Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 3849

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/03849

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.О -д холбогдох,

2,569,333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Ж.Баянжаргал нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 11 сарын 27-ны өдөр М.М  миний бие И.О-той  зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэй зээл өгсөн. Зээлийн хүүг сар бүрд нь И.О  өгдөг байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 сарын 27-нд дуусахад И.О  5,000,000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул зээлийн гэрээний хугацаагаа 6 сараар сунгах хүсэлтийг тавьсан, энэ хугацаандаа зээлийг бүрэн төлж барагдуулна гэсний дагуу М.М  миний бие зөвшөөрч зээлийн гэрээг сунгасан. Зээлийн гэрээг сунгасан гэрээг бичгээр хийгээгүй амаар тохиролцсон. Мөнгө зээл өгснөөс хойш зээлдэгч нь 5,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 1,698,000 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс 3,630,000 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2016 оны 11 сарын 27-нд дууссан. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч руу удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч зээл, хүүний төлбөрийг төлж барагдуулах эцсийн хугацаа нь тодорхойгүй өдий хүрч байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч И.О аас үндсэн зээл 1,370,000 төгрөг, хүүгийн төлбөр 199,333 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 2,569,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 11 сарын 07-ны өдөр 50,000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 50,000 төгрөгөөр бууруулан 2,069,333 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч И.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн М.М  бидний хооронд 2015 оны 11 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй олгох гэрээ хийгдсэн билээ. Хариуцагч миний бие нь зээл, хүүний төлбөрт нийтдээ 5,328,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч М.М ийн тооцоо хийсэн гэх 5,328,000 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл нэхэмжлэгч тал 2,569,333 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хуулийн холбогдох  заалтыг зөрчсөн байх тул дээрх дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн дагуу тооцож үзэхэд 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй тооцоход 1,200,000 төгрөгийн хүү, үүн дээр үндсэн зээл болох 5,000,000 төгрөгийг нэмээд нийтдээ 6,200,000 төгрөг төлөх ёстой. Үүнээс 5,238,000 төгрөгийн төлөлтөө хасаж тооцоход зээлийн гэрээний үүргийн дагуу 872,000 төгрөг дутуу байгаагийн дээр гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувь болох алданги 436,000 төгрөг нэмж, нийтдээ 1,308,000 төгрөг төлөх нь хуульд нийцнэ. Миний бие 2018 оны 10 сарын 01-нээс сүүлд ажиллаж байсан албан газар татан буугдсаны улмаас ажлаас халагдсан, мөн 7 сартай бие давхар байгаа учраас нэг хэсэгтээ ажил хийж тогтмол орлоготой болох боломжгүй байгаа учир санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа билээ. Би 1,308,000 төгрөгийн төлөлтийг өөрийн боломж бололцоогоороо цувуулан түргэн шуурхай төлж барагдуулах болно. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгчид өгсөн 50,000 төгрөгийг хасаад 1,258,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М  нь хариуцагч И.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,370,000 төгрөг, хүүгийн төлбөр 199,333 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 2,569,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

М.М , И.О  нар нь 2015 оны 11 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-3/ Зохигчид энэ талаар маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан хүү, анз тогтоосон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 05 сарын 27-ны өдөр дуусахад хариуцагч төлбөл зохих төлбөрийг төлж дуусгаагүй тул И.О  харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан гэх тайлбарыг гаргаж уг хугацаагаар зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул уг хугацаагаар хүү тооцон төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд 2015 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасанд тооцох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь энэ хугацааны хүү шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,370,000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 199,333 төгрөг, алданги 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй, хүү 1,200,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг төлөхөөс 5,328,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 872,000 төгрөгт алданги тооцож нийт 1,308,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 5,328,000 төгрөг төлсөнийг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 50,000 төгрөг төлсөнийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нь үндсэн зээлд 5,000,000 төгрөг, 6 сарын хүүнд 1,200,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 5,328,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 872,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцохоор тохиролцсоныг үндэслэн алданги 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2-т зааснаар зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч М.М  нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 05 сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцож нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан зээлийн үлдэгдэл 872,000 төгрөгөөс алданги тооцож 436,000 төгрөгийг алдангид төлүүлэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт зээл, хүүгийн үлдэгдэл төлбөрт 872,000 төгрөг, алданги 436,000 төгрөг, нийт 1,308,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 50,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч И.О аас 1,258,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,311,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч И.О аас 1,258,000 /нэг сая хоёр зуун тавин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,311,333 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга гурван зуун гучин гурван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,060 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч И.О аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох  улсын тэмдэгтийн хураамжид 34,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР