| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/4816/и |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 48
| 2018 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2019/00048 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ч- т холбогдох,
Гэм хорын төлбөрт 490,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , хариуцагч С.Ч , иргэдийн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Л.Б миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Цэргийн госпиталын урд байрлах таксины зогсоол дээр Соната маркийн ******* улсын дугаартай машины 3 ширхэг дугуйгаа хагалж цоолуулсан. Засварын газрын хүн уг 3 ширхэг дугуйг дахин нөхөж янзалж болохгүй, учир нь хажуу талаасаа цоорч хагарсан учир нөхөөс авахгүй гэж хэлсэн. Уг дугуйнууд маань шинээрээ шахуу байсан, машинаа аваад сар гаруй болж байсан. Тухайн үед хэн хагалж цоолсныг мэдээгүй, тэр үед таксины жолооч нараас асуусан боловч мэдэх хүн байгаагүй. Харин 4 сарын дараа миний машины дугуйг хагалж байх үед нь Эрдэнэ гэх таксины жолооч хараад чи яаж байнаа гэхээр яадаг юм гээд зогсож байсан гэсэн. Тэгээд миний бие өөртэй нь уулзаж чи яагаад миний машины дугуйг хагалав гэхэд юу ч хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд би цагдаад хандаж үнэнийг тогтоолгосон. Тухайн үед хоёулаа тохиръё гэж С.Ч надтай уулзаад чи цагдаагаас өргөдлөө буцаагаад авчих гэсэн, би тэгэхээр нь эхлээд миний хохирлыг барагдуулаад өгчих гэж хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байгаад байхаар нь С.Ч руу яасан бэ гэж залгахад би цагдаад төлдөгөө төлсөн, чаддаг юм бол олоод аваарай гээд намайг доромжлоод байсан. Тухайн байцаагчтай уулзахад та хохирлоо шүүхэд хандаж гаргуулж ав, бид торгуулийн арга хэмжээ аваад явуулсан гэсэн. Би такси үйлчилгээнд явж орлого олж амьдралаа залгуулдаг, өдөрт 20-30 мянган төгрөгний орлого олдог. Надад учирсан хохирол: 3 ширхэг дугуйгаа хагалуулаад 4-5 хоног такси үйлчилгээнд явж чадаагүй, 1 хоногт дундаж 20,000 төгрөгийг 4 хоногоор тооцож 80,000 төгрөг, 3 ширхэг дугуйг 1 ширхэгийг нь 85,000 төгрөгөөр тооцож 255,000 төгрөг, дугуйгаа сольж янзлуулахад 25,000 төгрөг, бичиг баримтаа нотариатаар баталгаажуулахад канон үйлчилгээ хийлгэхэд 20,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, бусад шууд ба шууд бус зардал 40,000 төгрөг, нийт 490,200 төгрөг. Надад учруулсан хохирлыг С.Ч аас гаргуулж өгч тусална уу” гэв.
Хариуцагч С.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С.Ч миний бие нь архи ууж согтуу явж байгаад дугуйг нь хагалсан байсан. Миний бие хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд *******ны байцаагчид 200,000 төгрөгийн торгууль төлөөд асуудал шийдвэрлэгдсэн гэж бодсон. Гэтэл Л.Б нь шүүхэд өргөдөл гаргаж хохирол нэхэмжилсэн байна. Тэр үйл явдал 6 сард болсон, дугуй нь зуны дугуй байсан гэж бодож байна. Өвлийн дугуйны үнэ 85,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг ширхэг дугуйны үнийг зуны дугуйны үнэ 45,000 төгрөгөөр тооцож төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаас шууд бус зардал гэж нэхэмжилсэн 40,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад зардлыг нь хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч С.Ч т холбогдуулан автомашины 3 ширхэг дугуйны үнэ 255,000 төгрөг, дугуй сольсон зардал 25,000 төгрөг, олох байсан орлого 80,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан, канон үйлчилгээ хийлгэсэн зардал 20,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, шууд ба шууд бус зардал 40,000 төгрөг, гэм хорын төлбөрт нийт 490,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2017 оны 06 дугаар сард *******ны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлгийн урд талын таксины зогсоолд С.Ч нь Л.Б-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай Соната-6 маркийн автомашины хойд талын 2 дугуй, баруун талын хойд талын дугуйг шивэж хагалж, уг үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 8.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 0048230 дугаартай “Шийтгэх хуудас”-аар С.Ч т 200,000 төгрөгийн торгууль ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6, 7-15/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч С.Ч нь нэхэмжлэгч Л.Б өмчлөлийн автомашины дугуйг шивж хагалан хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч С.Ч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Л.Б нь гэм хорын хохиролд нийт 490,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн талаарх баримтаас өөр нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагч С.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын шууд ба шууд бус зардал 40,000 төгрөгөөс бусад төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин автомашины 1 ширхэг дугуйны төлбөрийг зуны дугуйны үнэ 45,000 төгрөгөөр тооцон төлнө гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч нь автомашины дугуйны төлбөрийг өвлийн дугуйны үнээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашины 1 ширхэг дугуйны үнийг 85,000 төгрөгөөр тооцон 3 ширхэг дугуйны төлбөрт 255,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй. Мөн хариуцагч С.Ч ын буруутай үйлдлийн улмаас шууд ба шууд бус зардал 40,000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй болно.
Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу автомашины 1 ширхэг дугуйны үнийг 45,000 төгрөгөөр тооцон 3 ширхэг дугуйны төлбөрт 135,000 төгрөг, дугуй сольсон зардал 25,000 төгрөг, олох байсан орлого 80,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан, канон үйлчилгээ хийлгэсэн зардал 20,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 330,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Ч аас нийт 330,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ч аас 330,200 /гурван зуун гучин мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,000 /нэг зуун жаран мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ч аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 10,556 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
Д.ЗОЛЗАЯА