| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/5180/и |
| Дугаар | 3822 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 3822
| 2018 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2018/03822 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.С - ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЗД НҮГ ОНӨААТҮГ -т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч З.С миний бие тус байгууллагад 2008 онд хүнд механизмын жолоочоор ажилд орж ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл ажил олгогч гэнэтхэн 2018 оны 10 сарын 30-ны өдөр Б/116 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаснаар ажлаасаа халагдсан. Мөн манай байгууллага сахилгын шийтгэл мөнгөн дүнгээр ногдуулахдаа нэг сарын 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгал хийж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчдөг. Ажилчдын ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах тухай хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй боловч өөрийнх нь ар гэрт гачигдал гарсан гээд хүссэн цагтаа, хүссэн хугацаандаа өөртөө чөлөө олгоод явдаг, ажилчдаас санал хүсэлт авахгүй өөрийнх нь хүсэлт бол хааны зарлиг шиг л хүчинтэй гэж тэрээр үздэг. Сахилгын шийтгэл ногдууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гэм буруутай эсэх талаар тайлбар авдаггүй, амаараа хэлээд л өнгөрдөг. Миний бие яагаад ажлаасаа халагдаж байгаа тухай асуухаар тайлбар хэлээгүй болно. Ингэж болохгүй гэх шаардлага тавьснаар өнөөдөр ажлаас халагдаж байгаад гомдолтой байна. Ажлаас халсан тушаал нь бүрхэг, ямар зөрчил гаргаад халагдсан гэдэг шалтгаан нь байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаал дахь авто тээврийн хэсгийн машин механизмын жолоочийн ажилд эгүүлэн томилуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан 2018 оны 10 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 14-ний өдрийн хооронд нийт ажлын 33 хоногийг ажил олгогчийн цалингийн тодорхойлолтын дундаж 53,028 төгрөгөөр үржүүлж, 1,749,933 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү. Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч З.С ыг БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08/1 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай захирамжийг үндэслэн тус байгууллагад жолоочийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, 131.1.2 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл эдэлж байсан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа сахилгын шийтгэл ногдуулахдаа нэг сарын цалингийн 30 хувь тооцон цалин хөлснөөс суутгадаг гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн 20 хувь тооцон суутгасан болно. Нэхэмжлэгч З.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ар гэрт хоёр удаагийн гачигдал тохиолдсон тул газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот тушаалаар, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 тоот тушаалаар буцалтгүй мөнгөн тусламж, чөлөө олгож байсан болно. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариу тайлбар хүргүүлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтуудыг хэргийн материалд хавсаргах явцад байгууллагаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний амралтын өдөр байгууллагын оффисын байрны нэг давхарт буюу склад болон архивын өрөөнд ус алдсанаас болж усанд норон элэгдэж нотлох баримтын шаардлага хангаж чадахааргүй болсон тул хэргийн материалд тус хөдөлмөрийн гэрээг хавсаргаагүй болно. Нэхэмжлэгч З.С ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь заалтуудыг үндэслэн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалаар харилцагч аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа гомдол ирүүлсэн ч үүрэгт ажлаа хугацаанд нь биелүүлэн гомдлыг барагдуулаагүй болон удирдлагын өмнөөс хэл ам хийн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт биелүүлээгүй, зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Хог тээврийн автомашины жолооч нь хогны орлого хариуцсан байцаагчтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж байх шаардлагатай. Жолооч нь дуртай газраасаа хог тээвэрлэх эрх байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь дур мэдэн 1 болон 2 дугаар хорооны хогийг тээвэрлэсэн. Байцаагч нь гомдол ирээд байна, ирж хог ав гэж хэлэхэд үгүй би өөр хороонд явж байна, би түлшгүй байна гэсэн байдаг. Байцаагч болон газрын дарга, оршин суугчид 3-4 удаа залгахад тоогоогүй, инженерийнхээ үгэнд орно, яасан олон даргатай юм гэж хэлээд өөр хорооны хогийг ачаад явсан байдаг. Аргаа бараад байцаагч нь өөр машины жолоочийг дуудаж хогийг ачуулсан байдаг. Шаардлагатай үед л өөр хороо руу явж болно гэхээс биш өөрөө дур мэдэн хогийг тээвэрлэж болохгүй. Нэхэмжлэгч З.С нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С нь хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.С нь БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Б/116 дугаартай “З.С ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 11 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
З.С нь БЗД НҮГ ОНӨААТҮГ-т тус газрын даргын 2013 оны 08 сарын 27-ны өдрийн 08/1 дугаартай тушаалаар 2013 оны 08 сарын 13-ны өдрөөс жолоочоор ажиллаж, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/40-1 дугаартай тушаалаар тоног төхөөрөмжийн операторын ажилд томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Б/116 дугаартай тушаалаар авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /х-3, 16/
Хариуцагч нь тус байгууллагын тоног төхөөрөмжийн оператор гэх ажил нь хүнд машин механизм дээр ажиллах үүрэгт ажил, дотоод журамд заасны дагуу хог тээврийн автомашины жолоочийн ажлыг З.С оор орлон гүйцэтгүүлж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Б/116 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 заалтыг тус тус үндэслэн З.С ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг тушаалд З.С ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхой зааж бичээгүй байна. /хх-2/
Хариуцагч нь нэхэмжлэгч З.С ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан, харилцагч аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа гомдол ирүүлсэн ч үүрэгт ажлаа хугацаанд нь биелүүлэн гомдлыг барагдуулаагүй, удирдлагын өмнөөс хэл ам хийн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт биелүүлээгүй зөрчил гаргасан тул түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7-д ажлаас халах сахилгын шийтгэлд ямар зөрчил хамаарахыг а, б, в, г, д гэж дугаарлан заасан байх бөгөөд З.С ыг ажлаас чөлөөлөх тушаалд аль заалтыг нь үндэслэл болгосон талаар заагаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг заалтын в болон д заалтад заасан зөрчлийг З.С гаргасан гэх тайлбарыг гаргасан.
Дээр дурдсан дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7-н “в” заалтад “албан үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн”, “д” заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, НҮГ Нэгийн хөдөлмөрийн дотоод журмын зохих заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажлаас халах сахилгын зөрчилд тооцохоор заажээ. /хх-22-34/
Хариуцагч нь З.С ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлтэй холбогдуулан тус газрын даргын 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 15 дугаартай “З.С од сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг тушаалд тус байгууллагын авто тээврийн бааз дотор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр 2014 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Нэхэмжлэгч З.С дээр дурдсан сахилгын зөрчлөөс өөр сахилгын зөрчил гаргаагүй, өөр сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-17/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч З.С ын 2014 онд гаргасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 4 жил өнгөрсөн байх тул сахилгын шийтгэлгүйд тооцно. Хариуцагч нь 2014 онд гаргасан сахилгын зөрчил, сахилгын шийтгэлийг оруулан сахилгын зөрчил давтан гаргасанд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч З.С ыг үүрэгт ажилтай нь холбоотой ирүүлсэн гомдлыг хугацаанд нь биелүүлэн барагдуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэх тайлбартай холбогдуулан тус байгууллагын “Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус дэвтэрт 2018 оны 10 сарын 29, 30-ны өдөр 4 дүгээр хорооны 200, 201 дүгээр байрнаас “хог ачихгүй байна, жолооч хэл ам хийсэн” гэх дуудлага ирснийг бүртгэжээ. /хх-44-48/
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 29, 30-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд З.С хогны орлого хариуцсан байцаагчийн хэлсний дагуу 4 дүгээр хорооны хогийг ачих ёстой байсан боловч 1, 2 дугаар хорооны хогийг дур мэдэн тээвэрлэсэн, газрын дарга болон байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул З.С ын энэ үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдоно гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдлийг хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд холбогдох ямар дүрэм, журамд ноцтой зөрчилд тооцохоор заасан болох нь тодорхой бус байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан дээр дурдсан үйлдэл ноцтой зөрчилд тооцогдох талаар баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь ажил олгогч байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувийг өгөөгүй гэх үндэслэл заан хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлт гаргасан, хариуцагч нь байгууллагын оффисын байрны нэг давхарт буюу склад болон архивын өрөөнд ус алдсанаас болж усанд норон элэгдэж нотлох баримтын шаардлага хангаж чадахааргүй болсон тул тус хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон гэх тайлбарыг гарган, зохигчдын хэн аль нь хөдөлмөрийн гэрээг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд З.С ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч З.С ыг ажлаас нь үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч З.С ыг тус газрын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын З.С ын ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1 өдрийн дундаж цалин хөлсийг 50,671.46 төгрөгөөр тооцон тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны буюу 2018 оны 10 сарын 30-ны өдрөөс 12 сарын 14-ниы өдрийг хүртэлх 33 хоногийн цалинтай тэнцэх олговорт 1,672,158.18 төгрөгийг хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч З.С -д олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч З.С ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-т даалган шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.С-ыг БЗД НҮГ ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,672,158.18 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга нэг зуун тавин найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.С од олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.С ын ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, З.С ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч БЗД НҮГ ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 41,704.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.С од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР