Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 3582

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03582

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б  ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г ,

 

Хариуцагч: Д.Ц  нарт холбогдох,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагч Д.Ц-ын өмгөөлөгч Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М.Б  би нөхөрийн хамт Солонгос улсад 2005 оноос 2010 оны 07 cap хүртэл ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Солонгос улсад хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руу төрсөн эгч болох М.Г д явуулж орон сууц захиалсан. Мөн хүү Г.Ө, охин Г.Ө нарыг асрамжинд нь үлдээн, Монгол улсыг хөгжүүлэх сангаас олгох тэтгэмжийг авах эрхийг, нөхөр Г.Г  болон өөрийнхөө улсын төсвөөс олгох мөнгийг авах эрхийг тус тус итгэмжлэлээр олгосон. Нөхөр бид орон байртай болох зорилгоор Солонгос улсад ажил хийж олсон мөнгөө эгч М.Г  руу явуулж, М.Г  эгч "Ө" ХХК-иар 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг захиалан бариулах тухай гэрээг байгуулж 70,000,000 төгрөгөөр захиалсан. 2008 оны 03 сард гэрээ байгуулахад 14,690 ам доллар өгч байгуулсан гэсэн. Би Солонгос улсаас мөнгө явуулахдаа эгч М.Г гийн нэрээр доллараар явуулдаг байсан ба М.Г  эгч "2009 онд чиний явуулсан мөнгө 47,000,000  болсон, үлдэгдэл нь 23,000,000 төгрөг болж байна, үлдэгдлийг нь зээл болгож байрны гэрчилгээг гаргахаар болсон чинь би зээлтэй болохоор зээл олгохгүй байна, манай нөхөр Д.Ц ын нэрээр байрны гэрчилгээг Д.Ц ын нэрээр зээл гаргаж авлаа" гэсэн юм. Байрны гэрчилгээ Д.Ц ын нэр дээр гарсан ба 23,000,000 төгрөгний зээл болон зээлийн хүүг би төлж эхэлсэн. Монгол улсад ирсний дараа би эгчийнхээ үйлдвэрт ажиллаж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан. Нөхөр бид хоёр Солонгос улсаас 2010 оны 07 сард ирэх хүртэл, захиалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 байр, 37 тоотын 2 өрөө орон сууцанд эгч М.Г  нь нөхөр Д.Ц , манай хүү, охинтой хамт амьдарч байсан. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотод байрлах хүдалдаж авсан байрандаа М.Б  би нөхөр, хүү, охины хамт 2010 оны 07 сараас одоо хүртэл амьдран, тог ус, байрны мөнгөө төлж байна. Би эгч М.Г гаар дамжуулан уг орон сууцыг захиалан худалдаж авч өөрийн гэсэн орон байртай болсон юм. Гэтэл одоо хүртэл байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Байрны гэрчилгээнд нэр нь байгаа Д.Ц аас гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа хэлж шаардсан боловч шилжүүлж өгөөгүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд ирж уг байр Капитал банканд 216,000,000 төгрөгний барьцаанд байгаа, хураагдсан байр гэсэн. Олон жил үр хүүхдээ орхиж, хүний нутагт өдөр шөнөгүй ажиллаж мөнгөө хуримтлуулан худалдаж авсан орон сууцаа шүүхэд хандахгүйгээр өмчлөгч болох боломж надад алга. Иймээс М.Б  намайг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 байр, 37 тоотын байршилтай, орон сууцны зориулалттай 64,06 м.кв талбайтай хоёр ерөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч М.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “Миний төрсөн дүү М.Б  нь нөхөр Г.Г ийн хамт 2005 оноос 2010 онд хүртэл Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө над руу явуулж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотын байршилтай, орон сууцны зориулалтай 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг "Ө" ХХК-иар захиалсан. Би нөхөр болох Д.Ц ын нэрээр байрны гэрчилгээг гаргаж, ХААН банкнаас 23,000,000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан . Уг зээлийг М.Б  төлж дуусгасан юм. Мөн М.Б  хоёр хүүхдээ миний асрамжинд үлдээсэн ба Солонгосоос 2010 оны 07 сард ирэх хүртэл уг байранд би нөхөр болон хоёр хүүхэдтэй нь хамт байж байгаад байрыг хүлээлгэж өгөөд тусдаа гарсан. Миний салсан нөхөр Д.Ц  нь байрны гэрчилгээг М.Б гийн нэр дээр шилжүүлж өгөх ёстой байсан ч шилжүүлж өгөхгүйгээр Капитал банканд зээлийн барьцаанд тавьсан ба зээлээ төлөөгүй болохоор уг байрыг албадан дуудлага худалдаанд оруулсан байсан. Энэ байрыг М.Б  над руу мөнгө явуулж, зээлээ төлж худалдаж авсан байр. 2010 оноос хойш нөхөр хүүхдийн хамт амьдран сууж байгаа“ гэжээ.

 

            Хариуцагч Д.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “Миний эхнэр М.Г гийн төрсөн дүү М.Б  нь нөхөр Г.Г ийн хамт 2005 оноос Солонгос улсад очиж ажиллан, М.Г  руу мөнгөө шилжүүлж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоотын байршилтай, орон сууцны зориулалтай 64,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг "Ө" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг миний нэрээр хийж захиалсан. Миний нэрээр байрны гэрчилгээг гаргаж Хаан банкнаас 23,000,000 төгрөгний зээл авахад барьцаанд тавьсан. Би “Ц" ХХК-ийн захирал албан тушаалтай юм. "Ц" ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Капитал банкнаас зээл авахад өөрийнхөө нэр дээрээ байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан, Зээлээ төлж чадаагүй болохоор байр албадан дуудлага худалдаанд орж байгаа. Олон жилийн өмнө орон сууц захиалах гэрээ болон зээл авч байсан баримтууд надад алга. Эхнэр бид хоёр салсан ба одоо тус тусдаа байдаг. Би байрыг нь М.Б  Солонгосоос ирэхэд нь хүлээлгэж өгсөн ч нэр дээр нь шилжүүлээгүй. М.Б гийн мөнгөө төлж захиалан худалдаж авсан байр гэдэгт миний зүгээс маргаангүй болно. Мөн М.Б  Хаан банкнаас авсан зээлийг хүүгийн хамт төлсөн“ гэжээ.

 

Хариуцагч Д.Ц ын өмгөөлөгч Н.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч хариу тайлбар дээрээ энэ талаар маргаагүй байдаг. Солонгосоос ирсний дагуу зээлийн хүүг төлөлцөж байсан гэж бичсэн байдаг. Гэхдээ Д.Ц  нь шударга эзэмшигч, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад ийм асуудалд хүрсэн. Тухайн цаг хугацаанд эгчийнх нь нөхөр нь байсан. Анхнаасаа залилан мэхлэх санаа байгаагүй. Ямар нэгэн байдлаар өөр дээрээ шилжүүлж аваад үрэн таран хийх санаа зорилго байгаагүй. Гэхдээ хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа.Тухайн орон сууцандаа амьдарсан гэж ойлгож байгаа тул шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч М.Г , Д.Ц  нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.Ц  нь тайлбартаа "Ц" ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Капитал банкнаас зээл авахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг барьцаалснаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх боломжгүй болсон гэжээ.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот, орон сууцны зориулалттай, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Ц  бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000078998 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-9/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нөхрийн хамт 2005 оноос 2010 оны хооронд БНСУ-д ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол улс руу хариуцагч М.Г  руу явуулж түүний нөхөр Д.Ц ын нэр дээр орон сууц захиалан, холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан тул уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж тодорхойлжээ.

 

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Д.Ц  нь 2008 оны 03 сарын 25-ны өдөр “Ө” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулж, тус компанийн барьж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 7 давхарын 37 тоот, 64,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 850 ам.доллараар тооцон захиалж, нийт 54,451 ам.доллар буюу 69,528,000 төгрөгийг төлөхөөс 46,528,000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг Хаан банкны зээлээр төлж, 2009 оны 03 сарын 03-ны өдөр Д.Ц ын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан болох нь тогтоогдож байна. /хх-6-7, 8, 9/

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй орон сууцыг захиалах гэрээ байгуулах үед болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Ц ын нэр дээр гаргуулах үед нэхэмжлэгч нь БНСУ-д байсан, Монгол улсад байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчийн явуулсан мөнгөөр бэлнээр болон банкны зээлээр төлсөн, Хаан банкны зээлийг нэхэмжлэгч бүрэн төлсөн, хариуцагч нар нь орон сууцанд нэхэмжлэгчийн хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2010 оны 07 сард нэхэмжлэгчийг Монгол улсад ирэхэд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш өөрийн гэр бүлийн хамт  орон сууцандаа амьдарч байгаа талаар зохигчид маргаагүй. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцны өмчлөгч нь М.Б  мөн болохыг хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд нэхэмжлэгч М.Б г Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч М.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв. Мөн хариуцагч Д.Ц  нь түүний эзгүйд өмгөөлөгч Н.Э ыг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан М.Б  /РД:ЧЕ72092601/-г Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байр, 37 тоот, 64,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц , М.Г  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР