Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2022/0296/Э |
Дугаар | 2022/ШЦТ/331 |
Огноо | 2022-10-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/331
2022 10 06 2022/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 2225005460353 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 3-6-р байрны гадна Ч.Уянгыг үснээс нь зулгаан чирж толгой тус газар нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.Эын мэдүүлсэн: Ганц тэр шөнийн явдал биш. Тэр эмэгтэйг 13 жилийн өмнөөс танина. 3 жилийн өмнөөс нөхрийн утсанд мсж ирдэг болсон. Нөхөр архи ууж алга болдог болсон. Бас хүнд зодуулж эмнэлэгт хэвтэж байсан. Би санаа зовдог болсон. Тэр шөнө нөхөр бид гэртээ унтаж байхад тэр хүүхэн утасдаад байсан. Тэгээд би гарсан. Зодсон нь үнэн гэхдээ өшиглөөгүй, гараараа цохисон, үснээс нь татаж доош нь дарсан. Уураа барьж дийлээгүй миний буруу гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:
-хохирогч Ч.У ...2022 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө манай нөхөр бид хоёр хүүхдээсээ болоод муудалцаад би уурандаа гэрээс гараад найз Отгонцэцэгтэй уулзаад манай гэрийн гадаа суугаад ярилцаж байгаад 2 литр айраг хувааж ууж байхад миний утсанд чат ирэхээр нь харахад манай нөхрийн ахынх нь найз Мөнхсайхан гэх хүнээс “сайн уу хаана байгаа юм” гэсэн утгатай чат ирэхээр нь хариулаад чат бичсэн. Мөнхсайхан надад 200,000 төгрөгийн өртэй байсан би холбогдож чадахгүй байсан болохоор шөнө орой болсон ч хамаагүй уулзаад мөнгөө нэхэх санаатай та гэрийн гадаа хүрээд ир гээд чат явуулахад Барилгачдын талбай дээр уулзъя гэсэн. Ирчихээд машинаасаа буухгүй байж байгаад хөдлөөд яваад өгөхөөр нь араас нь дагаад гэрийнх нь гадаа яваад очиход машин дотроос эхнэр нь бууж ирээд үгийн зөрүүгүй шууд намайг үсдэж аваад машинаас буулгаад шууд доошоо дараад нүүр нүдгүй өшиглөөд, гараар цохиод байхаар нь эгчээ би жирэмсэн хүн шүү та намайг буруугаар ойлгоод байна гэж хэлэхэд миний үгийг огт тоохгүй намайг зодож байгаад нөхөррүүгээ залгаад чи муу новш гараад ир гэхэд нөхөр нь гарч ирээд бид хоёрыг салгахаар нь би гэррүүгээ явсан. Би Мөнхсайхан гэх хүнтэй ямар нэгэн дотно харилцаа байхгүй байхад намайг буруугаар ойлгоод ийм асуудал үүссэн. Миний биед учирсан бэртэл гэмтэл байна. Баруун нүд хавдаж хөхөрч шалбарсан, толгой өвдөөд энэ тэндээ хавдсан. Баруун гарын сарвуу хэсэгтэй атгахад хөндүүр оргиод хөхөрсөн. Би таван сартай жирэмсэн болохоор нуруу ууцаар хатгуулж өвдөж байгаа. Өнөөдөр нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ЭХО-д харуулахад хамаагүй гадуур явж болохгүй эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-н 5-р тал/
-гэрч Д.М мэдүүлсэн ...2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байхад эхнэр Эрдэнэжаргал намайг сэрээгээд чиний утас руу энэ дугаар залгаад байна чи аваад яриадхаач гэхээр нь би утсаа авахад залгасан хүн дуугарахгүй байхаар нь маргааш ажилтай гэж хэлээд унтсан. Шөнө дунд унтаж байхад эхнэр Эрдэнэжаргал охин Энхжингийн утас руу залгаж надтай яриад ... гараад ир гээд уурлаад байсан. Би гэрээс гарахад эхнэр Эрдэнэжаргал нь өмнө таньдаг байсан Уянга гэх эмэгтэйгийн хувцаснаас нь барьчихсан зогсож байсан ба надад хандаж “чамтай явалддаг хүүхэн чинь мөн үү” гээд намайг хардаад байсан. Би эхнэр Эрдэнэжаргалыг Уянгаас салгаад Уянгаад яв гэж хэлээд явуулсан. Би эхнэр Эрдэнэжаргалд Уянга нь манай найзын дүүгийн эхнэр гэж хэлчихээд бид хоёр гэртээ орж амарсан….гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 662 дугаартай... Ч.У биед баруун нүдний дээд доод звохи, баруун гарын бугалга, шуу тохой, зүүн гарын шуунд цус хуралт, дух, зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Баруун нүдний доод дээд зовхи, баруун гарын бугалга, шуу, тохой, зүүн гарын шуунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дух, зүүн гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-н 20-21-р хуудас/
Ц.Эын сэжигтнээр мэдүүлсэн... 2022 оны 09 дүгээр сарын 01-нйй орой 21 цагийн үед би гэртээ нөхөр Мөнхсайхан, 6 хүүхдийн хамт унтсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрчихсөн байхад нөхөр Мөнхсайханы утас руу нууцлагдсан дугаараас 1 удаа дуудлага ирсэн. Тухайн үед би унтаагүй хэвтэж байсан ба нөхөр, хүүхдүүд маань унтаж байсан. Батчулуун гэх фэйсбүүк хаягнаас нөхөр Мөнхсайханы фэйсбүүк чат руу 01 цаг 05 минутад дүрстэй дуудлага ирэхээр нь би аваагүй... Би нөхрийнхөө өмнөөс уг эмэгтэйтэй чат бичиж байгаад барилгачдын тапбай дээр уулзахаар болоод гэрээсээ нөхрийнхөө хувцас, малгайг нь өмсөөд ганцаараа гарч, өөрийн эзэмшлийн машинд суугаад барилгачдын талбай дээр очиход 2 машин зогсож байсан... Би хэсэг зогсож байгаад гэртээ харих гээд 3-6 дугаар байрны уулзвараар эргэхэд миний араас нэг машин тулаад ирсэн. Би өөрийнхөө машинаас буугаад нөгөө машины жолооч талын хаалгыг онгойлгоход өмнө нөхөртэй маань уулздаг байсан эмэгтэй ганцаараа, архи уучихсан согтуу сууж байсан. Тэр эмэгтэй намайг хараад машинаа зогсоосон. Тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд бид хоёр маргалдсан ба зугтах гээд байхаар нь би үснээс нь зулгааж доошоо дарсан. Тэр эмэгтэйгийн нүүрний зургийг дарах гээд гарнаас нь татсан. Тухайн үед их уур хурсэн болохоор цохисон байж магадгүй. Би тэр эмэгтэйгээс нөхрийнхөө дугаарыг өг гэж шаардсан. Мөн өөрийнхөө нөхөр Мөнхсайханыг дуудсан. Мөнхсайхан гэрээс гарч ирээд нөгөө эмэгтэйг хараад ...чи яах гэж ирсэн юм бэ гэж хашгирсан. Мөнхсайхан бид хоёр хоорондоо маргалдаж байхад нөгөө эмэгтэй эгчээ би таны амьдралд дахиж гай болохгүй, уучлаарай гэж хэлээд алхаад явсан. Бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/
Шүүгдэгч Ц.Эын “Bat Chuluun” гэх нэртэй фейсбүүк хаягаар харилцсан захидлын хуулбар /хх-ийн 59-76-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 3-6-р байрны гадна Ч.Уянгыг өөрийн нөхөртэй хардсаны улмаас үснээс нь зулгаан чирж толгой нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ц.Эын үйлдлийн улмаас Ч.У биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ч.У мэдүүлсэн... араас нь дагаад гэрийнх нь гадаа яваад очиход машин дотроос эхнэр нь бууж ирээд үгийн зөрүүгүй шууд намайг үсдэж аваад машинаас буулгаад шууд доошоо дараад нүүр нүдгүй өшиглөөд, гараар цохиод байхаар нь...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 662 дугаартай... Ч.У биед баруун нүдний дээд доод звохи, баруун гарын бугалга, шуу тохой, зүүн гарын шуунд цус хуралт, дух, зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Баруун нүдний доод дээд зовхи, баруунгарын бугалга, шуу , тохой, зүүн гарын шууэд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлин хөнгөн зэрэгт хамаарагдана..... гэх дүгнэлт, гэрч Д.Мөнхсайханы мэдүүлсэн... Би гэрээс гарахад эхнэр Эрдэнэжаргал нь өмнө таньдаг байсан Уянга гэх эмэгтэйгийн хувцаснаас нь барьчихсан зогсож байсан ба надад хандаж чамтай явалддаг хүүхэн чинь мөн үү гээд намайг хардаад байсан. Би эхнэр Эрдэнэжаргалыг Уянгаас салгаад Уянгаад яв гэж хэлээд явуулсан... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Ц.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Ч.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэж,
-Шүүгдэгч Ц.Э : Ялын саналыг зөвшөөрч байна, миний буруу гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.У нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Цийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ