Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

 

    2022        11            10                                  2022/ШЦТ/368

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн 2225005700406 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Жаргалант баг 1-2 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Э.Тын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Цаашид архи хэрэглэхгүй, үр хүүхдээ бодож амьдарна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/

-Орхон аймаг Жаргалант сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 11-16-р тал/

-Шүүгдэгч Э.Тын гаргасан зөрчлийгн талаархи мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны сангаас хуулбарлан авсан баримт /хх-ийн 18-20-р тал/

 

-хохирогч Т.Аийн мэдүүлсэн... Баагийгийн гэрт бид нар 2.5 литр 2 ширхэг пиво ууж байхад нөхөр Э.Т согтоод тэндээ унтсан. Би нөхрийг унтсаны дараа шөнө дунд 4 цаг 30 минутад Цээгийгээр хүргүүлж гэртээ ирээд унтаж байхад 05-06 цагийн үед нөхөр Т орж ирээд намайг сэрээгээд “Чи яагаад намайг айлд үлдээсэн юм бэ?, хэнтэйгээ заваарах гээд явсан юм бэ” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ? дуугүй унт” гэж хэлэхэд Т өөрийнхөө гар утсыг зурагт руу шидэж хагалчихаад чамайг ална гэхээр нь би зугтаах гээд байшингаас гарч хашааны үүдэнд очиход Т араас барьж аваад татаад газар унагаасан. Би газар унахдаа хоёр өвдөг хэсгээрээ газарт хүчтэй цохисон. Т намайг газар унагаасан чигээр нь хойшоо чирэхэд Тын төрсөн эгч Орхонтуул, түүний нөхөр Амарбаясгалан нар хүрч ирээд салгасан. Т намайг татаж газар унагааж, чирэхэд миний хоёр өвдөг, ташаа,тохой, гуя хэсгээр зулгарч хөхөрсөн. Бид нар эргээд байшинд ороход Т над руу аяга шидсэн ба уг аяга нь миний баруун гарын бугалга хэсгийг оносон. Үүний улмаас миний баруун гар их хавдсан. Би цагдаад дуудлага өгөхөд сумын цагдаа ирээд Тыг аваад явсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

-гэрч Э.Оын мэдүүлсэн... Нөхөр Амарбаясгалан бид хоёр гэрээсээ гараад Тын гэр лүү орох гээд хашааны хаалгаар ороход Т нь эхнэр Алтанцэцэгийн хамт хэрэлдээд зогсож байсан. Алтанцэцэг хувцасгүй байсан ба хөл, гар нь шалбарчихсан байсан. Нөхөр бид хоёр тэр хоёрыг дагуулж гэрт нь ороод Тыг яаж байгаа юм бэ гэж загнаж байхад Т нь эхнэр лүүгээ шаазан аяга аваад шидэхэд Алтанцэцэгийн баруун бугалга хэсгийг оносон...” гэх мэдүүлэг /хх-н 31-р тал/...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаартай... Т.Аийн биед баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт /хх-н 34-35-р тал/

Шүүгдэгч Э.Тын сэжигтнээр мэдүүлсэн:... 2022 оны 09 дүгээр сарын 11-ний орой ...Батболдын гэрт 00 цаг өнгөрч байхад очсон. Бид нар 2.5 литрийн пиво 2 ширхэг, мөн айраг хувааж ууж байгаад би нилээн согтоод Батболдын гэрт унтсан. Өглөө 05 цагийн үед сэрэхэд эхнэр Т.А байхгүй байхаар нь гэртээ очиход эхнэр маань унтаж байсан. Би эхнэрийг сэрээгээд ...яагаад айлд үлдээгээд явчихсан юм бэ, хэнтэй уулзах гэж явсанаа хэл гэж хардаад уурлахад намайг чимээгүй унт гэж хэлэхээр нь уурандаа өөрийнхөө гар утсыг зурагт руу шидээд хагалчихсан. Тэр үед эхнэр маань гэрээс нүцгэн гүйгээд гарахаар нь би хашааны үүдэнд барьж аваад татсан чинь газар уначихсан. Би эхнэрээ байшинд оруулах гээд баруун гарнаас нь татаад бага зайнд чирэхэд манай хажуу талд амьдардаг төрсөн эгч Орхонтуул, түүний нөхөр Амарбаясгалан ах хүрч ирээд намайг салгасан. Бид нар манай гэрт орсоны дараа би уурандаа гал тогооны өрөөнд байсан шаазан аяга аваад эхнэрлүү шидсэн чинь баруун гарыг нь оночихсон. Үүнээс болж эхнэрийн гар хавдчихсан байсан. Эхнэр маань цагдаад дуудлага өгөхөд сумын цагдаа ирж намайг авч явсан. Би эхнэрийгээ хашааны үүдэнд татаж унгаагаад байшинд оруулах гээд чирсэн үйлдлийн улмаас өвдөг, гар, ташаа, гуя хэсэгт нь гэмтэл учруулсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өглөөний 05 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 1-2 тоотод эхнэр Т.Аийг “яагаад айлд үлдээгээд явчихсан юм бэ, хэнтэй уулзах гэж явсанаа хэл” гэж хардаж унтаж байхад нь татаж унагаах, чирэх, аяга шидэх зэргээр зодож биед нь баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан аюулын зэргийн үнэлгээ, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Т.Аптанцэцэгийг зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Аийн... Т өөрийнхөө гар утсыг зурагт руу шидэж хагалчихаад чамайг ална гэхээр нь би зугтаах гээд байшингаас гарч хашааны үүдэнд очиход Т араас барьж аваад татаад газар унагаасан. Би газар унахдаа хоёр өвдөг хэсгээрээ газарт хүчтэй цохисон. Т намайг газар унагаасан чигээр нь хойшоо чирэхэд Тын төрсөн эгч Орхонтуул, түүний нөхөр Амарбаясгалан нар хүрч ирээд салгасан.... гэх мэдүүлэг, гэрч Э.Оын... Алтанцэцэг хувцасгүй байсан ба хөл, гар нь шалбарчихсан байсан. Нөхөр бид хоёр тэр хоёрыг дагуулж гэрт нь ороод Тыг яаж байгаа юм бэ гэж загнаж байхад Т нь эхнэр лүүгээ шаазан аяга аваад шидэхэд Алтанцэцэгийн баруун бугалга хэсгийг оносон…гэх мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаартай... Т.Аийн биед баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Э.Тын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Т.Аийн биед баруун бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, ташаа, гуя хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаанд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээж прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Харин, би гэр бүлээ тэжээж нааш цааш их явдаг тул хугацааг богиносгох боломж байна уу, эхнэр ажилгүй байдаг гэж тус тус санал дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой зорчих эрх хязгаарлах ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн ахуй амьдралын байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх газар нутгийн хүрээ хязгаарыг өөр байдлаар тогтоосон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.А цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хх-ийн 78-р хуудаст авагдсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Эийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Тыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих журамтайг мэдэгдүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ