Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1333

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2022        09         13                                   2022/ШЦТ/1333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02667 2436 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ....-д 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.О ын толгой, нүүр, гуя, гэдэс хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа хацар хэсэгт алгадаж, биед уруул зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зүүн мөр, баруун болон зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай холбогджээ.  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02667 2436 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Т  нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд .........-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ж.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ж.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Нөхөр бид 2 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод сар орчимын өмнө ажил хийхээр орж ирсэн. Одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэст айлын хашаанд эсгийгээр юм хийж байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр ажлаа тараад хоёр пиво уусан ба ууж дуусчихаад намайг гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжилоод зодсон. Зодохдоо миний толгой руу, нүүр рүү гараараа цохиод үсдэж чирээд ханатай хавсарч дээрээс дэвссэн. Одоо миний толгой өвдөж байгаа, уруул хавдсан...

... 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Т  архи уугаад 18 цагийн үед орж ирсэн. Тэгэхээр нь би “архи уугаад байх юм аа” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм, чиний мөнгийг үрж байгаа юм уу” гэж хэлээд миний гэдэс рүү 1 удаа өшиглөөд миний цамцнаас татаад газарт унгаагаад дээрээс хөлөөрөө толгой, уруул хэсэгт 2-3 удаа дэвсэлсэж байгаад гараад явсан. Би босоод байшингийн нөгөө өрөөнд бага охин /1 настай/ Х г хөхүүж байхад Т  дахин орж ирээд миний баруун хацар руу 2-3 удаа алгадаад хөлөөрөө миний зүүн гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 05, 14/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7951 дугаартай:

“Ж.О ын биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зүүн мөр, баруун болон зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Д.Т ын мөрдөн байцаалтын шатан өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед ах Болдоогийн гэрийн хажуу талын байшинд эхнэр О ын хамт 2.5 литрийн Сэнгүр нэртэй птво 4 ширхэгийг хувааж уугаад эхнэр О  “намайг мөнгө төгрөгөө өг, би ээж дээрээ очмоор байна” гэж хэлэхээр би “хоёулаа гэр орон авч, Төв аймгийн Бүрэн сум руугаа явъя” гэж хэлэхэд өөдөөс “би чамтай хамт хөдөө явахгүй” гэж хэлээд байшингаас гарах гэхээр нь нүүр рүү нэг удаа гараараа цохиж үснээс нь зулгаахад “чамайг өгдөг газарт чинь өгнө” гэж хэлээд байшингаас гараад явсан...

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би эсгийний үйлдвэрийн ажилчдын байранд 17 цагийн үед эхнэр О  ба түүний найз нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүний хамт 4 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд байж байх үед цуг пиво уусан эмэгтэй нь явсан. Манай эхнэр О  бид 2 маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би О ын уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж, үснээс татаад газарт унагаасан. Тэгээд унтаж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14, 19/,

 

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/,  эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 42/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 46-53/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 54/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.О ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Т ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.О ын биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зүүн мөр, баруун болон зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ж.О  гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Т  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Д.Т од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Т ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т од оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ