Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/823

 

2022        10          24                                   2022/ШЦТ/823      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Б.Батцэцэг,

Хохирогч: ****,

Шүүгдэгч: **** түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох  эрүүгийн 2211000001427 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

****, /РД: /, Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, /, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь “2022 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 39 дүгээр сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч **** “такси үйлчилгээний төлбөрийн асуудлаас” шалтгаалан маргалдаж гараараа цохих үйлдлээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун хацар, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001427 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруутай үйлдэл гаргаж хүний биед халдсандаа гэмшиж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрдүүлсэн баримтын дагуу төлж барагдуулсан. Оноох шийтгэлийг хөнгөвчилж өгнө үү гэж хүсэж байна гэв.

            Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт: Нэг эмэгтэйн хамтаар 13 дугаар хорооллоос такси барьсан. 1 км газар яваад эмэгтэйгээ Хийморь хотхонд буулгасан ба дүн нь 2000 төгрөг гарсан. Эмэгтэйгээ оруулж өгсний дараа эргэж суухад нь хаачих талаар асуухад Баянбүрдийн тойрог орох талаар хэлсэн. Тус газар нь ирэхэд дээшээ яв гэсэн ба хэлснийх нь дагуу явахад энэ залуу зүүрмэглэсэн байсан. Гэнэт сэрснээ чи хаашаа яваад байгаа юм бэ? гэж зэргээр хэлээд араас хүзүүнээс боосон. Дараа нь одоо дээшээ Дэнжийн мянга руу яв гэсэн. Явж байтал эргэ гэсэн. Машинд байх хугацаандаа байнга “…аятайхан яв гөлөг минь…” гэх мэтээр хэлж, дайрч байсан. Би согтуу хүнтэй маргаад яах вэ гэж бодон хэлснийх нь дагуу буцаад эргэсэн. Сүүлд 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр ирээд таксины дүн болох 15,000 төгрөг гарсан талаар хэлэхэд “…чи гөлөг минь дандаа согтуу хүн дээр ажилладаг юм уу…” гээд хараагаад эхэлсэн. Төлбөрөө төл гэхэд “…өгөхгүй байсан ч яадаг юм...” гэж хэлээд машинаас буугаад явсан. Би араас нь бууж “…төлбөрөө төл…” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй намайг мөргөөд авсан. Мөргөлтөөс нь улбаалж манарсан байхад намайг боосон. Мансуураад ухаан алдсан байхад миний дээрээс дэвссэн. Энэ залуу гүйгээд алга болсон байсан. Би зам руу гарч хүмүүсээс тусламж гуйсан гэв.

            Хохирогч ****: “...39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр” ирж зогсоод тухайн хүнд 15,000 төгрөг болсон талаар хэлээд “мөнгөө өгөөрэй” гэтэл яагаад 15,000 төгрөг гардаг юм, чи намайг согтуугаар далимдууллаа гэж тухайн эрэгтэй намайг хэл амаар доромжилж мөнгө өгөлгүй миний тээврийн хэрэгслээс буугаад явсан. Би араас нь бууж мөнгөө өг гэж хэлтэл уг эрэгтэй миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөөд намайг заамдаж миний хүзүү хэсгээс гараараа боож газарт унагааж хөлөөрөө өшиглөсөн. Би газраас бостол уг залуу миний дэргэд байхгүй байсан. ...тухайн залуу байрныхаа орж руу орох гэж байхад нь бариад цагдаагийн байгууллагад хандсан. ...үл таних залуу миний биед гэмтэл учруулах'үед ойролцоо хэн нэгэн байгаагүй, харж байсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10557 дугаартай ‘Ч.**** биед баруун хацар, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь “2022 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 39 дүгээр сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч **** “такси үйлчилгээний төлбөрийн асуудлаас” шалтгаалан маргалдаж гараараа цохих үйлдлээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун хацар, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****: “...39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр” ирж зогсоод тухайн хүнд 15,000 төгрөг болсон талаар хэлээд “мөнгөө өгөөрэй” гэтэл яагаад 15,000 төгрөг гардаг юм, чи намайг согтуугаар далимдууллаа гэж тухайн эрэгтэй намайг хэл амаар доромжилж мөнгө өгөлгүй миний тээврийн хэрэгслээс буугаад явсан. Би араас нь бууж мөнгөө өг гэж хэлтэл уг эрэгтэй миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөөд намайг заамдаж миний хүзүү хэсгээс гараараа боож газарт унагааж хөлөөрөө өшиглөсөн. Би газраас бостол уг залуу миний дэргэд байхгүй байсан. ...тухайн залуу байрныхаа орж руу орох гэж байхад нь бариад цагдаагийн байгууллагад хандсан. ...үл таних залуу миний биед гэмтэл учруулах'үед ойролцоо хэн нэгэн байгаагүй, харж байсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10557 дугаартай ‘Ч.**** биед баруун хацар, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогчийн мэдүүлэгт тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 150,000 төгрөг гарсан гэж мэдүүлдэг боловч үндэслэл бүхий баримт хэрэгт цуглараагүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч **** нь 300.000 төгрөгийг хохирогч ****д нөхөн төлсөн байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч ****ад ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч ****ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА