Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

 

 

  2019          9             12                                              2019/ДШМ/909                                 

 

Н.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганбагана,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1909014570581 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... М, 1983 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Про-Аурон” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 421 дугаартай магадлалаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон;

 

Н.М нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Т.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, зүүн шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.Мт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, хохирогч Т.А нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн буруутай үйлдлээс болж хохирогчид хүндэвтэр хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйж цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд надад оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг 450 нэгжээр торгох ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.М нь одоогоор Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Про-Аурон” ХХК-д хүнд машин механизмын оператор жолоочоор ажилладаг. Түүнд анхан шатны шүүхээс 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирч байгаа тул торгуулийн ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн 131 тоотод Т.Атай “найз Цогтгэрэлийг нь өөрийнхөө ажилтан гэж доошоо хийж ярьсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, зүүн шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Аы “...М нь миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авахаар нь би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөхөд миний амнаас цус гарч эхэлсэн. ...” /хх 16-19/,

гэрч Н.Мөнхсайханы “...нөхөр Аы нүүр ам нь бөөн цус болчихсон байсан. Түргэний эмч ирээд эрүү нь хугарсан байна гэсэн. ...Цогтгэрэлээс юу болсон талаар асуухад “намайг уучил” гэж хэлээд байснаа М гэдэг залуу надаас холдуулаад зодсон талаар хэлсэн. ...” /хх 20-22/,

гэрч А.Цогтбаярын “...Цогтгэрэлийн гэрт нь ороход Цогтгэрэл болон түүний найз М нар нь согтуу байсан. Би юу болсон талаар Маас асуухад “Аыг би гараараа цохисон, хариуцлагаа хүлээх болно” гэж хэлсэн. ...” /хх 23-25/,

гэрч  А.Цогтгэрэлийн “...Мыг Ааас салгах үед хөлөөрөө өшиглөөд байсан. ...Аыг харахад амнаас нь цус гарч байсан. ...” /хх 26-29/,

Н.Мын яллагдагчаар өгсөн “...Би Аы биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” /хх 4-7/ гэх мэдүүлгүүд,

“...Т.Аы биед эрүү ясны далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2019.04.10/, баруун тохойд зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4774 дугаартай дүгнэлт /хх 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.Мын хохирогч Т.Аы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, зүүн шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Н.Мын “...торгуулийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН