Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

 

   2022         11            07                                  2022/ШЦТ/362

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Б.Х

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2225000000348 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Шанд 14-01 тоот хашааны гадаа Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа, дэд ахлагч Б.Хын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, архины шилийг хагалж, зэвсгийн чанартай зүйл ашиглан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, Цагдаагийн албан хаагч Б.Хын шаардлагыг эсэргүүцэхдээ зүүн гарын долоовор хурууг архины шилээр зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

              -шүүгдэгч Б.Б мэдүүлсэн: Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаа машинд суу гэсэн, би согтуу байсан тул эсэргүүцсэн. Гэмшиж байна. Хохиролд 300,000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ шаардлагатай гэвэл төлбөр төлөх болно гэх мэдүүлэг

-хохирогч Б.Хын мэдүүлсэн: Дуудлагаар очиход Б нь согтуу байсан.Түүнийг машинд суулгахад бууж ирээд гартаа байсан архиа машины хаалга руу цохиж хагалаад над руу дайрахад нь бултахад гар зүсэгдсэн. Надад 300,000 төгрөг өгсөн. Гэмтсэн хуруу бүрэн атгагдахгүй байгаа боловч би эмчид үзүүлээгүй л явж байгаа. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би амьдрал ахуйг нь судалсан, хөнгөн шийтгэнэ үү гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтэд авагдсан: 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /8-10-р тал/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 11-13-р тал/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 14-16-р тал/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах дэвтэрийн хуулбар /18-20-р тал/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “жижүүрийн бүрэлдэхүүн,харуулын томилгоо,зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 20 дахь тал/,

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Б.Хыг шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар/ хх-ийн 22 дахь талд/,

-Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан нэг уут архины шилний хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/хх-ийн 25 дахь талд/,

-хохирогч Б.Хын мэдүүлсэн... 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оройны 19 цаг 27 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-57-1 тоотод “манай ээжийн таньдаг дүү согтуу орж ирээд танхайрсан” гэх дуудлага мэдээллийг тус Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч цолтой Б.Ган-Эрдэнээс хүлээн авч 19 цаг 40 минутын үед дуудлага өгсөн хаяганд эргүүлийн цагдаа Б.Тын хамт очиход нэг залуу нэг эмэгтэйг хөөж хэл амаар доромжилсон гэсэн бөгөөд нөгөө эмэгтэй нь байхгүй байсан. Тэгээд уг зөрчил гаргаж байсан залууг гэрээс нь авч гарахад өөрийнхөө мөнгөөр авсан архиа аваад явъя гэж хэлэхээр нь 0,5 литрийн хэмжээтэй 1 шил шар Хараа архийг нь бариулаад зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгөхөөр Хюндай аксент маркийн 18- 61 ОРА улсын дугаартай албаны суудлын тээврийн хэрэгслийн хойд талын суудалд шилтэй архийг нь бариулаад суулгасан. Архи нь задраагүй шинээрээ байсан. Тухайн үед Б.Т гомдол гаргасан хүнтэй гэрийн гадна талд уулзаж байхад нь би Б.Тыг хүлээн машины гадна зогсож байхад зөрчил гаргасан залуу тээврийн хэрэгслийн ард талын цонхыг онгойлгон буух гээд байхаар нь цонхоо хаагаарай гэж хэлэхэд маш хурдан тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалгаар бууж ирэхэд, та эргээд машинд суугаарай гэж шаардлага тавихад “зайл лалар минь” гэж хэлээд барьж байсан шилтэй архиа машины баруун хойд талын хаалганд цохиж хагалан, хагарсан шилээрээ миний биеийн бүсэлхий хэсэг рүү сүлбэх гэж дайрахаар нь бултахад миний зүүн гарын долоовор хурууны дотор талыг зүссэн. Тэгээд эргүүлийн цагдаа Б.Т ирж зайтай зогсож байгаад уг залууд архины шилээ хая гэж шаардалага тавихад уг залуу архины шилээ газар хаяхаар нь машинд суулгаж Орхон аймаг дахь Цагдаагийн газар авч ирэн жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Уг залуу Цагдаа дээр ирээд над руу хандаж гомдол гаргах юм бол бүр мөсөн дуусгаад явах газар луугаа явна, надад харамсах юм байхгүй гээд байсан. Би уг залуугийн дургүйг хүргэхээр үг, үйлдэл гаргаагүй, согтуу байсан болохоороо л Цагдаа руу явахгүй гээд миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй биед минь халдах болсон байх гэж бодож байна. Тухайн үед надад энгэрийн хяналтын камер байхгүй байсан, Б.Тын энгэрийн хяналтын камер ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Б.Т бид 2 анх машин руу суулгахад ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй, машинд суугаарай гэж хэлэхэд өөрөө суусан......Б.Б нь хохирлын нөхөн төлбөр гэж 300,000 төгрөгийг надад шилжүүлэн өгсөн, надад эмчилгээний баримт гэх зүйл байхгүй. Минйи зүгээс өөр гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг… гэх мэдүүлэг /хх-н 28, 30-р тал/

-гэрч Б.Тын ... 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оройны 19 цаг 27 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 11-57 тоотод...Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд хэл амаар доромжилсон гэх залууг гэрээс авч гарахад өөрийн мөнгөөр худалдан авсан шилтэй архиа аваад та нартай явна гэхээр нь задраагүй шинээрээ байсан 0,5 литрийн хэмжээтэй 1 шил Хараа архийг нь бариулаад Б.Хын хамт Хюндай аксент маркийн 18-61 ОРА улсын дугаартай албаны суудлын тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр суулгаж өгөөд Б.Хыг машины гадна талд үлдээн би гомдол гаргасан хүнтэй гэрийн гадаа уулзаад зогсож байхад уг залуу машинаас буугаад ирсэн ба Б.Хын биед халдах шиг болохоор нь гялс гүйн очиход Б.Хын зүүн гарын хуруунаас цус гарсан, нөгөө залуу хагархай архины шил бариад зогсож байхаар нь би зайтай зогсож байгаад архины шилээ газарт хая гэхэд архины шилээ хаяхаар нь гарыг нь гавлан машинд суулган Орхон аймаг дахь Цагдаагийн газар авч ирсэн. Б.Хаас юу болсон талаар асуухад авч суусан шилтэй архиа машины хаалганд хагалаад биеийн бүсэлхий хэсэг рүү дайрахаар нь бултсан чинь хурууг минь зүсчихлээ гэж хэлсэн. Шилтэй архиа хэрхэн яаж хагалаад хэрхэн яаж дайрсанг нь бол би хараагүй. Б.Х бид 2 уг залууд ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй, мөн хэл амаар ч доромжпоогүй. Яагаад Б.Хын биед халдах болсон шалтгааныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

-гэрч Г.Ж.....Намайг зааварчилгаа өгөхөд цагдаагийн дэд ахлагч цолтой Б.Х байсан бөгөөд биед нь ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Ажил үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн асуудалгүй гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

-Насанд хүрээгүй гэрч Б.Энхжаргалын...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Их залуу багийн Шандын 14-01 тоот гэртээ байж байхад Б.Б ах, ээж С.Эрдэнэчимэгийн хамтаар согтуу гаднаас орж ирээд юм ярьж сууж байхдаа  намайг дүүгээ аваарай гэж хэлэхээр нь би дүүгээ авахгүй гар утсаа оролдоод сууж байсан чинь Б.Б ах намайг босооч гичий минь гэж хараагаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь 19 цагийн үед өөрийн хуучин ашиглаж байсан 99571073 дугаарын гар утаснаас Цагдаагийн 7035102 утас руу залгаж “ээжийн дүү согтуу танхайраад байна” гэж дуудлага өгөхөд 2 эрэгтэй цагдаа хэдхэн минутын дараа манай гэрт ирсэн.Нэг цагдаа Б.Б ахыг гэрээс авч гараад нөгөө цагдаа гэрийн гадаа гэрийнхэнтэй уулзаж байсан. Б.Б ахыг авч гарсан цагдаа Б.Батдагвыг машинд суулгахад Б.Б ахыг гарч ир гээгүй байхад өөрөө машинаас гарч ирээд барьж байсан архиа машинд цохин хагалж нөгөө машинд суулгасан цагдаагийн бие рүү хагалсан архины шилээ барин дайрч цагдаа ахын гарыг нь зүсэж цус гаргасан. Тэгээд гэрийн гадаа зогсож байсан цагдаа Б.Б ахыг архины шилээ хая гэхэд архины шилээ хаясан бөгөөд дахин машинд суулгаад аваад явсан. Машинд суулгасан цагдаа ах Б.Б ах хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй байхад Б.Б ах машинаас гарч ирээд машинд суухгүй гэж байгаад цагдаагийн биед архины шилээр халдсан. Хоёр цагдаа Б.Б ахыг машинд суулгахад ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Цагдаагийн алба хаагч нар Б.Б ахын уурыг хүргэхээр үг үйлдэл гаргаагүй. Харин Б.Б ах л согтуу сонин сонин үйлдэл гаргаад байсан. Би гэрийнхээ зүүн талд зогсож байсан болохоор бүх болсон асуудлыг харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 634 дугаартай ...Б.Хын биед зүүн гарын долоовор хурууны дотор талд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/

-шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлсэн.... Намайг цагдаагийн машины арын суудалд суугаарай гэж хэлэхээр нь арын суудал дээр суугаад байж байхад нэг цагдаа Эрдэнэчимэгтэй уулзаад зогсож байхаар нь намайг авч явахгүй юм байх гэж бодоод дур мэдэн шууд машинаас буухад Б.Х цагдаа намайг машинд суугаарай гэхээр нь би суухгүй гэж эсэргүүцэн архины шилийг машины гадна талд цохиж хагалан Б.Хын биед халдаж хуруунд нь гэмтэл учруулсан. Эрдэнэчимэгийнд ирэхдээ архи уучихсан мөн гэрт нь архи уугаад байж байсан болохоор согтсондоо болж буруу үйлдэл гаргасан байна, миний буруу, өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт:  2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Шандын 14-01 тоот хашааны гадаа шүүгдэгч Б.Б нь иргэний мэдээлэл дуудлагаар очсон Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа, дэд ахлагч Б.Хын “машинд суу” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биедээ явсан архийг машины хаалганд цохиж хагалан хагарсан шилийг барьж Б.Хын биед халдаж зүүн гарын долоовор хурууг нь зүсэж зүүн гарын долоовор хурууны дотор талд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл,бусад бичгийн нотлох баримт зэрэг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Б үйлдлийн улмаас Б.Хын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Хын... та эргээд машинд суугаарай гэж шаардлага тавихад “зайл лалар минь” гэж хэлээд барьж байсан шилтэй архиа машины баруун хойд талын хаалган дээр цохиж хагалан хагарсан шилээрээ миний биеийн бүсэлхий хэсэг рүү сүлбэх гэж дайрахаар нь бултахад миний зүүн гарын долоовор хурууны дотор талыг зүссэн.... гэх мэдүүлэг, гэрч Б.Тын... Б.Хыг машины гадна талд үлдээн би гомдол гаргасан хүнтэй гэрийн гадаа уулзаад зогсож байхад уг залуу машинаас буугаад ирсэн Б.Хын биед халдах шиг болохоор нь гялс гүйн очиход Б.Хын зүүн гарын хуруунаас цус гарсан, нөгөө залуу хагархай архины шил бариад зогсож байхаар нь би зайтай зогсож байгаад архины шилээ газарт хая гэхэд архины шилээ хаяхаар нь гарыг нь гавлан машинд суулган Орхон аймаг дахь Цагдаагийн газар авч ирсэн… гэх мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч Б.Энхжаргалын... Б.Б ах машинд суухгүй гэж эсэргүүцээд архины шилээр цагдаа ахын бие рүү халдсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 634 дугаартай ...Б.Хын биед зүүн гарын долоовор хурууны дотор талд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.....гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон,

-хохирогч Б.Х нь хууль сахиулагчийн албан үүрэг гүйцэтгэж байсан болох нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах дэвтэрийн хуулбар,  Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “жижүүрийн бүрэлдэхүүн,харуулын томилгоо,зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл,Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Б.Хыг шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар зэрэг бичмэл баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн шинжтэй хөнгөн хохирол учруулсан, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь биедээ авч явсан бүтэн шилтэй архийг машины хаалга руу цохиж зориуд хагалж хагарсан шилийг барьж хохирогчийн бие рүү дайрсан нь “тусгайлан бэлтгэсэн” зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн гэж зүйлчлэх үндэслэл болно. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй гэм буруугаа хүлээсэн байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 14-01 тоот хашааны гадаа Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа, дэд ахлагч Б.Хын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, архины шилийг хагалж, зэвсгийн чанартай зүйл ашиглан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, Цагдаагийн албан хаагч Б.Хын шаардлагыг эсэргүүцэхдээ зүүн гарын долоовор хурууг архины шилээр зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн, ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлгүй гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би маш муухай тавьтаргүй үйлдэл хийсэн, харамсаж байна. Би ар гэрээ тэжээж амьдардаг, 2 дүү оюутан. Би мах нядалгааны газар нядлагч хийж амьдардаг. Торгуулийн ял оногдуулна уу гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

               Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Хын эрүүл мэндэд учирсан хохиролд 300,000 төгрөг төлсөн байх ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хэлтэрхийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н овгийн Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар тус тус Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, -Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хэлтэрхийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ