| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/0054/и |
| Дугаар | 326 |
| Огноо | 2019-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 26/1-р байрны 16А тоотод оршин суух, регистр ИЦ79021218, Харгэрүүд овогтой Норовнямын Баярхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхон, 105-р байрны 177 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЙР87051112, Бор овогтой Бямбаагийн Даваадоржид холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржмядаг, хариуцагч Б.Даваадорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү /үнэмлэх 1179/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Маралмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Наранзул /үнэмлэх 0940/, Ж.Энхтуяа /үнэмлэх 0967/, гэрч А.Бямбасүрэн, Г.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярхүү, Б.Даваадорж нар 2015 оны 5-р сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байр, 16а тоот хаягт байрлалтай 2 өрөө байрыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь анхнаасаа дүр үзүүлсэн хэлцэл байсан. Н.Баярхүүд мөнгөний хэрэг гарсан учраас өөрийн нэр дээрх байрыг 8 хувийн зээлд хамруулахаар, жилийн өмнөөс Б.Даваадоржийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин мөнгөтэй харагдуулах, мөн А.Бямбасүрэнгийн нэр дээр байсан хашаа байшинг Б.Даваадоржийн нэр дээр дүр эсгэсэн гэрээ хийж шилжүүлсэн байгаа. Өмнө 8 хувийн зээл гаргуулж байсан, зээлд шаардагдах бүх нөхцөлүүдийг мэдэж байсан учир жилийн өмнөөс бэлдэж, зээлээ гаргуулсан. Уг зээлийг Б.Даваадорж, Э.Маралмаа нар хүлээн зөвшөөрч холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Ингээд үл хөдлөх хөрөнгө Н.Баярхүүгийн нэрнээс Б.Даваадоржийн нэр дээр шилжиж, 2015 оны 6-р сарын 20-ны өдөр ХААН банкнаас 87 500 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай авсан. Зээлийг Н.Баярхүү 100 хувь зарцуулсан, зээлийг миний бие төлж байгаа. Зээлийг аваад Б.Даваадорж, Э.Маралмаа нар уг байрандаа амьдраагүй, одоо хүртэл Н.Баярхүүгийн гэр бүл амьдарч байна. Э.Маралмаа, Б.Даваадорж хоёр гэрлэлтээ цуцлуулж, манай амьдарч байгаа орон сууцыг дундын өмчөөрөө тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Н.Баярхүү, Б.Даваадорж нарын хооронд хийгдсэн хэлцэл анхнаасаа хуурамч хэлцэл байсныг Б.Даваадорж, Э.Маралмаа мэдэж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас Н.Баярхүү, Даваадорж нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч зээл гаргуулна гэж Э.Маралмаа бид хоёрын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж зээлээ гаргуулсан. Э.Маралмаа бид хоёр тухайн үед ажил хийдэггүй байсан болохоор өөрсдийн нэр дээр зээл гаргуулахыг хүлээн зөвшөөрч холбогдох бичиг, баримтууд дээр нь гарын үсэг зурсан. Хүргэн ах Н.Баярхүүгийн байрыг худалдаж авч байгаа дүр эсгэж, Хаан банкнаас зээл авахаар тохиролсон. Эгч Б.Сэржмядаг бичиг баримтуудыг бүрдүүлж, Э.Маралмаа бид хоёр зээлийн гэрээ болон орон сууц худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд банкнаас 87 500 000 төгрөгийн зээл гарсан. Түүнээс хойш банкны зээлийг эгч Б.Сэржмядаг төлж байгаа. Уг байранд Э.Маралмаа бид хоёр амьдардаггүй. Н.Баярхүү ах бид хоёрын хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр эсгэж хийсэн гэдгийг зөвшөөрч байгаа гэв.
Бие даасан даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Маралмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 онд зээл гаргуулахад Б.Даваадорж Бөмбөгөр худалдааны төвд ажилладаг байсан. Тухайн үед банкнаас ипотекийн зээл нэг л удаа авч болдог гэдгийг мэдэж байсан. Б.Даваадорж Хаан банкнаас 87 500 000 төгрөгийн ипотекийн зээл авахад бид хоёрын байр гэж ойлгож гарын үсэг зурсан. 2018 оны 9-р сарын 20-ны өдөр Б.Даваадорж бид хоёр гэрлэлтээ цуцлуулахдаа Голден парк хотхон 105-р байрны 177 тоот орон сууцыг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж маргасан. Гэтэл уг байр бид хоёрын нэр дээр биш байсныг тэр үед мэдсэн. Харин Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байр, 16а тоот хаягт байрлалтай 2 өрөө орон сууцыг Б.Даваадорж бид хоёрын дундын өмч гэдгийг мэдсэн, шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан байгаа. Б.Даваадоржийн Хаан банкны 5077317752 дугаар дансны 2014 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 7-р сарын 01-ний өдрийг хүртэл хуулгыг ч гаргаж өгсөн. Б.Даваадорж нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, эцгийнхээ үүргийг гүйцэтгээгүй, би хоёр хүүхэдтэйгээ байр түрээсэлж амьдардаг. Өөрийн өмчийн байраа хүргэн ахаасаа дүр эсгэн шилжүүлж авсан хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь миний болон 2 хүүхдийн эрх ашгийг хөндсөн, хохироосон гэж үзэж, зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Баярхүү нь Б.Даваадоржид холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хүссэннэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Н.Баярхүү нь Б.Даваадоржтой 2015 оны 5-р сарын 25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205049822 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байр, 16а тоот 62.5 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 131 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийн 30 хувийг банкинд байршуулах, үлдэх 70 хувийг ХААН банкны зээлээр төлөхөөр /хх 5/ тохирчээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Улмаар худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр Н.Баярхүүгийн өмчлөх эрх Б.Даваадоржийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн 000425605 тоот гэрчилгээ олгогдсоноор /хх 6/ Н.Баярхүүгийн өмчлөх эрх дуусгавар болсон нь Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.2 дахь заалттай нийцсэн, энэ хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.
Өмчлөгч Б.Даваадорж нь 2015 оны 6-р сарын 20-ны өдөр ХААН банктай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж 87 500 000 төгрөгийг 240 сар буюу 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан /хх 10-14/ зээлжээ. Зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж маргаж, үндэслэлээ ...Н.Баярхүүд мөнгөний хэрэг байсан тул байрыг 8 хувийн зээлд хамруулах, Б.Даваадоржийн нэр дээр зээл гаргуулахаар нийгмийн даатгалын шимтгэл төлж, 20 жилийн хугацаатай авсан, зээлийг Н.Баярхүү бүрэн зарцуулсан, одоо зээлийг төлж байгаа гэж тайлбарлажээ.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хийсэн хэлцлийн улмаас ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй, нөгөө талаас, хэлцэл хийснээр талуудын хүссэн зорилго нь биелэхээр байвал дүр үзүүлсэн гэж үздэггүй.
Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийснээр өмчлөх эрх шилжиж, орон сууц барьцаалсан зээл авахыг хүссэн хүсэл зоригоо биелүүлсэн, зээл төлөх үр дагаварыг нэхэмжлэгч хариуцаж байгаа нь /хх 16-32/ эхнээсээ энэ хэлцлийг мэдэж, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нөгөө талаас, Б.Даваадорж, Э.Маралмаа нар тус сууцанд амьдардаггүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна Э.Маралмаагийн Б.Даваадоржид холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд зүйлээс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, түүний эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэлээ.
Гэрч Г.Отгонтуяа ...ХААН банкны эдийн засагчаар ажиллаж байхдаа найз Сэржмядагт 8 хувийн зээлийг нууж хуурамчаар олгосон гэж мэдүүлсэн нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотлохгүй, харин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлээгүйтэй нь холбоотой.
Түүнчлэн гэрч А.Бямбасүрэн ...Би Сэржмядагтай найз, түүнийг 8 хувийн зээл авахад нь урьдчилгаа шаардлагатай байсан, өөрийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Их дарь эхийн 1-15 тоот хашаа байшингаа Б.Даваадоржид түр худалдсан /хх 41/ , 2015 онд буцаагаад нөхөр Б.Баярбаатарын нэр дээр шилжүүлж авсан гэж мэдүүлсэн нь Н.Баярхүү, Б.Даваадорж нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөрбус гэдгийг нотлохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Баярхүү, Б.Даваадорж наргын хооронд байгуулагдсан 2015 оны 5-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахыг Норовнямын Баярхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахэрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА