| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/05334/и |
| Дугаар | 285 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 285
| 2019 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2019/00285 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Н-д холбогдох,
Автомашины үнэд төлсөн 300.000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М, хариуцагч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Л.Н-той 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс өмнө автомашиныг 09 дүгээр сарын сүүлээр хүлээн авч, урьдчилгаа болох 300.000 төгрөгийг 2 удаа цалингаасаа суутгуулж төлсөн. Л.Н-гийн ээж М-ын өдөр өнжүүлэхэд багшаар ажиллаж байсан ба уг машинаар өдөр өнжүүлэхийн хүүхдүүдийг зөөдөг байсан. Би 11 дүгээр сарын 05-16-ны өдрийн цалингаа аваагүй, нэг хүний цалингаар 2 хүний ажил хийдэг байсан, 12-оос дээш хүүхэд бол цалин нэмнэ гэсэн боловч нэмээгүй. Мэргэжлийн бус хүмүүстэй гар нийлж ажиллах боломжгүй байсан учир ажлаасаа гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг машиныг буцаан өгч, урьдчилгаанд өгсөн 300.000 төгрөгийг буцаан авъя гэтэл боломжгүй гэсэн тул Л.Н-гоос урьдчилгаанд өгсөн 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Н шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь миний хариуцан ажиллуулдаг Ц өдөр өнжүүлэхэд багшаар ажиллаж байсан. Багшийн үүрэгт хичээл заахаас гадна хүүхдүүдийг сургуулиас авах, гэрт нь хүргэх үүрэг багтдаг. Т.М-гийн өөрийнх нь саналаар, мөн өөрөө энэ машиныг олж би үнийг нь бүрэн төлсөн, ямар ч хүүгүйгээр машин худалдан авч өгсөн. Нотариат дээр бичгээр гэрээ байгуулсны маргааш ажлаа хаяж явсан. Машин одоо манайд байгаа, дуу орсон руль хатуурсан байдалтай байгаа, анх худалдаж авахад сэлбэг, хучлага дагалдаж ирсэн гэж өөрөө л хэлсэн, тэрийгээ хүлээлгэж өгөөгүй. Өөрийнхөө хувийн хэрэгцээнд бүтэн 2 сар ашигласан, элэгдэл хорогдлыг яах вэ. Нэхэмжлэгчийн цалин нэмэх тухай огт яриагүй. Манайх өдрийн 2 хоол өгдөг, бензин өгдөг, цалин 500.000 төгрөг өгдөг байсан. 2 сарын турш өөрийнх нь хүүхэд өдөр өнжүүлэхэд хамт байсан, манайд үнэгүй хооллодог байсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Л.Н-д холбогдуулан автомашины үнэд төлсөн 300.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нь ******* ******* улсын дугаартай, toyota vitz маркийн, хар алаг өнгийн суудлын автомашиныг 4.100.000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь автомашины үнийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-5-6/.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн ажиллуулдаг “Ц” өдөр өнжүүлэхэд багшаар ажиллахдаа ажил үүргийн хуваарийн дагуу сурагчдыг сургуулиас өдөр өнжүүлэх, өдөр өнжүүлэхээс гэрт хүргэх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор хариуцагчид хүсэлт гарган дээрх автомашиныг худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх бичгийн гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талууд амаар тохирон нэхэмжлэгч автомашиныг хүлээн авсан, мөн автомашины үнэд 300.000 төгрөг цалингаасаа суутгуулсан болох нь зохигчдын тайлбар болон гэрээний 3.4, 6.6 дахь заалтаар нотлогдож байх ба энэ талаар шүүхэд маргаагүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус хүмүүстэй гар нийлж ажиллах боломжгүй байсан шалтгаанаар өдөр өнжүүлэхийн багшийн ажлыг гүйцэтгэхээ болихдоо автомашиныг хариуцагчид буцаан өгсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг урьдчилан мэдэгдэлгүй багшийн ажлаа хаяж явсан, автомашины дагалдах сэлбэг, хучлагыг хүлээлгэж өгөөгүй, эвдрэл гэмтэлтэй болгосон, мөн 2 сарын турш автомашиныг хувийн хэрэгцээнд ашигласан гэж тус тус харилцан маргасан.
Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр автомашиныг хариуцагчид буцааж өгсөн буюу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээний аль ч тал гэрээнээс татгалзах санал гаргах эрхтэй. Хариуцагч дурдсан хугацаанаас хойш тус маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх үеийн байдлаар автомашиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгч нь автомашины үнэд төлсөн 300.000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг автомашины дагалдах сэлбэг, хучлагыг хүлээлгэн өгөөгүй, эвдрэл гэмтэлтэй болгосон, 2 сарын турш хувийн хэрэгцээнд ашигласан гэх зэргээр маргаснаас үзэхэд нэхэмжлэгчтэй адил мөн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг маргасан, өөрөөр хэлбэл гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, мөн гэрээ биелсэнээс олсон ашигаа буцаах үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж маргаж байна. Гэвч хариуцагч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн зохигчид хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй маргаантай болох нь тэдний тайлбараар тогтоогдсон ба уг маргаан тус иргэний хэрэгт хамааралгүй учир хөдөлмөрийн гэрээний талаар гаргаж буй талуудын тайлбарыг шүүх үнэлж дүгнэх үндэслэлгүй болно. Мөн хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид холбогдуулан шүүхэд тусдаа бие даасан нэхэмжлэл гаргана гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх хариуцагч Л.Н-гоос автомашины үнэд төлсөн 300.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгох үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Н-гоос 300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нгоос 9.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА