Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

 

   2022          10           17                                   2022/ШЦТ/340

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Өсвөр насны шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн 2125003590311 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Түмэнбаярын Э нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Наадмын талбайн урд хэсэгт насанд хүрээгүй хохирогч Ө.М татаж унагах, толгойн тус газарт нь дэвсэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн мэдүүлсэн: Тэр өдөр хоёр сургуулийн хүүхдүүд хоорондоо зодолдох нь гэхээр нь очсон. Эхлээд холоос хараад байж байтал манай найзыг хүүхдүүд зодож байхаар нь очиж нэг хүүхдийг өшиглөсөн. Гэтэл нэг хүүхэд намайг цохисон, нэг хүүхэд жийж унагасан. Тэгээд бөөн зодоон болсон. Тэр хүүхдийг би нэг удаа өшиглөсөн. Энэ талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

- Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан, ”2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Наадмын талбай” гэж тэмдэглэсэн дүрс бичлэгийн хуурцаг,

-насанд хүрээгүй хохирогч О.М мэдүүлсэн... Би дүүгээ ахынд хүргэж өгчихөөд явж байтал Атай тааралдсан. Тэгээд 5-24 гадаа сааданд ярилцаад суусан. Тэгтэл Э, Ө нар ирсэн. Тэгээд Наадмын талбайн урд хэсэгт өөр сургуулийн хүүхдүүдтэй зодолдоно гэсэн. Би найзуудыгаа дагаад явсан юм. Тухайн үед Наадмын талбайн урд хэсэгт 18 цагийн орчимд очиход 30-40 орчим буюу 5 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, 1 дүгээр сургууль, Орос сургууль гэх мэт сургууль байсан... Эхлээд би хараад зогсож байсан. Тэгтэл Аыг хүүхдүүд зодоод эхэлсэн. Тэгээд би харж байгаад шууд гүйж очоод Аыг зодож байгаа хүүхдийг салгах гэж очоод Аын дээр байгаа хүүхдийг цохиод холдуулсан. Тэгтэл миний араас нэг хүүхэд намайг өшиглөж жийсэн... Тэгтэл араас нэг хүүхэд хоолойноос гараараа боож унагаасан. Тэгээд би газар унасан, газар унасны дараа миний толгой хэсэг рүү нэлээн цохисон...Тэгээд шар юм уу хүрэн өнгийн тембэрландтай хүүхэд ирээд миний толгой хэсэгт өшиглөхөд нь би гараараа хаагаад миний баруун гарын чигчий хурууны үеэр хугарсан юм. Тэгээд бас нэг хүүхэд тэлээгээр цохисон. Одоогоор миний толгой өвдөж, дотор муухай оргиж, үе үе толгой эргэдэг, баруун гарын чигчий хуруу янгинаж өвдөж байгаа. Би наадмын талбайгаас гараад гэр рүүгээ явж байтал миний зүүн талын гар хөдлөхгүй, хөдлөхөөр эвгүй болоод хавдаад эхэлсэн. Тэгэхээр нь найз Нямаагийн хамтаар Бүсийн Оношлогоо эмчилгээний төв дээр очоод зургаа авахуулаад чигчий хураагаа хугалсан гэдгээ мэдсэн. Тэгээд ээжийгээ дуудсан. Ээж маань ирээд гараа гипсдүүлээд явсан. Тэгээд 5 хоногийн дараа толгой өвдөөд, нүд харанхуйлаад байхаар нь ээждээ энэ талаараа хэлээд БОЭТөв дээр очиж үзүүлээд ренгтген зураг авахуусан. Зураг авахуулахад тархиндаа цус хуралттай байна гэсэн. Тэгээд шууд гэмтлийн тасагт хэвтээд 7 хоноод гарсан. Эмнэлэгээс гэртээ гараад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Мэдрэлийн Нейрон гэх эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчлүүлээд гарсан юм. тэгээд өмнөхөөсөө өвдөлт зовиур нь багассан. Түүнээс хойш нэг хэсэг гайгүй байж байгаад сүүийн үед хааяа хааяа нүд харанхуйлаад дотор муухайраад байдаг болсон. Тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийлгэсэн. Би өөрийн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-16, 17-р тал/

-насанд хүрээгүй гэрч М.Аын мэдүүлсэн... Бид нарыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр наадмын талбай дээр 17 цаг 30 минутад хүрээд ир гэж 16 дугаар сургуулийн танихгүй хүүхэд, танихгүй фэйсбүүк хаягнаас Э рүү зодолдъё гэсэн чат бичин дуудахаар нь бид нар хоорондоо ярилцаж байгаад очихоор шийдээд хичээлээ 17 цагийн үед тарчаад 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах 5-24 дүгээр байрны хойд талын тоглоомын талбай дээр Д /5 дугаар сургууль 9в анги/, Э /5-р сургууль 9а анги/, өөскө /Ө байх 5-р сургууль 9б анги/, Ганаа /Ган-Эрдэнэ байх 5-р сургууль 9а анги/, Дашням /5-р сургууль 9в анги/, Тэлмэн /5-р сургууль 9б анги/ бид нар байж байгаад наадмын талбай руу явж байхад М, Нямбаяр /13 дугаар сургууль, 9 дүгээр анги, бүлэг мэдэхгүй/, М /13 дугаар сургууль/ гуравтай тааран цааш наадмын талбайн зүүн талд очиход 4 дүгээр сургуулийн хорь гучаад сурагчид байж байсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн сурагчид бид нарьг дагуулан наадмын талбайн баруун урд талд байх уулын энгэрт дагуулан очиход 16 дугаар сургуулийн арваад танихгүй эрэгтэй, сурагчид байж байсан. Тэгээд бид нар 16 дугаар сургуулийн хүүхдүүдтэй зодолдох гээд хувцсаа тайлаад байж байтал урд талаас 16 дугаар сургуулийн нэг эрэгтэй хүүхэд над руу хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Тэгсэн чинь араас М намайг өмөөрч найз яаж байна аа гээд 16 дугаар сургуулийн хүүхдүүд рүү өшиглөөд орж ирсэн чинь 4 болон 16 дугаар сургуулийн хүүхдүүд бид нарыг нийлээд зодож эхэлсэн. Яг хэнийг хэн, яаж зодсонг сайн санахгүй байна, ямар ч байсан олон хүүхдүүд энэ тэндээс бид нарыг нийлэн зодсон. Дашнямын хөмсөг сэтэрсэн, нурууны хэсэгт шалбарсан. Тэлмэнгийн зүүн нүд нь хөхөрч, цус хурсан байсан. Миний зүүн гарын дунд болон ядам 2 хурууны савхан яс хугарсан, гарын төвгөр яс цөмөрсөн. М гарын чигчий хуруу хугарсан, мөн гарын хэсэгтээ хугарсан, гавлын яс нь цөмөрч гэмтсэн, өөр бусад хүүхдүүдийг хэрхэн яаж гэмтсэнг мэдэхгүй байна. Уг гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж үүсгэсэн талаар би мэдэхгүй байна, маш олон хүүхдүүд намайг болон бид нарыг нийлж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Тгийн мэдүүлсэн... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим ээжийг ажлаас тарж ирэхээр нь би зөрж гараад 8 сургуулийн хэсэгт хөл бөмбөг тоглохоор гарсан. Тэгсэн манай хамаатны хүүхэд Д 5-р сургуулийн хүүхэд намайг утсаар дуусан. Тэгээд би наадмын талбай руу дөлгөөн Темур гэх хоёр найзтайгаа хамт явсан...Тухайн үед 4, 16-р сургуулийн хүүхдүүд хоорондоо зодолдоно гээд би очсон. 13-р сургуулиас Хүсэлбаяр гэх хүүхдийг танина. Тэр хүүхэд байсан. Тухайн үед наадмын талбайн ард уул хэсэгт 18 цагийн орчимд нийт 30-40 орчим хүүхдүүүд байсан. 5-р сургууль, 16-р сургууль хоёр хоорондоо жаахан маргаан байсан юм шиг байсан. Тэгээд зодооныг Д 16-р сургууийн нэг танихгүй хүүхдийг шууд очоод цохиод авсан. Тэгээд бүгд хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгсэн намайг хараад зогсож байтал нэг банди ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би харилцан зодолдсон. Намайг цохисон хүүхдийг би танихгүй хэддүгээр сургууль гэдгийг нь ч мэдэхгүй. Би тухайн өдөр цагаан өнгийн бэлтгэлийн өмд, шар цамц, цэнхэрдүү боомбор шиг хүрэмтэй байсан...Анх намайг нэг хүүхэд цохисон. Тэгээд миний уур хүрээд зодоонд оролцсон. Тухайн зодоон нь миний бодлоор 5-10 минут болсон... Би бичлэгийг Эрдэнэт зар дээрээс харсан. Тухайн хүүхдийн дээр нь гараад цохиж байгаа хүүхэд бол би өөрөө мөн, миний өмсөж явсан хувцас ч мөн байна. Анх тэр хүүхдийн хувцасыг нь сайн санахгүй байна. Тэр хүүхдийг анх Темур барьж аваад барьцалдаад уначихсан. Тэгээд би очсон. Тэр хүүхдийг би гар хавиар нь цохисон. Учир нь гараараа толгойгоо хамгаалчихсан байсан. Тэгээд би 7-10 удаа гараараа цохисон юм. Би гар руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед надтай хамт 1-р сургуулийн Эрдэнээ гэх хүүхэд, бас нэг танихгүй хүүхэд байсан. Эрдэнээ тухайн зодуулж байгаа хүүхдийн нүүр хэсэг рүү хөлөөрөө дэвсчихсэн юм... Би очоод Темуртэй нийлж барьцалдаж аваад тэр хүүхдийг газар унагаасан юм. Одоогоор бол тэр унасан хүүхэд маань М байгаа юм. М унангуут Темур яваад өгсөн бөгөөд би бүдэрч унаад тэр Мөнгөн- Эрдэнийн дээр унасан. Тэгээд би дээр нь суугаад тэр М нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон бөгөөд харин М нүүрээ гараараа хамгаалчихсан байсан. Тэгтэл хажуунаас манай сургуулийн гартаа тэлээ барьсан Билгүүн, мөн хар бараан хувцастай Эрдэнээ нар орж ирээд нөгөө унасан Мөнгөн- Эрдэнийг зодсон. Билгүүн нь тэлээгээрээ М нүүр лүү нь хэд хэдэн удаа ороолгосон, харин Эрдэнээ нь М нүүр лүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд би босоод гүйчихсэн юм. Би өөр хэн нэгнийг цохиж зодоогүй.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, 2-р хх-ийн 71-р тал/

-насанд хүрээгүй гэрч Г.Эийн мэдүүлсэн... Тэгээд би хичээлээ тараад сургуулийн гадаа байж байхад нэг танихгүй эрэгтэй хүүхэд буюу 16-р сургуулийн хүүхэд ирээд “чамайг наадмын талбай дээр дуудаж байна” гэсэн. Тэгээд би наадмын талбай дээр дуусан хүүхдүүтэй болон өөрийн найзууд болох А, Ган-Эрдэнэ, Ө, Тэлмэн, Дашням, Д нартай хамт явсан. Мөн 13-р сургуулиас Мөнгөө /М/ гэх манай найз хамт дагаад явсан. Тэгээд бид нар наадмын талбайн уулын энгэр хэсэгт очиход нэлээн олуулаа бараг 30-35 орчим хүүхдүүд цугларчисхан байсан. Тухайн хүүхдүүд нь 4-р сургууль, 16-р  сругуулийн хүүхдүүд байсан....Тэгээд хүүхдүүд хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгсэн 16-р сургууль болон 4-р сургуулийн хүүхдүүд манай сургууль руу буюу 5-р сургуулийн хүүхдүүд рүү тал талаас дайрч зодсон. Тухайн үед М эхлээд зүгээр зогсож байсан. Тэгсэн бид нарыг буюу найзуудыг нь нэг нэгээр нь зодоод эхэлсэн. М хэн цохисон зодсон талаар би мэдэхгүй хараагүй, ямартай ч  Мөнгөө цаана зогсож байгаад гэнэт л зодоон дунд ороод ирсэн байсан ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43, 2-р хх-ийн 65-р тал/

-насанд хүрээгүй гэрч Э.Өын мэдүүлсэн ... Тэгээд бид нар наадмын талбай руу явсан. Тухайн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн алдад наадмын талбай дээр бид нарыг очиход 20-30 орчим хүүхдүүд байсан. Тэр дунд 4, 16-р сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд би холоос харж байсан яг хажууд нь байгаагүй би өөрөө хамарны хагалгаанд орж байсан болохоор зодолдож болохгүй. Тэгээд гэнэт л зодолдоод эхэлсэн. Тэгээд хараад зогсож байтал Аыг 2,3 хүүхэд цохиод эхэлсэн. Тэгтэл миний хажууд М зогсож байсан. Тэгээд Аыг хүүхдүүд цохиод эхэлсэн чинь М А руу гүйгээд цохиж байгаа хүүхдүүдтэй очоод зодолдсон юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р тал/  

-насанд хүрээгүй гэрч Б.Тэлмэнгийн мэдүүлсэн...Тэгээд наадмын талбай дээр 18 цагийн орчим бид найм очсон...Тэгээд орилолдоод хоорондоо зодолдож эхэлсэн. 16-р сургууль, 4-р сургууль хоёр нийлж манай сургуулийг зодсон. Эхэндээ бид нар 16-р сургуультай зодолдох гэж очсон. Намайг 2-3 хүүхэд нийлж өшиглөөд зодож эхэлсэн. Эийг 4, 16-р сургуулийдын 10, 20 хүүхэд бараг байсан. М эхэндээ хараад зогсож байсан. Аыг нэг удаа цохиод унагаахад М А руу гүйсэн. Тэгээд зодуулсан. М 4-р сургуулийнхан зодоод байх шиг харагдсан. Батжа нь М цохиж унагаасан. Тэгээд Темур нь араас нь зодоод эхэлсэн. Яг яаж цохиж зодсон талаар би хараагүй. Намайг бас давхар зодоод байсан. Тухайн үед 4,16-р сургуулийнхан манай сургуулийнханыг  зодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р тал/

-насанд хүрээгүй гэрч Д.Темурын мэдүүлсэн... Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна. 5 дахь өдөр байсан шиг санагдаж байна...бид 3 хамт наадмын талбайн дээр очиход 16 дугаар сургуулийн танихгүй 5-6 хүүхдүүд шатны харалдаа зогсож байсан. Тэр хүүхдүүд дээр О.Дөлгөөн очоод юм ярьж байгаад эргэж ирсэн. Би О.Дөлгөөний найзтай хамт наадмын талбайн хажууд зогсож байсан. Ойролцоогоор 30 орчим минутын дараа Согоот багийн зүгээс 5 дугаар сургуулийн 10-15 эрэгтэй, 4-5 эмэгтэй хүүхдүүд ирээд 16 дугаар сургуулийн эрэгтэй хүүхдүүдтэй уулзаад хоорондоо зодолдохоор болоод уул руу авирч хоёр тал болж хуваагдсан. Тэд нар хоёр тал болж байгаад нэг нэгэн лүүгээ хашгирч байхад сүүлд Согоот баг талаас ирсэн эрэгтэй хүүхдүүд зодооныг эхлүүлсэн. Тухайн үед би зодолдож байгаа хүүхдүүдийн хажууд хараад зогсож байхад дээгүүрээ саарал өнгийн цамцтай танихгүй эрэгтэй хүүхэд миний баруун тал руу хөлөөрөө өшиглөсөн, улаан цамцтай эрэгтэй хүүхэд миний зүүн талын мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Намайг сүүлд цохисон улаан цамцтай хүүхдийг танихгүй өөр хүүхдүүд барьж аваад зодсон. Намайг эхлээд өшиглөсөн гэх саарал цамцтай хүүхдийн араас очоод хөлнөөс нь бариад газар унагаахад тэр хүүхэд хоёр гараараа нүүрээ хамгаалсан. Би нүүрлүү нь цохих гээд тэр хүүхдийн хоёр гарлуу 3 удаа баруун гараараа цохисон. Тэр үед дээгүүрээ саарал өнгийн цамцтай танихгүй эрэгтэй хүүхэд миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний нүүрэн тус газарт өшиглөсөн гэх саарал цамцтай хүүхдийн араас нь хөөж барьж аваад газарт унагаагаад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа, нуруу хэсэгт нь хөлөөрөө 2 удаа цохисон. Би тэр хүүхдээс холдсон мөртлөө миний нүүрэн тус газарт өшиглөснийг бодож уур хүрээд дахиж очоод газар унгаагаад нуруу тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд салсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Дашнямын мэдүүлсэн ... Бид нар 4,16 дугаар сургуулийн сурагчдын хамт наадмын талбайн баруун урд талын уулын энгэрт ...гэнэт зодож эхэлсэн... Нэг харсан чинь М газарт дээш харуулан хэвтүүлэн дээр нь нэг улаан, эрээн өнгийн цамцтай эрэгтэй хүүхэд гаран толгой хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохиод байсан, мөн 2 эрэгтэй хүүхэд 2 талд нь зогсоод бие рүү нь учиргүй л өшиглөөд байсан, яг хаашааа нь өшиглөсөнг нь санахгүй байна. Одоо уг 2 эрэгтэй хүүхдийг харвал танихгүй. 4 болон 16 дугаар сургуулийн сурагчид ихэнх нь хар өнгийн юүдэнтэй цамцтай, цамцныхаа малгайг нь өмсөөд амны хаалттай байсан болохоор танигдахгүй байсан. Тэгээд би М зодож байхаар нь болиоч аллаа шдээ гэсэн чинь тоохгүй байхаар нь болиулах гээд очиход улаан эрээн өнгийн цамцтай эрэгтэй хүүхэд намайг бариад авсан чинь, хар өнгийн хувцастай, тэлээгээр намайг ороолгочоод зугтаадаг хүүхэд дахин ирээд намайг хөлөөрөө жийж орж ирээд намайг газар унагаан, уг 2 эрэгтэйгээс гадна дахиад 3 эрэгтэй хүүхэд нийлээд нийт 5 хүүхэд намайг учир зүггүй өшиглөөд, тэлээгээр ороолгоод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхдүүд явсаны дараа би босож чадахгүй байж байсан чинь улаан эрээн өнгийн цамцтай “Тэмүүр” гэдэг эрэгтэй хүүхэд дахин над дээр ирээд миний толгой, нуруу хэсэг рүү цохиод байсан. Би босоод ирэхэд 4 дүгээр сургуулийн сурагчид яваад өгсөн бөгөөд анх хамт очсон хүүхдүүдтэйгээ бөөнөөрөө байж байгаад тарцгаасан. Нямбаяр, Мөнгөн- Эрдэнэ, Мийгаа нар нь хамт явъя гээд явах болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р тал/

-насанд хүрээгүй гэрч Э.Энхтүвшингийн мэдүүлсэн... Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байж байтал 9 дүгээр анги хүртлээ хамт суралцаж байсан Билгүүнээ гэх найз маань намайг утсаар 4 дүгээр сургуулийн урд хүрээд ирээч 5 дугаар сургуулийн хүүхдүүдтэй зодолдох гэж байна гэж хэлсэн... бид нар наадмын талбай руу алхаж очицгоосон...5 дугаар сургуулийн Д миний зүүн шанаа руу цохиод авахаар нь би буцаагаад цохьсон. Энэ үед тэнд байсан хүүхдүүд 2 талаасаа хоорондоо зодолдож эхэлсэн бөгөөд намайг О.Дөлгөөн гэх зодоон харж байсан хүүхэд түрүүлж цохиод авахаар нь би голчилж О.Дөлгөөнтэй зодолдсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р тал/

-насанд хүрээгүй гэрч Н.Мөнхтөмөрийн мэдүүлсэн... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед ...Наадмын талбай дээр очиход баахан танихгүй хүүхдүүд байсан. Билгүүн найзынхаа хамт машинаас буугаад цугларчихсан байсан хүүхдүүд рүү гүйчихсэн. Билгүүний араас Эрдэнэбаяр ахын хамт алхаад очиход талбай дээр байсан хүүхдүүд хоорондоо зодолдоод эхэлсэн…Бид хоёрын хажууд танихгүй дээгүүрээ шар өнгийн цамцтай, эрэгтэй хүүхэд гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Хэн нь хэнийгээ цохиж зодож байгааг нь мэдэгдэхгүй байсан. Нэг хүүхэд дээр 2-3 хүүхэд очоод цохиж байсан. Дээгүүрээ хар өнгийн цамцтай хүүхэд саарал өнгийн цамцтай, жижигхэн биетэй хүүхдийг газар уначихсан байхад өмдний бүсээр цохиод байсан. Өмдний бүсээр цохиод байсан хүүхэд нь миний наадмын талбайд хүргэж өгсөн гэх Билгүүн байсан. Зодуулж байсан жижигхэн биетэй, саарал цамцтай, хар өмдтэй хүүхэд эхлээд нэг найзыгаа өмөөрч тухайн үед улаан өнгийн цамцтай байсан Темурын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөөд зугтаахад Темур араас нь барьж аваад газар унгааж толгойн ар хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Темур эхлээд ганцаараа зодож байхад Билгүүн өмдний бүсээр саарал өмдтэй хүүхдийн нүүр, нуруу, хөл хэсэг рүү цохисон. Танихгүй дахиад өөр эрэгтэй хүүхэд газар унчихсан байсан саарал цамцтай хүүхдийн нуруу, гэдэс хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр хүүхэд дээр Темур дахиад очсон зүүн талын суга хэсэгтээ толгойг нь хийчихээд гараараа цохиод байсан. Зодоон ойролцоогоор 3-4 минут үргэлжлээд дууссан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлсэн.... бичлэгийн эхэнд гарч буй хар малгайтай цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, баруун гартаа тэлээ бариад зугтааж буй нь хорооллын Билгүүн байна. Дээгүүрээ цагаан цамц, хар өмдтэй газарт хэвтэж байгаа хүүхдийг дээрээс нь цохиж буй улаан цамц, хар өмд, улаан пүүзтэй нь Темур байна. Мөн түүнтэй хамт өшиглөөд тэлээгээр ороолгоод байгаа хар малгайтай цамц, цэнхэр жинсэн өмд, цагаан пүүзтэй нь Билгүүн байна. Мөн Темур, Билгүүн нартай нийлээд газар унасан хүүхдийг өшиглөөд байгаа хар малгайтай цамц, хар саравчтай малгайтай, хар өмдтэй ньТүвшинбаяр байна. Мөн Темур, Билгүүн, Түвшинбаяр нарын газар унагаан зодож буй хүнийг хажуугаас нь орж ирээд ганц нэг цохиж буй хар бомбер, хар өмдтэй нь Тэлмүүн байна. Мөн шар малгайтай цамцтай, гадуураа хар куртиктэй, цагаан өмдтэй хүн зодоод байгаа нь өндөр Тэмүүлэн байна. Түвшинбаяр нь 4-р сургуулийнх, Бипгүүн нь хорооллынх байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р тал/

-насанд хүрээгүй гэрч Ү.Эрдэнэ-Одын мэдүүлсэн... Тэгээл би арай гэж зугтаатал Даашкаа миний толгойн ар хэсэг рүү бинт ороосон гараараа 2-оос 3-н удаа дагз руу цохисон. Тэгээд Даашка нь намайг цохичихоод Орос сургуулийн Темур гэх хүүхдийн нүүр рүү гүйж ирээд өшиглөөд зугтсан.Тэгээд Темур Даашкаагийн араас барих гээд гүйсэн тэр үед нь би Даашкаагийн шанаа хэсэг рүү гарынхаа алгаар цохиод бариад авсан. Тэр үед Темур хүрч ирээд Даашкаагийн нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, үснээс нь дээш нь барьж байгаад нүүр рүү нь бас өшиглөсөн тэр үед Даашкаа газар толгойгоороо унаад хэвтсэн. Тэр үед зүүн гартаа барьсан байсан хар өнгийн тэлээний төмөр хэсгийг гартаа атгасан байсан ба цулгуй хэсгээр нь Даашкаагийн нуруу руу 4-н удаа ороолгож, цохисон, үүний хажуугар Даашкаа босох гэж байтал 1-р сургуулийн Тэлмэн гэх хүүхэд Даашкаагийн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Тэр үед Даашкаагийн хөмсөг дээр байсан шарх руу цохиж хөмсгийг сэтэлсэн, мөн Цэнд-Очир зэрэгцэж хар өнгийн тэлээгээр цохисон. Яг тэлээнийхээ аль хэсгээр цохиж байсан талаар мэдэхгүй байна. Би Даашкааг 4-н удаа нуруу руу нь тэлээний цулгуй хэсгээр цохичихоод тойроод явсан. Эргээд хартал Даашкаагийн урд Темур суугаад толгой дээр нь гараараа цохиод байсан. Тэгээд зодоон хийхээ болиод салцгаасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р тал/

-насанд хүрээгүй гэрч А.Нямбаярын мэдүүлсэн ... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед манай ангийн найз М миний гар утас руу залгаад 16 дугаар сургуулийнхан 5 дугаар сургуулийн хүүхдүүдийг ирж зодно гэж байна чи хурдан 5-24 дүгээр байрны гадаа хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад 5-24 дүгээр байрны гадаа очтол М байгаагүй харин Мтэй таараад Мөнгөн-Эрдэний гар утас руу нь залгатал Наадмын талбай дээр зодолдох гэж байна хурдан хүрээд ир гэхээр нь яваад очтол барагцаагаар 30-40 орчим хүүхдүүд цугласан байсан. Тухайн цугласан хүүхдүүд дээр очоод М хартал олдохгүй байсан тэгээд явж байтал 5 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг Э, Ө хоёр хүүхдүүдэд зодуулсан байдалтай газар хөлөө жийгээд суучихсан, Өын нүд нь хөхөрсөн, Э “би сая аймаар зодууллаа намайг түшээрэй” гэж хэлсэн тэгээд би хоёр найзыгаа аваад Наадмын талбайгаас зугтааж гараад Э, Ө нарыг гэрт хүргэж өгсөн. Буцаад 5-21 дүгээр байрны хажууд явж байтал М, М хоёр өөр миний танихгүй 2 хүүхэдтэй хамт явж байсан. М баруун гараа унжуулчихсан явж байхаар нь яасан зүгээр үү гэхэд гар өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Мгийн мэдүүлсэн... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед манай ангийн найз М миний гар утас руу залгаад “Андаа 4 дүгээр сургууль болон 16 дугаар сургуулийн хүүхдүүд зодолдох гэж байна, чи 5-24 дүгээр байрны гадаа хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад 5-24 дүгээр байрны гадаа очтол М байгаагүй. Тэгээд би гар утас руу нь залгатал Наадмын талбай дээр зодолдох гэж байна хурдан хүрээд ир гэхээр нь яваад очтол барагцаагаар 30 орчим хүүхдүүд цугласан байсан. Тэгээд би найз М хайтал бөөн хүүхдүүд зодолдоод хаана хэн хэнтэйгээ зодолдож байгаа нь харагдахгүй бужигнаад байсан найзыгаа хайгаад явж байтал нэг хүүхэд над дээр гүйж ирээд намайг нэг удаа тэлээгээрээ ороолгосон тэгэхлээр нь би түлхэж унагаасан тэгээд нөгөө хүүхэд яваад өгсөн. Зодоон хэсэг үргэлж байгаад дууссан. Гэрлүүгээ бид нар харихаар явж байтал М хойно үлдээд хувцсаа өмсөх гээд үлдтэл дахин 6-7 хүүхэд ирээд М зодсон гэж манай найз М надад хэлсэн. Би сүүлд М зодсон гэх 6-7 хүүхдийн нэгийг нь танина. Тэр хүүхэд нь 4 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид сурдаг Зулаа гэх хүүхэд байгаа. Тухайн үед М дээр очиход түүний гар нь эвгүй болчихсон хөдөлгөж болохгүй байсан тэгээд бид нар эмнэлэг явсан... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 110-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай ... О.М биед гавал тархины битүү гэмтэл: баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл: баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал нь нэг цаг хугацаанд, 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гавал тархины битүү гэмтэл баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 142-144-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 587 дугаартай.. Т.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-157-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 223-229-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн насыг тоолоход 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 нас буюу гэмт хэрэгт холбогдох үедээ 14 нас 9 хоногтой байсан байна... гэх тэмдэглэл /2-р хх-ийн 20-р тал/

-2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Наадмын талбай” гэж дээр нь бичсэн саарал өнгийн дискинд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 32-36-р тал/

-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 37-39-р тал/

-Насанд хүрээгүй хохирогч О.М 2021 оны 09 дүгээр сараас хойш хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 41-51-р тал/

-насанд хүрээгүй хохирогч О.М мэдүүлсэн:....би тухайн үед зодуулж байхдаа нүдээ аниад 2 гараараа толгойгоо хамгаалаад хэвтчихсэн юм. Тэгээд бичлэг л үзэж яг юу болсныг харсан.  Тухайн үед нүдээ нээгээд харахад намайг анх араас боож унагаасан хар хувцастай хүүхэд нь миний толгой дээрээс дэвсэж байсан. Харин цагаан өмдтэй хүүхэд бол миний дээрээс дарах, өчих маягтай суугаад гараа миний толгой, нуруу, зүүн гар луу гараараа олон удаа цохисон. Сүүлд хар хувцастай хүүхэд миний гуя, өгзөг рүү өшиглөсөн юм... Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болсон зодооны үеэр Э, Тэмүүлэн нар учруулсан юм. Тухайн үед намайг араас татаж унагаахад би 2 гараараа нүүр болон толгой хэсгээ хамгаалсан бөгөөд тэр 2 дээрээс олон удаа цохисон. Яг хэнийх нь цохилтоос болж учирсаныг би мэдэхгүй байна. Харин сүүлд намайг ирээд өшиглөж буй хар хувцастай хүүхэд нь миний биеийн доод хэсэг рүү л өшиглөсөн бөгөөд толгой, нүүр лүү ойртоогүй юм. Тухайн үед би нүдээ аньчихсан байсан учир яг хэн нь миний хашаа юугаар цохиж байхыг мэдээгүй юм. Тус зодуулсан өдрийн орой миний толгойн баруун хойд хэсэг юм. Тэгээд маргаашнаас нь ямар ч зовиургүй байж байгаад хэд хоносон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ээжид хандан толгой өвдөөл байна гэтэл надад толгойны эм өгсөн. Ингээд маргааш нь ч гэсэн толгой маань өвдөөд зүгээр болохгүй болохоор нь ээжид ахиж хэлсэн. Тэгээд ээж миний толгойг харчихаад шууд эмнэлэг авч явсан юм. Тухайн үед миний толгойны хавдсан хэсэг хавдар нь гүйцэд арилаагүй, бага зэрэг багассан байсан. Харин миний баруун гар зодуулсаны дараа хавдаад өвдөөд байхаар нь би шууд хойд нэгдсэн эмнэлэг дээр очиж зургийг нь авхуулсан юм. Тэгтэл миний гарны хурууг хугарчихсан байна гэж хэлсэн бөгөөд би тэнд гипсдүүлсэн. Тэгээд би тухайн үед гараа хана цохиод гэмтээчихсэн юм аа гэж ээждээ худлаа хэлсэн юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57, 60-р тал/

-иргэний нэхэжлэгч Б.Солонгийн мэдүүлсэн:.... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай том хүү О.М нь бусдад зодуулж улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Тухайн яг зодуулсан өдрөө хүү маань юу болсон талаар хэлээгүй бөгөөд хэд хоногийн дараа буюу 2021.10.02-ны өдөр мэдэж эмнэлэгт хандсан юм. Харин зодуулсан өдрөө хүү маань би эмнэлэг дээр  байна гар хугарчихаж гэж хэлэхээр нь эмнэлэг орсон юм. Тэгээд эмчтэй нь уулзахад баруун гарын шивлүүрийн яс нь хугарчихсан байна гээд гипс тавьсан. Би тухайн үед яагаад гараа хугалчихсан юм бэ гэтэл хүү дуугарахгүй байхаар нь би эмчээс яаж хугарах боломжтой вэ гэтэл “гараа атгаад хана цохисон байж магадгүй, тэгвэл хугарах боломжтой” гэж хэлж байсан юм. Тэгээд би тухайн үедээ хүүгээ загнаад өнгөрч байсан. Одоогийн байдлаар хүүгийн маань эмчилгээнд 2 сая орчим төгрөгний зардал гарсан бөгөөд надад баримт нь байгаа. Мөн би зарим баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Одоогоор эмчилгээнд гарсан зардлаас Темурын ээж нь 300,000 төгрөг, Тэмүүлэнгийн ар гэрээс 300,000 төгрөг. Э гэх хүүхдийн ар гэрээс 500,000 төгрөгийг өгсөн. Одоо би үлдэгдэл зардлаа нэхэмжилнэ, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Хохирлыг маань барагдуулчихвал гомдол, санал байхгүй ээ...... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-р тал/

-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн:.. Гавал тархины гэмтэл нь гараар цохиход үүсгэгдэх боломжгүй. Харин гартаа хатуу зүйл барьж хүчтэй цохих, хатуу ултай гутлаар хүчтэй өшиглөх, цохигдоод хатуу зүйл дээр унах зэрэг аль алинд нь үүсгэгдэх боломжтой. Баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал нь дээрх үйлдэлүүдийн алинд ч үүсгэгдэж болно. О.М биед учирсан  гавал тархины битүү гэмтэл гэдэгт нь баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал нь хамаарагдана. Тухайн үед М биед үзлэг хийхэд толгойн хуйхыг тэмтэрч үзэхэд баруун талаар өвчин эмзэглэл ихтэй байжээ. Гадна талаас харагдах гэмтэл байгаагүй байна. Толгой өвдөх, дотор муухайрах, огиулах, хүндэрвэл таталт өгөх зэрэг зовиур илэрч болно. Зовиур илрэхгүй байна гэж байхгүй. О.М эмнэлэгийн бичиг баримтаас үзэхэд тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... .. Гавал тархины гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт байхгүй байна. Дүгнэлтийн 5 ба 6 дугаар хэсэгт гавал тархины битүү гэмтэл баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал нь нэг цаг хугацаанд, 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байна. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгт гавал тархины гэмтэл болон баруун гарын шивнүүр ясны хугарлыг хэрхэн үүсэх талаар тайлбарласан. Дээрх хоёр өөр төрлийн гэмтэл нь / гавал тархины битүү гэмтэл, баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал болон баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал/ тус бүртээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь хүний гараар цохих үед үүсгэгдэх боломжгүй. О.М биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь гараар цохих үед үүсэхгүй ба ямар нэгэн хатуу зүйлээр цохих, унах үед үүсгэгдэх боломжтой. Ямар хэмжээнд хавсаргагдаж цохигдсоныг мэдэхгүй тул тодорхойлох боломжгүй. М араас нь татаж газар унагаасан тохиолдолд түүний биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь үүссэн байх боломжтой....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116-118, 242-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би яг огноог нь санахгүй байна. Тэр өдөр би найзуудын хамт сагс тоглож байтал Батжаргал руу нэг нь залгаад “наадмын талбай дээр хүрээд ир тэнд 16,  болон 5 дугаар сургуулийн хүүхдүүд зодолдох гэж байна.” гэж хэлсэн. Ингээд би Батжаргал, Эрхээ болон  хэдэн хүүхдийн хамт 4-үүлээ Наадмын талбай дээр очсон юм...бид 3 тэдгээр хүүхдүүд дээр очсон бөгөөд бид нарыг очих үед зодоон эхэлчихсэн юм. Би очоод Мөнгөн- Эрдэнийг хойноос нь татсан юм. Тэгтэл доороос Тэмүүлэн ирээд бид 2 Мтэй зууралдаж М газарт унагаасан юм. Тэгээд Тэмүүлэн нь М цохих гэж байгаад дээр нь хальтраад унасан юм. Тэгээд Тэмүүлэн босож ирээд М толгой руу гараараа олон удаа цохисон. Би харин М баруун гараараа тулж байгаад түүний цээжин хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн юм...Мөн түүнийг би гараараа цохиогүй, харин хөлөөрөө цээжин хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн юм. Тэмүүлэн нь М уначихсан байхад нь нүүр лүү нь гараараа олон удаа цохисон. Тэгээд сүүлд хөлөөрөө нүүрэн дээр нт нэг удаа дэвссэн юм. Тухайн үед Тэмүүлэн бид 2 М аль талд нь байснаа санахгүй байгаа юм. Тийм ээ, би тэлээ барьчихсан байсан бөгөөд цохиогүй. Мөн тэр тэлээг хэнээс авсанаа санахгүй байна, харин зодоон дууссаны дараа би хаячихсан юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-136-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Наадмын талбай дотор насанд хүрээгүй хүүхдүүд цугларч хоорондоо зодолдох үед өсвөр насны шүүгдэгч Т.Э нь О.М татаж унаган толгойн тус газарт нь гуталтай хөлөөрөө өшиглөн зодож биед нь гавал тархины битүү гэмтэл баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал бүхий гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үйл баримтын талаархи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгийн хуурцагт бичигдсэн мэдээлэл, хохирогчид учирсан гэмтэл хохирлын талаархи эмнэлгийн баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.М эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч О.М... Тэгтэл араас нэг хүүхэд хоолойноос гараараа боож унагаасан. Тэгээд би газар унасан, газар унасны дараа миний толгой хэсэг рүү нэлээн цохисон... Тэгээд миний дээр цагаан өмдтэй, шар өнгийн малгайтай цамцны малгайг гаргаж өмссөн хүүхэд дээрээс  тасралтгүй миний толгой нүүр хэсэг рүү маш олон удаа цохисон. Тэгээд шар юм уу хүрэн өнгийн тембэрландтай хүүхэд ирээд миний толгой хэсэгт өшиглөхөд нь би гараараа хаагаад миний баруун гарын чигчий хурууны үеэр хугарсан юм. Тэгээд бас нэг хүүхэд тэлээгээр цохисон....гэх мэдүүлэг, дүрс дуу бичлэгийн хуурцагт дахин  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай ... О.М биед гавал тархины битүү гэмтэл баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл: баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал нь нэг цаг хугацаанд, 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гавал тархины битүү гэмтэл баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн...  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгт гавал тархины гэмтэл болон баруун гарын шивнүүр ясны хугарлыг хэрхэн үүсэх талаар тайлбарласан. Дээрх хоёр өөр төрлийн гэмтэл нь / гавал тархины битүү гэмтэл, баруун зулай ясны хугарал, тархины эдийн няцрал болон баруун гарын алганы тавдугаар шивнүүр ясны далд хугарал/ тус бүртээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь хүний гараар цохих үед үүсгэгдэх боломжгүй. О.М биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь гараар цохих үед үүсэхгүй ба ямар нэгэн хатуу зүйлээр цохих, унах үед үүсгэгдэх боломжтой насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Э нь насанд хүрээгүй хохирогч О.М биед санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Түмэнбаярын Э нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт Наадмын талбайн урд хэсэгт насанд хүрээгүй хохирогч Ө.М татаж унагах, толгойн тус газарт нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: Хохирогчийг өшиглөснөө хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эмчилгээнд 2,700,000 төгрөг төлсөн байгаа. Хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч 14 нас дөнгөж хүрч байсан. Өсвөр насны хүүхдүүдийн хооронд болсон асуудал хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид сурч боловсрох эрмэлзэлтэй, 12 дугаар анги төгсөх гэж байгааг харгалзан хорих ял оногдуулсан тогтоолын биелэлтийг хойшлуулна уу гэж,

-шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б: Бид маш их харамсаж гэмшиж байна гэж тус тус дүгнэлт,санал гаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь хэрэг гарах үед 14 насанд хүрсэн байсан болох нь түүний төрсөний бүртгэлийн лавлагаа бичиг баримтад үндэслэн мөрдөгчийн хийсэн нас тоолсон тухай тэмдэглэлээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/...гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

       Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй, заавал нийгмээс тусгаарлах шаардлагатай байдалд тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч О.М болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогчид учирсан хохиролд өсвөр насны шүүгдэгч Т.Э нийт 2,700,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч У овогт Тын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

3.Эрүүгийн хулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 8 /найман/ сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэх журамтайг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Эд оногдуулсан ял, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          6. Өсвөр насны шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дуу дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ