| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/5008/и |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 327
| 2019 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2019/00327 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” ХХК -д холбогдох,
Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийн дагуу автомашин борлуулсны зөрүү мөнгө 46,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Л.У би 2015 оны 06 сарын 11-ний өдөр “Д” ХХК-ийн автомашины ломбарданд ******* маркийн ******* улсын дугаартай машиныг барьцаанд тавьж 27,200,000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл хүү, алданги, зогсоолын мөнгийг төлж байсан. Улмаар дараа сарын хүү төлөх өдөр 2015 оны 10 сарын 24-ний өдөр байсан бөгөөд тус ломбард нь өөрийн ажилтан болох Б.Ү гэдэг хүнд 10,000,000 төгрөгөөр зарж борлуулан нэр дээр нь шилжүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Миний бие тухайн үед хөдөө ажиллаж байсан ба 9 сарын сүүлээр очиж тооцоо нийлэхэд 33,060,000 төгрөгийн зээлтэй үлдсэн байсан. Ингээд дараа саруудад автоломбарднаас надтай болон миний дүү Л.Б- тэй холбогдож хүү, алдангийн талаар ярихад хийж байгаа ажлын хөлсөө аваад төлбөр тооцоогоо барагдуулна гэдгээ хэлж байсан билээ. Нэгдүгээр сарын дундуур надад мэдэгдэлгүйгээр өөр хүнд зах зээлийн үнээс доогуур зарсныг мэдсэн. Ингэж зарж борлуулчихаад машинд байсан миний бичиг баримтуудыг ч огт өгөөгүй, мөн гэрээнд заасан журмыг зөрчиж хугацаанаас өмнө автомашиныг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн хэр нь надаас хүү, алданги нэхэж байсан. 2015 оны 06 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлд “зээлдэгч авсан зээлээ, түүний хүүг буцаан төлөөгүй, зээлдүүлэгчтэй өөрийн биеэр ирж уулзан, тодорхой хугацаагаар зээлийн хугацааг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал барьцаанд буй хөрөнгийг зээлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа зарж борлуулан зээл, хүү, алданги, хадгалалт хамгаалалтын бүх тохирлоо гаргаж авна”, мөн 9 дүгээр зүйлийн “Зээлдэгч Л.У би гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны эд хөрөнгийг зээлийн хугацаа дууссаны дараа зээлдүүлэгч тал үл маргах журмаар эзэмшилдээ авах, зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах бүх хэлбэрээр хохирлоо гаргаж авахыг бүрэн зөвшөөрч байгаа ба элдэв зөрүү, хариу төлбөр нэхэхгүй болно” гэсэн заалт нь Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зйлийн 286.3-т “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийгдсэн гэрээ байна. 2015 оны 10 сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.Ү гэх хүний нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлсэн. Хариуцагч тал бид хуулийн дагуу үнэлгээ хийлгээд худалдсан гэх боловч үнэлгээг худалдсанаас хойш буюу Б.Ү-ын нэр лүү шилжсэний дараа хийсэн байдаг. Эдгээр нь цаг хугацааны хувьд хууль зөрчсөн ажиллагаа юм. Өөр хүний нэр лүү шилжсэн машинд хүүнд 18,000,000 төгрөг, алданги 1,632,000 төгрөг, зогсоолын төлбөр 590,000 төгрөг, нийтдээ 22,771,000 төгрөгийн хүү, алданги тооцсон байгаад гомдолтой байна. Таны машиныг 63,000,000 төгрөгөөр зарсан, зөрүү мөнгө 4,000,000 төгрөгөө авбал ав гэсэн. Тухайн үед би машинаа зах зээлийн ханш 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд надад мэдэгдэлгүйгээр машиныг зарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний төлөх ёстой 33,060,000 төгрөгийг хасаж 46,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Л.У нь “Д” ХХК-тай 2015 оны 06 сарын 11-ний өдөр 2695 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Л.У нь 20,000,000 төгрөгийг, мөн тухайн өдрөө 7,200,000 төгрөгийг, нийт 27,200,000 төгрөгийг 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 сарын 11-ний өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр “Д” ХХК”-аас зээлж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан Л.У нь өөрийн өмчлөлийн ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг барьцаалсан болно. Л.У нь “Д” ХХК-тай харилцан тохиролцож Зээлийн гэрээг сунгаж 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1,360,000 төгрөгийг, 2015 оны 09 сарын 24-нд 4,500,000 төгрөгийг тус тус нэмж зээлсэн бөгөөд нийт 33,060,000 төгрөгийг зээлж, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг 2015 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан. Дээрх зээлийн гэрээний хугацаанд Л.У нь 2015 оны 07 сарын 23-ны өдөр 1,360,000 төгрөгийг хүү болон 952,000 төгрөгийн алдангийг, мөн 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1,360,000 төгрөгийн хүүг тус тус төлж, нийт 3,672,000 төгрөгийг “Д” ХХК-д төлсөн. Гэтэл Л.У нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “Д” ХХК нь барьцаа хөрөнгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан борлуулсан. Л.У нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийн дагуу автомашин борлуулсны зөрүү мөнгө 46,940,000 төгрөгийг “Д” ХХК-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд 2695 дугаартай Зээлийн гэрээгээр Л.У нь 2015 оны 10 сарын 24-ний өдөр үндсэн төлбөр, хүү болон зогсоолын төлбөрийг төлөөгүй бөгөөд үүний дагуу “Д” ХХК нь 2015 оны 10 сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлж төлбөрөө төлөхийг мэдэгдэж, 2015 оны 10 сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 104 хоног хүлээж, эцэст нь барьцаа хөрөнгийг 2016 оны 02 сарын 08-ны өдөр гуравдагч этгээдэд зах зээлийн ханшаар буюу 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан 2695 дугаартай зээлийн гэрээгээр үндсэн төлбөр, хүү, алданги, зогсоолын төлбөр болон бусад зардлыг багтаасан нийт 58,877,208 төгрөг болсон. Иймд Л.У нь автомашин худалдан борлуулсны зөрүү төлбөр 46,940,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Үндсэн төлбөрт 33,060,000 төгрөг, хүү 9,559,208 төгрөг, алданги 15,578,000 төгрөг, зогсоолын төлбөр 480,000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэхэд 200,000 төгрөг болсон, төлсөн хүүг хасаж тооцоод, нийт 58,777,208 төгрөг болсон. Автомашин худалдан борлуулсны зөрүү төлбөр 4,122,792 төгрөгийг “Д” ХХК буцаан өгөх боломжтой талаар удаа дараа мэдэгдэж зөрүү төлбөрийг авах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гарт аваагүй болно. Үүрэг зөрчигдсөн тохиолдолд итгэмжлэлийн дагуу үндсэн гэрээний 9 дүгээрт зааснаар тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үүргийг Б.Ү хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан хугацаанд буюу 2015 оны 10 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг худалдах тухай мэдэгдлийг Л.Ут хүргүүлсэн, энэ нь хууль зөрчөөгүй юм. Үнэлгээг 2015 оны 11 сарын 03-ны өдөр хийлгэсэн, үнэлгээ 63,000,000 төгрөг гэж гарсан. Энэ бол зах зээлийн бодит үнэлгээ юм. 2016 оны 02 сарын 02-ны өдөр машиныг зарахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар тавьсан. Зарын дагуу Д.Б д 61,000,000 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг бартераар, нийт 63,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Анх 80,000,000 төгрөгөөр авсан гэх нотлох баримт алга. Түүнээс хойш элэгдэл хорогдол зэргийг тодорхойлуулаагүй. Гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд итгэмжлэлийн дагуу дараагийн процессууд явагдахаар харилцан тохиролцсон, эдгээр процессууд хуулийн дагуу явагдсан. Машиныг зарсны дараа зөрүү мөнгийг ав гэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийн дагуу автомашин борлуулсны зөрүү мөнгө 46,940,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “Д” ХХК нь барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулсан 63,000,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 4,122,792 төгрөгийг өгөх боломжтой гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Л.У нь “Д” ХХК-тай 2015 оны 06 сарын 11-ний өдөр 2695 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, зээлийн барьцаанд ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-6/ Гэрээ байгуулсан болон зээл авсан талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаартай зүйлийн 286.1, 286.5, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.У нь 20,000,000 төгрөгийг зээлж, 2015 оны 06 сарын 11-ний өдөр 7,200,000 төгрөг, мөн 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1,360,000 төгрөг, 2015 оны 09 сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөгийг тус тус нэмж, нийт 33,060,000 төгрөгийг зээлсэн, гэрээний үүрэгт 2015 оны 07 сарын 23-ны өдөр хүүнд 1,360,000 төгрөг, алдангид 952,000 төгрөг, 2015 оны 08 сарын 27-ны өдөр хүүнд 1,360,000 төгрөг, нийт 3,672,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан сунгалтын баримт, зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-4, 5, 28, 29/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 12-т “Зээлийн гэрээг 6 удаа сунгаж болох бөгөөд сунгасан тохиолдолд гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй” гэж заасны дагуу зээл нэмж авах харилцаа явагдаж, зээлийн гэрээний хугацааг зээл авах бүрт сунгаж, гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 24-ний өдөр дуусахаар харилцан тохиролцсон гэх тайлбарыг зохигчид гаргасан бөгөөд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хариуцагч “Д” ХХК гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашиныг өөр хүнд худалдан борлуулж хууль зөрчсөн ажиллагаа явуулсан тул автомашиныг анх худалдан авсан үнэ болох 80,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 33,060,000 төгрөгийг хасч тооцон 46,940,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа зээлдэгч Л.У гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул комиссын үйл ажиллагаа эрхэлдэг Б.Ү-тай гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хангуулах эрхтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг шаардах эрхтэй бөгөөд “Д” ХХК барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулахыг шаардах эрхтэй юм. Барьцаалан зээлдүүлэгч нь зээлдэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа хэрэглэх арга, баримтлах хугацаа, журмыг хуулиар тусгайлан зохицуулсан.
Тухайлбал, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс барьцаалан зээлдэх газар үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгохоор хуульд заасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар “Д” ХХК нь гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашины үнэлгээг хийлгэсэн, комиссын гэрээ байгуулж, ******* маркийн ******* улсын дугаартай автомашины гэрчилгээг Б.Ү-ын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр үйл ажиллагааг явуулсан нь зээлдэгч Л.Уыг зээлийн болон барьцааны гэрээний үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. “Д” ХХК нь дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлсний дараа буюу 2015 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлснийг Л.У хүлээн авсан, энэ хугацаанаас автомашиныг худалдан борлуулах хүртэл буюу 2016 оны 02 сарын 08-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч “Д” ХХК-ийг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч “Д” ХХК нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Л.Уаас шаардах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг автомашиныг худалдан борлуулсан хугацаа буюу 2016 оны 02 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжлэгчийн төлсөн 3,672,000 төгрөгийг хасч, үндсэн зээл 33,060,000 төгрөг, хүү 9,559,208 төгрөг, алданги 15,578,000 төгрөг, авто зогсоолын төлбөр 480,000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 200,000 төгрөг, нийт 58,877,208 төгрөгийг нэхэмжлэгч Л.У төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.
Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан тул үндсэн зээл 33,060,000 төгрөгт хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Л.У нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 06 сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж, уг гэрээний нөхцөлөөр 2015 оны 06 сарын 11-ний өдөр 7,200,000 төгрөг, 2015 оны 08 сарын 27-ны өдөр 1,360,000 төгрөг, 2015 оны 09 сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөгийг тус тус зээлсэн тул гэрээгээр тохиролцсоны дагуу 2015 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл үндсэн зээл 33,060,000 төгрөг, хүү 6,383,508 төгрөг, нийт 39,443,508 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2015 оны 07 сарын 23-ны өдөр хүүнд 1,360,000 төгрөг, 2015 оны 08 сарын 27-ны өдөр хүүнд 1,360,000 төгрөг, нийт 2,720,000 төгрөг төлсөн байх тул хүүгээс хасч тооцон хүүгийн үлдэгдэл нийт 3,663,508 төгрөг, үндсэн зээл 33,060,000 төгрөг, нийт 36,723,508 төгрөг төлөгдөөгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т “гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж сунгаагүй буюу үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд үндсэн зээлийн 0,5 хувиар хэтэрсэн хоног тутамд алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдүүлэгч “Д” ХХК нь алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 33,060,000 төгрөгийг хүүгийн хамт 2015 оны 10 сарын 24-ний өдөр төлж дуусах үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 16,530,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн алдангид төлсөн 952,000 төгрөгийг хасч 15,578,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7-д “Зээлдэгч нь барьцаалсан зүйлийн хадгалалт хамгаалалтанд хоног тутамд 2,000 төгрөг зээлдүүлэгчид төлнө” үэж тохиролцсоны дагуу “Д” ХХК нь Л.У-аас барьцааны зүйл болох автомашины зогсоолын төлбөрийг шаардах эрхтэй. Барьцааны зүйл болох автомашиныг барьцаанд тавьсан өдрөөс худалдан борлуулах хүртэлх хугацааны буюу 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны авто зогсоолын төлбөр 480,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Л.У нь авто зогсоолын төлбөрийг төлж байсан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.
Хариуцагч нь барьцааны зүйл болох автомашины үнэлгээ хийлгэсэн төлбөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч “Д” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 10 сарын 03-ны өдөр өөрийн санаачлагаар үнэлгээг хийлгэсэн үйл баримт тогтоогдож байх тул уг зардлыг нэхэмжлэгч Л.У-аас гаргуулах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Л.У нь ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.У нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,060,000 төгрөг, хүү 3,663,508 төгрөг, алданги 15,578,000 төгрөг, авто зогсоолын төлбөр 480,000 төгрөг, нийт 52,781,508 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул автомашиныг худалдан борлуулсан 63,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдсэн 10,218,492 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Л.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,721,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 болон 9 дэх заалт нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээ гэх тайлбарыг гаргасан боловч уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 10,218,492 /арван сая хоёр зуун арван найман мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,721,508 /гучин зургаан сая долоон зуун хорин нэгэн мянган таван зуун найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 178,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР