Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 50

 

 

 

 

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00050

Улаанбаатар хот

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г -ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “К” ХХК -д холбогдох,

 

8,859,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Г миний бие ******* хоёр хотхонд******* дугаар байрны 99 тоотод 106,37 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууцыг 265,818,630 төгрөгөөр, мөн уг******* дугаар байрны В1 давхарын 108 тоот 9,43 м.кв хэмжээтэй авто зогсоолыг 29,500,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож 2016 оны 01 сарын 08-ны өдөр захиалгын гэрээг “К” ХХК-тай байгуулсан. Уг гэрээг хийхдээ байрны урьдчилгаа төлбөрт 53,163,726 төгрөгийг, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт 8,850,000 төгрөгийг “К” ХХК-ийн Голомт банкин дахь ******* тоот дансанд тус тусад нь хийсэн. Үүний дараа байр, авто зогсоолын гэрээнийхээ дагуу 2016 оны 03 сарын 21-ний өдөр байрны үлдэгдэл төлбөр болох 212,654,904 төгрөгөө, мөн авто зогсоолын төлбөр болох 20,650,000 төгрөгөө тус тус “К” ХХК-ийн Голомт банкин дахь ******* тоот дансанд шилжүүлэн тооцоогоо дуусгаж******* дугаар байрны 99 тоотод нүүж орсон юм. Гэтэл “К” ХХК нь миний худалдан авсан байрны нийт үнэ төлбөр болох 265,818,630 төгрөг, авто зогсоолын төлбөр болох 29,500,000 төгрөгүүдэд НӨАТ-ын Ебаримт огт өгөөгүй. Миний бие тэр даруй надад байр борлуулсан “К” ХХК-ийн борлуулалтын албанаас төлсөн төлбөртөө Ебаримт өгөхийг шаардсан боловч манай компанийн НӨАТ-ын программ жигдрээгүй байна, удахгүй хэвлээд араас чинь оруулаад өгье гэж хэлэхээр нь итгээд орхиод гараад явсан. Ингээд 2016 оны 08 сар хүртэл “К” ХХК-аас Ебаримт олгож өгөхгүй болохоор нь дахин борлуулалтын алба руу нь биеэр орж Ебаримтаа нэхэж лавлахад манай нягтлан амраад явсан байхгүй байна, ирэхлээр нь өгнө гэж хэлээд намайг гаргасан. Үүнээс хойш 2017 болон 2018 онуудад удаа дараа орж Ебаримтаа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл олгож өгөлгүй явсаар байна. Иргэн Г.Г миний бие нь “К” ХХК-ийн Ебаримтаа цаг тухайд нь олгоогүйгээс болж байр, авто зогсоол худалдан авсан нийт төлбөртөө 295,318,630 төгрөгний Ебаримтаа авч татварын системд QR кодоор нь шивж оруулан жилийн эцэст 2 хувийн НӨАТ-ын буцаан олголт болох 5,906,372 төгрөгөө, мөн уг Ебаримтыг үндэслэн олгодог анх удаа орон сууц худалдан авч буй иргэний татварын хөнгөлөлт буцаан олголт болох 1 хувь буюу 2,953,180 төгрөг, нийт 8,859,552 төгрөгөө татвараас, улсаас авч чадахгүйд хүрч их хэмжээний хохирол амсаад байна. Иймд та бүхэн шударга үнэнээр шийдэн “К” ХХК-аас худалдан авсан байр, авто зогсоол хоёрын төлбөр болох 295,318,630 төгрөгөнд маань “К” ХХК-аас Ебаримт олгоогүйн улмаас надад учирсан хохирол болох 8,859,552 төгрөгийг “К” ХХК-аар төлүүлж өгнө үү" гэв.

 

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К” ХХК нь НӨАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эцсийн борлуулалтад ногдох НӨАТ ноогдуулалтыг 2016 оны 03 сарын НӨАТ-ын тайланд тусгаж борлуулалтаар тайлагнан тушаасан бөгөөд хуулиас гадуур үйл ажиллагаа огт хийгээгүй болно. Хэрэглэгч гомдол гаргахдаа төлбөр дууссан даруйд баримт өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд бид баримт авах хүсэлт гаргасан хэрэглэгчдийн НӨАТ-ын падааныг хэвлэж өгч байсан. Харин 2016 оны 03 сарын 31-ний өдрөөс өмнө баримт авах хүсэлт гаргаагүй иргэдийн худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан болно. Бид дээрх хэрэглэгчийг нягтлан бодогчтой 2017 онд ирж уулзах үед хэрэглэгчдийн өмнөх оны борлуулалтыг татварын албанд тайлагнасан тул дараа нөхөн олгох боломжгүй, учир нь манай компани борлуулалтаа тайлагнасан тухай тайлбар өгсөн болно.

“К” ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц болон автозогсоол худалдах гэрээ байгуулаад гэрээнд заасан төлбөрийг хүлээж авсан. Гэрээнд заасан төлбөр нь НӨАТ-ын 10 хувь шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц захиалгын гэрээний төлөх ёстой төлбөр нь 265,818,630 төгрөг байсан. Энэ бол НӨАТ шингэсэн. Шингээгүй гэж тооцвол энэ дүнгийн 10 хувиар нэмж татвар төлөх ёстой. Тэгээд энэ дүнгээр мөнгөө төлөөд орон сууцаа хүлээж аваад өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2016 онд авсан. Автомашины зогсоол захиалгын гэрээний 29,500,000 төгрөг нь мөн адил НӨАТ шингэсэн. Энэ мөнгийг нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр төлөөд зогсоолыг авсан. 2016 оны 03 сарын 21-ний өдөр хоёр гэрээний үлдэгдлээ нэхэмжлэгч төлсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийг НӨАТ-ын баримтаа авъя гэж ирсэн гэдгийг нотлох хүн байхгүй, хэрэгт тийм баримт байхгүй. Мөнгийг авчирч өгөөгүй, банкнаас төлсөн байдаг. Компани дээр төлсөн бол баримт гаргаж өгч болох байсан байх. Тэгээгүй учраас 2016 оны 3 сарын НӨАТ-ын тайланд тусгагдаад Ебаримтын цахим файланд энэ борлуулалт нь ороод татварын албанд мэдүүлэгдсэн. Харин Ебаримт гэдэг нь тухайн төлбөр төлсөн өдрөө юм уу нэг, хоёр хоногийн дараа энэ баримтыг авч байх ёстой. Болсон явдлыг тайлбарлах юм бол 2016 оны 03 сарын 30-ны өдөр “К” ХХК нь 3 сарын бүх борлуулалтаа мэдүүлээд тайлагнасан. Нөхөж олгох асуудал байхгүй. Яагаад гэвэл тэр баримт нь НӨАТ-ын системээс хэвлэж гардаг. Системээс орж шивэгдэж байж дахин давтагдашгүй баримт гарч ирдэг. 2016 оны 03 сарын 30-ны өдрөөс өмнө энэ баримтаа авъя гэж хэлээгүй тул нөхөн гаргаж өгөх боломжгүй. Татварын албаны цахим системд орлого тайлагнасан учраас нөхөж гаргах боломжгүй. Татварын албанд энэ хүний гомдлын дагуу мөн уулзаж байсан. Гэтэл боломжгүй гэдэг хариу ирсэн байдаг. Цаг хугацаанд нь шаардаж аваагүй учраас энэ баримт хэвлэгдээгүй. Нэхэмжлэлийг харах юм бол 295,318,630 төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Төлсөн дүн дээр маргаан байхгүй. Харин үүнээс НӨАТ буюу жилийн эцсийн 2 хувийн буцаан олголтыг авах ёстой байсан гэж шаардаж байгаа. 5,906,372 төгрөг нь яаж гарч байгаа вэ гэхээр төлсөн 295,318,630 төгрөг дээр НӨАТ-ын 10 хувийг нэмээд тэр дүнгээс 29,531,860 төгрөгийг өөрийн төлсөн мөнгө дээр нэмж бодоод байна. Нэмж бодоод байгаа мөнгийг энэ хүн төлөөгүй. Тэгэхээр энэ хүний тооцооллын асуудал гарч ирээд байна. Тиймээс өөрийн төлөөгүй 10 хувийг нэмсэн гэж ойлгож байна. Жилийн эцэст 2 хувийн буцаан олголт авна гэж бичсэн. НӨАТ-ын буцаалтыг татвар төлөгч иргэн авах ба QR кодтой баримтыг авснаараа 2 хувийн буцаан олголтыг шууд авах эрх үүсэхгүй. НӨАТ-ын Ебаримтыг авснаараа өөрт нь шууд 2 хувийн буцаалт үүсч байгаа юм шиг нэхэмжлэлийн үндэслэл дээрээ бичсэн байна. Энэ дээр хуулийн зөв хэрэглээний асуудал яригдана. Ихэнх иргэд энэ системийг мэдэж байгаа. Нэгд Ебаримт вэб сайтанд бүртгүүлсэн байх ёстой. Нэхэмжлэгчийг өөрийн овог нэрээр бүртгэлтэй гэх баримт хэрэгт байхгүй. Татварын буцаалтыг авахын тулд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. НӨАТ-ын тухай хуулийн 15.10-д заасан шаардлагыг хангасан албан татвар төлөгчид буцаан олголтыг авах эрх нь үүснэ. Үүнийг хангасан гэх баримт хэрэгт байхгүй. Хууль болон журамд заасан шаардлагыг хангасан гэдгээ бүрэн нотолж байж шаардах эрх үүснэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 2 хувийн буцаалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөөгүй 10 хувийн татвараа нэмснээс болоод энэ дүн нь 5,363,542.98 төгрөгөөр зөрж байна. Шаардлагын хэмжээ зохиомлоор өссөн гэсэн үг. Тиймээс 2 хувийг яаж бодсон гэх аргачлалыг тайлбарлуулмаар байна. Хоёр дахь шаардлага  нь 2,953,180 төгрөгийн тухайд өмнөх тайлбартай адил НӨАТ-ын Ебаримтыг авахаар л энэ мөнгийг буцаан авдаг асуудал байхгүй. Буцаалтыг олгох нь нарийн шалгууртай. Нэхэмжлэгчийг энэ баримтаас бусад баримтыг нь хангасан гэх баримтыг хэргийн материалаас харсангүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар зөвхөн орон сууц дээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлдэг. Гарааш татварын хувь эдэлдэг объект биш тул нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол буруу. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 16.1.12-т зааснаар 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэсэн байдаг. Тэгэхээр энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд нийт 8 шалгуурыг хангах ёстой. 7 дахь шаардлага нь Ебаримт байх ёстой. Энэ байхгүй бол өмнөх 6 шаардлага байхгүй. Энэ хүнд 3 баримтыг л хангасан гэх баримт хэрэгт байна. Орон сууц худалдаж авч байгаа орлогоосоо татвар төлсөн байхыг шаарддаг. Татвар төлсөн орлого мөн үү гэдгээ нотолсон уу. Өнөөдөр татварын байгууллагаас биш хариуцагчаас шаардаж байгаа бол энэ бүх шаардлагыг хангасан байх ёстой тул шаардлага нь үндэслэлгүй. Ганцхан хариуцагчийн буруугаас энэ мөнгийг авах боломжгүй байна гэх зүйл харагдахгүй байна. Тэгж байж өнөөдөр шүүх хангах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан орон сууц, авто зогсоол худалдан авсан 295,318,630 төгрөгийн баримтаа авч чадаагүйн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийн буцаан олголт болох 5,906,372 төгрөг, анх удаа орон сууц худалдан авсан иргэний татварын хөнгөлөлт 2,953,180 төгрөг, нийт 8,859,552 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 5,315,000 төгрөг, анх удаа орон сууц худалдан авсан татварын хөнгөлөлтөд 2,658,200 төгрөг, нийт 7,973,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

“К” ХХК болон иргэн Г.Г  нар нь 2016 оны 01 сарын 08-ны өдөр*******/03/99 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, ******* дугаартай “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-г тус тус байгуулж, “К” ХХК *******, Энканто таун хотхоны******* дугаар байрны 99 тоот, 106,37 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн тус байрны доорхи автогаражийн В1 давхарын 9,43 м.кв талбайтай 108 тоот авто зогсоолыг тус тус хүлээлгэн өгөх, Г.Г  нь орон сууцны үнэ 265,818,630 төгрөг, авто зогсоолын үнэ 29,500,000 төгрөгийг 2016 оны 04 сарын 25-ны дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон, уг үнэд нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг оруулан тооцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй. /хх-6-9, 10-12/

 

Нэхэмжлэгч Г.Г  нь орон сууцны төлбөрт 2016.01.07-ны өдөр 53,163,726 төгрөг, 2016.03.21-ний өдөр 212,654,904 төгрөг, авто зогсоолын төлбөрт 2016.01.07-ны өдөр 8,850,000 төгрөг, 2016.03.21-ний өдөр 20,650,000 төгрөгийг тус тус төлж, төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд орон сууц, авто зогсоолын төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөнийг хариуцагч зөвшөөрч, энэ талаар маргаагүй. /хх-14-15/

 

2016 оны 04 сарын 29-ний өдөр *******,*******,*******,******* дугаар байр, 99 тоот хаягт байршилтай, 106,37 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081202 дугаартай гэрчилгээ Г.Г , Ц.А, Г.Г , Г.Ц  нарын нэр дээр олгогджээ. Мөн 2018 оны 03 сарын 12-ны өдөр *******,*******,*******,******* дугаар байр, В1 давхарын 108 хаягт байршилтай, 9,43 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай гэрчилгээ Г.Г , Ц.А, Г.Г , Г.Ц  нарын нэр дээр олгогджээ. /хх-87-90/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдан авсан орон сууц, автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч “К” ХХК төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүйгээс татварын буцаан олголт, хөнгөлөлт, чөлөөлөлтийг авч чадаагүй тул хариуцагчаас хохирлоо гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууц, автозогсоолын төлбөрт төлсөн 295,318,630 төгрөгийн баримтыг түүнд олгоогүй талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, татварын хөнгөлөлт авах шаардлагыг хангаж буй эсэх нь баримтаар тогтоогдоогүй, автозогсоолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, нэхэмжлэгчийн шаардлагын тооцоолол буруу хийгдсэн, хариуцагчийн буруугаас энэ мөнгийг авах боломжгүй байсан болох нь тогтоогдоогүй гэж маргасан.

 

1/ Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал  5,315,000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар

 

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж ...татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч ....хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г  нь татвар төлөгч, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хариуцагч “К” ХХК нь албан татвар суутган төлөгч байна. “К” ХХК-д 2008 оны 03 сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 12747 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-38, 39/

 

Тус компани нь 2016 оны 03 дугаар сард нийтийн орон сууцны барилгын орон сууц, автозогсоол худалдан авсан нэр бүхий 14 иргэний худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан болох нь татварын байгууллагын төлбөрийн баримт, хариуцагчийн эцсийн хэрэглэгчээр баримт шивсэн бүртгэл болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-57, 60/

 

Иймд нэхэмжлэгч Г.Г  нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголт, сугалааны тохирлоор татварын урамшуулал авах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Г.Г  төлбөр төлж дууссан даруйд баримт авах хүсэлт гаргаагүй тул баримт хэвлэж өгөөгүй, баримт авах хүсэлт гаргаагүй иргэдийн худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан, 2017 онд ирж уулзахад нь өмнөх оны борлуулалтыг татварын албанд тайлагнасан тул дараа нөхөн олгох боломжгүй тухай мэдэгдсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагч “К” ХХК нь албан татвар суутган төлөгчийн хувьд борлуулсан бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч Г.Г ийн худалдан авсан орон сууц, автозогсоолын төлбөрийн баримтыг түүнд олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно 15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, 15.2.2.сугалааны тохирлоор”, мөн зүйлийн 15.3-т Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. 15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх, 15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх, 15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх, 15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх” гэж заасан.

 

Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны *******3 дугаар тушаалын хавсралтаар “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг баталж, уг тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.1.3-т сугалаанд оролцогч нь борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх нөхцөлийг заасан бөгөөд хариуцагч “К” ХХК нь худалдан авалтыг нотлох бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн, нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тус компани 2016 оны 03 дугаар сард нийтийн орон сууцны барилгын худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан нь нэхэмжлэгчид худалдан авсан орон сууц, автозогсоолын төлбөртэй холбоотой баримтыг өгөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Мөн тус компани нэхэмжлэгч төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж дууссан хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын байдлаар дээр дурдсан журмын хэрэгжилтийг ханган үйл ажиллагаагаа жигдрүүлээгүй байсан гэх байдал нь баримт олгох үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад татварын буцаан олголтын урамшуулал эдлэх бөгөөд татварын алба нь тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай татвар төлөгчид мэдэгдэхээр заасан. Нэхэмжлэгч Г.Г  нийт төлсөн 295,318,630 төгрөгний татварын урамшуулал авч чадаагүй байх тул өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

Зохигчдын байгуулсан гэрээнд заасан орон сууцны үнэ 265,818,630 төгрөг, авто зогсоолын үнэ 29,500,000 төгрөг, нийт 295,318,630 төгрөгийн 26,847,148.18 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар бөгөөд дээр дурдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасны дагуу буцаан олгох урамшууллыг тооцож үзвэл 5.369.429,64 төгрөг байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь татварын буцаан олголтын урамшуулалд 5,315,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

2/ Анх удаа орон сууц худалдан авсан албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт  2,658,200 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц, автозогсоолын төлбөртэй холбоотой баримтыг хариуцагч “К” ХХК өгөөгүйгээс анх удаа орон сууц худалдан авч буй иргэний татварын хөнгөлөлт, буцаан олголтыг авч чадаагүй тул хариуцагчаас хохирлоо гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын хөнгөлөлт авах шаардлагыг хангаж буй эсэх нь баримтаар тогтоогдоогүй, автозогсоолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, шаардлагын тооцоолол буруу хийгдсэн, хариуцагчийн буруугаас энэ мөнгийг авах боломжгүй байсан болох нь тогтоогдоогүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий иргэн албан татвар төлөгч болно.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т хувь хүн амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц худалдан авахад зарцуулсан 30,000,000 төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан. Иргэн дээр дурдсан хуульд заасны дагуу албан татвар ногдох орлогын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол харьяалах нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, холбогдох баримтаа бүрдүүлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Г.Г  нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдаагүй болох нь татварын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх боловч орон сууц, автозогсоол худалдан авч төлбөрийг төлсөн нь хувь хүний орлогын албан татвар төлсөн асуудал биш бөгөөд төлбөрийг төлснөөр хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх  шууд үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авсан хугацаа буюу 2016 онд орлогоо тодорхойлон татварын албанд бүртгүүлсэн эсэх, холбогдох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхээр хандсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т зааснаар орон сууц худалдан авахад зарцуулсан 30,000,000 төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан боловч нэхэмжлэгч нь анх удаа орон сууц худалдан авч буй иргэний татварын хөнгөлөлтийг 1 хувиар тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол буруу байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “К” ХХК нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны худалдан авалтыг нотлох бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн, нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг түүнд олгоогүйгээс нэхэмжлэгч Г.Г  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдаж чадаагүй болох нь тогтоогдохгүй байх тул албан татварын хөнгөлөлт 2,658,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “К” ХХК-аас 5,315,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,658,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “К” ХХК-аас 5,315,000 /таван сая гурван зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,658,200 /хоёр сая зургаан зуун тавин найман мянга хоёр зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 99,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                         Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                    Т.ЭНХЖАРГАЛ