Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

   2022         10            18                                 2022/ШЦТ/342

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Улсын яллагч Г.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б

Хохирогчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2125000000206 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 50-02 тоот гэртээ өөрийн төрсөн ах Г.Ганзоригийн нүүрэн тус газарт нь заазуурдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/7 дугаар байрны 130 тоотод иргэн Б.Түвшинтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн 01 дугаартай өрөөнд эмчлүүлж байсан Л.Мыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж толгойн тус газарт нь улаан өнгийн саваар цохиж мөн баруун хавирга хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлсэн: Би хүмүүсийг зодсоноо хүлээж байна. Гэмшиж байна. М талийгаачийг зодохдоо би ухаан мэдрэлээ алдсан байсан, санах зүйл алга. Камерын бичлэгээс л харсан. Гэм буруугаа хүлээж байна. Цаашид архи уухгүй хичээж амьдарна гэх мэдүүлэг,

        -хохирогч М.Бын мэдүүлсэн: Миний хүү М 2021 оны 5 дугаар сарын 27-нд Дэнжийн сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Тэнд бас Г хэвтэж байсныг мэдээгүй. М хүүгээ Гас хол байлгадаг байсан. Тэр бол маш догшин хүн. Ээж нь миний төрсөн дүү учир бид бүх л талаар тусалдаг байлаа. Хүүгээ алдсандаа маш их гомдолтой. Яахаараа эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний өрөөнд хүн орж зодож байдаг юм. Амь насаа алдах болсон шалтгаан нь Г үйлдэлтэй л холбоотой. Тийм юм болоогүй бол эмнэлэг ч гэсэн оношоо зөв тогтоож эмчлэх байсан гэж боддог. Энэ хүн засрахгүй хүн учир биднээс хол байлгаж өгнө үү. Оршуулгын зардал 10,878,940 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

     - хавтаст хэрэгт авагдсан буюу яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

-хохирогч М.Бын мэдүүлсэн...  2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим эмнэлэг дээр очих үед хүү минь урд өдөр нь ямар байдалтай байсан. Яг тэр хэвээрээ л байсан. Хоол, цай идэж уухгүй, унтаж байгаа хүн шиг л хэвтээд байсан.Тэр өдөр Б эмч мэдрэлийн эмч дуудаж үзүүлсэн. Мэдрэлийн эмч үзлэг хийгээд миний хүүтэй хамт хэвтэж байсан хүнийг өрөөнөөс нь гаргасан. Тухайн үед эмч нар шинэ төрлийн коронавирус гэж бодсон байх. Мэдрэлийн эмч нь ямар нэгэн онош тавиагүй явсан. Тэгээд үдээс хойш нь түргэний машин дуудаж Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр очиж цээжний зураг, компьютер томографик, рентген зураг, бусад шинжилгээнүүдийг авсан.Мэдрэлийн эмч Даваасүрэн, гэмтлийн эмч, эрүү, нүүрний эмч нар ирж үзлэг хийгээд орой нь Мэдрэлийн тасагт хэвтүүлсэн. Тэгэхэд гэмтлийн Болд эмч нэг талын эрүүний яс нь хугарсан байна. Мөн тархиндаа гэмтэлтэй байна гэсэн. Мөн эрүү, нүүрний эмч нь үзлэг хийгээд, шинжилгээг нь үзээд эрүүний ясны сэрсэн хугарсан учир манай эмнэлэгт эмчилгээ хийх боломжгүй. Улаанбаатар хот руу явах хэрэгтэй гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөө гэмтлийн тасгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Мөн дахин цээжний зураг, компьютер томографик, рентген зураг, бусад шинжилгээнүүдийг хийгээд ухаан орохгүй байгаа шалтгаан нь тархины гэмтлээс болж байна гэсэн...Ингээд гэмтлийн тасагт ухаангүй байж байгаад 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үдээс өмнө 11 цагийн орчим нас барсан....2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн орой шинжилгээнүүдийн хариугаар миний хүүхдийн эрүү хугарч, тархи гэмтсэн байна гэдгийг сэтгэцийн тасгийн эмч мэдээд, дараа нь хүнд зодуулсан байна гэдгийг эргэж хэлсэн байсан. Би эмнэлэгийн байгууллага болон Г нарт маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 25-26-р тал/

-гэрч Л.Э мэдүүлсэн... Миний төрсөн ах Лхагвасүрэнгийн М нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сэтгэцийн өвчний учир аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэц, наркологийн тасагт эмчлүүлэхээр хэвтсэн. 2021 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд манай ээж эмнэлэг дээр очиж ахыг эргэхэд зүгээр байсан гэсэн. 31-ний шөнө Будсүрэн гэж эмч утсаар яриад Л.М ахыг халуураад байна гэж ярьсан. Тэгээд 05 дугаар сарын 31-ны өдрөөс шинжилгээнүүд өгсөн боловч онош нь нарийн сайн тогтоогдохгүй байсан. 06 дугаар сарын 02-ны өдөр тархины зураг авахуулсан чинь эрүүний яс нь хугарсан байна гэсэн. Тэр өдөртөө компьютер томографикийн зураг авахуулсан чинь тархиндаа гэмтэлтэй байна гээд гэмтлийн тасаг руу шилжүүлээд одоо гэмтлийн тасагт эмчилгээ хийлгэж байна...Миний ах тархины гэмтлээс гадна өөр, ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Ахыгаа Г.Г гэж хүний буруутай үйлдлээс болж нас барсан гэж үзэж байгаа. Миний ах хэдийгээр урд нь тархи толгойндоо гэмтэл авч байсан хэдий ч эмчилгээгээ хийлгээд бид нартайгаа хамт эрүүл саруул амьдарч байсан. Би ахыгаа 2007 онд зам тээврийн осолд орсоноос хойш би л ахыгаа асарч байсан. Ахыгаа асрах гээд ажлаасаа хүртэл гарч байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28, 30-р тал/

-гэрч Л.Бгийн мэдүүлсэн... 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Г.Г үеэл ах болох Лхагвасүрэнгийн М гэж хүн манай тасагт тархины гэмтэл үйлийн шалтгаант бие хүний болон зан үйлийн бусад эмгэг, шинж тэмдгийн уналт, уналтын дараах ухаан суларсан оноштойгоор манай тасгийн 01 дугаарын өрөөнд хэвтэн эмчлүүлсэн.Г.Г нь Л.Мыг эмнэлэгт хэвтсэнээс хойш төрөл садан гээд өрөөгөөр нь орж гараад, би түүнийг асран хамгаалж байна гэх зүйл яриад явдаг байсан. Энэ хоёр хүн төрсөн ах, дүү нарын хүүхдүүд юм гэсэн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш 16 цагийн үеэс Л.Мын биеийн хүчилтөрөгчийн хангамж нь унаад халуурч байсан бөгөөд халууныг нь үзэхэд 36.9 хэм байсан. Үүнээс 20-30 минутын дараа дахин халууныг нь үзэхэд 38 хэм болсон байсан. Тухайн үедээ маш их ханиалгаж байсан болохоор нь шинэ төрлийн Коронавирусын халдвар байхыг үгүйсгэхгүй гээд мэдрэлийн эмч, дотрын эмч дуудаж үзүүлсэн. Мэдрэлийн эмч, дотрын эмч нар ирээд өндөгний цус, биохими, цээж гэрэлд харах зэрэг шинжилгээ хийлгэ гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр ачиж очиж шинжилгээнүүд өгсөн боловч коронавирус илрээгүй.Дотрын эмч ципотаксин, метрогель гэсэн юм тариа бичиж өгсөн.Тэгээд халуун бууруулах анальгин димедрол 12 цагийн зайтай тарь гэсэн. Энэ эмчилгээг нь хийсэн. Энэ эмчилгээг хийхэд биеийн байдал дээрдсэн. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан учир тухайн үед сувилагч Хишигбаяр, Цэцэгсүрэн хоёр луу утсаар яриад Мын биеийн байдлыг асуухад Л.М халуураагүй, гэхдээ босохгүй, явахгүй байна. Гэхдээ жоохон хоол идсэн гэж хэлсэн. Ханиад нь яаж байна гэсэн чинь ханиад нь гайгүй болчихлоо гэж байсан. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө ажил дээрээ түүнийг үзээд амыг ангайлгаж үзэхэд хэлэн доор нь хөхөрч, цус хурсан байсан. Тэгэхээр нь би сувилагч нараасаа М шөнө, унаж татсан юм биш биз дээ гэж асуухад манай жижүүр сувилагч нар түүнийг унаагүй гээд байсан. Бид нарыг үзлэг хийж байхад баруун гар булчин нь чангараад байхаар нь татах гэж байна гэж оношлоод таталтын эмчилгээг, дотор, мэдрэлийн эмчийн заасан эмчилгээг хийсэн чинь биеийн байдал гайгүй болсон. Үдээс хойш нь би ажил дээрээ очоогүй гадуур явж байгаад 17 цагийн орчим жижүүртэй сувилагч руугаа утсаар яриад 103 дуудчих, хойш нь төв эмнэлэг дээр очиж дахин шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж хэлээд өөрийнхөө эмнэлэг дээр авч очиж компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн чинь эмч нар нь зургаа уншиж чадахгүй байсан. Гэмтлийн эмч Балдорж Л.Мыг үзээд гэмтэл талаасаа зүгээр байна гэсэн. Мэдрэлийн Даваасүрэн эмч нугасны ус аваад, дараа нь рентгенд харсан Л.Мын баруун талын доод эрүү нь хугарсан байсан. Тэгэхээр нь энэ гэмтэл авсан юм байна гээд Мэдрэлийн тасаг руу шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Гэмтлийн тасаг руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р тал/

-гэрч Ч.Ц мэдүүлсэн... Л.Мыг хүлээж аваад пампарс, ор дэвсгэрийг нь засаад өрөөнөөс гарсан. Үүний дараа эргэлт хийгээд Л.М хэвтэж байсан өрөөнд ороход орон дээрээ хэвтэж байсан. Тэр өдөр 16 цагт ажлаа тараад явахад Л.Мэнбаяр зүгээр унтаад байсан. Маргааш өдөр нь ажилдаа ирэхэд бас унтаж байсан. 31-ний өдөр Л.М хэвтээд байсан. Хишигбаяр сувилагчийн хамт түүний аманд цай, хоолыг нь хийж өгсөн. Эмчийн бичсэн эмчилгээг хийсэн. 31-ний өдрийн 16 цагт ажлаа тараад явсан. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд Л.М юм асуухаар хариулахгүй ч гэсэн босож чадахгүй мөртлөө сэрүүн байсан. Ухаан алдсан шинж тэмдэггүй байсан. Харин 06 дугаар сарын 01-ны өдрийн түүний баруун талын эрүүн доор хэсэг газар цэнхэр өнгийн туяа татсан байсан. ..2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн орой 16 цагт ажилдаа ирээд удаагүй байхад эмч Б Л.Мыг аваад бүсийн оношлогоо, эмчилгээний төв рүү авч явж шилжүүлсэн.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р тал/

-гэрч Ц.У мэдүүлсэн... 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагт сувилагч Ц.Туулын хамт ажилд гарахад талийгаачийн биеийн байдал нь дунд зэрэг байсан. Ээлж хүлээж авахад талийгаач халуурч эхэлсэн. Тэгэхээр нь эмч Бд талийгаачийг халуурч байна гэдгийг хэлсэн. Мөн түүний биеийн байдлын талаар ээжид нь хэлээд ээж нь эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд Б эмч ажил дээрээ байсан. Тэгээд Б эмч Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдрэл, дотрын эмч нар ирж үзлэг хийгээд дотрын эмч цээж рентгенд, хэвлий эход харах, зарим нэгэн шинжилгээ авна гээд түргэний машинаар талийгаачийг аваад явсан... Маргааш өглөө нь 06 цаг 30 минутын орчим сэрэхэд нь өрөөнд нь хөтөвчинд нь шээлгээд аяга халуун бүлээн цай, 2 ширхэг боорцог өгөөд орон дээр нь хэвтүүлсэн. Тэгээд 08 ажлаасаа буугаад явсан. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхэд талийгаач шилжсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р тал/

-гэрч В.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн... Л.М нь сэтгэцийн өвчтэй. Яг ямар өвчтэйг нь эмч Б мэднэ. Түүнд эмчийн бичиж өгсөн, сэтгэцийн болон үрэвсэл дарах, халуун буруулах эмчилгээг хийж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р тал/

-гэрч Д.Бийн мэдүүлсэн... 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 08 цагт сувилагч Оюун-Эрдэний хамт ажил хүлээж авахад талийгаачийн баруун талын эрүү, доошоо хавдсан, хэвтрийн байдалтай байсан. Бууж байгаа сувилагч нар талийгаачийг өөрөө хоол ундаа идсэн гэж хэлсэн. Талийгаачийн ууцны холголт, цооролтыг шалгахад урдын адил бага зэрэг улайлттай байсан. Тэгээд жижүүр хүлээлцээд дараа нь талийгаачийн эрүүг хавдсан байна гэж эмч Маралмаад хэлсэн. Өдөр эмнэлгийн пирошки орсон бөгөөд талийгаач хоёрдугаар хоолоо идэж чадахгүй байх шиг байхаар нь ээж рүү нь утсаар яриад шөлтэй хоол хийгээд ирээч гэж хэлсэн. Ээж нь үд өнгөрч байхад хар шөл хийгээд ирсэн байсан Тэр шөлийг нь идүүлсэн. Нэг залуу ээжтэй нь хамт ирээд сахлыг нь авч өгсөн. Сахлыг нь авах гээд эрүүг нь өргөх үед талийгаачийн баруун талын эрүүний доор 2x3 см орчим хөхөрч цус хурсан байсан. Ээж нь хүүхдээ хараад эмч Маралмаатай уулзсан. Орой жижүүр хүлээлцэх хүртэл өөр юм идээгүй. Орой 16 цаг Цэцэгсүрэн, Туул хоёрт жижүүрт хүлээлгэж өгөөд явсан. Дараагийн ээлжинд ирэхэд талийгаач БОЭТ рүү шилжсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/

-гэрч Б.Дгийн мэдүүлсэн:...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой хүлээн авах тасаг дээр Сэтгэцийн тасгаас ухаангүй байдалтай хүн ирсэн гээд дуудагдаж эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Л.М гэж хүн унтаарсан байдалтай ирсэн байсан. Түүнийг эмч, сувилагч нар нь авч ирсэн байсан бөгөөд эмч, сувилагч нараас асуумж асуухад хэд хоног халуурсан, татаж байгаад ухаангүй болчихлоо гэж хэлсэн. Үзлэг хийхэд ухаангүй байдалтай зүүн эрүүн доор нь хөхөрч, хавдсан байсан. Тэгэхээр нь компьютер томографик, рентгин, нугасны ус авах, цээж, уушгины зураг авах зэрэг шинжилгээг хийхэд тухайн хүний доод эрүүний яс хугарсан, нугасны усны шинжилгээнд үрэвсэлийн өөрчлөлттэй, уушгиндаа хатгаатай байсан. Ерөнхий шинжилгээнүүдийг харахад элэг эс задралын шинж, нугасны усанд менингитийн шинж тэмдэг илэрсэн. Сэхээний эмч Эрдэнэзаяа, гэмтлийн тасгийн эмч Балдорж нартай хамтарсан үзлэг хийгээд менингит болон тархины гэмтлийг сэжиглээд Мэдрэлийн тасагт хэвтүүлсэн. Яагаад Мэдрэлийн тасагт хэвтүүлсэн гэхээр рентгин зургаар Л.Мын доод эрүүний яс хугарсан гэдгийг оношилсон боловч тухайн хугаралаас болж хүн ухаан алдах шалтгаан байхгүй мөн хийсэн шинжилгээнүүдийн хариугаар мененгитийн шинж тэмдэг давамгайлж байсан учир мэдрэлийн тасагт хэвтүүлж эмчилсэн. Энэ талаар Л.М гэр бүлийн хүмүүс тодорхой мэдэж байгаа. Л.Мт тархины хаван хөөх, мэдрэл хамгаалах, судасны хана бэхжүүлэх, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээнүүдийг хийсэн. Маргааш өдөр нь дахин гэмтэл, мэдрэлийн тасгийн эмч нарын хамтарсан үзлэг хийгээд Эрүүний хугаралтай байсан учир эрүүний хугаралд хагалгаа хийхээр гэмтлийн тасаг руу шилжүүлэн хэвтүүлсэн. Хэдийгээр гэмтлийн тасагт хэвтсэн ч гэмтлийн эмчилгээнээс гадна, менингитийн эмчилгээ давхар хийгдэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/

- гэрч Ч.Бийн мэдүүлсэн:....Тухайн үед гэмтлийн өгүүлэмж байхгүй байсан. Ухаангүй өндөр халуурсан хүн байсан тул КТГ хийлгээд тархины голомтот өөрчлөлт байсан тул менингит байх магадлалтай гэж үзээд мэдрэлийн тасагт хэвтүүлсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р тал/

-гэрч Р.Эгийн мэдүүлсэн... Талийгаач Л.Мыг гэмтлийн тасаг, мэдрэлийн тасгийн аль ч тасагт нь хэвтүүлсэн нэг л эмчилгээ хийх байсан болохоор мэдрэлийн тасаг руу шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө ажилдаа ирсэн чинь талийгаач Л.Мыг манай тасагт хүлээж авсан байсан. Намайг ажлаа авахад Л.М ухаангүй глазго үнэлгээ 3 баллтай, өөрийн амьсгалгүй тул зохиомол амьсгалын аппаратаар бүхэн зохиомлоор өгсөн байсан. Зүрх, судасны үйл ажиллагаа тогтворгүй эмчилгээ хийлгэж байгаад үдээс хойш нь нас барсан..... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р тал/

-гэрч Л.Бын мэдүүлсэн:...2021 оны 06 дугаар сарын 7-ны өдөр манай тасагт эмчлүүлж байсан Л.М гэж хүнийг үзсэн. Тухайн үед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд команд биелүүлэхгүй, глазго 3 балл амьсгаадна, ухаангүй амьсгаадаж, цээж хонхолзсон байсан. Нэг минутад пульс 106, захын судасны хүчинтөрөгчийн хэмжээ  72, хүчилтөрөгийг өтгөрүүлэгчээр өгөхөд 85 болж байсан. Нэг минутад амьсгал 28 удаа буюу их, хүүхэн хараа хоёр талдаа ижил, баруун тал үл ялиг өргөссөн, гэрлийн урдвалттай, эвэрлэг сормуусны рефлекс сул үүссэн, гавал тархины 12 хос мэдрэлийг үнэлэх боломжгүй,  мөчид тоннус ихэссэн, хүч үнэлэх боломжгүй хүнд байсан. Компьютер томографикт доод эрүүний яс хугарсан, хоёр талд зөрүүтэй харагдана. Тархины хоёр талын ховдол нэлэнхүйдээ өргөссөн, хоёр талын духны хэсэгт усжилт үүссэн, зүүн талын зулай хэсэгт хагалгааны дараах ясны дутмагшилтай нь тархиы хагалгаа хийлгэж байсан/, дагзны хэсгийн тархины няцрал шимэгдэж байсан. Л.М нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, духны хэсгийн том хэсгийн уйланхай, хэвийн даралтад тархины усжилт. Доод эрүүний хоёр талын далд зөрүүтэй хугарал, тархины комын байдалтай тархи, уушгины хаван, амьсгалын дутагдал, хоёрдугаар зэрэг, хоёрдогч менингит оноштой эмчлэгдэж байсан. Эмч нарын хамтарсан үзлэг хийж тархины, нугасны шингэн авч үндсэн эмчилгээг үргэлжүүлсэн. Үүнээс хойш биеийн байдал хүндэрч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчлэгдэж байгаад нас барсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 71-77-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай ... Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, доод эрүүний ясны 2 талын далд зөрөөтэй хугарал, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт, баруун талын 9-р хавирганы суганы урд шугамаар далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Эрүүний ясны хугарал нь босоо байрлалд байхад мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь эрүүний ясны хугаралтай шалтгаант холбоотой байж болно. Хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, 1 хавирганы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. БОЭТөвийн эмч нар талийгаачийн биед үүссэн эрүүний ясны хугарал, гавал тархины битүү гэмтэл, түүний хүндрэлүүдийг бүрэн оношилсон байна. Хавирганы хугарлыг оношлоогүй байна. Хавирганы хугарал нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй хөнгөн зэргийн гэмтэл болно. Үхлийн шалтгаан болсон гэмтлүүдийг бүрэн оношилсон бөгөөд эмчилгээ хийгдсэн боловч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, түүний хүндрэл болох тархины эдийн няцрал, уйланхайжилт, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт, хоёрдогч мэнэн, хэвтрийн хатгаа болно.. ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 86-87-р тал/

-Шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг /1-р хх-ийн 88-92-р тал/

-Шинжээч Ж.Ггийн мэдүүлсэн:... Орхон аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч А.Оын шинжээч томилсон тогтоолын дагуу амь хохирогч Л.Мын нас барсан шалтгааныг тогтоох дүгнэлтийг гаргасан. Шинжилгээгээр талийгаач Л.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, доод эрүүний ясны 2 талын далд зөрөөтэй хугарал, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт, баруун талын 9-р хавирганы суганы урд шугамаар далд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Амь хохирогч Л.Мын үхлийн шалтгаан нь амь хохирогч Л.Мт учирсан гавал тархины битүү гэмтэл, түүний хүндрэл болох тархины эдийн няцрал, уйланхайжилт, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт, хоёрдогч мэнэн, хэвтрийн хатгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 07 дугаар сарын 568 дугаартай хэргийн материал өвчний түүх, өвчний карт  болон тухайн шинжлүүлэгчийг биечлэн үзэж ажиглахад Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22 болон 30-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд F07.8. тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй, зан төрхийн өөрчлөлттэй байсан байна. Г.Г нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд эхрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Г нь одоо сэтгэцийн хувьд F07.8. тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлттэй байна. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Гд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119-р тал/

-Далайван Аудит ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 99-11 ОРХ улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр 801,400 төгрөг гэж үнэлсэн тайлан /1-р хх-ийн 126-131-р тал/

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 08-ны 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 194-195-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 196-200-р тал/

-Орхон аймгийн Прокуроын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 231-235-р тал/

- Орхон аймгийн БОЭТ-ийн сэтгэц наркологийн тасгийн 01 дугаартай өрөөний2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай ... 12.10.14 цагт сэжигтэн Г улаан өнгийн сав авч орж ирээд талийгаач Л.Мт өгч байх ба М тухайн савыг авч өөрийн салтаа орчим барьж  өмдөө тайлах гэж байгаа мэт үйлдэл хийгээд хэсэг хугацаанд зогсож байна.Энэ үед сэжигтэн Г толго камерын бичлэгт орж гарч байх ба М улаан өнгийн сав барьсан чигтээ урагшаа 2 хойшоо 2 алхаад дүүн гараа хөдөлгөх үед Г камерын тусгал руу орж ирэв.12.13.18 цагт сэжигтэн Г.Г нь талийгаач Л.Мын нүүрний зүүн тал руу нэг удаа гараараа цохих бөгөөд Л.Мэнбаяр цохицуулаад урагшаа нүүрээрээ шал мөргөн унаж байх ба түүний салтаа хэсэгтээ барьж байсан хувин түүн дор оров.Талийгаач М босох гээд чадахгүй байх бөгөөд сэжигтэн Г түүний доор байх улаан өнгийн савыг аваад хажуу тийш тавиад түүний өмсөж байсан хувцасны хойд талын захаас татаж талийгаач Л.Мыг өөр рүүгээ болгоод толгой талаар нь тойрч баруун талын хөлөөрөө талийгаач Мын цээжний баруун хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд талийгаачийн хөдөлгөсөн шүүгээ болон түүн дээр байх эд зүйлийг байрлуулж газарт унасан эд зүйлийг цэвэрлэж байна.Энэ үед талийгаач Мын хоёр гар бага зэрэг хөдөлж байгаа дүрс байх ба сэжигтэн Г татаж байрлуулсан газарт ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байна.Сэжигтэн Г талийгаачийн хүзүү зүүн талын чих зэргийг илж татах бөгөөд энэ үед талийгаач М зүүн талынхаа тохой алган дээр цээжээрээ өндийж байна.Энэ үед сэжигтэн Г тамхи асааж татаж байх бөгөөд талийгаач зүүн гараараа өөрийн ойролцоо байх улаан хувинг татаж үзээд зүүн гараараа эрүү нүүрээ илээд баруун хажуугаараа тулан босч өндийн суув.Үүний дараа талийгаач сэжигтэн Г руу баруун гараа сарвайх үед Г хажуу тйиш болж зогсоод тамхиа татаж байгаад тамхиа Мт өгөх ба талийгаач Л.М баруун гараар тамхийг авч татаж байна. Сэжигтэн Г 12.18.38 цагт камерын тусгалд орж ирээд талийгаачийн хажууд сууж эрүү нүүрийг нь ямар нэг зүйлээр арчиж байгаа мэт үйлдэл хийгэээд  энэ үед талийгаач суусан хэвээрээ хоёр гараа хооронд нь үрэх баруун гараараа шал илж байгаа мэт үйлдэл хийж байна.Г 12.20.36 цагт камерын тусгалд орж ирээд улаан өнийн савтай зүйл шүүгээн дээр тавиад талийгаачийн баруун гараас татаж босгоод түүнийг сугадаж орон дээр суулгаж байх ба улаан өнгийн савыг хурааж тавиад 12.21.37 цагт камерын тусгалаас гарч байна... гэх тэмдэглэл /1-р хх-ийн 228-230-р тал/

-хохирогч Л.Мын хэвтэн эмчлүүлж байсан амбулаторын картны хуулбар /2-р хх-ийн 15-27-р тал, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 41-84-р тал/

-шүүгдэгч Г.Г хэвтэн эмчлүүлж байсан амбулторын картны хуулбар /2-р хх-ийн 28-33-р тал/

-Сэтгэц наркалогийн болон мэдрэл гэмтлийн тасгуудаас гаргасан Г.Г, Л.М нарын өвчний түүх, эмчилгээний хуулбар /2-р хх-ийн 88-152-р тал/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 158-159-р тал/

-хохирогч Г.Ганзоригийн мэдүүлсэн...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь миний төрсөн дүү Г гаднаас орж ирээд хэрүүл өдөөд намайг дарамтлаад байсан. Тэгэхээр нь дарамтлуулж чадахгүй шүү гэж хэлсэн чинь гэрийн гал тогооны шүүгээнээс заазуур гаргаж ирээд миний зүүн талын хацар дээр нэг удаа зүссэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг цохиж зодоогүй Заазуураар зүүн талын хацар дээр зүссэн. Г.Г архи уусан байсан эсэхийг нь одоо санахгүй байна. би өөрөө архи ууддаггүй байсан болохоор эрүүл байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161-р тал/

-гэрч М.Амаржаргалын мэдүүлсэн:...Миний 2 хүүгийн хоорондын харилцаа сүүлийн 3 жилээс хойш таарамжгүй болсон. Ихэвчлэн Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах Г.Ганзригийгоо барьж аван зоддог, биед нь халддаг болсон. Хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сард Г.Г дунд нь 4 хоногийн зайтай Г.Ганзоригийн хамрыг хугалж, хацрыг нь заазуураар зүссэн байсан. Одоогоор Г.Г, Г.Ганзориг нар хоёулаа тус тусдаа сэтгэцийн эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-р тал/

-Г.Г сэжигтнээр мэдүүлсэн....Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найзындаа хоночихоод өглөө 8 цаг 30 минутын орчим Наран баг 50-02 тоотод байх гэртээ яваад ороход миний төрсөн ах Г.Ганзориг гэртээ ганцаараа байж байсан. Намайг чи хаагуур яваад байдаг юм би чамтай хамт амьдармааргүй байна гар гэх мэтээр хэлээд бид хоёр хэрэлдэж байгаад би ахыгаа айлгах гээд гал тогооны хэсэгт байсан шүүгээнээс заазуур аваад далайтал миний ах урдаас хөдөлж таараад  хацартаа зүсүүлчихсэн. Би ахынхаа хацрыг зүсчихсэндээ балмагдаж тэр дороо заазуураа бариад гүйгээд гарсан бөгөөд хашаанаас гарч явж байгаад хаана гэдгээ санахгүй байна 1 өвс рүү заазуураа шидчихээд городод байрны дунд тайвширч сууж байгаад өөрөө цагдаа дээр ирж би ахынхаа хацарыг санамааргүй зүсчихлээ гэдгээ хэлсэн.......гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 322 дугаартай.....Г.Ганзоригийн биед зүүн завьжинд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 198-200-р тал/

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-н өдрийн 65 дугаар магадлалын хуулбар /2-р хх-ийн 201-203-р тал/

Хохирогч Б.Түвшинтөгсийн мэдүүлсэн:.....Би 2020 оны 12 дугаар сарын 06-ны өөрийн гэр болох Баянгол дүүргийн 20-р хороо Эрин хороолол 53/7-130 тоотод амарч байгаад өглөө 08 цагийн үед босож гарч дэлгүүр ороод дэлгүүрээс 2 хайрцаг Элди клаб гэх нэртэй тамхи авчихаад гэр лүүгээ орсон. Ороод хажуу талын хөрш Г руу залгахад утсаа авахгүй байхаар нь гар утас руу найз нь тамхи авчихлаа орж ирээд аваарай гэсэн зурвас бичсэн. Тэгээд Г.Г өглөө 09 цагийн үед орж ирсэн. Орж ирчихээд Г надтай чи үзэх үү хоёулаа эр хүн шиг зодолдох уу гэхээр нь би үгүй, чамтай зодолдох шаардлагагүй гэсэн. Том өрөөнд орж ирээд данхтай цайгаар миний толгой хэсэг рүү цохиж намайг унах үед миний нүүр хэсэг рүү хөлөөрөө цохисон. Энэ үед надтай хамт байсан Отгонбаяр ах Г салгаж би Гтай хамт орцны үүдэнд гарсан. Харин Отгонбаяр цагдаад дуудлага өгсөн байсан. Миний хамар хугарсан тархи  хэсгээр хавантай, зүүн гарын хоёр хуруу бяцралттай гэх мэдүүлэг /2-р хх-ийн 226-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13426 дугаартай... Б.Тийн биед зүүн гарын дунд, ядам хурууны 1-р шивнүүр яс, хамар ясны хугарал, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор булан, эрүүний оочны зүүн хэсэг, зүүн гарын дунд, ядам хурууны 1-р шивнүүрийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242-р тал/

-Хохирогч М.Бын гаргаж өгсөн хохирлын баримтууд /3-р хх-ийн 108-130-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 643 дугаартай... Орхон аймгийн ШША-ны цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээ № 48 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 430 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аминазин 100 мг, орой нь карбамазепин 200 мг уулгасан, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр карбамазепин 200 мг уулгасан байна. 2022 оны 06 дугаар сарын 03-нд аминазин 100 мг, орой нь карбамазепин 200 мг уулгасан. 2022 оны 06 дугаар сарын 01, 02- нд эмчлэгч эмчийн үзсэн эсэх нь эргэлзээтэй өвчний түүхэд тусгагдаагүй байна. 2022 оны 06 дугаар сарын 03-нд үзлэг хийгдсэн нь өвчний түүхэд тусгагдсан байна. 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн эмчилгээ хийгдсэн боловч эмчлэгч эмчийн үзлэгийн бичилт тэмдэглэгдээгүй байна...Талийгаач Л.Мын биед эрүү яс, баруун 9-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Цусаар тархсан цочмог сүрьеэ өвчнийг оношилж эмчилсэн бол амь нас аврагдах боломжтой гэх дүгнэлт /3-р хх-ийн 23-28-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаартай... Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021.09.30-ны 48 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт гэмтлүүд талийгаачид тогтоогдсонгүй. Талийгаачид тархины хоёр талын дух хэсгийн гэмтлийн дараах уйланхайжилт, тархины эдийн зөөлрөл үүссэн нь гавал тархины хуучин гэмтлийн дараах үлдэц өөрчлөлт байна. Талийгаач Л.Мын цогцост хийгдсэн шинжилгээний эд эсийн материалыг давтан шинжлэхэд дотор эрхтнүүд болон тархины аалзавч бүрхүүлд цусаар тархсан цочмог сүрьеэгийн голомт, сүрьеэгийн үрэвсэл илэрч байх ба үхлийн шалтгаан нь сүрьеэгийн менингит байна. Талийгаачид 2021.05.30-ны өдрөөс эхлэн халуурах, ухаан санаа будангуйрах, улмаар тархины комад орсон эмнэл зүйн зураглал илэрч байх ба энэ нь сүрьеэгийн менингитийн улмаас үүсчээ. Орхон аймгийн БОЭТ-д талийгаачид үүссэн цочмог сүрьеэг оношлоогүй, эмчилгээ хийгээгүй байна. Талийгаач Л.Мын биед үүссэн эрүү ясны болон 9-р хавирганы далд хугарал нь амь биед аюулгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цусаар тархсан цочмог сүрьеэг оношилж эмчилсэн бол амь нас аврагдах боломжтой. Орхон аймгийн БОЭТөв нь 2-р шатлалын эмнэлэг тул сүрьеэ өвчнийг оношилж эмчлэх боломжтой..гэх дүгнэлт /3-р хх-ийн 36-40-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаартай... Г.Г нь “DS:Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Одоо өвчний явц байдал нь “st: Зан төрхийн өөрчлөлт”-тэй байна. Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22, 30-ны өдрүүдэд тус тус сэтгэцийн хувьд “DS: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй, зан төрхийн өөрчлөлттэй” байсан байна. Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22, 30-ны өдрүүдэд буюу хэрэг үйлдэгдэх үед тус тус сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Г нь одоо сэтгэцийн хувьд “DS: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй, зан төрхийн өөрчлөлттэй” байна. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Орхон аймаг дахь БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эмч, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн “Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний болон зан үйлийн бусад эмгэг, шинж тэмдгийн уналт” өвчтэй гэх хэсэг нь үндэслэлтэй байна. Харин “уналтын дараах хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж”-тэй гэх хэсэг нь үндэслэлгүй байна. 2-р дүгнэлт нь үндэслэлтэй байна. Харин 3,4,5-р дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Хэргийн материалыг судалж, мөн тухайн шинжлүүлэгчийг эмнэлгийн нөхцөлд биечлэн үзэж, ажиглалт хийн, болсон хэргийн талаар асууж тодруулахад тухайн гэмт үйлдлийн үед “уналтын дараах ухамсарт ухаан балартах хам шинж, уналтын дараах хэсэгчилсэн ойгүйдэл болон ухамсарт ухаан балартах хам шинж” илэрсэн гэх шинж тэмдэг, баримт үгүй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 568 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /3-р хх-ийн 51-59-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 50-02 тоот гэртээ өөрийн төрсөн ах Г.Ганзоригтой маргалдаж нүүрэн тус газарт нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/7 дугаар байрны 130 тоотод иргэн Б.Түвшинтөгсийг шалтгаангүйгээр данхтай цайгаар толгой руу нь цохиж унахад нь нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн 01 дугаартай эмчилгээний өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Л.Мыг биеэ хамгаалж чадахгүй өвчтэй болохыг нь мэдсээр байж шалтгаангүйгээр толгойн тус газарт нь гараараа цохиж унаган улмаар цээжний баруун хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь эрүү яс, баруун 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, камерын дүрс бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 50-02 тоот гэртээ өөрийн төрсөн ах Г.Ганзоригтой маргалдан гал тогооны шүүгээнд байсан заазуурыг авч нүүрэн тус газарт нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Ганзоригийн... Тэгэхээр нь дарамтлуулж чадахгүй шүү гэж хэлсэн чинь гэрийн гал тогооны шүүгээнээс заазуур гаргаж ирээд миний зүүн талын хацар дээр нэг удаа зүссэн.....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 322 дугаартай ...Г.Ганзоригийн биед зүүн завьжинд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар,

-2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/7 дугаар байрны 130 тоотод иргэн Б.Түвшинтөгсийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Түвшинтөгсийн мэдүүлсэн... Тэгээд Г.Г өглөө 09 цагийн үед орж ирчихээд Г надтай чи үзэх үү 2-лаа эр хүн шиг зодолдох уу гэхээр нь би үгүй, чамтай зодолдох шаардлагагүй гэсэн. Том өрөөнд орж ирээд данхтай цайгаа миний толгой хэсэг рүү цохиж намайг унах үед миний нүүр хэсэг рүү хөлөөрөө цохисон... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13426 дугаартай... Б.Түвшинтөгсийн биед зүүн гарын дунд, ядам хурууны 1-р шивнүүр яс, хамар ясны хугарал, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор булан, эрүүний оочны зүүн хэсэг, зүүн гарын дунд, ядам хурууны 1-р шивнүүрийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар,

- 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн 01 дугаартай эмчилгээний өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Л.Мыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохиж унаган улмаар цээжний баруун хавирга хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Бын мэдүүлсэн...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн орой шинжилгээнүүдийн хариугаар миний хүүхдийн эрүү хугарч, тархи гэмтсэн байна гэдгийг сэтгэцийн тасгийн эмч мэдээд, дараа нь хүнд зодуулсан байна гэдгийг эргэж хэлсэн байсан. Би эмнэлэгийн байгууллага болон Г нарт маш их гомдолтой байна....гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаартай... Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021.09.30-ны 48 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт гэмтлүүд талийгаачид тогтоогдсонгүй. Талийгаачид тархины хоёр талын дух хэсгийн гэмтлийн дараах уйланхайжилт, тархины эдийн зөөлрөл үүссэн нь гавал тархины хуучин гэмтлийн дараах үлдэц өөрчлөлт байна. Талийгаач Л.Мын цогцост хийгдсэн шинжилгээний эд эсийн материалыг давтан шинжлэхэд дотор эрхтнүүд болон тархины аалзавч бүрхүүлд цусаар тархсан цочмог сүрьеэгийн голомт, сүрьеэгийн үрэвсэл илэрч байх ба үхлийн шалтгаан нь сүрьеэгийн менингит байна. Талийгаачид 2021.05.30-ны өдрөөс эхлэн халуурах, ухаан санаа будангуйрах, улмаар тархины комад орсон эмнэл зүйн зураглал илэрч байх ба энэ нь сүрьеэгийн менингитийн улмаас үүсчээ. Орхон аймгийн БОЭТ-д талийгаачид үүссэн цочмог сүрьеэг оношлоогүй, эмчилгээ хийгээгүй байна. Талийгаач Л.Мын биед үүссэн эрүү ясны болон 9-р хавирганы далд хугарал нь амь биед аюулгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Г.Ганзоригийн биед санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, хохирогч Б.Түвшинтөгсийн биед санаатай халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, хохирогч Л.Мын биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогч биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, тус тус нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Г нь Эрүүгийн хуулиар хориглосон, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдлүүд санаатай хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ.

Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 50-02 тоот гэртээ өөрийн төрсөн ах Г.Ганзоригийн нүүрэн тус газарт нь заазуурдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/7 дугаар байрны 130 тоотод иргэн Б.Түвшинтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн 01 дугаартай эмчилгээний өрөөнд иргэн Л.Мыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж толгойн тус газарт нь улаан өнгийн саваар цохиж мөн баруун хавирга хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй, оршуулгын зардлыг Г хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Г нь сэтгэцийн өвчний улмаас 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон, ойгүйдэх өвчтэй хүн гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Талийгаач Мыг зодсон үйлдлийн улмаас хор уршиг үр дагавар гарсан. Эмч нар гэмтэлд анхаарч сүрьеэг оношлоход цаг алдсан. Г нь сэтгэцийн өвчнөө далимдуулж байна. Оршуулгын зардал гарсан тул нэхэмжилж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаартай... Г.Г нь “DS:Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Одоо өвчний явц байдал нь “st: Зан төрхийн өөрчлөлт”-тэй байна. Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22, 30-ны өдрүүдэд тус тус сэтгэцийн хувьд “DS: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй, зан төрхийн өөрчлөлттэй” байсан байна. Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 22, 30-ны өдрүүдэд буюу хэрэг үйлдэгдэх үед тус тус сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

-Г.Г нь одоо сэтгэцийн хувьд “DS: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй, зан төрхийн өөрчлөлттэй” байна. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

-Орхон аймаг дахь БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эмч, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн “Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний болон зан үйлийн бусад эмгэг, шинж тэмдгийн уналт” өвчтэй гэх хэсэг нь үндэслэлтэй байна. Харин “уналтын дараах хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж”-тэй гэх хэсэг нь үндэслэлгүй байна... Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 568 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлтээр шүүгдэгч Г.Г нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан эрүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэвч шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлүүд нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд дараахь байдлаар хамаарч байна.

 Үүнд: Шүүгдэгчийн үйлдлүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж заасанд,

Өршөөл үзүүлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1,6.2,6.3,7.1,7.2,7.3,9.1,9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасанд,

 Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ”Энэ хуулийн 6.1,6.2,6.3,7.1,7.2,7.3,9.1,9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүээн зөвшөөрч энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд тус тус хамаарч байна. Иймд Г.Гд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар өмнөх ял шийтгүүлсэн үйлдлүүддээ Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй болохыг тогтоосон байх тул энэ нь мөн өршөөл үзүүлэх үндэслэлд хамаарч байгааг дурьдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Г, Б.Т нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бын гаргасан оршуулгын зардал 10,878,940 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч Г.Г хариуцах  үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 5 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, Г.Г эзэмшлийн 99-11ОРХ улсын дугаартай Соната-2 загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч нь 447 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус  өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт 447 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,  эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 5 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Г.Г эзэмшлийн 99-11 ОРХ улсын дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 10,878,940 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ