт шарх үүссэн. Ар нуруу ууц орчимд 1 удаа хурц иртэй зүйлээр зүссэн мэт шархтай байсныг Цэргийн төв эмнэлэгт оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай эмнэлэгт 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 10 минутад 103-аар хүргэгдэж ирсэн ба ирэх үед биеийн байдал дунд зэрэг /согтуу/ ухаан саруул, орчинтай харьцсан байдалтай ирсэн. Биед нь үзлэг хийхэд нуруунаас доош ахар сүүл орчимд 1.5 см орчим хэсэгт гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай. Зүүн гарын 1 сарвуу хоёрдугаар ар хэсэгт зүсэгдсэн шархтай /харьцангуй өнгөц/ бага зэргийн цус алдсан байдалтай ирсэн. Гаранд нь 2-3 оёдол, нуруунд нь 2-3 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12885 дугаар:

“Б.Д ы биед дух, хамрын нуруунд зулгаралт, баруун өгзөгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байх байхад өмнө нь хамт ажиллаж байсан багийн найз Б.Д  өглөөний 07 цаг өнгөрч байхад архи уусан бололтой халамцуу ирсэн. Б.Д  цүнхнээсээ 0.75 литрийн “ерөөл” нэртэй архи гаргаж ирсэн. Бид 2 гаргаж ирсэн архийг нь хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа бид 2 нилээн согтсон. Яг хэдэн цагийн үед архиа ууж дууссанаа санахгүй байна. Б.Д  унтана гээд зочны өрөөний диваан дээр хэвтсэн. Би дэлгүүр гарч 0.75 литрийн хараа архи авч ирсэн. Намайг архиа аваад ирэхэд Б.Д  сэрчихсэн диваан дээр сууж байсан. Б.Д  бид 2 үргэлжлүүлээд авч ирсэн архиа хувааж уусан бөгөөд талд нь хүртэл ууж байгаад тасарчихсан байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь цагдаагийн эрүүлжүүлэхэд орчихсон байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Багийн найзыгаа хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ харамсаж, уучлалт гуйж байна... Б.Д бид 2 архи уугаад нилээн согтсон байсан. Бид хоёр юм ярьж байгаад улс төр ярьсан. Мөн Орос, Украйны дайны талаар ярьсан. Би Украйныг, Б.Д  Оросын Холбооны улсыг өмөөрсөн. Түүнээс болж бид 2 ам зөрж маргалдсан. Манай хутга хоол хийдэг ширээний хажууд зориулалтын онгорхой саванд байдаг юм. Манай найз намайг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч Б.Д ы гаргасан “Миний бие Б.Д  нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найзтайгаа маргалдаж зодуулсны улмаас эрүүл мэндээр хохирсон тул цагдаагийн газарт шалгагдаж буй найз маань надаас уучлалт гуйж буруугаа хүлээсэн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 66/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан шүүгдэгч Н.Б гийн гаргасан “Миний бие Д д гэмтэл учруулсандаа уучлалт гуйж, бид 2 уучлалт гуйсны улмаас эвлэрсэн тул хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 67/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Н.Б гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 59-65/, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 630 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Н.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Н.Б  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Н.Б д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Н.Б  нь хохирогч Б.Д ы бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Д  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Н.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 31 см хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ