Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2022/0314/Э |
Дугаар | 2022/ШЦТ/348 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/348
2022 10 25 2022/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энэрэл
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гд холбогдох эрүүгийн 2225005930393 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24 дүгээр байрны 46 тоотод гэртээ эхнэр М.Нийг цохиж унаган, дээрээс нь дэвсэж өшиглөн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ч.Г мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Би ажлаас ирээд эхнэртэйгээ маргаж зодсон нь үнэн.Эмчилгээ хийлгэсэн.Би өөрийн үйлдэлд гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 732 дугаартай.... М.Нийн биед дээд баруун хоёр дугаар шүдний хугарал, баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээд баруун хоёр дугаар шүдний хугарал, баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун өвдөгт үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 8-9-р тал/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 12-13-р тал/
-хохирогч М.Нийн мэдүүлсэн... Тухайн үед нөхөр Ч.Г Дархан-Уул аймагт ажил дээрээ байсан бөгөөд намайг Улаанбаатар хот руу хүүхэд рүүгээ явах үед надтай утсаар яриад чи Улаанбаатар хот руу эрэгтэй хүнтэй уулзах гэж явсан гээд ор үндэсгүй хардаад хэрүүл хийгээд байхаар нь би хүүгээ мэдээд сэтгэл, санаа нь хямрах байх гэж бодоод сүүлдээ нөхрийгөө залгахаар нь гар утсаа авахгүй нэлээд хэд хоносон юм. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 20 цагийн орчим гэртээ охин Г.Отгонтуяагийн хамт байсан чинь нөхөр Ч.Г миний гар утас руу залгаад байсан ба би гар утсаа авахгүй байсан юм. Гэтэл 20-21 цагийн хооронд нөхөр Ч.Г гаднаас орж ирээд “чи яагаад гар утсаа авдаггүй юм бэ” гээд миний гар утсыг шүүрч аваад гэрийн хана руу шидсэн. Тэгэхээр нь гар утсаа авах гээд тонгойсон чинь намайг түлхээд газарт унагасан. Энэ үед миний баруун талын шилбэ рүү өшиглөсөн. Босоод хөлөө бариад тонгойсон чинь нүүр лүү өвдгөөрөө өвдөглөсөн. Тэр үед саваад газарт унасан. Гэтэл миний баруун талын өгзөг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд цаашаа эргээд орны хажуугаар тавьсан байсан зурагтыг гаргаж шидээд дээрээс нь дэвсээд байсан. Энэ үед би гэрээсээ гараад зугтаж, цагдаа дуудсан. Энэ хэрэг болох үед охин Г.Отгонтуяа байсан. Дундуур хүү Г.Мөнхсүлд гаднаас орж ирсэн. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Ер нь намайг хэнтэй ч хамаагүй хардаад хэрүүл маргаан хийгээд байдаг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
-насанд хүрээгүй гэрч Г.М мэдүүлсэн... Би одоо хэрэг болсон өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тэр өдрийн орой байрны гадна хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглох гээд ээжээс зөвшөөрөл аваад гэрээс гарсан. Тоглож байгаад гэртээ орох гээд явж байсан чинь ээж цонхоор аав чинь ирээд хэрүүл хийгээд байна. Хурдан ороод ир гэсэн. Тэгэхээр нь гэртээ орсон чинь аав ээж хоёр гал тогооны өрөөнд барилцаад авсан байсан. Би хажуугаар нь гараад том өрөө рүү орсон. Тэр үед аав, ээж хоёр ноцолдож том өрөө рүү орж ирээд ноцолдож байгаад ээж, аавын салтаа руу өшиглөсөн. Тэгсэн чинь аав, ээжийг барьж аваад нүүр рүү нь хөлийнхөө өвдгөөр цохисон чинь ээж газарт унасан. Энэ үед аав цаашаа эргээд газарт тавьж байсан зурагтыг өшиглөсөн. Энэ үед ээж гэрээс гараад явсан. Түүний араас аав хувцсаа аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
-Шүүгдэгч Ч.Г яллагдагчаар мэдүүлсэн... Би Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан-Уул” ХХК-д экскаваторын опретор ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой гэртээ ирсэн чинь эхнэрийн гар утас нь ширээн дээр байсан. Намайг хараад эхнэр маань гар утсаа аваад халаасандаа хийгээд миний хажуугаар гараад явахаар нь би түүний халааснаас нь гар утсыг нь аваад байшингийн хана руу шидсэн. Тэгтэл эхнэр маань яаж байгаа юм бэ гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би түүнийг түлхсэн чинь эхнэр маань шалан дээр унасан. Эргэж босож ирээд надтай барилцаж аваад ноцолдож байхдаа би зүүн талын хөлөөрөө эхнэрийнхээ нүүр лүү цохисон чинь эхнэр маань саваад унасан. Газар хэвтчихээд хөлөөрөө над руу хэд хэдэн удаа өшиглөхөөр нь урдаас нь хөлөөрөө өшиглөж байгаа хөлийг нь хааж тайвшруулсан. Тэгээд цаашаа салаад явсан чинь эхнэр маань гараад зугтаасан. Улаанбаатар хотод цэргийн алба хааж байгаа манай том хүү гэнэт эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох болоод эхнэр маань 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу вагоноор явсан. Маргааш өглөө нь Улаанбаатар хотод очоод гар утсаа авахгүй сураггүй алга болоод 7 хоноод гэртээ ирсэн. Эхнэрийгээ алга болсон болохоор нь ууртай ирсэн. Хардалтаас л ийм зүйл боллоо... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоодлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24 дүгээр байрны 46 тоотод гэртээ эхнэр М.Нийг утсаа авсангүй гэж хардсаны улмаас утсыг нь булааж авч хана руу шидэж улмаар цохиж унаган дээрээс нь дэвсэж өшиглөн зодож, эрүүл мэндэд нь дээд баруун хоёр дугаар шүдний хугарал, баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын та лаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24 дүгээр байрны 46 тоотод гэртээ эхнэр М.Нийг хардсаны улмаас цохиж унаган дээрээс нь дэвсэж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд баруун хоёр дугаар шүдний хугарал баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Нийн... Гар утсаа авах гээд тонгойх үед түлхэж унагасан. Тэр үед миний баруун талын шилбэ рүү өшиглөсөн. Босоод хөлөө дарах үед нүүр лүү өвдгөөрөө өвдөглөөд унагасан. Унасан байхад баруун талын өгзөг рүү өшиглөсөн.... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.М ... Тэр үед аав, ээж хоёр ноцолдож том өрөө рүү орж ирээд ноцолдож байгаад ээж, аавын салтаа руу өшиглөсөн. Тэгсэн чинь аав, ээжийг барьж аваад нүүр рүү нь хөлийнхөө өвдгөөр цохисон чинь ээж газарт унасан. Энэ үед аав цаашаа эргээд газарт тавьж байсан зурагтыг өшиглөсөн. Энэ үед ээж гэрээс гараад явсан.... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 732 дугаар шинжээчийн.... М.Нийн биед дээд баруун хоёр дугаар шүдний хугарал, баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээд баруун хоёр дугаар шүдний хугарал, баруун нүдний урд булан, баруун хацар, бугалга, өгзөг, хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Ч.Г энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Ч.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24 дүгээр байрны 46 тоотод гэртээ эхнэр М.Нийг цохиж унагаан, дээрээс нь дэвсэх өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Н цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хх-ийн 62-р талд авагдсан, мөн энэ тухай шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овгийн Чын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантулгыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ