| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/4646/и |
| Дугаар | 231 |
| Огноо | 2019-01-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 231
| 2019 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2019/00231 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “В” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н” ХХК -д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,019,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “В” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“В” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж Авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 оны 09 сарын 03-ны өдөр “Н” ХХК-тай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, явган хүний замын хавтан суулгах ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээт ажлын нийт хөлс 160,000,000 төгрөг байхаар тохиролцсон ба ажлын хөлсний 50 хувийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдлийг ажил гүйцэтгэж дуусахад 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөхөөр тохиролцсон. “Н” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан хийж дуусгасан. Гүйцэтгэлээр ажлын төсөв 141,019,500 төгрөг болсон тул одоо 101,019,500 төгрөг “Н” ХХК-иас авах үлдэгдэлтэй байна. Бид үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж “Н” ХХК-д удаа дараа нэхэмжлэх явуулж байсан боловч бичгээр хариу өгөөгүй. Хариуцагчийн барьж байгуулсан Тарвалин хотхоныг улсын комисс хүлээн авсан бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн гадна зогсоол, явган хүний зам талбай, хашлага зэргийг чанарын шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад хүлээн авсан болно. Иймд “Н” ХХК-иас 101,019,500 төгрөг гаргуулж манай компанид олгуулна уу” гэв.
Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны орон сууцны хорооллын гадна талбайд дайрга дэвсэж нягтаршуулах, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах явган хүний замын хашлага, хавтан суулгах ажлыг “В” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан билээ. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн төлбөр тооцоог гэрээний 4.5-д заасан хуваарийн дагуу төлж, төлөвлөгөөт ажлыг нь санхүүжүүлж байхад гүйцэтгэгч тал ажлаа хийлгэх явцдаа гэрээгээр хүлээлгэсэн итгэлийг эвдэж гэрээний хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчиж байсан. Үүний зэрэгцээ, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангахгүй, гүйцэтгэгч мөн 3 дугаар бүлгийн 3.5-д заасан ажил эхлэх, дуусах хугацааны тухай заалтуудыг удаа дараа зөрчсөн тул захиалагч тал уг гэрээний 4.3 дахь заалтын хүрээнд захиалгат ажлын төлбөрийн үлдэгдлийн төлөлтийг зогсоож мэргэжлийн хяналтын газар хандан, гүйцэтгэгчийн хийсэн ажил гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг гэрээний 2 талыг байлцуулан эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэсэн ажил буюу гэрээний дагуу барьж дуусгасан замыг захиалагч талд хүлээлгэн өгөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д зааснаар гэрээний 1.3-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын чанар гүйцэтгэлийн талаар гарсан санал зөрөлдөөнийг гэрээний 7.5-д заасны дагуу шийдвэрлүүлээгүй, захиалагч талыг байлцуулан хяналт хийлгэн, гүйцэтгэх ажлаа дуусгавар болгож хүлээлгэж өгөөгүй, өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий нөхцөл гэсэн нэг дэх хэсгийн 1.3-д дээрхи ажлуудыг Монгол Улсын стандарт норм дүрмийг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэн акт үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй. Ийнхүү гэрээний 1.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь захиалагч гэрээний 4.3-т ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл уг гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,019,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“Н” ХХК болон “В” ХХК нь 2015 оны 09 сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “В” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хотхоны орон сууцны гадна талбайн ажлыг 2015 оны 09 сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 сарын 29-ний өдөр хийж гүйцэтгэх, “Н” ХХК нь ажлын хөлс 160,000,000 төгрөгийг ажил эхлэхэд 50 хувийг бэлнээр, 50 хувийг бартераар 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөхөөр харилцан тохиолцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-9-13/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхэд нийцсэн, 193 дугаар зүйлийн 193.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэх заалтад нийцсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь гүйцэтгэлээр 141,019,500 төгрөг болсноос урьдчилгаа төлбөрт авсан 40,000,000 төгрөгийг хасч тооцон 101,019,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгч “В” ХХК гэрээнд заасан үүргээ зөрчсөн, хийвэл зохих үерийн далангийн ажлыг хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил чанар, стандартын шаардлага хангахгүй байсан, ажлаа акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй тул төлбөрийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.3 болон 3.2-т “Гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэх ажил: ******* хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтон зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, явган хүний замын хавтан суулгах ажил” гэсэн байх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдагдсан үерийн далан барих ажил ороогүй байна. Хариуцагч нь хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан баримтаар 82 метр үерийн далан хийх ёстой байсан нь нотлогдож байгаа гэж тайлбарлаж байх боловч уг баримтад дурдсан 82.3 м2 ус зайлуулах суваг хийх ажил нь үерийн далан барих ажил гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний 3.5-д заасан ажил эхлэх, дуусах хугацааг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч гэрээт ажил хугацаандаа эхлээгүй шалтгааныг тайлбарласан нэхэмжлэгчийн “Н” ХХК талбайд байрлуулсан суурин краныг гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн дараа буулгаж ажлыг хугацаанд нь эхлэх боломжийг олгоогүй” гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж маргаагүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил холбогдох стандарт, норм дүрмийг хангахгүй байсан гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ямар ажил нь ямар норм, дүрмийг зөрчсөн, ашигласан ямар материалын чанар нь стандартад нийцэхгүй байсан талаар тухайлан тайлбарлаж, баримтаар нотлоогүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар “В” ХХК нь 2015 оны 10 сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг гарган “Н” ХХК-д хүргүүлэн, 2015 оны 10 сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэлтэй холбогдох баримт бичиг, материалыг “Н” ХХК-ийн инженер Д.М-д хүлээлгэн өгсөн, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн дүн бүхий нэхэмжлэхийг хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна. /хх-15-18/
Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлтэй холбоотой дээр дурдсан баримт бичиг, материалыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй боловч, энэ нь ажил хүлээлцсэн баримт биш гэх тайлбарыг гаргасан. Гэрээний 5.1-д “Захиалагч тал ажил гүйцэтгэгч талын гүйцэтгэж буй ажлын чанарт хяналт тавих бөгөөд хийж дууссан ажлыг шалгаж хүлээн авна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг гаргаж ирүүлсэн байхад гүйцэтгэсэн ажлыг шалгаж хүлээн авах арга хэмжээг хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж зааснаар “Н” ХХК “В” ХХК-ийн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үүргээ хариуцагч биелүүлээгүй нь ажлын хөлсийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.3-т “Ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй, аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл тухайн гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй байх эрхтэй” гэж заасан ба гэрээний захиалагч тал буюу “Н” ХХК нь ажил гүйцэтгэгч “В” ХХК-ийн гэрээт ажлын доголдолыг илрүүлэн шаардлага тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээний дагуу нийт 141,019,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар ажлын гүйцэтгэл гаргасныг хариуцагч “Н” ХХК нь эс зөвшөөрч маргаж байх боловч хариуцагчийн тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас ажлын хөлс 141,019,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хариуцагч “Н” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Н” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 101,019,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч “Н” ХХК-аас 101,019,500 /нэг зуун нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,047.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 2.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 663,047.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР