| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/8080/и |
| Дугаар | 3731 |
| Огноо | 2018-12-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 3731
| 2018 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2018/03731 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХЕГ,
Хариуцагч: Х 0245 А нарт холбогдох,
Эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөг, унааны зардал 703,700 төгрөг, 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 46,837,400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч ХХЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Х 0245 А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, иргэдийн төлөөлөгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Б.Л нь 1980 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн билээ. Тэрээр 2005 оны 11 сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт ХХЕГ харьяа ХЦ 0245 А ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э н үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын Богалтын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон бөгөөд түүний сүйт залуу нь ч тухайн гэмт хэргийн хохирогч болж нас барсан. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, 2007 оны 01 сарын 16-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ялаар шийтгэж, Б.Л д учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу ХЦ 0245 А -иас 2006 оны 09 сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1,117,810 төгрөгийг Б.Л д төлсөн. Мөн шүүхийн 2007 оны 06 сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд тооцож Б.Л гийн 2007 оны 1, 2 дугаар сард худалдан авсан эмийн үнэ болох 265,660 төгрөгийг ХЦ 0245 А ангиас дахин гаргуулсан. Б.Л нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчиндөө бие сэтгэлээрээ шаналан зовж, хэвтэрт байнгын асаргаа, сувилгаа, эмчилгээтэй байснаас гадна эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломж хомсоос ажил, орлогогүй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйл 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар байлдагч Б.Э н цэргийн алба хааж байсан ангийн удирдах дээд байгууллага болох Хилийн цэргийн ерөнхий газар, Х 0245 А-иас гэм хорын хохирол дараах төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд:
1/ Иргэний хуулийн 505 дугаар зүйл 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсний дагуу 2010 оны 06 сараас 2016 оны 02 сард эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд 3,157,480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж, буцах замын зардалд 703,700 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулах;
2/ Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3-д “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид cap тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй”. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” 509 дүгээр зүйлийн 509.1-д “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэсний дагуу Б.Л гийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацаанд сар тутам төлөх нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 46,837,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах;
3/ цаашид шүүхийн шийдвэр гарснаас хойш сар тутам тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг хариуцагч нараас гаргуулж Б.Л д олгуулж өгнө үү" гэв.
Хариуцагч ХХЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б.Л гээс гаргасан гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Х 0245 А-д хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Н 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Л , байлдагч Б.О нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолд хилийн цэргийн анги, салбарыг дурдаагүй байгаа нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Э гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа эттээдийг төрийн албан хаагч гэнэ” заалтыг үндэслэл болгон Б.Э г төрийн албан хаагч мөн гэж маргасан. Тухайн үед Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байсан иргэн юм. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн албан тушаалыг 5.1.1.төрийн улс төрийн, 5.1.2.төрийн захиргааны, 5.1.3.төрийн тусгай, 5.1.4.төрийн үйлчилгээний гэж хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарна” гэж заасны дагуу ХХБ нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн албан хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлс нь “албан тушаалын цалин, ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны, цол зэрэг дэв, докторын зэрэг, мэргэшлийн зэрэг, ур чадвар бусад нэмэгдэл”-ээс тус тус бүрдэхээр хуульчлагдсан. Мөн төрийн албан хаагчдад Засгийн газрын 2014 оны 332, 208 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгодог. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үүргийг тусгаж өгсөн байдаг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Дотоод албаны дүрмийн 104 дүгээр зүйлд “байлдагч”-ийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн төрийн алба хаагч нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу ажпын байр, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулан албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь ямар нэгэн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаал хашдаггүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажпын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг. ХХБ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш болох нь харагдаж байна. Монгол улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.18. “Хилчин” гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг хэлнэ гэж тодорхойлсон. Хилчин гэдэг нь албан тушаалын нэршил биш бөгөөд хил хамгаалах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа иргэнийг нэрлэсэн нэршил юм. Иймд Б.Э нь хугацаат цэргийн алба хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хороо Б.Э нь хариуцан арилгах үүрэгтэй. Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Х 0245 Аас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буюу ажил олгогчийн хүлээх хариуцлагын хүрээнд Б.Л д гэм хорын хохирол гаргуулж байсан нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас Б.Э гийн өмнөөс Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш, гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Х 0245 Айн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б.Л гээс гаргасан гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Х 0245 А-д хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Н 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Л , байлдагч Б.О нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолд хилийн цэргийн анги, салбарыг дурдаагүй байгаа нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Э гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” заалтыг үндэслэл болгон Б.Э г төрийн албан хаагч мөн гэж маргасан. Тухайн үед Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байсан иргэн юм. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн албан тушаалыг 5.1.1.төрийн улс төрийн, 5.1.2.төрийн захиргааны, 5.1.3.төрийн тусгай, 5.1.4.төрийн үйлчилгээний гэж хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарна” гэж заасны дагуу ХХБ нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн албан хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлс нь “албан тушаалын цалин, ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны, цол зэрэг дэв, докторын зэрэг, мэргэшлийн зэрэг, ур чадвар бусад нэмэгдэл”-ээс тус тус бүрдэхээр хуульчлагдсан. Мөн төрийн албан хаагчдад Засгийн газрын 2014 оны 332, 208 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгодог. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үүргийг тусгаж өгсөн байдаг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Дотоод албаны дүрмийн 104 дүгээр зүйлд “байлдагч”-ийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн төрийн алба хаагч нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу ажпын байр, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулан албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь ямар нэгэн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаал хашдаггүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажпын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг. ХХБ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш болох нь харагдаж байна. Монгол улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.18. “Хилчин” гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг хэлнэ гэж тодорхойлсон. Хилчин гэдэг нь албан тушаалын нэршил биш бөгөөд хил хамгаалах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа иргэнийг нэрлэсэн нэршил юм. Иймд Б.Э нь хугацаат цэргийн алба хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хороо Б.Э нь хариуцан арилгах үүрэгтэй. Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Х 0245 Аас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буюу ажил олгогчийн хүлээх хариуцлагын хүрээнд Б.Л д гэм хорын хохирол гаргуулж байсан нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас Б.Э гийн өмнөөс Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш, гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар, Х 0245 А-д холбогдуулан эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөг, унааны зардал 703,700 төгрөг, 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 46,837,400 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Л нь 2005 оны 11 сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт ХХЕГ харьяа Х 0245 А-д хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э н үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, Хайрханы заставын Богалтын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Б.Э нь 2005 оны 10 сарын 31-ний өдөр Х 0245 Ад хугацаат цэргийн алба хааж байх үедээ харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Н 2005 оны 11 сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, байлдагч Б.О , иргэн Б.Л нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 сарын 16-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолооор тогтоосон байна. /хх1-9-10/
Нэхэмжлэгч нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар болон Х 0245 А-д холбогдуулан хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч нь төрийн албан хаагч биш учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан хариуцлагыг хариуцагч байгууллагууд буюу төр хариуцах үүрэггүй, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Хариуцагч нар нь гэмт хэрэг үйлдсэн Б.Э нь хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч гэдэг талаар маргаагүй боловч хилчин, байлдагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй тул төрийн албан хаагч биш гэж маргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1-д “Эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг юм.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” заасан бөгөөд хугацаат цэргийн алба хааж буй байлдагч нь эх орноо батлан хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагч мөн болно.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэсэн шаардлагыг хангахгүй байх, мөн хуульд заасан төрийн албан тушаалын ангилалд хугацаат цэргийн албан хаагч хамаарахгүй байх нь цэргийн албыг төрийн алба биш гэж, цэргийн алба хааж буй иргэнийг төрийн албыг хэрэгжүүлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Л нь хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Э н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар болон Х 0245 Аас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Э нь Х 0245 Ад алба хааж байсан болох нь баримтаар тогтоогдсон, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар Х 0245 А нь улсын ХХБ-д хамаарч байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг тус анги хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэлийг Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй юм.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б.Л нь байлдагч Б.Э н үйлдсэн гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч, эрүүл мэндээр хохирсон, түүний биед учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, эрүүл мэнд сайжраагүй, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн шийдвэрээр Б.Л нь G70 Булчин сулрах ба булчин мэдрэлийн бусад эмгэг оноштой өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар, 24 сараар тогтоогдсон, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 сарын 22-ны өдөр дуусах болох нь тогтоогдож байна. /хх1-85-88, 146-147/
Нэхэмжлэгч нь эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан тухай баримтууд нь түүний 2005 онд учирсан гэмтлүүдийн болон уг гэмтлийн улмаас илэрч буй өвчин эмгэг, үйл ажиллагааны өөрчлөлтүүдийг эмчлүүлсэнтэй холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн унааны зардалд 703,700 зарцуулсан төгрөг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод ирж эмчлүүлсэнтэй холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул унааны зардал 703,700 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3-д “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид cap тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй”, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацаанд сар тутам төлөх нөхөн төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 46,837,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Л нь 2007 оны 08 сарын 22-ны өдрөөс 2008 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын ХХҮХ-т Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2008 оны 10 сарын 10-ны өдрөөс 2011 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл Тариалан сумын нийгмийн ажилтан, 2011 оны 11 сарын 28-ны өдрөөс 2013 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл ХХҮХ-т Нийгмийн ажилтан, 2013 оны 03 сарын 14-ний өдрөөс 2014 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл НХҮХ-т Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллан цалин хөлс авсан, мөн 2011 оны 11 сараас тахир дутуугийн тэтгэвэр авч эхэлсэн болох нь тогтоогдож байна. /хх1-90-91, хх2-88-93/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ....хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь гэмтэл авах үедээ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, харин гэмтэл авсны дараа 2007 оноос хойш тодорхой хугацаанд ажил эрхэлж байсан байх тул дээрх заалтын дагуу дутуу авсан цалин хөлсийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд нэхэмжлэгчийн авсан цалин хөлс, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэрийн хэмжээ нь тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байсан хэсгийг Б.Л гийн эрүүл мэндэд учирсан гэм хорд тооцон нийт 1,478,776 төгрөг /2005 оны 11 сараас 2007 оны 08 сар хүртэл хугацааны зөрүү 1,267,500 төгрөг, 2007 оны 09 сараас 2011 оны 11 сар хүртэл хугацааны зөрүү 34,543 төгрөг, 2011 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл хугацааны зөрүү 176,733 төгрөг/-ийг гаргуулах үндэслэлтэй./хх2-88-93/
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ түүний хөдөлмөрийн чадвар сэргэх нь эргэлзээтэй гэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг үндэслэн тайлбарласан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар цалин хөлс, орлогогүй байсан хохирогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр олгож болох ба шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны нөхөн төлбөр нь энэ үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь нэхэмжлэгчийг цаашид ажил хөдөлмөр эрхлэхгүй, орлого олохгүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй бөгөөд тэрээр ажил хөдөлмөр эрхлэж байснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х 0245 Аас эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөг, 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөр 1,478,776 төгрөг, нийт 4,636,256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 703,700 төгрөг, нөхөн төлбөр 45,358,624 төгрөг, нийт 46,062,324 төгрөгт холбогдох хэсгийг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Цэргийн алба хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн анги, байгууллага төлсөн тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай цэргийн алба хаагч энэ хуульд заасан журмын дагуу барагдуулна” гэж заасны дагуу хариуцагч Х 0245 А нь гарсан зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х 0245 Аас эм, эмчилгээний зардал 3,157,480 төгрөг, 2005 оны 11 сараас 2018 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 1,478,776 төгрөг, нийт 4,636,256 /дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 703,700 төгрөг, нөхөн төлбөр 45,358,624 төгрөг, нийт 46,062,324 төгрөгт холбогдох хэсгийг, шүүхийн шийдвэр гарснаас хойш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг, мөн хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х 0245 Аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89,130 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Н.САРАНГҮН