Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1398

 

 

 

 

 

 

 

 

  2022         09         30                                    2022/ШЦТ/1398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Сайнхүү,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Т.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Т т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02049 2585 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т  нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар авто зогсоолд байсан 21.382.650 төгрөгийн үнэлгээ бүхий хохирогч Ч.Э ын .................  улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02049 2585 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т.Т  нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар авто зогсоолд байсан 21.382.650 төгрөгийн үнэлгээ бүхий хохирогч Ч.Э ын .................  улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Хохирогч Ч.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би өөрийн найзтайгаа нийлж тээврийн хэрэгслийн худалдаа хийдэг ба саяхан манай найз бид хоёр тоёота кроун загварын .................  улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хүнээс авсан юм. Тэгээд тээврийн хэрэгслээ зарах гээд өөрсдөө унаж хэрэглэлгүй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны доод талын зогсоолд түрээсээр тоёота кроун загварын .................  улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хадгалуулж байсан ба яаралтай эрсдэлээс сэргийлж тээврийн хэрэгслийн түлхүүрийг тус гражийг буюу байрны доод талын авто зогсоолыг хариуцсан харуул хамгаалалтын ажилтны өрөөнд нь үлдээдэг юм. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 60 дугаар байрны доод талын зогсоолд ирээд тээврийн хэрэгслэ шалгахад миний тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Ингээд цагдаад хандсан ба тухайн үед авто зогсоол хариуцсан харуул хамгаалалтын ажилтан болох Т  гэх 25 орчим насны эрэгтэй рүү утсаар холбогдох гэхэд түүний гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би сүүлдээ автозогсоолын эзэн болох Норов гэгч рүү утсаар холбогдоод болсон явдлын талаар хэлэхэд тэрээр гайхаад байсан. Удалгүй тээврийн хэрэгсэл надад зарсан Сэлэнгэ аймгийн харъяат иргэн Г   гэх эрэгтэй над руу залгаад таны тээврийн хэрэгслийг хүн авч явж байгаад осол гаргасан гэж байна. Ямар учиртай юм бэ гэж хэлэхээр нь би хар аваад цагдаа дуудсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Миний алдсан тээврийн хэрэгсэл нь 2011 онд үйлдвэрлэгдсэн Япон улсаас Монгол Улсад 2018 онд орж ирсэн тоёота кроун загварын .................  улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл юм. Одоо би тус тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба тус тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зарахад бэлэн болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч О.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн найз Т ийн хамт түүний гэрээс гараад Их Монгол хороолол руу хүний төрсөн өдрийн баярт очих замдаа танил ах Т ийн ажилладаг газар болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны граш руу очсон. Тэнд бид хоёр Т  ахтай уулзсан. Орж уулзах үедээ бид хоёр нэг шил архи авч орсон. Тухайн архинаас Т  ах уугаагүй. Уулзаад байж байхад Т  ахын гар утсанд дуудлага ирсэн. Тэгээд Т  ах грашид байх цагаан өнгийн кроун загварын автомашиныг унаад грашнаас гарсан. Тэгээд замаараа бид хоёрыг буулгахаар явж байх үедээ байрны гадна байсан зогсоол дээрх машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн БЗД2-22-753 дугаартай:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 21.382.650 /хорин нэгэн сая гурван зуун наян хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгөөр үнэлэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-35/,

Т.Т ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-43/,

Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 77282 дугаартай:

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 53/,

Т.Т ийн хаан банкны 5023439615 тоот дансны хуулга /хх-ийн 61-63/,

Шүүгдэгч Т.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Шөнийн 02 цагийн үед төрсөн эгч Ту   залгаад “ээжийн бие муудаад байна” гэж хэлсэн. Би уг мэдээг сонсоод Эрдэнэбаярын эзэмшлийн кроун загварын машиныг аваад гэр рүүгээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ганцын задгай руу явсан. Би А , Т  нарыг суулгаад гэр рүү нь дөхүүлж өгөх гээд ... дугаар байрны орчим хурдтай явж байгаад эхлээд приус 30 машиныг мөргөсөн, уг приус машин нь инерцээрээ субару престер, дараа нь тоёота румён автомашинуудыг мөргөж гэмтээсэн. Энэ үед А , Т  хоёр надтай хамт байсан. Мөргөнийхөө дараа 2 минут орчим цочролд орж зогсож байгаад тойрч 80 дугаар байрны хажуу талын өндөр байрны гадна зогсоол дээр уг тоёота кроун машиныг тавьсан. Ингээд би такси бариад Дарь эх рүү гэр рүүгээ явсан. Т , А  нар гэр рүүгээ харьсан. Уг машиныг Г  ах хөдөөнөөс авчирсан гээд манай грашид тавьдаг байсан тул тэр үедээ би Г  ахынх гэж бодож байсан ч Эрдэнэбаяр ахынх байсан юм байна лээ. Уг машиныг унаж гол зорилго нь ээж рүүгээ Дарь эх рүү очих байсан. Эрдэнэбаяр нь надтай уулздаггүй байсан тул би Г  ахтай уулзаж түүний данс руу нийт 5.000.000 төгрөг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

Хохирогч  Ч.Э ын “...уг машины хохирол 5.000.000 төгрөг болсон бөгөөд хохирлыг Т.Т  нь бүрэн төлж барагдуулсан” гэх тайлбар /хх-ийн 84/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Т.Т  нь хохирогчийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Т  нь хохирогчийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч  Ч.Э  мөрдөн байцаалтын шатанд баримтаар 5.000.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч төлсөн нь хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Т  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Т.Т т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Т ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ