Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

    2022        11           07                                   2022/ШЦТ/363

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2225000000389 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Төгөл худалдааны төвийн гадна 2022 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө насанд хүрээгүй Н.Аыг гитараар цохиж зүүн чихний урд, хуйханд зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Г.Г мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Би Аыг гитараар цохисноо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтэд заасан        

            -хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал/

          - “насанд хүргээгүй хохирогч Н.А нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 нас буюу гэмт хэрэгт хохирох үедээ 17 нас 03 сар 30 хоногтой байсан байна” гэх нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

        -Бүсийн оношлогоо эмчилгээний төвд Н.Аын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 16-р тал/

- насанд хүрээгүй хохирогч Н.Аын мэдүүлсэн... Бид нарыг анх салонд ороход үсчин Мөнхбат, Г.Г, Энхүүш, танихгүй 2 эрэгтэй хүмүүс, мөн нэг танихгүй эмэгтэй нар байсан юм. Тэгээд надтай муудалцсан. Ж намайг гараад учраа олъё гэхээр нь би гарах гэж явтал тэр залуу миний араас цохичихсон юм. Тэгтэл би ухаан алдчихсан байсан бөгөөд сэрэхэд салоны гадаа болон дотор манай найзууд нөгөө салонд байсан хүмүүстэй зодолдож байсан. Би босоод гадаа гарахад намайг Энхүүш тэлээгээр миний нуруу руу олон удаа цохисон, мөн Г.Г нь миний толгой руу гитараар олон удаа цохисон…цагдаа ирсэн бөгөөд намайг эмнэлэг яв гэхээр нь би эмнэлэг явж толгой, чихэндээ оёдол тавиулсан юм....гэх мэдүүлэг /хх-н 21-22, 25-р тал/

-гэрч Б.Мгийн мэдүүлсэн... Тухайн үед гадаа бороо орж байсан бөгөөд А гэх банди нь Гас “салон дотор чимээ шуугиан гаргахгүй 2 пиво уучихаад гаръя” гэж хэлсэн. Тэгтэл Г зөвшөөрсөн бөгөөд А нь өөрөөсөө гадна 6 залуугийн хамт орж ирээд бид нараас тусдаа пиво уусан. Мөн А нь бид нарт нэг том пиво өгсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Ж ирээд явах гээд байж байтал А ирээд Ж рүү агсараад байсан. Тэгээд маргалдаж байгаад Ж Аын нүүр лүү гараараа 1 удаа цохисон. А хойшоо ухраад уначихсан юм. Аын найзууд Ж рүү дайраад тэгээд зодолдсон. Тэгтэл толь хагарсан бөгөөд Г тэд нарыг түрж салоноос гаргасан. Гадаа гартал нэг залуу архины шил хагалж барьчихаад дайраад байхаар нь би боль гээд гараараа урдуур нь хааж байгаад гараа зүсчихсэн юм. Энэ үед Ж цагдаа дуудчихсан байсан. Г тэгтэл дотроос гитар авч гарч ирээд нэгнийг нь цохисон. Тэгээд тэд нар зугтаад Төгөлийн урагшаа гарчихсан юм...А гэх залуугийн толгойноос цус гарч байсан. Мөнхбатын чихнээс цус гарчихсан байсан Мөн миний гарнаас жаахан цус гарчихсан байсан. Бусад хүмүүс нь гайгүй байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

-гэрч Д.Эрхэмбаярын мэдүүлсэн.... Ингээд Шатар, Г, эхнэр бид нар нэг том пиво уусан. Тэгтэл А гаднаас найзуудтайгаа буцаж орж ирсэнээ Гд хандан “хонох газар олтлоо ганц нэг пиво чимээгүй уучихаад гаръя” гэж гуйсан юм. Тэгэхээр нь Г зөвшөөрсөн бөгөөд А нь найзуудтайгаа 7 ширхэг 2,5 литрийн том пиво, 1 шил архитай орж ирсэн. Бид нар найз Жг хүлээгээд сууж байсан бөгөөд тэр хооронд нөгөө хэд бас ууж байсан. Ж орж ирээд бид нарыг явцгаая гэтэл А хажуунаас орж ирээд “чи хэн юм бэ танихгүй юм байна, миний ах нарыг яагаад байгаа юм бэ” гээд маргалдсан. Тэгээд А Ж нар нь ганц нэг цохилцох шиг болсон. Г тэгтэл тэд нарыг бөөнөөр нь түрээд салоноос авч гарсан юм. Тэгтэл махлагдуу банди нь гартаа барьсан архины шилээ хагалсан, бас нэг өндөр цагаан футболкатай залуу нь архины шил бариад хагалсан юм. Энэ үед Г гартаа гитар барьчихсан байсан бөгөөд цагаан футболкатай өндөр залуу нь архины шилээрээ Г руу дайрахад Г түүнийг гитараар цохисон. Гитар тэгтэл эвдэрсэн. Ингээд гүйлдээд Төгөлийн баруун тийшээ комплекс рүү гарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

-гэрч И.Шатарын мэдүүлсэн... Ингээд нилээн удаан суусан бөгөөд шөнийн 00 цаг дөхөж байхад найз Ж нь ганцаараа бид нарыг авах гээд ирсэн. Тэгтэл А гэх залуу нь шал согтуу Жг “чи хэн юм бэ” гээд үгээр идээд байсан. Тэгэхээр нь би ганцаараа гадаа гарч бие засчихаад буцаад ортол зодоон болоод Г нь тэд нарыг түрж гаргаж байсан. Гадаа гартал нэг залуу нь архины шил хагалаад бид нар луу дайрсан. Г тэгтэл гитар авч гарч ирээд дайрах юм бол цохино шүү гэж хэлсэн. Тэгтэл гартаа шил барьсан залуу нь Г руу дайртал Г түүнийг гитараар цохисон юм. Ингээд бид нар машиндаа суугаад явах гэтэл намайг татаж унагаагаад энд тэндээс цохиод байсан. Ингээд бид нар явцгаасан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

-гэрч Б.Жгийн мэдүүлсэн... Тэгтэл хажуу талаас А гэх залуу намайг мөрлөж орж ирээд “яасан” гээд байсан. А нь Г дээр очоод ганц авчих уу гэхээр нь би Га явъя, би яараад байна гэж хэлсэн. А тэгтэл “чи манай ахтай яаж харьцаад байгаа юм бэ” гээд хараалын үг хэлснээ салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би зүгээр бай ахын дүү гэж хэлсэн. Тэгтэл Г нь “та 2 гараач ээ” гэж хэлсэн. А үзье гээд хувцасаа тайлаад над руу ирэхээр нь би түүний нүүр лүү гараараа 1 удаа цохисон А нь газарт унасан юм. Тэгтэл нэг махлагдуу шар хувцастай банди нь намайг архины толгойн ар хэсэг рүү цохиод араас нь найзууд бас бөөнөөрее орж ирээд зодсон. Г тэд нарыг түлхэж салоноос гаргасан юм. Гадаа гараад би цагдаа дуудлага өгсөн. Тэдгээрийн нэг нь архины шил хагалаад хагархайгаар нь цохих гээд дайраад байсан. Г буцаж орж ирээд гитартай гарч ирсэн, араас нь А гарч ирж байсан юм. Г тэгтэл өндөр цагаан футболкатай залууг гитараар цохиход тэд нар цаашаа буюу Төгөлийн зүүн тийшээ гүйсэн юм. Тэгээд би шууд машин дээрээ очоод найзуудыгаа цуглуулаад аваад явсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

-гэрч Б.Мөнхбатын мэдүүлсэн:... Тэгтэл Билэгт архины шил хагалаад дайраад байхаар нь Г ах гитар гаргаж ирээд ойртсоныг нь цохино шүү гэж хэлсэн. Билэгт Г ах руу дайрахаар тэрээр зөрүүлээд гитараар түүнийг 2-3 удаа цохисон. Тэгээд бид нар комплексийн урагшаа очиж зодолдсон бөгөөд би салгах оролдлого хийсэн. Тэгтэл сүүлд ирсэн Т, Бумбаа нар нь намайг зодсон юм. Энэ үед миний зүүн чихнээс цус гараад утас маань алга болсон байсан. Ж ах тэгтэл бид нарыг машиндаа суулгасан бөгөөд Шатар ахыг суух гэж байхад нь араас нь татаж унагаагаад зодсон. Тэгээд бид нар явцгаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 707 дугаартай ... Н.Аын биед зүүн чихний урд хуйханд зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх, нуруу, зүүн чихний дэлбээ, баруун шуунд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2022 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн ард байрлах “Сани” гэх үсчний салонд насанд хүрээгүй хохирогч Н.А нь найзуудын хамт орж их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гаднаас орж ирсэн Жг өдөж маргаан үүсгэснээс тэнд байсан хүмүүсийн хооронд харилцан зодоон үүссэн ба Г.Г гартаа гитар барьж бөөнөөр нь түрээд салоноос гаргасан боловч Н.А болон түүний найз нар гартаа барьсан архины шилээ хагалах үед Г.Г гартаа байсан гитараар Н.Аыг цохиж биед нь зүүн чихний урд хуйханд зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх, нуруу, зүүн чихний дэлбээ, баруун шуунд олон тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г үйлдлийн улмаас Н.Аын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 707 дугаартай ... Б.Аын биед зүүн чихний урд хуйханд зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх, нуруу, зүүн чихний дэлбээ, баруун шуунд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Б.Аын... Миний биед учирсан зүүн чихний урд хуйханд, зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх гэмтлийг Ганаа нь гитараар цохиж учруулсан. Бусад гэмтлийг ч Ганаа нь гитараар цохиж учруулсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн... Г тэгтэл дотроос гитар авч гарч ирээд нэгнийг нь цохисон.... гэх мэдүүлэг, гэрч Д.Эрхэмбаярын мэдүүлсэн... Энэ үед Г гартаа гитар барьчихсан байсан бөгөөд цагаан футболкатай өндөр залуу нь архины шилээрээ Г руу дайрахад Г түүнийг гитараар цохисон. Гитар эвдэрсэн... гэх мэдүүлэг, Цагдаагийн газрын гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Г.Г энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн гадна 2022 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө насанд хүрээгүй Н.Аыг гитараар цохиж зүүн чихний урд, хуйханд зүүн чамархайд 2 тооны няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ явдлаас болж би салонд учруулсан хохирлоо төлсөн, ажлаасаа гарсан. Гэвч би зураг зурж мөнгө олдог тул торгуулийн ял оногдуулна уу гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

 Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, насанд хүрээгүй хохирогч нь бусад хүүхдүүдийн хамт их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусадтай зүй бусаар харьцсанаас шалтгаантай гэж дүгнэв. Мөн шөнийн цагаар гудамжинд гар дээрээс насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундааны зүйл худалдсан худалдаачдын хууль бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Аод шүүгдэгч 30,000 төгрөг төлсөн, хохирогч ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 88-р тал/-д авагдсан ба энэ талаар шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхийн нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ