Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1332

 

 

 

 

 

 

 

      2022        09         13                                     2022/ШЦТ/1332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцэцэг,

шүүгдэгч А.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Э ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2416 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сагсны талбайд насанд хүрээгүй хохирогч Г.О ыг “Т ын нүүр рүү цохилоо” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь доод үүдэн баруун 2 дугаар шүдний хөдөлгөөн, доод уруулд няцарсан шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2416 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч А.Э  нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Г.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр найз Б , Х  нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сагсанбөмбөгийн талбайд сагс тоглосон ба өөр нэг баг орж ирээд хамтдаа тоглож байсан. Манай баг хоёр оноогоор хожиж байсан. Би самбараас бөмбөг авах гээд нөгөө багийн хар хувцастай хүүхдэд биеэрээ контакт өгөхөд тэр хүүхэд уурлаж намайг түлхээд дух руу нэг удаа мөргөхөөр  нь миний уур хүрээд тэр хүүхдийн зүүн талын хацар руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн тэр хүүхдийн ах гэх дээгүүрээ хар өнгийн эртүүз, доогуураа шорт пүүз өмссөн залуу ирээд миний уруул хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн миний уруул сэтэрч цус гарахаар нь цусаа тогтоох гэж байх үед миний цамцнаас чирээд цаашаа дагуулж явж байхдаа толгой хэсэгт 2 удаа цохисон. Надад цохиулсан хүүхэд миний толгой нэг удаа цохиход манай хоёр найз, тэр хүмүүсийн хоёр найз нар ирээд бид нарыг салгасан. Би тэр газартаа цусаа арчаад сууж байх үед манай хоёр найз цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

...Миний биед учирсан доод үүдэн баруун хоёрт шүдний хөдөлгөөн, доод уруулд няцарсан шарх, баруун, зүүн, бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтлүүдийг Э  гэдэг хүн учруулсан. Одоо миний шүд хөдөлгөөнтэй хатуу зүйл идэхэд зовиуртай байгаа учраас би Даймонд Дент шүдний эмнэлэгт үзүүлэхэд сувгийн эмчилгээ 165.000 төгрөг, эрүү, нүүрний дэлгэмэл зураг 35.000 төгрөг, хөдөлгөөнтэй байгаа шүдэнд чиг тавихад 150.000 төгрөгийн эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Мөн тухайн өдөр би Гэмтлийн эмнэлэгт 5 оёдол тавиулсан бөгөөд сорвитой байгаа болохоор эмчилгээний тос авах шаардлагатай байна. Уг тос нь Монос эмийн санд 59.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан. Эдгээр зардлуудыг Энх-Унлрахаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Гэрч Г.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Э  ах, найз Х , У , А  нарын хамт Цэцэрлэгт хүрээлэн орсон. Тэнд Э  ахын найз нартай нэг баг болоод танихгүй 3 хүүхэдтэй эсрэг баг болж тоглосон. Надтай ойролцоо нуруутай, 18-20 насны ногоон өнгийн фодволктой эрэгтэй хүүхэд намайг хааж тоглож байгаад шахаад байхаар нь эхлээд “зүгээр тоглооч ээ” гэж хэлсэн. Тэгээд дахиад самбар доор тэр хүүхэдтэй таарахад намайг шахаад тоглуулахгүй болохоор нь би адилхан шахахад миний нуруу руу гараараа түлхсэн. Тэгэхээр нь “чи яагаад байгаа юм бэ” гэхэд тэр “яасан” гээд ойртоод  зогсохоор нь би холдуулах гээд духаараа тэр хүүхдийн дух руу тулж байгаад түлхэхэд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би гайхаад нүүрээ дараад зогсож байх үед тэнд тоглож байсан хүмүүс тал талаас хүрч ирээд бужигнаад нэг харахад намайг цохисон хүүхдийн амаа дарчихсан, амнаас нь цус гарч байсан. Э  ах руу махлагдуу хүүхэд фодволкоо тайлж байгаад дайрах гэхэд Х , У  2 босож ирээд салгасан. Харин А  ах нөгөө нэг хүүхдийг зодоонд оролцуулахгүй гээд барьчихсан байсан. Тэгээд манай ах нар зодоон хийж болохгүй гээд ярилцаж ойлголц гээд зодоон ч үргэлжлээгүй. Амнаас цус гарч байсан хүүхдийг сандал дээр суулгаад учлалт гуйж үлдээд намайг гэртээ харьж бай гээд явуулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Ш.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбай дээр найз нартайгаа сагс тоглож байсан. Тэгээд Э , Т  хоёрыг сагс тоглож байх үед би утсаараа тоглоод сууж байсан ба гэнэт хүн цохих чимээ гарахаар нь харахад Т  1 хүүхэдтэй муудалцаж байх үед нь Э  гүйж очоод салгаад бужигналдсан. Тэгээд тэрнээс хойш зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,  

 

Гэрч Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр найз нартайгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн сагсны талбай дээр тоглож байхад нөгөө талын багийн өндөр нуруутай хүүхэд Т ыг хэд хэдэн удаа түлхээд байсан. Гэтэл Т  эргүүлээд нэг удаа түлхэхэд нөгөө хүүхэд Т ыг цохиод унагаачихсан. Тэгсэн Э  гүйж очоод нөгөө хүүхдийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Цус гараад бүгдээрээ бужигналдаад би салгаад зодоон үргэлжлээгүй зогссон... гэх мэдүүлэг /хх-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8842 дугаартай:

“Г.О ын биед доод үүдэн баруун 2-р шүдний хөдөлгөөн, доод уруулд няцарсан шарх баруун, зүүн,  бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн ба 2-3 хоногийн өмнө үүссэн байх болоижтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

Шүүгдэгч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дүү Т , найз У , Х , А  нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсон. ...тэгсэн нэг хүүхэд нь манай дүү Т ын нүүрэн тус газар нь гараараа цохихоор нь би тэр хүүхэд дээр очоод цамцнаас баруун гараараа татаж холдуулаад зүүн гараараа нэг удаа нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед би шарлахсандаа болоод тэр хүүхдийг цохисон. Тэнд байсан хүүхдүүд бужигналаад байхаар нь “за ингээд больё, хэл амаараа учир зүйгээ олъё” гэж хэлээд зодоон болоогүй. Тэр хүүхдээс уучлалт гуйгаад цагдаа дээр ирж мэдүүлэг өгөөд хамт эмнэлэг орж оёдол тавиулсан. Маргааш нь дахиад томограф үзүүлээд ойр зуурын эм авч өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 42/,  

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 02-04/,

-дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 29/,

- хохирлын баримтууд, эмчилгээний баримт /хх-ийн 55-56, 57/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 50/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51/, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргий гүйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

 Шүүгдэгч Х.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Х.Э ын насанд хүрээгүй хохирогч Г.О ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч: Мөрдөн байцаалтад 170.000 төгрөг, 120.000 төгрөг, нийт 290.000 төгрөгийг  өгсөн. Дээр нь таксины төлбөрийг нь төлсөн. Шүүхийн шатанд нэмж нотлох баримтгүйгээр 140.000 төгрөгийг шилжүүлсэн.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь: 165.000 төгрөг, 150.000 төгрөг, 35.000 төгрөг, 59.000 төгрөг, нийт 409.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нэхэмжилж байгаа зардал нь одоогоор хийгдчихсэн байгаа зардал байх бөгөөд ийм зардлаар түүний биед учирсан шүдний гэмтлийг эмчилнэ гэсэн эмнэлгийн тодорхойлолт дахь тооцоолол юм.

 

Шүүх ирээдүйд хийгдэх тооцоог урьдчилан шийдвэрлэх боломжгүй бөгөөд гагцхүү хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхэд бодитоор гарсан тооцоо хохирлыг буруутай этгээдийн хариуцах хэмжээг тогтоодог болно.

 

Иймд хэрэгт авагдаагүй боловч учирсан гэмтлийг эмчлэхэд гаргасан зардал, цаашид гарах зардлын талаарх санхүүгийн баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Э  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч Х.Э ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хувийн байдал Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан торгох ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч А.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ