Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 375

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/00375

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК -ийн  нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: НШШГГ холбогдох, 

   

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоол болон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 дүгээр  эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/03 дугаар төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.         

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлын шийдвэр, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/13 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх, ... шуурхай зарчмыг баримтална” гэж заасан байна. Санал авах хурлаар битүүмжлэгдсэн хөрөнгийг төлбөр авагчид шууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар санал болгосон нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж 63.511.217 төгрөгөөр хохироох нөхцөлийг бүрдүүлсэн. 2. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2016 оноос хойш үргэлжилж байгаа 2 жил гаруйн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдэн хэрэгжсэн. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 450.000.000 төгрөг гэх дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг хүлээн зөвшөөрч тохиролцсон тухайд гэвэл тухайн үед мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д үнэ хямдруулан худалдах, мөн 39.8-д гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлөөд төлбөртөө тооцон авах зохицуулалт үйлчилж байсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэгдсэн хуулийн 73 зүйлийн 73.3-т худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөртөө тооцон авахдаа зөрүү төлөх зохицуулалт гарч ирсэн. Ингэснээр хуучин хууль хэрэгжиж байх үеийн баримт бичиг зөрүү төлүүлэх эрх зүйн үр дагавар үүсгээд байгаа бөгөөд эрх зүйн байдлыг дордуулан ашиглаж байгаа нь хууль ёсны зарчмыг алдагдуулж байна. Хэрэв тухайн үед төлбөр төлөгчийн гаргасан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг одоо үйлчилж байсан хууль үйлчилж байсан бол бид хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хуучин хуулиар аль аль талд нь ашигтай нөхцөл байсан, учир нь төлбөр төлөгч хөрөнгөө дуудлага худалдаанд өндөр үнээр дуудах боломж байсан, мөн маргаангүй тохиолдолд нэмэлт зардал үүсэхгүй, гүйцэтгэх ажиллагааны хугацаа зэрэг талуудын аль алины эрх ашиг байсан. 3. Санал болгох хурал хийхдээ хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй, манай байгууллага үнэ, шинж чанараа алдсан хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай тухай хүсэлт гаргасаар байтал хүлээн аваагүй. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зохигчийн хүсэлтээр ахин тогтоох журамд үнийг гуравны нэгээс багагүй, зургаан сараас хэтэрсэн гэх зохицуулалтыг тусгасан. Гэтэл дуудлага худалдаанд оруулах үнийн санал тохирсон цагаас 20 cap өнгөрсөн, үнэ 60 хувиар буурсан, 180.000.000 төгрөгөөр зарах гэж оролдож байсан гэж тооцоход зуучлалд хандаж байсан төлбөр төлөгчийн үнэ 60 хувь буюу 1.8 хувь унасан байна. Бид хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн хөрөнгийн ашиглалтын байдалд хийсэн үнэлгээний тайлангаар харьцуулж тооцоо гаргасан. 4. Манай байгууллагын барьцаанд байгаа орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 04/01 тоот тогтоолоор битүүмжилсэн, мөн энэ сарын 14-ний өдөр төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийж, тогтоол үйлдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн байдаг. Гэтэл орон сууцны шинж чанар, зориулалт, тоо хэмжээ, үнэд их хэмжээний өөрчлөлт орсон нөхцөл байдал үүссэн, тухайн орон сууц 2 хуваагдсан байгаад шийдвэр гүйцэтгэгч үндэслэл бүхий тайлбар хийхгүй, төлбөр төлөгчийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулж, энэ байдлыг шийдвэр гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн байдалтай байгаа нь гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу барьцаа хөрөнгийн шинж чанар, үнэд өөрчлөлт орсонтой холбогдуулан шинжээч томилон шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.5-д заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэж манай хууль ёсны эрх ашгийг зөрчин 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр санал болгох хурлын шийдвэр гаргасан нь маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдал үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар эд хөрөнгийн байдалд орсон өөрчлөлтийн талаар шийдвэр гүйцэтгэгч мэдүүлэгт тусгаагүй. 5. 4 өрөө орон сууц битүүмжилсэн гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол байх боловч өнөөдөр орон сууц албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө 2 хуваагдсан байсан гэх тайлбарыг бидэнд болон албаны бусад хүмүүст өгөөд байгаа нь ойлгомжгүй. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтэц хийц бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт өргөтгөл хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн орон сууц шилжүүлэх гэж байгаа үйлдэл нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна. Хууль эрх зүйн зохицуулалт байсаар байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг хэрэгжүүлээгүйгээс хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон. 6. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Н-гаас эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч акт үйлдэж тухайн эд хөрөнгийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх, үрэгдүүлэхгүй байхыг үүрэг болгож үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа өөрчлөлтийг хийсэн тохиолдолд нэн даруй шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг анхааруулсан. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт заасан 161.268.783 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 28, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус дуудлага худалдааг зохион байгуулсан байдаг. Гэтэл энэ хугацаанд төлбөр төлөгч Д.Н шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилсэн 4 өрөө орон сууцны эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилж хоёр хуваан барилгын ханыг цоолж хаалга гаргасан гэдэг нь санал болгох ажиллагааны явцад төлбөр төлөгчийн тайлбараар тогтоогдсон. Энэ байдал тогтоогдсоноор шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д заасныг зөрчсөн үйлдэл гаргасан нь илэрхий болсон. Үүний улмаас битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг анхны 4 өрөө орон сууцны байдлаар нь ашиглах боломжгүй болгосон байгаагийн зэрэгцээ төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын харилцан тохиролцсон үнэлгээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд бодит өөрчлөлт орсон тухай хүсэлт гаргаад байхад түүнийг үл хэрэгсэн, хүлээж аваагүй хууль бус санал болгох хурлын шийдвэр гарсан. 7. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ч маргаан бүхий орон сууцыг төлбөрийн үнийн дүнд тооцуулан шилжүүлэх санал гаргаж байхад санал болгох хурлын гишүүд, шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтан нар хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй явцуу хандан зөрүү 63.511.217 төгрөгийг нэмж, шинж чанар алдсан, талбай дутуу, үнэ нь тодорхой бус 2 тусдаа 2 айлын зориулалттай орон сууц болон өөрчлөгдсөн гэх орон сууцыг өөрсдийнх нь хэлснээр зарагдахгүй байрыг зарж өглөө гэж төлбөр төлөгчийн эрх ашгийг хамгаалан хэлж шийдвэрлэж байгаа ажиллагаа хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байгаагийн зэрэгцээ эдгээр хүмүүст шийдвэр гүйцэтгэгчийн саналыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрх хуулиар олгогдоогүй байна. Энэ нь мөн л холбогдох хууль зөрчсөн үйлдэл болж санал болгох хурлын шийдвэр хууль бус гарсныг нотолж байна. 8. Мөн санал болгох ажиллагааны комиссын гишүүд үүсээд буй нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа хирнээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчмыг зөрчиж төлбөр авагчийг хохироосон, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчин шийдвэр гаргасан. Учир нь шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д зааснаар бүрэн эрхийнхээ хүрээнд битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг төлбөр төлөгчид даалгасан хирнээ битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хэвийн байдлыг алдагдуулж үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон гэдгийг мэдсээр байж ямар нэг арга хэмжээ авалгүй битүүмжлэх, хураах тогтоол зэрэгт тусгаагүй өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж явснаар төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулж байна. Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Д, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Ц, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Д нарт удаа дараа албан тоотоор гомдол гаргасан боловч зөрчигдсөн гэж үзвэл шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн. Иймээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр болон үүнтэй холбогдон гарсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 тоот дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/03 тоот төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч НШШГГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Ц.Ц нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр Д.Нгаас 161.268.783 төгрөг гаргуулан “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Н нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т заасны дагуу түүний барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоотод байрлах 150 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Нгаас барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад 1 м.кв 3.000.000 төгрөг, нийт 450.000.000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнийн саналыг төлбөр авагч “Н” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 118/16 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул 3/31837 дугаар албан бичгийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон зах зээлийн үнэлгээ болох 450.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 315.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-д гардуулан өгсөн. Тус албанд холбогдуулан төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00403 дугаар шийдвэрээр ханган шийдвэрлэсэн. Манай гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 822 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг даалгах тухай Д.Н-гийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцсон зах зээлийн үнэлгээ болох 450.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 225.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, тус албанаас зохион байгуулах 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/47 дугаар тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/16582 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Нд гардуулан өгч, өмчлөгч Х.Д-д мэдэгдэхийг даалгасан. Санал болгох хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, төлбөр төлөгч Д.Н-д 7 хоногийн дотор төлбөр төлөх боломжит хугацааг олгож энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 225.000.000 төлбөр авагчид санал болгож зөрүү 63.511.217 төгрөгийг тус газрын дансанд төвлөрүүлснээр өмчлөх эрх шилжихээр шийдвэрлэсэн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2 хуваасан талаарх мэдээллийг анх төлбөр авагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б-аас мэдээд энэ талаар танайх ямар арга хэмжээ авсан бэ гэхэд төлбөрөө гаргуулан авах нь чухал байна, зарагдаад төлбөрийг барагдуулчихвал сайн л байна, зарагдахгүй бол танайхаас 150 м.кв-аас тооцон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж өгөөч, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөө яаралтай нэр дээрээ шилжүүлж авмаар байна гэсэн тайлбарыг өгсөн. Төлбөр төлөгч Д.Н-тай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр анх уулзаад энэ талаар тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Гүйцэтгэх баримт бичгийг манай албанд ирүүлэхээс өмнө барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2 хуваасан нь үүгээр нотлогдож байгаа. Энэ талаар төлбөр авагч тал мэдэж байсан мөртлөө цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, манайд ямарваа нэгэн санал хүсэлт гаргаагүй болох нь харагдаж байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан ажиллагаатай танилцсан төлбөр авагч тал тухайн үед манай ажиллагаанд гомдол гаргаагүй, харин ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яаралтай явуулж өгөхийг хүсч, төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг зөвшөөрсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 118/16 тоот албан бичиг, анхны албадан дуудлага худалдааны зарын үнэ болох 20.000 төгрөгийг мөн өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын үнийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тушааснаар харагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсний дараа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад болох хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын үнийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тушаасан. Төлбөр авагч тал барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдолтой, хууль бус яавагдсан гэж үзэж байсан, зөвшөөрөөгүй байсан бол тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байсан боловч хуульд тогтоосон хугацаанд гомдлоо гаргаагүй. Харин ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хурдан шуурхай явуулж өгөхийг хүсч байнга ирж уулздаг байсан. Хуучин мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулаад худалдан борлогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн үнийн дүнд тооцон өмчлөх эрхийг шилжүүлж, байрыг чөлөөлж өгдөг байсан. Шинээр мөрдөгдөж буй уг хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5-д заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 225.000.000 төгрөгөөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож зөрүү 63.511.217 төгрөгийг тус газрын дансанд төвлөрүүлснээр өмчлөх эрх шилжихээр шийдвэрлэсэн. Иймд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлчихээд, шинээр батлагдсан хуулийн зүйл заалт нь тухайн хуулийн этгээдийн эрх ашигт нийцэхгүй байна, тиймээс гомдолтой хэмээн хүлээн зөвшөөрч байсан ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргаад байгаа төлбөр авагч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 дүгээр  эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/03 дугаар төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дүгээр магадлалаар хариуцагч Д.Н-гаас зээлийн гэрээний үүрэгт болон улсын тэмдэгтийн хураамжид нийт 161.268.783 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох, хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 29 дүгээр байр 19 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх1-9-13/.

 

          Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3040 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна /хх1-74/.

 

          Хариуцагч НШШГГ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, мөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хураажээ /хх1-98-101/.

 

          Орон сууцыг төлбөр төлөгч, өмчлөгч Д.Н-гаас 450.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Н” ХХК зөвшөөрсөн тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/31837 дугаар мэдэгдлээр талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 450.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 315.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоон орон сууцыг дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгджээ /хх1-84, 85, хх2-67/.

 

          Улмаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/399 дүгээр тогтоолоор 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн “Үндэсний шуудан” сонинд зарлан, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32774 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэх арга хэмжээ авчээ /хх2-68, 69, 72/.

 

          Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35159 дүгээр мэдэгдлээс үзэхэд хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт явуулахаар товлосон байна /хх2-74/.

 

          Гэвч төлбөр төлөгч Д.Н-гийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, шинжээчээр үнэлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2016/07104 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн /хх2-75/, мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00403 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 822 дугаар магадлалаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон, шинжээчээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна /хх2-77-79, 81-83/.

 

          Үүний дараа хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/47 дугаар тогтоол гарган талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 450.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 225.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоон дуудлага худалдааг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт явуулахаар шийдвэрлэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/16582 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, улмаар тогтоосон хугацаанд хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан байна /хх2-84, 88/. Төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг 225.000.000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/10002 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн /хх2-89/ ба мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2017/14374 дүгээр захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх2-91-92/.

 

Дээрх ажиллагааны дараа худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/29829, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/30709 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/7155 дугаар мэдэгдлүүдээр тус тус мэдэгдэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр санал болгох ажиллагааг явуулсан байна /хх1-89-93, хх2-93, 94/.

 

Санал болгох комиссын хурлаас төлбөр төлөгчид 7 хоногийн дотор төлбөр төлөх боломжит хугацаа олгож энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөрт хураагдсан, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 29 дүгээр байр 19 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 225.000.000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгож зөрүү төгрөгийг тус газрын дансанд шилжүүлснээр нэр шилжихээр шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг шийдвэрийн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус хандан гомдол гарган шийдвэрлүүлсэн болох нь тус байгууллагын 2018 оны 05 дугаар сарын 02, 11-ний өдрийн 30/18, 39/18 тоот гомдлууд, ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/35 тоот тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4/1198 дугаар албан хариугаар тус тус нотлогдож байна /хх2-157-165/.

 

Улмаар нэхэмжлэгч дээрх санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан ба уг гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан шүүхийн хянан хэлэлцэх хүрээнд хамаарахгүй байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасныг баримтлан шүүх хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

 

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэсэн тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдсөн бөгөөд уг хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон санал болгохдоо төлбөр авагчаар төлбөр болон эд хөрөнгийн үнийн зөрүүг төлбөр төлөгчид төлүүлэх зохицуулалт тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь өмнөх хуульд ийм зохицуулалт байгаагүй учир төлбөр төлөгчөөс орон сууцаа 450.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч шинэ хуулийг ашиглаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хууль ёсны зарчмыг алдагдуулсан гэх агуулгаар гомдол гаргаж байх боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан 2002 оны болон 2017 оны хуулийн алинд ч эд хөрөнгийг худалдан борлуулахын тулд зах зээлийн бодит үнийг тогтоох адил журамтай бөгөөд талууд харилцан тохиролцон үнэ тогтоосон байдал үүнд хамаарахын зэрэгцээ төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх, эсхүл эс зөвшөөрч шинжээчээр үнэлгээ тогтоолгох нь төлбөр авагчид хуулиар олгогдсон эрх юм. Иймээс нэхэмжлэгчээс эрхээ хэрэгжүүлсэн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр хариуцагч байгууллага нь хуулийг биелүүлэх чиг үүрэгтэй этгээдийн хувьд, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг хуулиар тогтоосон журмын дагуу төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулах үүрэгтэй байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хууль шинэчлэгдсэнээр өмнө хийгдсэн ажиллагаа хүчинтэй хэвээр үлдэх ба түүнийг хүчингүй болгох, эсхүл дахин явуулах эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгогдоогүй.   

 

Мөн орон сууцны шинж байдал болон үнэд өөрчлөлт орсны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн аваагүй талаар нэхэмжлэлд дурджээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаар /хх1-168-хх2-44/ төлбөрт хураагдсан орон сууц 150 м.кв талбайтай, 4 өрөөтэй байх ба эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлэх, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрүүдэд мөн 150 м.кв талбайтай, 4 өрөөтэй талаар дурдсан байх боловч төлбөр төлөгч Д.Н шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхээс өмнө уг орон сууцыг 2 хуваасан, нэхэмжлэгч энэ байдлыг мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим баримт, тухайлбал төлбөр төлөгчтэй 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэл, төлбөр төлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууцны үнийн санал, санал болгох комиссын 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар нотлогдож байна /хх1-84, 92, хх2-55/.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.1, 143.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 33 дугаар зүйлийн 33.1.1-33.1.3, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох баримт бичигтэй танилцах, түүнд баримт, тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, гаргасан шийдвэрийн талаар эрх бүхий этгээдэд гомдол эрхтэй боловч орон сууцны шинж байдал өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авахуулахыг хүсч байгаа, мөн ямар ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа талаараа хариуцагч байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймээс хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан тодорхой ажиллагаанд санал, хүсэлт, гомдол гаргаагүй нөхцөлд тухайн ажиллагааг оролцогч хүлээн зөвшөөрсөн буюу хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Түүнчлэн орон сууцыг 2 хувааснаар түүнийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, чанар байдал муудсан, худалдан борлогдоогүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтогдоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь талууд дуудлага худалдаанд оруулах үнийн санал тохирсноос хойш 20 cap өнгөрсөн, орон сууцны үнэ 60 хувиар буурсан, төлбөр төлөгчийн үнэ 60 хувь буюу 1.8 хувь унасан гэх үндэслэлээр хариуцагчид дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй гэж маргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасныг үндэслэл болгожээ.

 

Дахин үнэлгээ хийхтэй холбоотой дээрх хуулийн зохицуулалт нь албадан дуудлага худалдаа явагдахаас өмнөх ажиллагаанд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа нэхэмжлэл гаргах үеийн буюу 2018 оны 06 дугаар сарын үеийн үнэ ханшийн баримтыг баримталж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм /хх1-31-40, 102-103/. Үүнээс гадна нэхэмжлэгчийн гаргасан “Б” ХХК-ийн үнэлгээний тайланд төлбөр төлөгч Д.Нгийн орон сууцны бус, уг орон сууц байрлах 29 дүгээр байрны нэгж талбайн үнийг тооцсон байх тул уг баримтыг тус хэрэгт шууд хамааралтай гэж үнэлэх боломжгүй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комисс нь шийдвэр гаргах үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хүчинтэй мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг шийдвэрт заасан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ 225.000.000 төгрөг нь талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 450.000.000 төгрөгийн 50 хувь байгаагаас гадна уг дүнгээс гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 161.488.783 төгрөгийг хасч зөрүүг тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

 

Иймд шүүх санал болгох комиссын 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулах зохицуулалт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 дүгээр  эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/03 дугаар төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудын талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаагүй атлаа тус шүүхэд шаардлагаа нэмэгдүүлэх байдлаар хандсан нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэхэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

                                   

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 дүгээр  эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/03 дугаар төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА