Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

 

  2022          11            08                                 2022/ШЦТ/367

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбрэлжүний

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цид холбогдох эрүүгийн 2225000000409 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 10-07 тоотод оршин суух Г.Цын байшингаас 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 395000 төгрөгийy хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Б.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. 2ш аягыг буцаан өгсөн. Тухайн үед согтуу байсан гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -“Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 7-р тал/

-хохирогч Г.Цын мэдүүлсэн... 2022        оны     09дүгээр сарын 29-ний орой Уурхайчин багт “Богд гол” баарнаас 23 цаг өнгөрч байхад гараад 3-9 дүгээр байрны арын зогсоол дээрээс такси барих гээд зогсож байтал нэг үл таних намхан залуу над дээр ирээд, ахаа надад 20,000 төгрөг байна хоёулаа ганц шил архи хуваагаад уучихъя дүүгийнх нь сэтгэл санаа жаахан тиймэрхүү байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр ороод тухайн залуу өөрийнхөө мөнгөөр 0,75 литрийн Хараа  архи 1 шилийг аваад бид хоёр 3-9 дүгээр байрны орцны гадаа архиа задлаад нэг нэг удаа татсан. Орой байсан учир гадаа ч хүйтэн болж эхэлсэн тэгээд би тухайн залуугаас чи одоо хаачих юм бэ гэж асуухад очих газар байхгүй эхнэрээсээ салчихсан гэж хэлсэн. Тэгэхлээр нь би өрөвдөөд манай гэрт очоод хонох юм уу янз бүрийн асуудал гаргадгүй юм байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд такси бариад гэртээ харьсан. Манай гэрт Ц гэх залуу бид хоёр очоод архиа уугаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө сэрээд Ц гэх залуу ах ганц нэг юм уух уу гэхээр нь би чамд мөнгө байгаа ом уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхлээр нь би гудамжны үзүүрт байдаг таньдаг дэлгүүрээс 0,75 литрийн архи 1 шилийг, 2,5 литрийн нэг сав пиво, нэг ширхэг савтай ундаа зээлээр аваад эргэж гэртээ ороод Ц бид хоёр хувааж уусан. Тэгээд би удалгүй тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн танай гэрээс мөнгө аяга хулгайд алдагдсан уу гэхээр нь би стенкин дотор байсан мөнгө аягаа хартал байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаа намайг гадаа байгаа хүнийг хардаа энэ хүнтэй та архи уусан уу  гэхээр нь би гараад хартал Ц цагдаагийн машин дотор сууж байсан би намайг хараад нүд нь далитраад гэлбэлзээд байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/

-гэрч Г.Уын мэдүүлсэн ... 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 15 цагийн орчим үүрэг гүйцэтгээд явж байтал Баянбулаг багийн багийн байрны ойролцоо үл таних 2 залуу гудамжинд хоорондоо зодолдоод нэг залуу нь нөгөө залуугаа цохиж унагаагаад доошоо город тал руу уруудад явсан. Тэгэхлээр нь тухайн залуугийн араас нь явж очоод шалгатал 2 ширхэг мөнгөн аяга гартаа барьчихсан явж байсан. Тэгээд Кадалбек гэх залуугаас юун учиртай мөнгөн аяга вэ гэж асууж тодруулаад зогсож байтал хамт зодолдсон Ц гэх залуу араас ирээд наад мөнгөн аяга чинь миний аяга би гэрээсээ авсан юм гэж хэлсэн. Тэгэхлээр нь би за тэгвэл чи гэрээ зааж өг гэрт чинь очьё гэтэл Булаг багийн 10-8 тоот айлын үүдэнд очоод энэ манай гэр гэж хэлхээр нь тухайн айл руу явж ороод Ц гэж хүн байдаг уу гэхэд тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэрээ зааж өг гэхэд Булаг багийн 10-7 тоот айлыг заагаад энэ манай найзын гэр гэж хэлсэн. Тэгээд би тоот хашаанд байх байшин руу ороход Цогт-Очир гэх залуу байшин дотор согтуу унтаж байсан ба арай хийж Цогт-Очирыг сэрээгээд Цийн барьж явсан 2 ширхэг аягийг Цогт-Очирт үзүүлэхэд энэ манай мөнгөн аяга мөн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар авчирч жижүүрт хүлээлгэн өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

-гэрч О.Кийн мэдүүлсэн... Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 30-ны үдээс хойш цагаа сайн занахгүй байна гэрлүүгээ орох гээд гудамжныхаа үзүүрт явж байтал нэг согтуу залуутай таарсан.Тэр залуу өвөртөө юм хийчихсэн бололтой явж байсан ба  намайг дуудаад та мөнгөн аяга барьцаанд 100,000 төгрөгөөр тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхлээр нь би юу яриад байгаа юм гэж хэлээд өврийг нь сөхөөд үзтэл жижиг том хоёр ширхэг мөнгөн аяга өвөрт нь байсан. Тэгэхлээр нь би “чи энэ мөнгөн аягуудыг хаанаас хулгай хийсэн бэ” гэж хэлээд мөнгөн аягыг нь автал надтай зууралдаад маргалдаад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Манай найз мөнгөн аягаа ломбарданд тавиад ир гэж хэлсэн. Тэгээд би аваад явж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-Гэрч Н.Уын мэдүүлсэн....Булаг багийн 10-7 тоотод оршин суух Цогт-Очир гэх залууг танина. Миний ойлгосноор “СӨХ”-д ажилладаг гэж сонссон. 2022 он 09 дүгээр сарын 30-ны өдөр манай дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн савтай пиво 1 ширхэг, нэг савтай ундаа нийт 31,300 төгрөгийн бараа зээлээр авсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4714 дугаартай...Дунд гарын мөнгөн аяга 16 сантиметрийн диаметртэй 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14.5 сантиметрийн диаметртэй 1 ширхэг нийт 395,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 24-27-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай:....магадлуулагч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан. Хэргийин талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээн чадвартай, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй..... гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/

- Шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар мэдүүлсэн:.... Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 29-ний орой Цогт-Очир гэх залуутай танилцаж Булаг багт байдаг гэрт нь очиж архи ууж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө сэрээд бид хоёр дахиж архи ууя гэж ярилцаад зээлээр аваад буцаж гэрт нь ороод архиа ууж байгаад согтоод нэг мэдсэн чинь би гудамжинд 2 ширхэг мөнгөн аяга бариад явж байсан. Тэгээд нэг ахтай таараад тухайн ахыг ломбарданд тавиад өг гэж гуйсан…Тэгээд цагдаа нар над дээр ирсэн... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 85-87-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 10-07 тоотод оршин суух үл таних Г.Цын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн эзнийг унтаж байх хойгуур гэрээс нь 2 ширхэг мөнгөн аягыг нь зөвшөөрөлгүй авч явж байгаад цагдаатай таарсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас Г.Цт 395,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Цын... Манай гэрт Ц гэх залуу бид хоёр очоод архиа уугаад унтсан... Нэг сэрсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн танай гэрээс мөнгө аяга хулгайд алдагдсан уу гэхээр нь би стенкин дотор байсан мөнгө аягаа хартал байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаа намайг гадаа байгаа хүнийг хардаа энэ хүнтэй та архи уусан уу  гэхээр нь би гараад хартал Ц цагдаагийн машин дотор сууж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Г.Ууганбаярын мэдүүлсэн... Тэгээд би тоот хашаанд байх байшин руу ороход Цогт-Очир гэх залуу байшин дотор согтуу унтаж байсан ба арай хийж Цогт-Очирыг сэрээгээд Цийн барьж явсан 2 ширхэг аягийг Цогт-Очирт үзүүлэхэд энэ манай мөнгөн аяга мөн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч О.Кадалбекийн мэдүүлсэн.... Тэгэхлээр нь би “чи энэ мөнгөн аягуудыг хаанаас хулгай хийсэн бэ” гэж хэлээд мөнгөн аягыг нь автал надтай зууралдаад маргалдаад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Манай найз мөнгөн аягаа ломбарданд тавиад ир гэж хэлсэн... гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4714 дугаартай...Дунд гарын мөнгөн аяга 16 сантиметрийн диаметртэй 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14.5 сантиметрийн диаметртэй 1 ширхэг нийт 395,000 төгрөг... гэх дүгнэлт, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Цийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай, яллагдагч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирсон  гэж,

        -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, прокурорын ялын саналыг ойлгож зөвшөөрч байгаа, өөр саналгүй. Тархины хагалгаанд орсон, дахин хагалгаанд орно гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирол арилсан ба прокурортой ял тохирсныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хуульд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Цт учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Бын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ