Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 460

 

 

 

 

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/00460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: С.О-гийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: А.Г-д холбогдох,

 

   9,328,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,462,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О , хариуцагч А.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Миний бие******* ******* хороонд хамт ажиллаж байсан өөрийн танил А.Г од сайн дурын үндсэн дээр 2014 оноос хойш 1-3 сая төгрөгийг зээлдүүлж, эргэн тооцоо нийлж байсан бөгөөд түүнд итгэх болсон билээ. Гэтэл А.Г  нь миний итгэлийг эвдэж надаас зээлж авсан болон наймаа хийсэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөхгүй намайг хохироох боллоо. Үүнд:

Нэгдүгээрт: А.Г  нь надаас 2016 оны 10 сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг аман хэлцлээр сар бүр хүү төлөхөөр тус тус бэлнээр зээлж авсан. Ингээд нийт 5,000,000 төгрөгийн зээлээс 2017 оны 02 сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг хүүнд, 2018 оны 03 сарын 09-ний өдөр үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөгийн хамт тус тус миний дансанд шилжүүлсэн байсан. Харин 3,000,000 төгрөгийн үндсэн зээлээ одоо болтол өгөхгүй намайг хохироосоор байна. Би 3,000,000 төгрөгөө төлөхийг удаа дараа  шаардаж байсан боловч А.Г  нь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг өнгөрөөе гэж арга саам хийсээр өдийг хүрсэн.

Хоёрдугаарт: Миний бие А.Г оос тамхи худалдан авах зорилгоор 1,000,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр бэлнээр өгсөн. Ингээд А.Г оос 1,000,000 төгрөгийн тамхи хүлээн авсан боловч тамхиа борлуулж чадаагүй. А.Г  нь сүүлд ... Тамхиа  зарж чадаагүй бол би зараад өгье... гэсэн учир би 1,000,000 төгрөгийн тамхийг А.Г од хүлээлгэж өгсөн. А.Г  нь уг тамхийг зарж борлуулаад ашиг гэж 23,000 төгрөгийг надад 2017 оны 12 сарын 06-ны өдөр дансаар өгсөн. Харин тамхины үнэ 1,000,000 төгрөгийг өгөөгүй намайг хохироож байна.

Гуравдугаарт: А.Г  нь 2017 онд тэтгэвэрт гарна, их хэмжээний тэтгэмж авна, та надтай хамтарч тамхины бизнес хийгээч гэж санал тавьсан. Би түүний нөхцөл байдал буюу ажлын байр, наймааны төрөл зэргийг судлан үзээд итгэл төрөөгүй тул хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2017 оны 10 сараас тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр яригдаж эхэлсэн. Миний бие гэр бүл үр хүүхдийн хамт 2018 оны 5, 6 дугаар сард Чех улсад амьдарч байгаа охин руугаа явахаар төлөвлөн мөнгөн хуримтлал бүрдүүлсэн байсан боловч нэмж тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай байсан тул татвар нэмэгдэхээс өмнө А.Г оос тамхи авахаар хэлэлцэж, авсан тамхиа оны дараа А.Г оор татвар нэмэгдсэн үнээр заруулахаар тохирсон. Би А.Г од удаа дараа мөнгөн тусламж үзүүлж тусалдаг байсан тул итгэж энэ тохиролцоог хийсэн юм. Ингээд А.Г нь надаас 2017 оны 12 сард 4 удаагийн шилжүүлгээр 21,000,000 төгрөгийг тамхи оруулж ирнэ гэж шилжүүлж авсан. 2017 оны 12 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг  шилжүүлсэн. А.Г  нь надаас 21,000,000 төгрөг хүлээн авсан атлаа надад 3 удаагийн үйлдлээр 17,447,000 төгрөгийн тамхи өгсөн. Би хүлээн авсан тамхиа хувийн санхүү бүртгэлийн журнал дээр нэр төрөл, үнээр тэмдэглэж авсан тул баримтуудыг хавсаргав. 2017 оны 12 сарын 13-ны өдөр 1,187,000 төгрөгийн тамхи, 2017 оны 12 сарын 24-ний өдөр 9,715,000 төгрөгийн тамхи, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 6,545,000 төгрөгийн тамхи авсан. Дээрх тооцооноос үзэхэд А.Г  надад 8,715,500 төгрөгийн тамхийг зарж борлуулаад, үлдэгдэл 8,731,500 төгрөгийн тамхийг анх хэлэлцэж тохирсон ёсоор татвар нэмэгдүүлсэн үнээр заруулахаар А.Г-д хүлээлгэн өгсөн. Ингэхдээ би мөн өөрийн хувийн санхүү бүртгэлийн журналд тамхины төрөл, үнийг тэмдэглэн авснаа хуулбарлан нэхэмжлэлд хавсаргасан. 2018 оны 01 сарын 29-ны өдөр 3,375,000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 сарын 12-ны өдөр 1,325,000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 сарын 15-ны өдөр 3,173,500 төгрөгийн тамхи, 2018 оны 02 сарын 20-ны өдөр 858,000 төгрөгийн тамхи. Ингээд А.Г  нь тамхийг зарж борлуулснаар миний Хаан банкны ******* тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнд: 2018 оны 02 сарын 11-ий өдөр тамхины үнэ 2,000,000 төгрөг, 2018 оын 02 сарын 19-ний өдөр тамхины үнэ 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд 8,731,500 төгрөгийн тамхины үнээс 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзвэл А.Г  нь надад 3,731,500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тодорхой харагдана. Харин А.Г  нь надад 2 удаагийн үйлдлээр 1,956,500 төгрөгийн тамхийг буцааж өгсөн. Үүнийг өөрийн хувийн санхүүгийн орлогын баримтаар нотолно. А.Г  нь надад 2018 оны 02 сарын 28-ны өдөр 1,437,500 төгрөгийн тамхийг хүлээлгэн өгсөн баримт, А.Г оос надад 2018 оны 03 сарын 12-ны өдөр 519,000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгсөн баримт. Дээрх 3,731,500 төгрөгийн үлдэгдлээс буцааж авсан тамхины мөнгө болох 1,956,500 төгрөгийг хасаад 1,775,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Ингээд энэхүү тамхины наймаанаас 5,328,000 төгрөг авлагатай гарч байна.

Иймд дээрх 3 удаагийн тооцоогоор А.Г оос нийт 9,328,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Миний бие А.Г ын дээрх үйлдлээс болж гадаадад сурч байгаа охин руугаа явж чадаагүй, орон сууц захиалах боломжоо алдсан, олох байсан орлогоо алдсан гэх зэргээр маш их хохирч байгаа бөгөөд тэр бүгдийг тоочсонгүй. Тамхины үлдэгдэл тооцоо 5,328,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи зарахаар авсан 1,000,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг хариуцагч А.Г оос гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Г  шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн С.О гийн 2018 оны 09 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийг уншиж танилцан нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийн эргэн төлөлтийн талаар дараах тайлбар мэдүүлгийг өгч өөрийн илүү өгсөн 5,462,000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулах хүсэлтийг гаргаж байна. 3,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тухайн үед хүүг нь сар сард нь төлөөд явдаг байсан. Тамхины татвар нэмэгдэх сургаар сайхан сэтгэлийн үүднээс энэ хүнд хэлсэн юм. С.О  өөрөө дэмжээд тамхи авсан. Зарах ажлыг та өөрөө хариуцна шүү, бүр болохгүй бол дүү нь зараад өгч болно гэсэн санал тавьсан. Чи эхлээд ахдаа төрөл төрлөөс нь аваад өг, аль нь гүйлгээ сайтай байдаг эсэхийг үзэх гэсэн юм гэсэн. Иргэн С.О  2017 оны 12 сарын 07-ны өдөр, 12 сарын 08-ны өдөр, 12 сарын 18-ны өдөр хүртэл 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний дүнд ахдаа тамхины төрөл бүрээс нь өгчих, заръя гээд хэлэхэд би 12 сарын 13-ны өдөр тамхины нэр төрөл бүрээс 5 блок, 9 нэр төрөл, 45 блок, үнэ нь 1,187,000 төгрөгний тамхийг авч өгсөн. 2017 оны 12 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. С.О  ахын захисан тамхийг Бүрд худалдааны төвийн тамхины залууд 2,635,000 төгрөг бэлнээр, картнаас 3,300,000 төгрөг, нийт 5,935,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1,191,000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр эссэ, ченж, улаан вест, парламент гэсэн 4 төрлийн 5,765,000 төгрөгийн тамхийг аваад 2017 оны 12 сарын 19-ний өдөр 032 дугаар ангийн зүүн талын автобусны буудлын дэргэд очин, утсаар ярьж тамхи авчирсан, гарч ирээд ав гэж утсаар хэлэхэд өөрийн төрсөн хүүхдийнхээ Н.А  гэдэг хүүг дагуулан гарч ирэн, зам өгсөн Хас банктай байрны урдуур иргэн 61 дүгээр байрны хашааны гадна ирэн зогсож тамхиа 1 дүгээр орц руу зөөж оруулсан. Энэ тамхины тооцооны хуудас нь миний тамхи дэлгүүрүүдээр өгч, авсан өр зээлийг бичдэг дэвтэрт 2017 оны 12 сарын 19-ний өдөр В******* компанийн данс руу шилжүүлсэн тамхины мөнгөн дүн тооцооны бичилттэй хамт С.О  ахад 2017 оны 12 сарын 13-ны өдөр өгсөн 1,187,000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017 оны 12 сарын 25-ны өдөр мөн 5,000,000 төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510,000 төгрөг, нийт 5,205,000 төгрөг болсон. Энэ хүний захисан тамхийг 12 сарын 24-ний өдөр төрөл төрлөөс нэг нэг авдрыг өгөөд нийт 11,055,000 төгрөгийн тамхи болсон. 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 9,715,000 төгрөгийн тамхин дээр 2017 оны 12 сарын 25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг эссэ 1,340,000 төгрөгний тамхи нэмээд 11,055,000 төгрөг болсон. Бүх тамхины тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 12 сарын 18-ны өдөр өгсөн тамхины тооцоог өөрийн зүгээс тамхины үнийн дүн дээр нэмээгүй, орхиод бичсэн байсан. Тооцоо нийлэхдээ л тамхи түгээлтийн дэвтэртээ тусгайлан бичсэнээ анзаарсан. Тэр тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 02 сарын 28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг уг хүнд өгөөд дахиж тамхины асуудал С.О той яриагүй. 2018 оны 03 сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9,025,000 төгрөгийн тамхийг аваагүй гэж гүрийдэг. Би та энэ өдөр хүүхэдтэйгээ ирж авсан шүү дээ, санахгүй байгаа бол хүүхдээсээ асуу гэж хэлсэн. Итгэлцлийн үндсэн дээр л өгч авалцсан. Миний хүсэлтийн дагуу 11 настай Н.А  хүүг шүүхэд ирүүлж асуусан. Авсан уу гэдэг асуудлыг лавлахад хүүхэд үнэнээ хэллээ шүү дээ. Ийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэл алга. 28 дугаар байрнаас очиж аваад 61 дүгээр байранд оруулсныг хүүхэд тодорхой хэмжээгээр нотолж байна. Надаас нэхэмжлээд байгаа 9,328,000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5,765,000 төгрөг, 9,025,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг иргэн С.О гоос нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Г  нь надаас тамхины үнэ 5,462,000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь ямарч үндэслэлгүй бөгөөд ямар зорилгоор ингэж байгааг ойлгохгүй байна. А.Г  нь намайг илтэд басан доромжилж байгаа нь тодорхой байна. А.Г  нь анхнаасаа итгэлийг олж, саймширч байгаад эцсийн бүлэгт луйвардах санаатай байжээ, А.Г ыг арай ч тэгэхгүй байлгүй гэж итгэдэг байсан. Миний гэнэн итгэмтгий байдлыг ашиглаж байнга ямар ч гэрээ, хэлцэлгүй мөнгө зээлдэг байсан. Эхний үед яг л цаг хугацаанд нь авсан мөнгөө буцаагаад төлчихдөг байсан, заримдаа бол хүү ч авдаггүй байсан. Тэгээд л өнөөдөр намайг улаан цагаан гүтгэн доромжилж байна. 5,462,000 төгрөгийн нэхэмжлэлээ ямар нотлох баримтаар тогтоогоод байгааг ч ойлгохгүй байна. А.Г ын сөрөг нэхэмжлэлийг анхааралтай уншвал харин ч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна. А.Г ын нэхэмжлэлд дурьдсан А /ач хүү Г.А/-ыг гэрчээр асууж болно. Тэр хүүхэд үнэнийг л хэлэх байх. Намайг уулзуулахгүй байгаа мэт гүтгэсэн байна. А.Г  нь нэхэмжлэлд дурдсанаас гадна намайг удаа дараа худалж хэлж, гүтгэж байна. Иймд А.Г ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О  нь хариуцагч А.Г од холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахаар өгсөн 1,000,000 төгрөг, тамхины үлдэгдэл мөнгө 5,328,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч А.Г  нь нэхэмжлэгч С.О д холбогдуулан тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

            Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          1/ Зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар

 

          Нэхэмжлэгч С.О , хариуцагч А.Г  нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016.10.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.11.28-ны өдөр 3,000,000 төгрөг зээлсэн гэх тайлбарыг гаргаж, хариуцагч нь нийт 5,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй боловч 2,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгасан, 3,000,000 төгрөгийг төлөөгүй байсан боловч уг мөнгөнд тооцож тамхи өгч тооцоо дууссан гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулаагүй боловч тэд мөнгө зээлж, зээлдүүлж, эргүүлэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.

 

Нэхэмжлэгч С.О , хариуцагч А.Г  нар нь мөнгө зээлж, зээлдүүлэхдээ бэлнээр өгч, авсан, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг дансаар тооцоо хийж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Хаан банкин дахь С.О гийн ******* дугаартай дансны хуулгаар хариуцагч А.Г  нь ******* дугаартай данснаас 2017.02.17-ны өдөр 200,000 төгрөг, 2017.02.27-ны өдөр 300,000 төгрөг, 2017.03.09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017.11.05-ны өдөр 300,000 төгрөг, 2017.12.05-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь зээлж авсан 2,000,000 төгрөгийн хүүнд 200,000 төгрөг төлж байгаад хүүтэй нь хамт төлж дуусгасан, 3,000,000 төгрөгийн  хүү гэж 300,000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байна, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч А.Г  нь зээлсэн 3,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид тамхи өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч зээлсэн 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Г оос зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            2/ Тамхи авахаар өгсөн 1,000,000 төгрөг, тамхины үлдэгдэл мөнгө 5,328,000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар

 

            Зохигчдын хооронд 2017 оны 11 сараас тамхи худалдан авах, тамхи өгч, авалцах  харилцаа явагдсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-  С.О  нь 2017.11.07-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2017.12.07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.12.08-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017.12.18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.12.25-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар А.Г од шилжүүлсэн.

- А.Г  нь 2017.12.13-ны өдөр 1,187,000 төгрөгийн, 2017.12.24-ний өдөр 9,715,000 төгрөгийн, 2017.12.25-ны өдөр 6,545,000 төгрөгийн, нийт 17,447,000 төгрөгийн тамхийг С.О д өгсөн.

-  С.О  нь худалдаж авсан тамхинаас 2018.01.29-ний өдөр 3,375,000 төгрөгийн, 2018.02.12-ны өдөр 1,325,000 төгрөгийн, 2018.02.15-ны өдөр 3,173,500 төгрөгийн, 2018.02.20-ны өдөр 858,000 төгрөгийн, нийт 8,731,500 тамхийг А.Г од заруулахаар буцаан өгсөн.

-  А.Г  нь С.О гийн заруулахаар өгсөн тамхины төлбөрт 2018.02.11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018.02.19-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг С.О гийн данс руу шилжүүлсэн.

-  С.О  нь А.Г од заруулахаар буцаан өгсөн тамхинаас 2018.02.18-ны өдөр 1,437,500 төгрөгийн, 2018.03.12-ны өдөр 519,000 төгрөгийн тамхийг буцаан авсан.

 

Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй, талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч тамхи худалдан авахаар мөнгө шилжүүлсэн, хариуцагч нь тамхи өгсөн харилцаа явагдсан байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.О  нь шилжүүлсэн мөнгөнд тохирох хэмжээний тамхийг хариуцагч А.Г оос шаардах эрхтэй.

 

            Хариуцагч А.Г  нь нэхэмжлэгч тамхи авахаар 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус өгсөн талаар маргаагүй боловч С.О д 2017.12.13-ны өдөр 1,187,000 төгрөгийн, 2017.12.19-ний өдөр 5,765,000 төгрөгийн, 2017.12.25-ны өдөр 11,055,000 төгрөгийн, 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг тус тус өгсөн тул С.О д мөнгө төлөх бус, харин түүнээс тамхины мөнгө авах ёстой гэж мэтгэлцсэн.

 

            Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.О  нь тамхи худалдан авахаар нийт 22,000,000 /1,000,000+21,000,000/ төгрөгийг хариуцагч А.Г од шилжүүлсэн, нийт 17,447,000 /1,187,000+9,715,000+6,545,000/ төгрөгийн тамхийг А.Г оос авсан. Нийт 8,731,500 /3,375,000+1,325,000+3,173,500+858,000/ төгрөгийн тамхийг заруулахаар түүнд буцаан өгсөнөөс. А.Г  нь 5,000,000 /2,000,000+3,000,000/ төгрөгийн тамхины мөнгийг түүнд шилжүүлсэн, А.Г од заруулахаар өгсөн тамхинаас нийт 1,956,500 /1,437,500+519,000/ төгрөгийн тамхийг буцаан авсан байна.

            Хариуцагч нь 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг өгөхдөө зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгт тооцон тамхи өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Г оос тамхи авахаар өгсөн 1,000,000 төгрөг, шилжүүлсэн 21,000,000 төгрөгөөс тамхи аваагүй үлдэгдэл 3,553,000 төгрөг, заруулахаар буцааж өгсөн үлдэгдэл тамхины мөнгө 1,775,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            3/ Нэхэмжлэгч С.О гоос тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэн авч, түүнд тамхи худалдан авч өгч байсан, тамхинаас буцаан авч зарж борлуулж байсан талаар маргаагүй боловч 2017.12.19-ний өдөр 5,765,000 төгрөгийн, 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг өгсөнийг С.О той өгч авсан тамхины тооцоонд оруулаагүй байсан тул уг мөнгийг нэхэмжлэгч С.О гоос гаргуулах үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч А.Г  нь тооцоо хийгдээгүй тамхины үнийн дүн болох 14,790,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9,328,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 5,462,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О гоос гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Бүрд худалдааны төвийн тамхи зардаг хүнд 2017.12.18-ны өдөр 2,635,000 төгрөгийг бэлнээр, 3,300,000 төгрөгийг картнаас шилжүүлж тамхи худалдан авснаа 2017.12.19-ний өдөр С.О д өгсөн, 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг С.О , түүний ач хүүд өгч явуулсан үйл баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчээс тамхины мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч эдгээр үйл баримтаар түүнийг дурдсан өдрүүдэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тамхийг С.О д өгснийг нотлох боломжгүй байна. Учир нь хариуцагч А.Г  нь тамхи авч дэлгүүр, хувь хүмүүст зарж борлуулахаар өгч авалцдаг талаар өөрийн тайлбартаа дурдсан бөгөөд Бүрд худалдааны төвөөс авсан тамхийг нэхэмжлэгч С.О д өгсөн гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүний нотлох баримтаар гаргаж өгсөн гар бичвэрт бичигдсэн хэмжээ, нэр төрөл бүхий тамхийг С.О  авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын өгч, авалцсан тамхины тооцоог хийж үзээд хариуцагч А.Г  нь нэхэмжлэгч С.О гийн тамхи авахаар шилжүүлсэн мөнгөнөөс 4,553,000 төгрөг /1,000,000+3,553,000/-ийн тамхийг өгөөгүй, заруулахаар буцаан өгсөн тамхинаас 1,775,000 төгрөгийн тамхийг буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

 

Хариуцагчийн 2017.12.19-ний өдөр 5,765,000 төгрөгийн, 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг нэхэмжлэгчид өгсөн гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.О гоос тамхины мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Г оос зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахаар өгсөн 1,000,000 төгрөг, тамхи аваагүй үлдэгдэл 3,553,000 төгрөг, заруулахаар буцааж өгсөн үлдэгдэл тамхины мөнгө 1,775,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О д олгож, нэхэмжлэгч С.О гоос тамхины мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г оос 9,328,000 /есөн сая гурван зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О д олгож, 5,462,000 /таван сая дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,198 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,342 төгрөгийг тус тус улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,408 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан хариуцагч А.Г од буцаан олгож,  хариуцагч А.Г оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 164,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР