Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/341

 

 

 2022           10            17                                 2022/ШЦТ/341

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Улсын яллагч Л.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2225004030388 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06-р сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өндөр сумын захиргааны байрны баруун талын хатуу хучилттай замаар 26-30 ОРО улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай Ө.Тг мөргөж биед нь зүүн эгэмний дунд 1/3-ээр далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:Шүүгдэгч Д.Бийн мэдүүлсэн: Тарьсан модны хажуугаар явж байхад эхлээд хүн харагдаагүй, гэтэл явган хүний гарц дээр гэнэт хүүхэд гарч ирсэн. Би 20 орчим км/цагийн хурдтай л явж байсан. Хэргийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аын мэдүүлсэн:Энэ хүн хүүхэд мөргөчихөөд яваад өгсөн, 20-иод цагийн дараа барьсан. Хүүхэд 1 сар гаруй их хэцүү байсан. Хоёр ч удаа ясны бороогоо эвдсэн. Энэ хүн 500,000 төгрөг өгсөн. Бэхэлгээ, эхо, рентген, эм тарианд зарцуулсан. Цаашид гэмтэл сэдэрч зардал гарвал нэхэмжлэх болно гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 05-р тал/

       -Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,фото зураг /хх-ийн 9-10-р тал/

-насанд хүрээгүй хохирогч Ө.Тгийн мэдүүлсэн...Орхон аймаг Баян-Өндөр сумын зааланд манай ээж А нь хүүхдүүдэд волейболын хичээл орж байхад нь би цуг байсан юм. Би чипсээ идэж дуусгачихаад дахин дэлгүүр орж цэлцэгнүүр чихэр авч идэхээр Баян-Өндөрийн заалнаас гараад 2-13-р байрны дэлгүүр орохоор зам хөндлөн гарсан юм. Би зам хөндлөн гарахдаа хоёр тийш машин сайн харж байгаад гарсан. Тэгсэн гэнэт хажуу талаас цагаан өнгийн жижиг машин гарч ирээд миний зүүн талаас мөргөөд би унасан. Тэгсэн жолооч ах цонхоо онгойлгоод “зүгээр үү ахын дүү” гэхээр нь би босож ирээд айсандаа зүгээр гэж хэлчихээд цааш зам хөндлөн гараад 2-13-р байрны дэлгүүр ороод буцаад заал руугаа орсон юм. Заал руу ороод сандал дээр сууж байхад мөр өвдөөд гараа хөдөлгөхөөр эвгүй байхаар нь ээж Аад болсон үйл явдалынхаа талаар хэлсэн юм. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн. Ээж Атай эмнэлэг орж рентген зураг авахуулахад зүүн мөрний эгэмний яс нь хугарсан гэж байсан. Намайг гарцаар гарч байхад хойд зүгт явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг баруун талын урд хамар хэсгээрээ мөргөж намайг газар унагаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 17, 20-р тал/

-Нас тоолсон тухай ...насанд хүрээгүй хохирогч Ө.Т /ФА15311079/ регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна. Тэмүүлэн нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн байх ба гэмт хэрэгт өртсөн гэх 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6 нас 6 сар 28 хоногтой байсан байна “гэх  тэмдэглэл /хх-ийн 22-р тал/

-гэрч Д.Аын мэдүүлсэн... 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өндөр сумын зааланд хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд байж байтал манай хүү Тэмүүлэн дэлгүүрээс чихэр авах гэсэн юм гээд байхаар нь би хүүхэддээ 4000 төгрөг өгсөн. Тэгээд манай хүү заалнаас ганцаараа гараад явсан байсан. Би заалнаас гарж байхыг нь яг мэдээгүй юм. Тэгээд хэсэг хугацааны дараа хүү Тэмүүлэн миний гар өвдөөд байна гээд зааланд орж ирсэн. Тэгэхлээр нь хүүгээсээ яагаад гар нь өвдсөн юм бэ гэхэд би дэлгүүр орох гээд заалнаас гараад явж байгаад Баян-Өндөр сум Оюут баг 2-13 дугаар байрны зам дээр машинд мөргүүлсөн гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулахад зүүн талын эгэмний яс нь хугарсан байсан... тухайн жолооч машиныхаа цонхыг онгойлгоод манай хүүг гайгүй юу гэж асуугаад аав ээждээ битгий хэлээрэй гээд яваад өгсөн талаар хэлсэн. Манай хүүгийн зүүн талын эгэм хугарсан тэрэндээ их зовиуртай байгаа. Эмнэлэгээс одоохондоо хагалгаа хийх шаардлагагүй эгэмний хугарсан ясаа зөрүүлээд хөндчих юм бол хагалгаа хийнэ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 501 дугаар шинжээчийн...Ө.Тгийн биед зүүн эгэмний дунд 1/3-ээр далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эгэмний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-28-р тал/

-Зам тээврийн ослын шалтгааны талаар мөрдөгчийн тогтоосон 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн "... 26-З0 ОРО улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Даваадоржийн Б нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “...12.1 .Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. ...12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна “ гэсэн магадалгаа /хх-н 31-33-р тал/

-Шүүгдэгч Д.Бийн сэжигтнээр мэдүүлсэн... Тухайн өдөр би Оюут баг 2-23 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт хөргөлт сервис” ХХК-аас гараад машинаа хөдөлгөөд Баян-Өндөр сум тал руугаа эргээд Барилгачин руу өгсөж явахдаа явган хүний гарц байна гээд хурдаа хасаад хүн харахад байхгүй байсан гарц өнгөрөөд машины ар тал өнгөрөх гэж байхад ард дуу чимээ гараад түр тар гээд явчихаар нь би зогсоод хартал нэг хүүхэд байсан тэгэхээр нь зүгээр үү миний дүү энд тэнд өвдөж байна уу гээд асуухад зүгээр ахаа миний буруу гээд 2-13 дугаар байр тал руугаа гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би зүгээр юм байх гээд явчихсан. Би дуудлага мэдээлэл өгөөгүй хүүхэд гайгүй цаашаа гүйгээд явчихаар нь холбогдох байгууллагад хандаагүй юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал// зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өндөр сумын Захиргааны байрны баруун талын хатуу хучилттай замаар 26-30 ОРО улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай Ө.Тг мөргөж биед нь зүүн эгэмний дунд 1/3-ээр далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Бийн болгоомжгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “насанд хүрээгүй хохирогч Ө.Тгийн... Би зам хөндлөн гарахдаа хоёр тийш машин сайн харж байгаад гарсан. Тэгсэн гэнэт хажуу талаас цагаан өнгийн жижиг машин гарч ирээд миний зүүн талаас мөргөөд би унасан...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 501 дугаартай ...Ө.Тгийн биед зүүн эгэмний дунд 1/3-ээр далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эгэмний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана,... гэх шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Аын... Тэгээд хэсэг хугацааны дараа хүү Тэмүүлэн миний гар өвдөөд байна гээд зааланд орж ирсэн. Тэгэхлээр нь хүүгээсээ яагаад гар нь өвдсөн юм бэ гэхэд би дэлгүүр орох гээд заалнаас гараад явж байгаад Баян-Өндөр сум Оюут баг 2-13 дугаар байрны зам дээр машинд мөргүүлсөн гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулахад зүүн талын эгэмний яс нь хугарсан байсан....гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,Зам тээврийн ослын шалтгааны талаар мөрдөгчийн тогтоосон  ... 26-З0 ОРО улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Даваадоржийн Б нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “...12.1 .Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. ...12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна “ гэсэн мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Д.Бийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондох шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба   шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06-р сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Баян-Өндөр сумын байрны баруун талын хатуу хучилттай зам дээр 26-30 ОРО улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай Ө.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, төлөх төлбөргүй гэж,

        -шүүгдэгч Д.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ:Гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед учирсан болон гарсан хохирлыг л төлнө. Би цалингийн доод хэмжээний орлоготой тул торгуулийг 500-700 нэгжийн хооронд тогтоож өгнө үү гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч хохирол төлбөрийг төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид зардал гарвал нэхэмжилнэ гэсэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Х овгийн Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, хохирогч цаашид гарах зайлшгүй зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

     

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ