Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 32-р байрны 6 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УМ94022107, Тайж овогтой Баянжаргалын Сандрагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 32-р байрны 6 тоотод оршин суух, БНСУ-д ажиллаж байгаа, регистр УУ94022107, Хэрээд овогтой Одын Золжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сандра, хариуцагч О.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Сандра шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Золжаргал бид хоёр 2014 онд танилцаад, 2017 оны 02-р сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 02-р сарын 03-ны өдөр хүү З.Мөнх-Ирээдүй төрсөн. Золжаргал 2017 оны 10-р сарын 26-ны өдөр О.Золжаргал нь Солонгос улс руу явж, бидний харилцаа холдсон. Бид ер нь хоорондоо байнгын маргаантай, хэрүүлтэй байсан. Одоо тус тусдаа өөр хүнтэй болсон. О.Золжаргалаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. О.Золжаргал Солонгос улсад удаан хугацаагаар амьдрана гэсэн. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Сандрагийн тайлбартай санал нийлж байна. Хол байх хугацаандаа байнгын хэрүүл маргаатай хэцүү байсан. Цаашдаа ч хол байх учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Өөр маргаантай зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сандра нь О.Золжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

шийдвэрлэлээ.

 

О.Золжаргал, Б.Сандра нар нь 2014 онд танилцаж, 2017 оны 2-р сарын 14-нд гэрлэж, амьдрах хугацаандаа 2017 оны 02-р сарын 3-нд хүү З.Мөнх-Ирээдүйг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодол таарамжгүй байсан, улмаар нөхөр О.Золжаргал нь 2017 оны 10-р сард БНСУ-д ажиллахаар явсан, энэ үеэс тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 01-р сарын 17-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянжаргалын Сандра, Одын Золжаргал нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 02-р сарын 03-ны өдөр төрсөн хүү З.Мөнх-Ирээдүйг эх Б.Сандрагийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Золжаргалаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА