Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1489

 

 

 

 

 

 

 

 

  2022        10          14                                  2022/ШЦТ/1489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюунцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Х.А  нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А д холбогдох эрүүгийн 2106 04328 2797 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А ыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны ........  хохирогч Г.Б ийн ширээн дээр тавьсан байсан айфоне Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

 

 шүүгдэгч Х.А  нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ....... хохирогч Г.Б ийн айфоне Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би ............... сурдаг бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 10 минутын орчимд ...........  өнөөдөр хууль зүйн мэргэжлийн удиртгал түүний ойлголт хичээл ороод, 14 цаг 10 минутад завсарлаад, завсарлагааны үеэр хүүхдүүд ширээ сандал дээрээсээ босоод эхэлсэн үед өөрийн гар утсаа ширээн дээр тавиад, доошоо тонгойгоод гутлаа үдчихээд эргэж ирээд, гар утсаа ширээ нь дээрээс авах гэсэн чинь миний гар утас байхгүй болчихсон. Тэгэхээр нь би өөрийнхөө хоёр найзыг авчихсан юм байх гэж бодоод, юм бодоогүй ангиас гарч яваад, ангийн найз М ын утсаар өөрийн ....... дугаарт залгахад миний утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгэхээр нь ангийн багш О т болсон явдлын талаар хэлэхэд, ангийн багш О , ангийн дарга Х  нар ангийн хүүхдүүдийг цуглуулаад, хувцас цүнхэнд нь нэгжлэг хийхэд, миний гар утас гарч ирээгүй. Тэгээд миний утас гарч ирэхгүй болохоор нь манай ангийн охин Ү  Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн хоёр алба хаагч сургууль дээр ирээд надаас болсон явдлын талаар асуугаад, сэжиглэж байгаа хүн байна уу гэхэд би манай ангийн Х.А ыг намайг гутлаа үдэж байх үед миний хажууд зогсож байсан гэж хэлсэн, тэгээд тэр хоёр цагдаа намайг Цагдаагийн хэлтэсрүү очиж бай хэлсэн бөгөөд намайг цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Х.А  миний араас ирээд би чиний гар утсыг гаргаад өгье хоёулаа цагдаа сэргийлэх гээд яах юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа авья гэхэд Х.А  би чиний гар утсыг сургууль дээр нуучихсан байгаа гэж хэлээд би өөрийн ах Марал-Эрдэнэ, Х.А  нарын хамт сургууль дээр очоод Х.А ын миний утсыг нуусан газарт очиж өөрийн гар утсыг авсан. Х.А  миний rap утсыг ИЗОУИС-ийн 2-р байрны 5 давхарын коридорт байдаг сангийн хоолойны гадна байдаг дөрвөлжин төмөр хайрцаг дотор хийчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний найз Х.А  нь үнэнч шударга, худал хэлж, хулгай хийдэггүй, миний хувьд хамгийн сайн хүмүүжилтэй хүү гэж боддог. Манай найз урлаг спортод сайн. Сургуульд байх хугацаандаа тэргүүний сурагч байсан. Найз нөхөдтэйгөө нийтэч, хүнд тусархуу, хүнд огт худал хэлнэ гэж байдаггүй үнэнээ л хэлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч М.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр миний сурдаг сургууль болох .................... “хууль зүйн мэргэжлийн удиртгал” хичээл ороод завсарласан. Тухайн үед манай ангийнхан ангиасаа гарах гэтэл бужигнаад байх зуур манай ангийн хүүхэд болох Б  нь завсарлагааны үеэр гар утас алга болчихлоо гэж надад хэлсэн. Тухайн үед би ангийн даргаар ажиллаж байсан учир ангийн хүүхдүүдийг явуулахгүй буцааж ангид оруулаад ангийн хүүхдүүдийн цүнхийг үзэхэд гар утас гарч ирээгүй. Тэгээд 102 дугаарт дуудлага мэдээлэл өгч мөн сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирэхэд А , Б  хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд А  нь Б ийн гар утсыг гаргаж өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Гэрч Г.Ү ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр миний сурдаг сургууль болох ...............................  “хууль зүйн мэргэжлийн удиртгал” хичээл ороод завсарласан. Тухайн үед манай ангийнхан ангиасаа гарах гэтэл бужигнаад байх зуур манай ангийн хүүхэд болох Б  нь завсарлагааны үеэр гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед би 102 дугаарт дуудлага мэдээлэл өгч ангийн хүүхдүүдийг нэг лекцийн танхимд байлгаж байгаад цагдаагийн алба хаагч ирэхээр нь тосч аваад болсон зүйлийн талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд сэжиглэж байгаа нэг хүүхдийг хэлсэн. Тэр нь А  байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд Б , А  хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгээд дараа нь Б оос гар утсаа олсон талаар асуухад “утсаа олсон, А  авсан байсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 750.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, 

 

Шүүгдэгч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн сурдаг байсан ................... бүлгийн суралцагч нартай хамт хичээлдээ ороод байж байсан. Тухайн үед лекц орж байсан ба тараад ангиас гарах гэж байхад ширээн дээр манай ангийн хүүхэд болох Б ийн айфоне Х загварын гар утас байхыг нь хараад тухайн гар утсыг Б ийн зөвшөөрөлгүйгээр аваад тус сургуулийн 4 давхарт байрлах нойлын өрөөний хажуугийн коридорт байдаг трубаны төмөр дөрвөлжин хайрцаганд хийж нуусан. Тэгээд би ангийн хүүхдүүдтэй хамт сууж байхад Б  нь гар утсаа асуусан. Тэгээд багш ирээд ангийн хурал хийж хүүхдүүдийн цүнхийг үзсэн. Тэгтэл манай ангийн нэг хүүхэд цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл цагдаа ирээд надаас “чи утсыг авсан уу” гэж асуухаар нь би үнэнээ хэлээд Б ийн гар утсыг гаргаж өгөсн. Би Б-ийн гар утсыг зарж борлуулах гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан шүүгдэгч Х.А ын гаргасан “А  миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид хохирол мөнгөний тооцоо байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан хохирогч Г.Б ийн гаргасан “Г.Б  миний бие Х.А оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 56/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Х.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаар “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 59, 63/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Х.А  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.А ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Х.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гар утсаа буцаан авсан бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Х.А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.А  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.А д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ