| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/05191/и |
| Дугаар | 315 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 315
| 2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2019/00315 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “БЗД НҮГ” ОНӨААТҮГ т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч С.Ч, гэрч Д.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Г.Б тус байгууллагад 2017 онд хог тээврийн хэсгийн авто машины жолоочоор ажилд орж ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл ажил олгогч гэнэтхэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/118 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаснаар ажлаасаа халагдсан. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Мөн манай байгууллага сахилгын шийтгэл мөнгөн дүнгээр оногдуулахдаа нэг сарын 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгал хийж Хөдөлмөрийн хуулийг зөрчдөг. Ажилчдын ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах тухай хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй боловч өөрийнх нь ар гэрт гачигдал гарсан гээд хүссэн цагтаа хүссэн хугацаандаа өөртөө чөлөө олгоод явдаг, ажилчдаас санал хүсэлт авахгүй өөрийнх нь хүсэлт бол хааны зарлиг шиг л хүчинтэй гэж тэрээр үздэг. Сахилгын шийтгэл ногдууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гэм буруутай эсэх талаар тайлбар авдаггүй, амаар хэлээд л өнгөрдөг. Миний бие яагаад ажлаасаа халагдаж байгаа тухай асуухадьтайлбар хэлээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийж өгнө үү” гэв.
Хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч С.Ч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Г.Б-ыг “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 84 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 49.1, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 190 тоот Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрын дүрэм батлах тухай тогтоолын 2.4 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 7.6 дахь хэсгийг үндэслэн тус байгууллагын авто тээврийн хэсгийн хог тээврийн автомашины жолоочийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан. Нэхэмжлэгч Г.Б нь газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/77 тоот тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоногийн ээлжийн амралт эдэлж байсан бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд сахилгын шийтгэл ногдуулахдаа нэг сарын цалингийн 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгадаг гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллага ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн 20 хувиар тооцон суутгадаг, Г.Б нь сахилгын шийтгэл эдэлж байгаагүй. Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил таслан, ажлын цагаар ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7-н а болон 3.6.7-н б дахь заалтуудыг үндэслэн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/118 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Г.Б нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз ирсэн, ажлаас чөлөө өгөөч гэж дарга М-руу согтуу ярьсан бөгөөд урьдчилан мэлэгдээгүй учир ажил зохицуулах боломжгүй гэсэн хариу өгөхөд ажлаа хаяж явсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хог тээврийн автомашины жолоочоор ажиллаж байсан болох нь даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-3, 21/.
“БЗД НҮГ” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/118 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь заалтыг үндэслэн жолооч Г.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан байна /хх-2/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт ажил олгогч санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаар ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан гэж шүүхэд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 7215 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хуваарьт газруудын хог тээвэрлэх үүргийг гүйцэтгэдэг байх ба шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо хариуцсан байцаагч, гэрч Д.Б түүний хяналтанд ажилладаг нэхэмжлэгч Г.Б 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шатахуунаа авсан боловч ажилдаа гараагүй, бүх хуваарьт газраас хог ачаагүй талаар залгасан, иймээс Г.Б-ын оронд жолооч С-ыг ажиллуулсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлж байна.
Мөн хэрэгт авагдсан “Н” ХХК, “Ө” сууц өмчлөгчдийн холбоо, “МД-102” дэлгүүрийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуваарийн дагуу хог ачаагүйг тус тус тодорхойлсон байх ба эдгээр байгууллага хог тээвэрлэлтийн хуваарьт батлагдсан байна /хх-65-68/.
Хариуцагчийн тайлбарт дурдсан хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд 7215 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шатахууныг “Э” ХХК-аас С авсан, мөн Цагаан давааны хогийн цэгт 2018 оны 10 дугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд С хог тээвэрлэн буулгасан болох нь хариуцагчаас шүүхэд эх хувиар гаргасан “Э” ХХК-ийн шатахуун олгосон баримтууд, шатахуун олгох хуудас, 005713, 0005708 дугаар бүхий хог тээврийн баримт, түүнд хавсаргасан тасалбаруудад хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч байгууллагад ачигч ажилтай Б.Б шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7215 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эгчтэйгээ хамт архи хувааж уусан, үүнээс хойш ажилдаа ирээгүй талаар мэдүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчүүд хариуцагч байгууллагад ажилладаг учир тэдний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэж маргаж байх хэдий ч хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь хэсэгт “Албан хаагчдыг ажлаас халах сахилгын зөрчил нь а/ ажлын цагаар ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан, б/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан ... ” гэж заасантай дээрх тайлбар нийцэж байна /хх-33/.
Гэвч зохигч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаагүй бөгөөд үүний шалтгааныг нэхэмжлэгч анх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч архивын өрөөнд ус алдсанаас болж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ усанд норон элэгдэж нотлох баримтын шаардлага хангаж чадахааргүй болсон гэжээ /хх-19/.
Хариуцагч дээрх байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ шаардлага хангахгүй болсон нөхцөлд түүнийг шинэчлэн байгуулах бүрэн боломжтой боловч энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй, өөрөөр хэлбэл ажил олгогч - хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэстэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах талаар ажил олгогч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ болон ажилтан Г.Б нар хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн дээр дурдсан үйлдлүүдийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймээс нэхэмжлэгч Г.Б-ыг “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хог тээврийн автомашины жолоочийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэх үндэстэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасныг баримтлах ба нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын 56 өдрийн цалинтай тэнцэх олговорт 3.207.288 төгрөгийг хэрэгт авагдсан цалин хөлсний тодорхойлолт /хх-28/-ыг үндэслэн тооцсон нь үндэстэй байх тул уг олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагчийн өмгөөлөгч нь тус нэхэмжлэлийн эд хөрөнгийн чанартай шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй учир хүлээн авахаас татгалзах үндэстэй гэж маргаж байх хэдий ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ыг “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хог тээврийн автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-аас 3.207.288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бод олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “БЗД НҮГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 206.667 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА